12/2/11

С.Мөнхбат: Улсын наадмын түрүү дахиад ч байгаа гэж боддог



Дөрвөн тэгш ой тохиосон өнөө жилийн баяр наадмаар улс орны өнцөг булан бүрээс ирсэн хүчит 1024 бөх зодоглоход Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын харцага Сүхбаатарын Мөнхбат арав даван түрүүлж, Монгол Улсын 20 дахь аварга болсон билээ. Отгон аваргыг Д.Бумбаяр зааны “Алдартан” клубт бэлтгэлээ базааж байх үед нь “олзолж”, “Таван цагаригийн бөхийн өргөө” буландаа урин уулзаж ярилцлаа.

-Аваргын бэлтгэл сургуулилт хэр жигдэрч байна вэ?

-Одоо л ерөнхийдөө жигдэрч эхэлж байна. Нэг хэсэг сагс тоглох зэргээр хөнгөн бэлтгэл хийсэн. Өнөөдөр л барилдааны бэлтгэл хийлээ.

-Сая Ц.Содномдорж харцагатай бэлтгэл хийж байгаа харагдлаа. Өнөөдөр та хоёрын даваа, унааны харьцаа хэд хэд болчихов?

-Нэлээн олон барилдлаа. Даваа, унаагаа сайн тоолсонгүй ээ. Харцага сайн байна лээ.

-Та нэлээн жин нэмсэн харагдана?

-Наадмаас хойш бэлтгэл сайн хийгээгүй болохоор жин нэлээн нэмэгдчихлээ. Одоо бэлтгэлээ сайн хийж, хуучин хэвэндээ орох санаатай. Бэлтгэл жигдрээд эхэлчихвэл гайгүй байх аа.

-Дээр ярихад цолныхоо найрыг хийх гээд зав муутай байна гэсэн. Найр сайхан болсон уу?

-Найр сайхан боллоо. Аравдугаар сарын 20-нд цолныхоо найрыг хийсэн. Энэ өдрийг сонгож хийсэн минь бас учиртай. Яагаад гэвэл би 10 давж түрүүлээд 20 дахь аварга болсон. Тийм болохоор энэ тоог бэлэгддэг юм. Миний машин ч ийм дугаартай. Ийм бэлгэдэлтэй өдөр аварга, арслан гэсэн хоёр том цолныхоо найрыг хийлээ. Хүмүүс их цугласан, том найр болсон.

-Гурван жил дараалаад найр хийчихэв үү?

-Тэглээ (инээв). Өмнө нь начин, харцага цол, харин энэ жил аварга цолны найр хийлээ. Энэ жил овоо туршлагатай болсон. Дээрээс нь аваргын найр гэдэг утгаараа гоё болж өнгөрлөө.

-Та энэ жил наадмаас өмнөх барилдаануудад түрүүлж, үзүүрлээд бэлтгэл сайтай байсан. Тэгэхээр цолоо ахиулж барилдах зорилготой байсан байх. Харин аварга цол хүртэнэ гэж төсөөлж байв уу?

-Би өмнө нь аймгийн заан байхдаа аймгийн арслан болчих юмсан гэж мөрөөддөг байлаа. Дараа нь улсын цол бодож эхэлсэн. Тэгээд цол авсныхаа дараа түүнийгээ ахиулах юмсан гэж хүссэн. Харин цолоо ахиулсныхаа дараа “Ер нь бөх болж төрсний хэрэг яг юу юм бэ” гэсэн том асуултыг өөртөө тавьж үзсэн л дээ. Хүн болгон салбарынхаа өндөрлөгт нь хүрэхийг мөрөөддөг. Тэр ч утгаараа төрийн наадамд түрүүлж үзэх юмсан гэж хүсдэг байлаа. Энэ жилийн хувьд ямар ч байсан дээгүүр барилдаж, цолоо ахиулна гэсэн бодолтой байсан.

-Наадмын өмнө О.Балжинням аварга “Энэ жил Мөнхбат заан цол хүртэнэ” гэж ярьж байсан гэсэн. Тэгэхээр нутгийн аварга таныг дээгүүр барилдана гэдгийг мэдэрч дээ?

-Балжинням аварга өнгөрсөн жил яг гардаж бидний бэлтгэлийг хийлгэсэн. Өөрөө наадамд олон жил барилдаж, түрүүлж байсан хүн хэн нь сайн барилдах нь вэ гэдгийг анзаарсан байх л даа.

