12/3/11

Ч.Хүрэлбаатар:Тавантолгойн хувьцаа, сая төгрөг хоёроос иргэд сонголт хийх боломжтой



Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАРТАЙ ярилцлаа.

-УИХ ирэх оны төсвийг баталлаа. Сонгуулийн жилийн гэгдэж байгаа энэ төсвийн хамгийн гол онцлогийг та хэлэхгүй юү?

-2012 оны төсөв нэлээд хэдэн онцлогтой. Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусах сүүлчийн жил. Хөтөлбөрт туссан олон ажлыг төгсгөл болгох, үр дүнг нь харах, баталгаажуулах, хөрөнгө санхүүг нь шийдэж өгсөн төсөв боллоо. Засгийн газрын хувьд амласан зүйлсээ ажил хэрэг болгохыг баталгаажуулсан төсөв боллоо гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг УИХ төсөвт суулгаж, баталж өглөө. Энэ төсвийн өөр онцлог юу гэхээр, манай улсын эдийн засаг жил болгон өссөөр байна. Цаашид ч өндөр хурдацтай өсөх төлөв ажиглагдаж байгаа учраас жил бүрийн төсөв өмнөхөөсөө том болно.
Гэхдээ урсгал төсөв, хөрөнгө оруулалтын харьцааг анхаарах ёстой юм. Ирэх оны төсвийн онцлог гэвэл хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлсэн. 1.5 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх боллоо. Үндэсний компаниуд энэ ажлыг хийж гүйцэтгэх учраас эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр нь үүгээр дамжиж гарна. Дэд бүтэц бий болгох, хүний хөгжил, таатай амьдрах боломжийг бүрдүүлэх чиглэлээр сургууль, эмнэлэг, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт суулгасан. Хөрөнгө оруулалтыг ингэж суулгаж өгсөн нь эдийн засгийн 20 хувийн өсөлтийг хангахад дэм болно. Өмнө нь голдуу урсгал зардал дээр л нэлээд өндөр хэмжээтэй мөнгө ярьдаг байсан бол ирэх жилд хөрөнгө оруулалтыг нэмж өгснөөрөө онцлог.
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтын нэг бол хоёр намын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх. 2012 онд намууд иргэн бүрт амласан 1.5 сая төгрөгөө өгч дуусгах уу?

-УИХ-ын 2008 оны сонгуульд улс төрийн намууд оролцохдоо уул уурхайн баялгаас ард иргэддээ хишиг, хувь хүртээнэ гэж амласан. Тиймээс ч иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэсэн зорилтыг хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулж, УИХ баталж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх шийдлийг ерөнхийдөө гаргалаа. Оюутолгой, Тавантолгойн ажил сайн явж байгаа учраас энэ амлалтыг хэрэгжүүлэх боломж олдсон гэсэн үг.

