5/30/11

Миний нутгийн дүү Увсын залуу арслан, Улсын залуучуудын аварга Д.Энхбаяр

Өнгөрөгч долоо хоногт болсон самбо бөхийн залуучуудын УАШТ-ий эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд “Олимп” сургуулийн тамирчин Д.Энхбаяр бүх өрсөлдөгчөө илт давуу хожин түрүүлсэн. Нас дөнгөж 20 шүргэж яваа ч тэрбээр үндэсний бөхөөр аймгийн арслан цол хүртэж, жүдо бөхөөр залуучуудын Азийн аваргад үзүүрлээд амжжээ. Монголын анхны олимпийн аваргыг төрүүлсэн жүдогийн -100 кг-ын ирээдүйтэй тамирчдын нэг Даваасамбуугийн Энхбаяртай уулзаж ярилцлаа. -Самбо бөхийн залуучуудын улсын аварга боллоо. Урьд нь бөхийн энэ төрлөөр ямар амжилт үзүүлж байв?
-Анх удаа самбо бөхийн тэмцээнд оролцож, улсын аварга болсондоо баяртай байна.
-Самбогийн жүдогоос ялгарах онцлог нь юу байна?
-Хөл авдаг, бүснээс удаан барьж болдог зэрэг нь үндэсний бөхтэй төстэй болохоор барилдахад дөхөм юм. Энэ тэмцээнд үндэсний бөх шиг хав золгоод л барилдаад байлаа.
-Өнгөрсөн жил жүдо бөхөөр “Шигшээ-8” тэмцээнээс хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэн, үндэсний бөхөөр Увс аймгийн наадамд түрүүлснийг тань мэдэх юм. Ер нь бөхөөр хэдийнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Би 1991 онд Увс аймгийн Түргэн суманд төрсөн. Гурван хүүхэдтэй айлын том хүү нь. Барилдаж эхэлсэн маань 2005 оноос юм уу даа. Аймаг, сумандаа хүүхдийн барилдаанд зодоглож, бөхийн гараагаа эхэлсэн. Анхны багш маань Түргэн сумын заан Пүрэвсангаа гэж хүн бий. Аймгийн төв рүү шилжээд чөлөөт бөхийн спортын мастер Бат-Очир багшийн секцэнд хичээллэх болсон. 2008 онд Төв аймагт болсон үндэсний бөхийн УАШТ-ий бага насанд түрүүлээд тэр хавартаа хотод ирж, түүнээс хойш “Олимп” сургуульд бэлтгэл хийж байна. “Олимп”-д ороод жүдо бөхөөр хичээллэх болсон.
-А.Сүхбат аварга ирээдүйд Монголын нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг төрүүлэн гаргана хэмээгээд “Олимп” сургуулийг байгуулсан. Одоо тэнд хичээллэж байгаа тамирчдын нэг нь та. Энэ сургуульд ирээд танд хэр ахиц гарсан бэ?
-Их өөр болсон шүү. “Олимп” сургуулийг байгуулагдаад удаагүй байхад нь би ирж байлаа. Энд 2-3 жил болоод нутагтаа очиж барилдахад тэнд байгаа үеийнхнээсээ эрс зөрүүтэй болсон санагдсан. Хотод ирэхдээ 80 кг хүрэхгүй жинтэй болсон бол одоо 105 кг татаж байна. “Олимп” сургуульд улсын заан Д.Амгаланбаатарын удирдлагад үндэсний бөхийн бэлтгэл хийж, ОУХМ Б.Ганболд багшаар жүдо бөх заалгаж байгаа. Гэхдээ нэг жингийн хүн байхгүй болохоор жүдогийн бэлтгэл их хийж чадахгүй байна.
-“Олимп” сургуульд бэлтгэлийн дэглэм ямар байна?
-Өдөрт гурван бэлтгэл хийж, бүтэн сайнд л амардаг. Бид сургууль дээрээ байрладаг болохоор ингэж ачаалалтай бэлтгэл хийхэд ер ажрахгүй. Сард нэг удаа чөлөөгөөр гарах эрхтэй байдаг юм.