-Улсын наадамд хийсэн барилдааныхаа талаар өмнө нь олон ярьсан байх. Гэхдээ наадмын барилдаануудаа дахин нэг ярьж өгөхгүй юу? Долоо давж, зааны болзол хангасны дараа дотор уужраад сайхан байх?

-Мэдээж тэгэлгүй яахав. Даваагүй даваагаа давж, заан гэсэн том цолны босго алхсандаа их баярласан. Өнгөрсөн жил би энэ даваанд тунаад унасан. Би өмнө нь зургаагийн даваанд барилдаж байхдаа жаахан бэртэл авсан юм. Түүндээ эмзэглэж байсан ч өөрийгөө ялж чадан долоо давчихаад бахархах сэтгэл төрж л байлаа. Д.Рагчаа заан бол бөхчүүд дундаа бяртай, том цол руу зүтгэх хэмжээний мундаг бөх. Тиймээс зааныг давчихаад ир орсон л доо. Миний бэлтгэл гайгүй байгаа юм байна гэдгээ тэр үед мэдэрсэн.

-Тэр үед түрүүлж болох юм байна гэсэн бодол төрсөн үү?

-Тухайн үед түрүүлэх талаар бодоогүй ээ. Ямар ч байсан өмнөө таарсан өрсөлдөгч болгонтойгоо бүх юмаа шавхаж барилдана гэж бодсон. Өмнөх жилүүдийн улсын наадмаар би шинэ цол авсандаа баярлаад дандаа яарч барилдаад унасан. Түүнээс биш дутуудаа унаж байгаагүй. Тиймээс энэ жил алдаагаа давтахгүй байх юмсан гэж хичээсэн. Мэдээж том цолыг ээлж дараалан авахаар сэтгэл хөдлөөд баярлаад гүйчихмээр л санагдана. Гэхдээ дараагийн даваа байгаа гэж бодоод өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дарж байлаа.

-Наадамд дээгүүр барилдана гэж үнэлэгдсэн Ч.Санжаадамбыг та шийдсэн мэхээ хийж давсан. Тухайн үед ийм мэх хийнэ гэж төлөвлөсөн байсан уу?

-Санжаадамба бол манай үеийнхэн дундаа бяртай, хүчтэй сайн залуу. Том цол руу зүтгэж байгаа бөх. Би тухайн үед бүх юмаа дуустал барилдана гэж бодсоноос ийм мэх хийнэ гэж төлөвлөөгүй. Тэгээд барилдааны явц дунд л мэх ороод ирсэн.

-Үзүүр, түрүүнд Г.Эрхэмбаяр арсланг хаясан барилдааныхаа талаар…

-Би арсланг өмнө нь давж байсан. Тиймээс унах болов уу, яах бол гэсэн бодол төрөөгүй. Ямар ч байсан шийдсэн мэхээ хийж, сайхан барилдъя гэж бодсон. Тэгээд хөдөлгөөд, барилдааны санаачилгыг авах гэж их үзсэн. Гэхдээ Эрхэмбаяр арслан бяртай, олон жил барилдсан туршлагатай болохоор тэр бүр хөдөлж өгөхгүй хэцүү байсан. Нэлээн цуцасхийж байгаад хийн дээр нь мэх хийж давсан даа. Давчихаад “Би чадлаа даа” гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирсэн. Би өмнө нь “Хэрвээ улсын наадамд түрүүлчихвэл ингэнэ, тэгнэ” гэх зэргээр мөрөөддөг л байсан. Харин яг түрүүлчихээд туг тойрч явахад яагаад ч юм тийм айхтар сэтгэгдэл төрөөгүй. Гэхдээ аварга цолныхоо тэмдийг зүүхдээ огшиж байсан даа. Би бөхчүүд дундаа жижиг биетэйд нь орно. Тийм болохоор хүмүүс намайг том цолны даваанд гарч ирнэ гэж тооцоолоогүй байх. Тэр бодлыг нь эвдэж, улсын наадамд түрүүлсэндээ их баярласан.

-Наадмын дараах хэд хоног өөрийнхөө амжилтад итгэмээргүй юм шиг санагдана биз?