-1.5 сая төгрөгийг ямар журмаар олгох бол гэсэн асуулт олон нийтэд сонин байх болов уу. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Ерөнхий сайд 2010 оны дөрөвдүгээр сард ард иргэддээ хандаж үг хэлэхдээ 500 мянган төгрөгийг бэлнээр олгоно. Үлдэж байгаа нэг сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр өгч дуусгана гэж мэдэгдсэн. Сар бүр 21 мянган төгрөг өгч байгаа нь явсаар 500 мянга нь дуусах юм. Үлдсэн нэг сая төгрөгийн шийдэл нь Тавантолгойн төсөлтэй уялдаж байгаа. Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол гарч, одоо ажил нь эрчимтэй өрнөж байна. Ард иргэддээ Тавантолгойн хувьцаанаас 536 ширхэгийг нь данс нээгээд шилжүүлсэн. Харин одоо 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах замаар ард иргэддээ сая төгрөгийн хувьцаа олгох юм. Хэрэв тухайн иргэн хувьцаагаа авч үлдэнэ, Тавантолгойн үнэ цэнэ цаашид нэмэгдэнэ гэж үзвэл хадгалаад үлдэх боломжтой. Эсвэл тулгамдсан асуудлаа шийдэхэд мөнгө чухал гэвэл Засгийн газар нэг сая төгрөгийг нь олгох боломжийг төсөв бүрдүүлж өгсөн. Иргэдийн хувьд нэг сая төгрөг, эсвэл хувьцаа авах боломж нь нээлттэй. Энэ бол хамтарсан Засгийн газрын үед гаргасан зөв шийдлийн нэг. Үндэсний аж ахуйн нэгжүүдээ ч орхиогүй.
Улс орны 20 жилийн эдийн засгийн өсөлтийг бий болголоо, ажлын байр олныг гаргалаа, бидний оролцоог Тавантолгойд хангах уу гэсэн асуудал тавьсан. Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй Засгийн газар уулзаж, ойлголцож, шийдэлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, нэрлэсэн үнээр аж ахуйн нэгжүүдэд хувьцаа санал болгохоор ойлголцсон. Яагаад гэвэл, ард иргэдээс сая төгрөгөө авъя гэсэн хүн нэлээд гарах байх. Тэднээс сая төгрөгөөр хувьцааг нь аваад нэрлэсэн үнээр аж ахуйн нэгжүүдэд худалдах ажлыг Засгийн газар өөрөө зохион байгуулах юм. Тавантолгойн шийдэл ард иргэдээ харсан ч, цаашдаа том Тавантолгойн ирээдүйг бодсон ч, үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ эрх ашгийг хангасан байдлаар нь харсан ч зөв шийдэл болсон. Энэ бол төсвийн яах аргагүй онцлог. Ард иргэд ч сая төгрөгөө бэлнээр авах боломж бүрдлээ.
-Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ, нэг хүнд нэмж өгөх хувьцааны тоо тодорхой болсон уу. Авсан хувьцаа нь нэг сая төгрөгөөс давж үнэлэгдэх боломж бий юү?
-Засгийн газар Тавантолгой ямар үнэ цэнэтэй байх вэ гэдгийг урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалтын банкуудтай холбогдож судалгаа хийлгэсэн. Ер нь бол ямар үнэ цэнэтэй байх нь эцсийн хувилбараар бол хувьцаа нь хөрөнгийн бирж дээр арилжаалагдах үед тогтох юм. Үнэхээр дэд бүтэц нь бүрдээд, эдийн засгийн орчин нь таатай, зөв бодлого явуулбал хувьцааны үнэ өндөр байна. Ийм нөхцөл бүрдүүлж чадахгүй бол хувьцааны ханш унана шүү дээ. Тэгэхээр бодитоор Тавантолгой ямар өртөгтэй байх вэ гэдэг хувьцаа арилжаалах үед тодорхой болно. Урьдчилсан байдлаар нэрлэсэн үнийг тогтоохын тулд хийлгэсэн үнэлгээгээр бол 10 тэрбум ам.доллар болж байгаа. Энэ бол олон улсын хөрөнгө оруулалтын банкууд хөрөнгийн биржүүд дээр хүлээн зөвшөөрөгдөхүйц аргачлалаар гаргасан тоо шүү. Энэ тоонд үндэслэж Засгийн газар нэрлэсэн үнийг тогтооно. УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсны дараа Засгийн газар нэрлэсэн үнийг зарлах юм.
-Тавантолгойн үнэлгээг 10 тэрбум ам.доллараар тооцсон нь хэтэрхий доогуур байна гэж шүүмжлэх хүн байна. Илүү үнэ хүрэх ёстой гэх юм?
-Зарим хүн ийм зүйл яриад байгаа. Тавантолгойн хувьцааг хөрөнгийн бирж дээр зарна шүү дээ. Тэгэхэд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар үнэ цэнийг нь тогтоох ёстой юм. Тэр аргачлалын дагуу бодоход 10 тэрбум ам.доллар байна. Би 30 тэрбум гэж хэллээ ч хөрөнгийн биржүүд хүлээн зөвшөөрөхгүй.
