11/5/11

ЭЭЖЭЭ, ТАНЫГ БИ УУЧЛАХГҮЙ /захидал/



1964 оны хавар эхдээ адлагдан байж таван сартай дутуу мэндэлсэн би арай хийн хүн болсонсон. Бурханы унд шиг ариун сүүнээсээ дуслыг ч амсуулалгүй өсгөсөн хэрнээ та дэргэд одоо ч байна. Ганц удаа болов эцгийн минь нэрийг хэлээгүй өдий хүртэл нууж яваа та үнэхээр “хатуу" хүн.

Зургаан жилийн дараа хойд аавын хүү, эх нэгтэй миний дүү мэндлэхэд та урьд байгаагүйгээрээ баярлаж байсан. Нэг ойтой дүүгийнхээ инээн хөөрцөглөж байгааг хараад өхөөрдөхөд “соотон нохой чимээнээр, сохор нохой дүйвээнээр гэгчээр миний хүүг хараад энэ нэг юм баясаж гэнэ” гэж билээ. Дүүг минь хөхүүлж, үнсэж, эрхлүүлж, тоглож суудаг та хамгаас аз жаргалтай харагддаг байсан. Тухайн үед ухаан задраагүй балчир байсан болоод ч тэрүү юу ч анзаадаггүй байж. Төд удалгүй та намайг өөрийнхөө ээжид үрчлүүлж амьдралаасаа холдуулсан. “Хамар” хашаанд амьдардаг хэрнээ ингэх ямар хэрэгтэй юм болоо гэж гайхдагсан. Эмээгийнд амьдрах хугацаандаа бяцхан биедээ даахгүй их ажил хийсэн дээ. Гишүү түүж, ус, мөс зөөж, араг үүрч, аргал түүж, мод хөрөөдөж, мал хариулсаар миний бие тэр чигтээ “эвдэрсэн”.

“Биений юм” ирнэ гэж юу ч мэддэггүй байлаа. Хичээлдээ явахдаа өмсдөг цагаан торкио минь нэг л өдөр улаан цусанд будагдчихсан. Таниас үргэлж айн хулгадаг ч уйлаад, гүйгээд очсон. Гэтэл нэг үг ч дуугаралгүй боодол хөвөн гарт атгуулаад явуулсан шүү дээ. Хайхрамжгүй ханддаг эмээдээ өөрийгөө найдах аргагүй байсаан. Энэ хорвоод зулайг минь үнэрлээд, мээмээ бариулаад унтуулдаг ээжтэй ч болоосой гэж хичнээн их мөрөөддөг байсан гээч.

Таньд цусаа гартал зодуулдаг байж дээ. Гурил нялцгай зуурлаа гэж уурлаад элдүүр аваад тархи руу шидчихнэ. Цус урсаад байхад улам л харааж зүхнэ. Гарт дайралдсан тогоо, аяга, таваг бүхнээ толгой руу шиддэг байсан шалтгаан нь би энэ хорвоод мэндэлсэнд л байсан. Зулбуулна гээд сандлаас үсэрч байхад таван сартай дутуу гарч ирээд хүн болчихдог миний заяа юм байлгүй дээ. Үргэлж л үхээд, далдраад өг гэнэ. Гэхдээ энэ амьдралаас явах болбол дэндүү харамсалтай буцах шиг санагддаг байсан юм.

Арван зургаан нас хүрдэг жил эмээ нас барж намайг хайрлах нэг ч хүн үлдээгүй. Галзуурах шахсан би илүү гэртээ нэг сар уйлж хэвтсэн. Нагац ах ирээд “гараад ир” гэж зүхэх ч ганцхан таныг л ирээд хаалга эвдээд ч болов чирээд гаргаасай гэж ухаан жолоогүй бодддогсон. Ах гэр дээр авирч тооноор хоол буулган амь аварна. Тэгж хэвтэхдээ Улаанбаатар хотыг л зорих ёстой гэж өөртөө амласан юм. Тэнд очоод хотын хүнтэй гэрлэж, хотын пасспорттой болж энэ аймшигт амьдралаас холдоно гээд 17 насандаа нутгаасаа гарсан даа.