-Увс аймаг бол бөхийн өлгий нутаг. Барилддаггүй хүн гэж бараг байхгүй. Танайхнаас цол авч байсан хүн бий юу?
-Аав, өвөө хоёр маань сумын заан цолтой. Ээжийн ах Л.Сосор гэж аймгийн арслан цолтой, жүдо бөхийн ОУХМ хүн бий.
-Түрүүнд амжилтынхаа зах зухаас дурдлаа. Үндэсний бөх, жүдогоор үзүүлсэн амжилтаа сонирхуулаач.
-Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-ий бага насанд түрүүлснийхээ дараагийн хоёр жилд ахлах насанд мөнгөн медаль авсан. 2008 онд Түргэн сумандаа түрүүлж заан болоод өнгөрсөн жил Увс аймгийн наадамд арслан цол авсан. Жүдо бөхөөр 2008 онд өсвөр үеийн УАШТ, өнгөрсөн жил залуучуудын УАШТ-ээс алтан медаль авч, залуучуудын Азийн АШТ-ээс мөнгө, Хонконгийн ОУТ-ээс хүрэл медаль хүртсэн.
-Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд тэр бүр гарч харагддаггүй...
-Өнгөрсөн жил нэг удаа наймд үлдэж байлаа. Цэргийн наадамд дөрвийн даванд унасан. Одооноос л заал танхимын барилдаанд гарч эхэлж байгаа.
-Аймгийн арслан цолоо хэрхэн авсан бэ?
-Аймагтаа 2009 онд анх барилдаад тавын даваанд адилхан цолгүй Т.Хайдав гэж залуутай тунаж, өвдөг шороодож байсан. Өнгөрсөн жил аймгийн арслан Б.Ганзориг гэж манай сумын ах тунаанаас гаргаж өгөөд цолны болзол хангасан. Зургаагийн даваанд сумын заан Ганбаатар, их шөвөгт аймгийн начин О.Гантулгатай тунаж даваад үзүүр, түрүүнд аймгийн заан Жамсранг орхисон.
-Ямар дархан мэхтэй вэ?
-Хөл авдаг юм. Харин жүдод үүнийг хориглодог болохоор голдуу морддог.
-Жингийнхэндээ бяраар аль хавьд орох бол?
-Одоохондоо бяраар дутмаг байгаа. Хүчний бэлтгэлийг суниах, олсонд авирах гэх мэтээр хөнгөхөн л хийдэг юм. Барилдааны бэлтгэлд түлхүү анхаарч байна.
-Чиний барилддаг жингийн бөхчүүд дэлхийд хүчтэй өрсөлддөг. Тив, дэлхийн тавцанд гарахын тулд дотооддоо маш том давааг гэтлэх ёстой. Өмнөө тавьсан зорилгоо сонирхуулна уу?
-Олимпийн аварга Н.Түвшинбаяр, залуучуудын дэлхийн аваргын медальтай Б.Тэмүүлэн, мөн Б.Бат-Орших гээд -100 кг-д олон сайн тамирчин барилдаж байгаа. Энэ шилдэг жүдочидтой эн тэнцүү барилдахын төлөө чадах чинээгээрээ бэлтгэлээ базааж байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Зорьсон, хүссэн амжилтдаа хүрэхийг хүсье.
-Баярлалаа. Энэ дашрамд танай сайтаар  дамжуулан биднийг бэлтгэл хийх боломж нөхцлөөр хангаж, дэмждэг “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат болон Нараа захирал, “Олимп” сургуулийн ерөнхий захирал А.Сүхбат аварга, Н.Энхбат захирал, багш Д.Амгаланбаатар, Б.Ганболд болон нутгийн олондоо, аймгийн засаг дарга Э.Цасчихэр, сумын засаг дарга Ж.Давааням нарт талархал илэрхийлье.

0 Сэтгэгдэл:

Post a Comment