-Иргэдэд нэмж өгөх гээд байгаа хувьцаа нь нэг сая төгрөгийн үнэлгээтэй байх юм уу, эсвэл өмнө нь олгосон 536 ширхэгтэйгээ нийлээд тийм байх уу?
-536 ширхэг хувьцаа ороод явна. Хэрэв тухайн иргэн хувьцаагаа зарна гэвэл нэрлэсэн үнээр нь Засгийн газар худалдаж авахад бэлэн байна. Одоо бол 536 ширхэг хувьцаа нь иргэн бүрийн дансанд бүртгэгдсэн байгаа. Иргэн хүн амьдралд нь хувьцаа биш, бэлэн мөнгө хэрэгтэй гэвэл Засгийн газар сонголтоор нь сая төгрөг өгөхөд бэлэн байгаа.
-536 ширхэг хувьцааны үнэ ерөнхийдөө нэг сая руу дөхнө гэсэн үг үү?
-Үгүй ээ, 536 дээрээ нэмж хувьцаа олгоно.
-Засгийн газар Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг 800-1000 төгрөгөөр тогтоож, 536 ширхэг хувьцаагаа 1072 болгож өсгөөд “Хүний хөгжил сан”-гаар дамжуулж өгнө гэж ойлгож болох уу. Иргэд хүсвэл хувьцаа бус сая төгрөг авах нь гэвэл зөв үү?
-Ер нь 39 дүгээр тогтоолд орох өөрчлөлтүүдийн агуулга таны хэлсэн шиг хийгдэж байгаа. 39 дүгээр тогтоолын өөрчлөлтийг батлангуут хэдэн хувьцаа байх уу, ямар үнэлгээтэй байх вэ гээд бүх юм эцсийн байдлаар тодорхой болно. Энэ ажлыг 14 хоногийн дотор хийх байх.
-Сонгуулиас өмнө хувьцааг мөнгөжүүлэх чадвар Засгийн газарт байгаа юм уу?
-Улсын төсөвт 400-гаад тэрбум төгрөг суусан. Тухайлбал, ахмадуудын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгө бий. Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд мөнгө авах уу, хувьцаа авах уу гэсэн сонголтоо хийх юм. Мөнгө авна гэвэл Засгийн газар олгоод явна. Нөгөөтэйгүүр, Засгийн газар Тавантолгойн хувьцаанд үндэслээд хөрөнгө босгох боломж бүрэн бий. Энэ ажлыг сонгуулийн өмнө дууссан байхаар зохион байгуулах боломжтой.
-Оюутнууд нэг сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авчихсан. Тэгэхээр Тавантолгойн хувьцаанаас авахгүй гэсэн үг үү?
-Нэг хүнд 1.5 сая төгрөг очихоор бүх ажлыг хийсэн. Түүнээс биш 1.5 сая төгрөгөө аваад, дээр нь хувьцаа авна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг хүнд очих нь оюутны сургалтын төлбөр ч бай, хувьцаа ч бай багцлагдаад 1.5 сая дотроо бүх юм багтаж байхаар УИХ тогтоол гаргасан.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаад нэг сая төгрөгөөрөө зээлээ төлж, дээр нь 536 ширхэг хувьцаатай байх нь гэж ойлгож байгаа?
-536 ширхэг хувьцаа өөрийнх нь нэр дээр бүртгэгдсэн байгаа. Үүнийгээ мөнгө болгоод орон сууцны зээлээ хааж болно. Тэр хүн өөрийнхөө асуудлыг 1.5 сая төгрөг дотроо л шийднэ гэсэн үг. Байрны зээлтэй хүн гэхэд хувьцаагаа Засгийн газарт өгч нэг сая төгрөг аваад зээлээ хааж болно.
-Тэгвэл нэгэнт нэг сая төгрөгөөрөө сургалтын төлбөрөө хийчихсэн оюутнууд Тавантолгойн хувьцааг авмаар байвал яах вэ. Нэг сая төгрөгөө буцааж өгөөд хувьцааг нэрлэсэн үнээр авч болох уу?
-Тэр бол нээлттэй. 1.5 сая дотроо тэр хүн сонголтоо хийнэ. Мөнгө нь хэрэгтэй гэвэл сая төгрөгөө авч болно. Хувьцаа хэрэгтэй гэвэл авч үлдэх эрх нь ахмадууд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч, ер нь бүх хүнд нээлттэй.
-Улсын төсөвт Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх 400 тэрбум төгрөг суужээ. Гэтэл нэг сая иргэн нэг сая төгрөгөө авъя гэвэл Засгийн газар яах вэ. Аж ахуйн нэгжүүдэд хувьцааг шууд худалдах уу?
-Төсөв дээр 400 тэрбум бий. Аж ахуйн нэгжүүд авъя гэвэл тодорхой хэмжээнд мөнгөө гаргаад авч болно. Дээр нь Засгийн газар хувьцааг мөнгө болгоё гэхэд бэлэн хөрөнгө байршуулсан байх юм. Энд янз бүрийн эрсдэл гарахгүй ээ.


-Олон нийтийн дунд хувьцаагаа хадгалах сонирхолтой хэсэг нэлээд байгаа. Гэхдээ цэнхэр, ягаан тасалбар шиг үнэгүйдэх вий гэсэн болгоомжлол дагаад байна. Засгийн газар энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Цэнхэр, ягаан тасалбарыг янз бүрээр ярьдаг л даа. Гэхдээ үр дүнтэй болсон зүйлүүд ч бий. Ягаан, цэнхэр тасалбарын сөрөг талыг Засгийн газар мэдэж байгаа. Тэр алдааг давтахгүйн тулд арилжаа наймаа хийгдвэл бүгдийг нь Засгийн газраар эхний ээлжид дамжуулна. Хувьцаагаа авч үлдсэн хүмүүст нэлээд сайн ойлголт өгсний дараа арилжаанд орох эрхийг нь нээж өгвөл зөв гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, Тавантолгой бол нүүрсний чанар сайтай, дэлхийд томд орох орд. Үүнийг үнэ цэнэтэй байлгахын тулд иргэдэд зөв ойлголт өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Тавантолгой үнэ цэнэтэй байх нэг үндэслэл бол ард иргэд хувьцааны талаар зөв ойлголттой, зах зээлд зөв оролцогч байх ёстой юм. Сөрөг зүйлийг давтахгүй байх талаар Засгийн газар анхаарч ажиллана.
-Хувьцааг мөнгөжүүлэх, нөгөө талаас сар бүр 21 мянган төгрөг бэлнээр өгөх нь ханш унах, монгол төгрөг үнэгүйдэх эрсдэл дагуулна гэж эдийн засагчид хэлж байгаа. Үүн дээр Засгийн газар ямар бодлого барьж байна вэ?
-Тийм эрсдэл байдаг. Гэхдээ асуудалд яаж хандах ёстой вэ гэдгийг хэлье. Австрали, АНУ, Европын өндөр хөгжилтэй орнуудын нэг хүнд ногдож байгаа жилийн орлого нь манайхаар 40-50 сая төгрөг. Тэгсэн хэрнээ тэр орнуудад жишээ нь мах манайхаас хямд байна. Австралийн мах манайхаас яагаад хямд байгаа юм бэ. Энэ бол эдийн засагт их хэмжээний мөнгө орж ирэхээр юмны үнэ өсдөг гэсэн ойлголт буруу болохыг баталж байна. Автсралийн нэг иргэн 40 сая төгрөгийн орлоготой байхад мах, ногоо нь манайтай л ойролцоо үнэтэй байна. Монгол дээрээ аваад үзвэл нийлүүлэлтийн систем төгс болоогүйтэй холбоотой.
Нийлүүлэлтийн хүчин чадал нь сайжирч, малчны хотонд байгаа малын мах дэлгүүрийн лангуун дээр очиход бага зардлаар хурдан нийлүүлэгддэг бол үнэ өсөхгүй. Үүнийг Засгийн газар тооцож улсын төсөв дээр үнэ өсөхөд нөлөөлж болохуйц зүйлийн нөөцийг давхар хийгээд өгчихсөн. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт сайн хийвэл юмны үнэ заавал өсөх албагүй. Энэ оноор жишээ авъя л даа. Бүгдээрээ л 21 мянган төгрөг тараалаа, инфляц 30 хувь болно гэж ярьсан. Хаа сайгүй ингэж ярьсан шүү дээ. Гэтэл тийм зүйл болоогүй. Яагаад гэвэл, Засгийн газраас Улаанбаатар хот болон бусад төвлөрсөн газруудад махны нөөц бүрдүүлэх чиглэл өгч, асуудлыг шийдсэн болохоор инфляц өсөөгүй. Ирэх онд ч гол нэр төрлийн бараануудын нөөцийг бүрдүүлнэ. Нийлүүлэлтийн хэмжээ бага байхад л үнэ өсдөг. Иргэдийн орлого нэмэгдэхээр үнэ өсдөг гэсэн ойлголт бол буруу.
-Монголбанкнаас нийлүүлэлтийг анхаарахаас гадна Тавантолгойн хувьцааг 5-6 жил дараалан мөнгөжүүлбэл эдийн засаг тогтвортой байна гэж мэдэгдсэн шүү дээ?