-Өө, тэгэлгүй яахав. Заримдаа хүмүүс “Аварга аа” гэж дуудахаар өөр хүнийг дуудаад байгаа юм шиг санагдана.

-Увсынхан тэгш ойн жилийг авдаг гэсэн яриа бий. Энэ талаар наадмын өмнө мэдэж байсан уу?

-Манайхан “Увсын бөхчүүд тэгш ойн жилийг авах ёстой” гэж ярьж л байсан. Миний хувьд тэр яриаг нэг их ойшоогоогүй. Харин наадмын бэлтгэл дээр тоглоомоор “Энэ жил түрүүлнэ ээ. Өмнө нь дандаа Увсын хар бөхчүүд түрүүлж байсан. Би та нараас илүү харлачихсан байна. Тийм болохоор энэ жил түрүүлнэ” гэж маазарч байсан. Одоо манай найз нар “Чи өөрийгөө мэдэж байсан юм уу” гэдэг юм. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг нь нөлөөлсөн юм болов уу.

-Сүүлийн үед бөхчүүдийн жин нэмэгдэж, ихэнх барилдаан барьц сонгосон байдлаар өндөрлөж байгаа. Харин энэ жил та түрүүлэхдээ бараг барьц сонгоогүй. Энэ нь өөрөөр барилдаад амжилт гаргаж болох юм байна гэдгийг харуулсан хэрэг байх?

-Би Д.Рагчаа заантай барьц сонголцсон. Харин бусад барилдаандаа барьц сонгоогүй. Ер нь аль болох хурдан барилдах сонирхолтой. Гэхдээ бяртай хүн мэх хийлгэхгүй хориод байвал яах аргагүй барьц сонголцоход хүрнэ. Наадмын өмнө би барьц сонгооны бэлтгэл хийж байсан нь нөлөөлсөн байх. Одоо барилдаж буй бөхчүүдийн жин 110 кг-аас дээшээ гарчихаад нэгэндээ илт бярдуулахаа больчихож. Дандаа том биетэй, масстай бөхчүүд болсон. Бас далбаа, сэнжиг, шуудаг нь барьц өгөхөөргүй нарийсаад ирсэн. Үүнээс болж бөхчүүдийн хийдэг мэхнүүд хоригдоод байна. Тэгэхээр барьц сонгоо их гарах болсон. Миний хувьд энэ жил өөрийнхөө давуу тал болох хурдыг онцлог барилдаантайгаа хослуулж чадсанаар амжилтад хүрлээ.

-Таныг дөрвөн мөчиндөө тэнцүү бяртай гэж сонссон. Ийм бярыг яаж олж авдаг юм бол?

-Тэрийг ёстой мэдэхгүй юм. Миний хувьд хүчний бэлтгэл бараг хийдэггүй. Багадаа газар тариалангийн ажил хийдэг байсан нь тамир суухад нөлөөлсөн байх.

-Таны наадмын өглөө хэрхэн өнгөрдөг бол?

-Мэдээж бөх хүн зодог, шуудаг, дээл малгайгаа хүндэлж, арц хүжээр ариулаад дээшээ тавьж хононо. Тэгээд өглөө нь цайныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөөд гарч өгнө дөө. Би урьд өмнөх жилүүдэд хүлээлтийн байдалтай, догдлоод олигтой унтаж чаддаггүй байсан. Харин энэ жил сайхан амарсан шүү.

-Наадмын үеэр хоол, цайгаа тохируулах гээд асуудал гарна биз?

-Мэдээж тэгэлгүй яахав. Хэтэрхий их идчихвэл хөдөлж чадахаа байчихна. Их өлсвөл ядарна. Тэр болгоныг тааруулах хэрэгтэй болно. Бас ууж байгаа юмаа хүртэл зөв сонгох хэрэгтэй. Миний хувьд гар хөл сарвайлгаад, ядраагаад байхгүйг нь бодож хар цай голдуу ууна. Ер нь наадмын дэвжээ гоё шүү дээ. Бүтэн жилийн бэлтгэлээ хоёрхон өдөрт шалгуулах болохоор хүн бүр л дор бүрнээ хичээнэ.

-Нэг үе зургаан залуу заан хоорондоо эн тэнцүү өрсөлдөж, тэдний нэг нь л улсын наадамд түрүүлнэ гэж таамагладаг байлаа. Харин ойрын үед наадмын үзүүр, түрүүнд хүрч барилдах бөх таны бодлоор хэн бэ?

