4/13/11

Хөгшин Гавьяатууд уурлаж байна.



Дуучин Ариунаа, Сарантуяа гэхээр мэдэхгүй хүн Монголд цөөхөн. Тэд рок поп урлагийн үндэслэгчдийн хувьд өөрийн гэсэн орон зайг хэдий нь эзэлсэн дуучид. Тиймдээ ч өнөөдөр гавьяатын алдраар нэрээ мялаагаад байгаа. Дуулсан дуу болгон нь сонсогчдын хүртээл болдог дуугаа амилуулж чаддаг, орон зайг эзэлсэн дуучдад ч хөгжмийн зохиолчид болон яруу найрагчид дуугаа өгдөг нь гарцаагүй. Гэтэл нөгөө талд шинээр гарч ирж байгаа залуу дуучдыг урлаг ойлгодог олон нийт хүлээн зөвшөөрч Балхжав, Гүрбазар мэтийн “томчуудын” шүлэг, аяыг дуулахыг хүлээдэг. Гэтэл томчууд нь нөгөө л Ариунаа, Сараа гэх мэт нэрд гарсан дуучиддаа л өгч, залуусыг “нэг нүдээрээ” ч хардаггүй. Үүнээс болж авъяастай шинэ дуучид архагуудын зарим нэг дуунаас дуулж тэднээс ч илүүтэйгээр олонд хүргэж чаддаг болсон нь нууц биш ээ. Саяхнаас Чулуунчимэг гэгч залуу дуучин гавьяат Баясгалангийн “Зөвхөн чамдаа” дууг гавъяатаас дутахааргүй, бүр илүү дуулж олныг гайхшруулсан. Мөн саяхнаас үзэгчдийг телевизийн өмнө уях болсон “Боловсрол” сувгаар гарч буй “Хайрын эрэлд” олон ангит киноны төгсгөлд гавъяат Сарантуяагийн хитүүдийн нэг “Хайрын бурхан” дууг Цэлмүүн гэгч жаахан охин дуулсан. Гэтэл бас гавъяат Ариунаа, СТА Дэлгэрмөрөн нарын дуулсан “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууг залуу дуучин Баярцэцэг дуулсан нь үзэгчдээс ихээхэн өндөр үнэлгээ авсан. Гавъяатуудаас илүү дуулсан залуусыг жинхэнэ шүүгч болох ард түмэн ихэд сайшаан магтаж дэмжсэн нь гавъяатуудын уурыг хүргэж, өмчлөх сэтгэлийг нь өдөөжээ. Уг нь бол ямар ч салбарт хөгшин нь залуугаа дэмжин, тэр ч бүү хэл, өөрийнхөө дараа үеийг, залгамжлагчаа бэлддэг хүн ёсны бичигдээгүй хууль байдаг. Гэтэл өөрсдөөсөө өөр хэнийг ч Монголын тайзан дээр гарч болохгүй мэтээр сэтгэсэн Монголын гавъяатууд ингэж уурлан бухимдаж нэр төрөө унагаж байх ч гэж дээ. Үзэгчид юу хүсч байгааг олон жил урлагт зүтгэсэн тэдгээр эрхмүүд мэдэрдэг л баймаар юм даа. Гавъяатууд маань цухалдаж суухын оронд харин ч залуусыг дуудаж ирүүлээд “миний ийм дууг олонд хүргээрэй, амжилт хүсье” гээд дэмжвэл ухаантай монголчууд тэднийг улам л хүндэлж хайрлана шүү дээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment