5/3/11

Гашуунсухайтын гааль дээр даврагсад олон байна

Сайд нар муудалцжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга хоёр өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр сүрхий муудалцжээ. Тэдний маргааны гол сэдэв нь Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтийг түр зогсоосон явдалд аж.

Өмнөговийн өмнөд нутгийг олон тонн нүүрс ачсан машин үнэндээ сүйрүүлж, нутгийн малчид бэлчээрийн газаргүйдэж, байгаль орчин түйрэнд орсон мэт сүйдэж байгаа билээ. Сул шороо эргэсэн замд авто осол гарч хүний амь эрсдэх нь ихэссэн байна. Тиймээс салбар хариуцсан сайдын хувьд Х.Баттулга засмал замтай болохоос нааш тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байх арга хэмжээ авч эхэлсэн юм.

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар ч асуудалд анхаарал хандуулсан гээд төрийн холбогдох байгууллагууд энэ удаад дорвитой, нухацтайхан хөдөлж байгаа. Нүүрс тээвэрлэлтийг зогсоох аргаар компаниудад сануулга өгөх, нөхөн сэргээлт хийх, стандартад нийцсэн засмал зам ашиглалтад оруулах шаардлагыг мэргэжлийн байгууллагууд өмнө нь ч тавьж байсан удаатай.
Харамсалтай нь нүүрсний экспортыг зогсоож, төсөвт хуримтлагдах мөнгөний урсгалыг гадагшаа орууллаа гэсэн дарамт дээрээс ирж дорвитой арга хэмжээ aвч чадахгүй өдийг хүрсэн юм. Харин өдгөө нүүрс тээвэрлэлтийг зогсоосон явдалд хамгийн ихээр дургүйцэж байгаа хүний нэг нь Ц.Нямдорж сайд бололтой. Ингэх нь ч аргагүй юм. Нүүрсний экспортын үйл ажиллагаа түр саатснаар сайдын бизнес ч саатаж байгаа гэлцэх. Нүүрс тээвэрлэдэг 100-гаад машин нь ажилгүй суухаар сайдын халаас дундарна гэсэн үг.