Хот гэдэг их айлын барааг хармагцаа тархины хоргүй хавдартайгаа мэдэж бүтэн хоёр жил эмнэлэгт хэвтсэн. Нагац ахаас “мөнгөтэй цахилгаан” ирнэ. Мэнд эрсэн үгс ярайна. Таниас л сураг, ажиг хүлээнэ. Намайг хэн ч эргэж ирээгүй. Эмнэлгийнхэн намайг их өрөвддөгсөн. Таныг хүрээд ирнэ гэж итгэдэг байсан. Охинтойгоо уулзахаар ирсэн ээжүүдийг хараад сэтгэл ямар их өвддөг байсныг та мэдэрдэг ч болоосой. Энгэрт нь наалдчихаад “ээж ээ” гэж эрхлэхийг нь харахаас ч дальдчина.

Орлогогүй надад дотуур хувцас авах ямар ч боломжгүй. Эмнэлгийн өвчтөнүүдийн хогийн саванд хаясан левчик, турсикийг нууж аваад цэмбийтэл угаагаад өмсөнө. Би ингэж л аргагүй амьдарсан. Өвчин илааршиж эмнэлгээс гарах болсон ч очих газаргүй болохоор эмнэлгийн даргаасаа гуйгаад тэндээ үйлчлэгчээр ажилд орсон. Өвчтөнүүд, ажилчид таньчих вий гээд үхтлээ ичдэг байсан болохоор нүүрээ битүү баглаад шалаа угаадагсан. Хэнд ч битгий хэлээрэй гэж гуйсан тулдаа хэн ч намайг мэдээгүй юм.

Зургаан сарын дараа “Ээрмэл”-ийн үйлдвэрт өдөр, шөнийн ээлжинд ажиллах боллоо. Амьдрах газаргүй хэвээрээ. Ажил дуусмагч шалзтай хаягдал ноосон дунд сэмээрхэн орж унтаад өглөө нууцаар гарч ажлаа хийдэг байлаа. Удалгүй ахиу цалин авч найз эмэгтэйтэйгээ дотуур байранд амьдрах болсон доо.

Дунд зэргийн нуруутай шар залуу намайг байнга “эргүүлдэг” байсан юм. Нэг өдөр толгой өвдөөд өндийх ч тэнхэлгүй хэвтэж байхад тэр залуу талх, хиам, эм, тариа гартаа барьчихсан орж ирээд толгойд хүйтэн жин тавьж өгсөн. Хайр, халамж үзээгүй би сэтгэлдээ уярч, хайлсан. Ингээд таван жилийн дараа бид гэрлэлтээ батлуулсан. Эхийн хайр үзээгүй ч хатуу, харгис зан надад “суугаагүй”. Өөрийнхөө эдлээгүй жаргалыг хүүхдүүддээ эдлүүлж, өмсөөгүй хувцсыг нь өмсүүлж хайранд цалгиулж өсгөсөн. Нэг эрийн гэргий, гурван үрийн ээж болсны хувьд таны өгөөгүй хайрыг тэднийхээ хайраар нөхөж амьдарч байна. Одоо ч та хотод ирэхдээ хөндий, хүйтэн салхи татуулан манайд зочилдог. “Ээж хоноод явахгүй юм уу” гэж гуйхад дуртай, дургүй зөвшөөрдгийг тань мэднэ. “Миний охин ээжтэйгээ унтах уу” гэж хэлэх болов уу гээд өндийж харсаар дэмий л нойроо хугасладаг. Тийм ээ, та харгис. Нагац ах миний аавыг цэргийн хүн байсан гэж нэг удаа ам алдсан. "Чиний ээж тэр залуудаа их хайртай байсан шиг байна лээ. Насаараа чамайг ингэж тамладаг мөн ч хүйтэн дотортой хүн юм аа" гэж хүмүүс үе, үехэн надад дуулгадаг. Үүнд би итгэхийг хүсэвч таны амнаас ганц үг "унахгүй" байхад би яах ч билээ.

Ээжийн мах, цусны тасархай нь үнэн юм болохоор хань, үр хүүхэд минь таныг хүндэлдэг. Гэсэн ч хэзээ ч “охиндоо хайртай” гэх үгийг таниас сонсоогүй болохоор голдоо ортол гомдох юм даа. Ээж ээ. Сэтгэл яг л алуурчин шиг асч байна Намайг уучлаарай. Таныг би уучилж чадахгүй нь бололтой.

/Бодит амьдрал

0 Сэтгэгдэл:

Post a Comment