-Би үеийнхнээсээ түрүүлээд том цол хүртлээ. Миний араас гарч ирэх бөх олон байна. Хэрвээ зөв хөдөлмөрлөж чадвал одоогийн залуусаас хэн нь ч дээшээ гараад ирж магадгүй. Өмнө нь түрүүлж, үзүүрлэх бөхчүүдийн нэр тодорхой хүрээнд л яригддаг байсан бол одоо бөхийг тааж хэлэхэд хэцүү болсон.

-Таны хувьд барилдаан таарддаггүй, хамгийн эвгүй бөх хэн бэ?

-Бөхчүүд бүгдээрээ л хүнд унахгүйн төлөө бэлтгэл хийж байна. Тиймээс бөх болгон л надад амаргүй өрсөлдөгч болно. Тийм учраас би бүгдэнтэй нь надад эвгүй биш байхаар барилдахыг боддог юм.

-Наадмаар сайхан барилдаж аварга цол авлаа. Одоо энэ цолны үүрэг хариуцлага гэж айхтар зүйл таны өмнө тулгарч байна?

-Миний үеийнхэн хоорондоо “Тийм цол авчихвал яах бол” гэх зэргээр их ярина л даа. Би тэгэхэд “Арслан л болж байвал боллоо” гэдэг байсан. Харин тэр мөрөөдлөө давуулан биелүүлж, аварга боллоо. Аварга цол авсны маргаашаас эхлээд л би олны анхаарлын төвд орсноо мэдэрсэн. Одоо надаар дамжуулж нийт бөхчүүдийг дүгнэнэ. Тийм учраас аварга цолны нэр хүндийг авч явахын тулд алхсан газар болгоноо эргэж харах хэрэгтэй болно. Нийт бөхчүүдийн, цаашлаад аварга цолны нэр хүндийг унагалгүй авч явах юмсан гэж их хичээдэг. Хүмүүс бөхчүүдийг боловсролгүй, мэдлэггүй гэж шүүмжилдэг. Би хувьдаа ард түмний дунд байдаг тэр яриаг өөрчлөх юмсан гэж боддог юм.

-Хүмүүс аварга хүнээс үргэлж давахыг шаарддаг. Нэг ёсондоо аварга цолтой бөх ямар ч барилдаанд үзүүр, түрүүнд хүрч барилдах хэрэгтэй болно. Энэ нь танд дарамт учруулдаг уу?

-Аварга гэдэг цолоор өөрийгөө боочихвол би барилдаж чадахаа байчихна. Би аварга цолтой болохоор унаж болохгүй шүү гэж бодоод байвал барилдаанаа гаргаж чадахгүй. Тиймээс давбал даваад, унавал унаад өөрийнхөөрөө л байна гэж боддог. Бөх хүн хэдийд ч унаж болно шүү дээ.

-Та аварга цол хүртсэнээсээ хойш Гиннесийн барилдаанд анх удаа зодоглосон. Тухайн үед шинэ аварга маань яаж барилдах бол гэж хүмүүс харж байсан. Тэр барилдааныхаа талаар юу хэлэх вэ?

-Хүн болгон шинэ аварга түрүүлэх ёстой гэж байсан л даа. Харин би Санжаадамбад унан үзүүрлэлээ. Гэхдээ унасандаа элдэв юм бодохгүй байгаа. Аварга цолныхоо чансааг цаашид олон барилдаан дээр харуулах байлгүй дээ.

-Та бага насныхаа сайхан дурсамжаас хуваалцаач?

-Хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил бөх болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд хөлд орох цагаасаа айлын хүүхдүүдтэй ноцолдож, дээл хувцсаа урж өссөн. Манай аав сумын заан цолтой. Тиймээс хүүхдүүдээ бөх болгоно гэж хөөрөгдөнө. Би доороо гурван эрэгтэй дүүтэй. Манайх чинь оройдоо бөөн бужигнасан юм болно. Унтахаасаа өмнө гудсаа дэвсчихээд аавтайгаа нийлээд тавуулаа бужигнуулж өгнө. Баганыхаа хоёр талд зогсчихоод нэгнийхээ цолыг дуудаад л оройжингоо барилдчихдаг байж билээ. Ээж “Та нар гэр буулгалаа” гээд уурлана. Одоо тэр үеэ дурсахад сайхан байна шүү.