Ер нь энэ Засгийн газарт ашиг сонирхолын зөрчилтэй олон хүн багтаж байгаа нь Өмнөговийн хил дээр үүссэн нөхцөл байдлаас илэрч байгаа гэхэд болно. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гээд Увсын нөхөд Өмнийн говьд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа саатаж буйд дэлбэрэх нь холгүй ууртай байгаа аж.
Ч.Хүрэлбаатар сайдын сайн найз, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн 300 машин нүүрс тээвэрлэж чадахгүй сул зогсоно гэдэг халаас нэгтнүүдийн хувьд бизнесийн том алдагдал хүлээхэд хүргэх нь ойлгомжтой. Б.Чойжилсүрэн энэ парламентад багтахын тулд нутгийн ах Ц.Нямдоржийн сонгуулийг санхүүжүүлсэн гэх мэдээлэл бий.
Тэгвэл баруун аймгийнхны санхүүгийн гол эх үүсвэр нь Өмнөговийн нутгаас ундарч байдгийг Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын Засгийн газрын хуралдаан дээрх эсэргүүцлээс харж болохоор. Гэвч ард түмэн эрүүл мэндээрээ хохирч, байгаль орчин нөхөн сэргээгдэхийн аргагүй сүйдэж байгааг цөөн хэдэн хүний бизнесийн ашиг сонирхолоос яав ч доогуур тавьж байж таарахгүй юм.
Гаальчид авилга сайн авчээ гэх үү
Увсынхан Өмнөговийн хил дээр үнэнхүү даварч байгааг илтгэх бас нэг баримт байна. Гашуунсухайтын Гаалийн газрын даргаар Н.Сүхбаатар гэж нөхөр ажиллаж буй. Тэгвэл энэ гаальчин Ц.Нямдорж сайдын хүргэн юм. Тэрбээр гаалийн татвар дээр нугалаа хийж их хэмжээний мөнгө завшсан байж магадгүй байгаа. Өөрөөр хэлбэл, түр горимын мөнгөн дээр ажиллаж нэг тэрбум шахуу төгрөгийг халаасалсан гэдгийг олон эх сурвалж мэдээлсээр байна.
Гаалийн ерөнхий газраас ч Гашуунсухайт дахь Гаалийн газартаа өнгөрсөн саруудад шалгалт оруулсныг бид мэдээлж байсан билээ. Харамсалтай нь Гаалийн удирдлагууд шалгалтаар илэрсэн ноцтой зөрчил, дутагдлуудаа нууцалсаар байна. Дарга нарт сахилгын арга хэмжээ авсан төдийхнөөр хэргийн үнэн, мөнийг нуух гэж оролдож байгаа билээ. Дээрээсээ татаастай, Гаалийн газрын дарга Н.Сүхбаатар, Д.Цэвээнжавын хүн гэгддэг, орлогч дарга Б.Батгэрэл нар Гашуунсухайтад төрийн ажлыг яаж цалгардуулдгийн эхний баримтыг энд сөхье.
Гахай чирсэн наймаачин гаалийн татвараа дараа төлж гэнэ гэж хэзээ ч сонсч байсангүй. Хуулиар ч тийм боломж байхгүй юм. Цагийн юм цагтаа. Гаалийн бүрдүүлэлт хийсэн л бол гаалийн татвараа төлөх, ёстой. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 401-д “Гаалийн болон бусад татварыг төлөх хугацааг хоёр cap хүртэл хугацаагаар сунгax, эсвэл хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэжээ.
Гэтэл энэ хуулийн заалтаас дээгүүр жаалсан нэлээд компани татвараа цаг хугацаандаа төлөөгүй байдаг. Тухайлбал, “Паувэр ложистик” ХХК-ийн гаалийн бүрдүүлэлт хийгдсэн барааны татвар 64,3 сая төгрөгийг 29 хоногоор, “Цахир дэвсэг”-ийн 43,8 сая төгрөгийг 57 хоногоор, “Гандирс” ХХК-ийн гурван сая төгрөгийн татварыг 7, “Ган хийц” ХХК-ийн 1,2 сая төгрөгийн татварыг 10, “Жами үржих” ХХК-ийн найман сая төгрөгийн татварыг дөрөв хоногийн дараа төлүүлснээр улсын төсөвт орох татвар хугацаандаа төвлөрөөгүй байна.

Түүнчлэн, “Говьтранс ложистик “ХХК-ийн өнгөрсөн оны есдүгээр сарын 30-нд хийгдсэн гаалийн бүрдүүлэлтэд ногдуулсан татвар 651,0 сая төгрөгийг банкны баталгаагаар арваннэгдүгээр сарын 23 хүртэл хойшлуулжээ. Дээрх татварын мөнгийг арваннэгдүгээр сарын 30-нд түр горимын дансанд оруулж “Мон порт” ХХК-ийн тооцоог хаасан, улмаар энэ оны гуравдугаар сарын 7-нь өдөр ГЕГ-ын татвар орлогын дансанд шилжүүлснээс үзвэл татварын дансанд орж, улсын төсөвт төвлөрөх ёстой 651 сая төгрөг он дамжсаар гyрван сарын дараа хийгдсэн юм.
Татвар төлөлтийг зөвхөн Засгийн газрын шийдвэрээр хойшлуулж болох хуулийн заалттай байхад дээрх компаниуд Гаалийн газрын дарга нарын шийдвэрээр татвар төлөх хугацаагаа дур зоргоороо хойшлуулж байсныг юу гэж ойлгох вэ. Гаальчид авлига сайн авчээ гэх үү, эсвэл найраанд сайн оржээ гэж үзэх үү.

Гашуунсухайтын гааль дахь зөрчил зөвхөн үүгээр дуусахгүй. Авлига ханхлуулсан олон зөрчил энэ газарт бугшсан баримт мэдээллийг бид цувралаар хүргэх болно.

0 Сэтгэгдэл:

Post a Comment