-Монголбанк инфляц 30 хувьд хүрнэ гэж байсан хэсгийн нэг л дээ. Гэсэн ч тийм юм болоогүй.
-Ирэх оны төсөв бол амлалт биелүүлэх сүүлчийн төсөв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 1.5 саяас өөр олон ажил бий. Сонгуулиас өмнө үйл ажиллагааны хөтөлбөрөө биелүүлж амжих уу?
-Яг өнөөдрийн байдлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр 80.3 хувийн биелэлттэй байна. УИХ-ын сонгуульд нэлээд дөхүүлээд орно. Гэхдээ 100 хувь биелүүлнэ гэж амлаж чадахгүй. Амласан, хэрэгжүүлсэн зүйлээ бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Төсөв, хөрөнгө нь ч батлагдсан. Амьдрал юм чинь хүндрэл бэрхшээл, зовлон гээд янз бүрийн юм гарч л байгаа.
-Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах хэлэлцээ ямар шатандаа явна вэ. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?
-Хэлэлцээ үргэлжилж байна. Мэдээж том Тавантолгойг үнэ цэнэтэй байлгах, Монгол Улсын эдийн засагт хувь нэмрийг нь оруулахын тулд яах аргагүй бид дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг, мөн хөрш орнуудтайгаа бодлогоо тохирч явах ёстой. Тавантолгойн нүүрсийг зөвхөн Монголдоо хэрэглэхгүй шүү дээ. Хятадын нутгаар тээвэрлэнэ, Оросын нутгаар зөөнө. Боомтуудаар нь ачиж, тээвэрлэнэ. Бусад орны зах зээлтэй холбоотойгоор худалдан авалт хийнэ. Ингээд тоочвол олон хүчин зүйл бий. Тавантолгойн цаашид үнэ цэнэтэй байлгах, эдийн засагт чухал хувь нэмэртэй байлгахын тулд яах аргагүй бусад оронтой төмөр зам, тээвэрлэлт, ачиж буулгах, транзит тээвэр гээд гэрээ хэлцэл хийх ёстой. Энэ бүх хэлэлцээг хийгээд явж байна.
-Хөрөнгө оруулагчдын хувь оролцоонд ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Гэрээ хэлэлцээ дуусаагүй байна.
-Засгийн газрын анх зарласан хөрөнгө оруулагчид өөрчлөгдөөгүй биз дээ?
-“Оросын төмөр зам”, Япон, Солонгосын компаниудтай хамтраад консорциум болж байгаа. АНУ-ын “Пибоди” оролцож байна. Хятадын “Шинхуа”, Японы “Мицуй” компанитай хамтарч орж буй. Энэ бүх оролцоо бүгд хэвэндээ байгаа. Бүх талтай гэрээ хэлэлцээ хийж байна. Чухам Тавантолгойд оролцсоноор ямар үүрэг гүйцэтгэх, хэдий хэмжээний хөрөнгө оруулах, нэмүү өртөг шингэсэн ямар үйлдвэр барих вэ гэдгийг ярьж байна. Ер нь бол Тавантолгойн гэрээг хийсний дараа Монголд нэмүү өртөг шингээсэн томоохон үйлдвэрүүд дагаж орж ирээсэй гэдэг үүднээс гэрээ хэлцэл хийж байгаа. Зөвхөн нүүрсээ зах зээлд гаргах биш, Монголд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүд оруулж ирэх чиглэлээр хэлэлцээ давхар үргэлжилж байна.
-Өмнө нь бол үйлдвэр байгуулах чиглэлд Япон, Солонгосын тал ямар ч санал ирүүлээгүй. Одоо тэднээс ямар үйлдвэр барих санал ирсэн бэ?
-Яриа хэлэлцээ эцэслээгүй болохоор хэлэх боломж алга.
-Хэлэлцээ хэзээ дуусах вэ. Энэ ондоо багтах уу?
-Багтаахаар ажиллаж байна.
Ч.ГАНГЭРЭЛ

0 Сэтгэгдэл:

Post a Comment