-Дүү нараас чинь барилдаж ноцолддог хүн бий юу?

-Манай бага дүү бөхөөр хичээллэж эхэлсэн. Одоо 20 настай.

-Бөх болох замд хөтөлж, гардан бэлтгэсэн багш гэвэл хэн бэ?

-Яг тэгж дагнасан багш гэвэл бараг байхгүй шахуу. Би зургадугаар ангидаа Баруунтуруун сумандаа Эрдэнэтогтох гэж биеийн тамирын багшийн хичээллүүлдэг секцэнд орж, хоёр жил хэртэй явсан. Дараа нь нэг хэсэг бэлтгэл хийлгүй тасарсан. Хотод орж ирээд Хилийн цэрэг, ТИС гээд сургуулиар дамжиж байгаад 2004 оны намар “Шонхор” дээд сургуульд орж, аймгийн арслан Дамдингийн удирдлагад бэлтгэл хийх болсон. Тэгээд 2005 онд аймгийн заан болсон. Дараа нь 2008 онд Ө.БатОрших харцага, С.Батсуурь начин бид гурав Б.Гантогтох гарьд дээр бэлтгэл сургуулилт хийсэн. Тухайн үед барилдаанаас гадна бөх хүн ямар байх ёстой юм, бэлтгэлийг яаж хийдэг юм зэрэг маш олон зүйлийг гарьдаас сурсан. Тэрнээс хойш багшгүй шахам явж байгаад сүүлийн хоёр жил О.Балжинням аваргын удирдлагад бэлтгэл хийж байна.

-Цэргийн арслан цолоо хэзээ авлаа?

-2009 онд цэргийн арслан болсон. Би гурван жилийн дотор үндэсний бөхийн таван цол авсан байдаг юм. Цэргийн арслан болсон жилээ улсын начин цол хүртсэн. Өнгөрсөн жил харцага болоод энэ жил улсын арслан, улсын аварга цолыг дараалан хүртлээ. Ер нь монгол бөхийн бүх цолыг авсан байна шүү. Анх арван жилийн хүүхэд сумандаа болсон тойргийн барилдаанаар сумын начин болж байлаа. Дараа нь сумандаа түрүүлж сумын заан болсон. Тэгээд Хөвсгөл аймагт болсон Д.Дамдин аваргын нэрэмжит барилдаанд аймгийн начин болж, Сүхбаатар аймгийн баяр наадамд үзүрлэж, аймгийн заан авсан. Мөн Увс аймгийн аваргуудын чуулга барилдаанд барилдаад тойргийн аймгийн арслан болсон. Тэгээд 2009 оноос хойш цэргийн арслан, улсын начин, харцага, заан, гарьд, арслан, аварга цол авлаа.

-Аварга болсноос хойш таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бол?

-Мэдээж ахуй амьдралын хувьд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан л даа. Унаж байгаа машинаас эхлээд. Нутгийн ард олон гаргасан амжилтыг минь үнэлж, сайхан машин авч өглөө. Энэ мэтээр өөрчлөлт гарсан. Харин сэтгэл санаа, зан авирын тал дээр бол хэвээрээ. Өөрчлөгдөхийг ч хүсэхгүй байна. Байгаагаараа л байх сайхан.

-Таны өмнөх 19 аварга бүгд өөрийн өөрийн онцлогоороо түүхэнд үлдсэн. Харин та олон жилийн дараа өөрийг чинь ямраар дурсаасай гэж хүсдэг вэ?

-А.Сүхбат аварга уран барилдаанаараа, Х.Баянмөнх аварга олон жил түрүүлсэн, Б.БатЭрдэнэ аварга хамгийн олон түрүүлсэн гээд хүн болгонд өөр өөрийн онцлог бий. Надад нэг хүн “За одоо ингээд аварга гэдэг том түүхийн эхний хуудас эргэлээ” гэж хэлж байсан. Тэрэн шиг миний түүх дөнгөж эхэлж байна. Одоо түүхээ яаж бичих нь зөвхөн надаас л шалтгаална.

-Уучлаарай, таниас нэг эвгүй зүйл асууя. Дөнгөж эхэлж байгаа аваргын түүхийг сэвтүүлэх мэдээлэл зарим сайт дээр гарсан байна лээ. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Аварга Мөнхбат хүн зоджээ гээд л бичсэнийг би уншсан. Ийм мэдээлэл түгээдэг сайтууд үнэн бодитой юм бичиж байгаасай гэж хүсч байна. Миний нэр хүнд унах ч яахав. Цаана нь монгол үндэсний бөхөөр барилдаж буй өчнөөн олон залуусын нэр хүндийн асуудал энд байна. Иймэрхүү ор үндэсгүй мэдээлэл цацсанд харамсаж л байна.

-Бөх сонирхогчид шинэ аваргаа барилдаан болгон дээр харахыг хүсч байгаа. Та цаашид барилдаан алгасалгүй зодоглоод явах уу, эсвэл цөөрүүлэх үү?

-Тухайн үеийн нөхцөл байдлаас л болох байлгүй дээ. Ерөнхийдөө барилдаан бүрт зодоглохыг хичээнэ.

-Улсын наадамд дахин түрүүлэх боломж, нөхцөл танд хэр байгаа бол?

-Мэдээж надад түрүүлэх боломж хангалттай байгаа. Би харих насандаа биш, барилдааныхаа замналыг дөнгөж эхэлж байхдаа том наадам түрүүллээ. Нас залуу байна. Тэгээд ч үеийнхнээсээ түрүүлэн том цол авч, дээр нь гарлаа. Тэгэхээр улсын наадмын түрүүнүүд дахиад байгаа гэж бодож байна.

-Хувийн амьдралынхаа талаар сонирхуулаач?

-Би нутгийнхаа бүсгүйтэй гэрлэсэн. Гэр бүлийн хүн маань прокурорын байгууллагад ажилладаг юм. Нэг охинтой. Охин маань гурван настай.

-Бөхөөс өөр юу сонирхдог вэ?

-Би ан гөрөө нэг их сонирхдоггүй. Спортын бусад төрлүүд, тэр дундаа сагс тоглох дуртай. Харин дуу хууранд тааруухан.

-Гэхдээ аминдаа тулвал дуулчихна биз дээ?

-Тийм үед ч дуулчихна аа. Нэг үеэ бодвол сайжраад байгаа (инээв). Ер нь сүүлийн үед найр хуримд их уригдах шинжтэй. Тиймээс дуулах бэлтгэл сайн хийхгүй бол болохгүй. Манай Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргууд олон жил найр хурим, хүлээн авалтад оролцсон болохоор ямар үед ямар дуу дуулах, юу хэлэхээ сайн мэддэг болчихдог юм билээ.

-Үндэсний бөх маань зөв замаараа хөгжиж чадаж байна уу? Илүү сайн хөгжүүлэхийн тулд яах ёстой талаар таны бодлыг сонирхоё?

-Үндэсний бөх нэг үеэ бодвол сайхан хөгжиж байна. Бидний дээд үеийн бөхчүүдийн хувийн амьдрал, одоо барилдаж байгаа бөхчүүдийн амьдралыг харьцуулахад их ялгаа гарна. Тэр талаараа бол бөх хөгжиж байна. Гэхдээ үүнээс илүү хөгжих ёстой. Хөгжихийн тулд барилдаан бүр шударга, үзүүштэй гоё байх ёстой. Хүмүүс хоёр бөх барьц сонголцоод зогсохыг биш, уран гоё барилдаан харахыг хүсдэг. Тийм барилдаан их гарвал үзэгчдийн тоо нэмэгдэнэ. Ер нь үзэгчгүй бол бөх гэж байхгүй шүү дээ. Монгол Улс маань сайхан хөгжиж байна. Үүнийгээ дагаад үндэсний бөх ч гэсэн илүү хөгжих байх аа.

-Цаг, зав гарган сайхан ярилцсанд баярлалаа.

-За баярлалаа. Танай сониноор дамжуулаад нийт Монголынхоо ард түмэнд өөрийнхөө болон нийт бөхчүүдийнхээ зүгээс монгол бөхийн босоо цагаан хийморь та бүгдийг ивээж явах болтугай гэж ерөөе.

Г.БАЯРСАЙХАН
Таван цагариг

0 Сэтгэгдэл:

Post a Comment