6/22/11

Дэлхийн дулаарал 2020 онд зогсоно

Нарны идэвхжил буурч байгаа бөгөөд улмаар энэ нь манай гараг дээр сүйрэл дагуулах өөрчлөлт гарахад хүргэж болзошгүй гэж Америкийн одон орон судлалын нарны физикийн салбарын судлаачид үзэж байна. Тус салбарын ээлжит бага хурал Нью-Мехико муж улсын Их сургууль дээр болжээ.

Одоо Нар нь идэвхжлийнхээ ээлжит 11 жилийн мөчлөгтөө орж байгаа бөгөөд энэ үедээ нэлээд хожимдож орж байгаа ажээ. Одоогийн мөчлөг нь 24 дэх нь бөгөөд дараагийн 25 дахь мөчлөг нь 2020 онд тохиох гэнэ. Гэхдээ энэ үедээ хожуу орно эсвэл энэ мөчлөг нь ердөө ч эхлэхгүй байж магадгүй байна. Үүнийг наран дээр болж байгаа хэд хэдэн ер бусын үзэгдлүүд нотлох гэнэ.
Тухайлбал, Нарны толбонууд аажмаар арилж байгаа аж. Америкийн Нарыг судлах одон орны төвийн эрдэмтэд болох Мэтью Пенн, Уильям Ливингстон нарын 1990 оноос хойш цуглуулсан баримтаас үзвэл, нарны толбоны тоо одоогийн мөчлөгийн үеэр хоёр дахин цөөрсөн байна. Тэдгээр толбо нь 25 дахь мөчлөг гэхэд бүрэн алга болох бөгөөд энэ нь нарны идэвхжил эрс буурна гэсэн үг ажээ.
Түүнээс гадна Нарны доторх шингэн урсгалын хөдөлгөөнд өөрчлөлт гарсныг Ричард Алтрок удирдагчтай АНУ-ын Агаарын цэргийн хүчний Судалгааны лабораторийн одон орны физикчдийн баг илрүүлжээ. Чухам энэ урсгалаас шалтгаалж наран дээр толбо үүсдэг байна. Алтрокийн багийнхан мөн Нарны идэвхжил нь 25 дахь мөчлөгтөө асар суларч эхлэхийг олж тогтоожээ.
Эрдэмтдийн бас нэгэн баг нарны титэмд (нарны хамгийн халуун тогтворгүй хэсэг) 25 дахь мөчлөгийн шинж тэмдгүүдийг олж хараагүй байна. Эдгээр шинж тэмдгүүд нь ихэнхдээ дараагийн мөчлөг эхлэхээс нэлээд өмнө, одоогийн мөчлөг дуусаагүй байхад илэрдэг ажээ. Нарны дараагийн мөчлөгтөө шилжих үеийн шинж тэмдэг илрэхгүй байгаа нь эрдэмтдийг ихэд түгшээж байна.
Хэрвээ нарны идэвхжил буурна гэсэн эрдэмтдийн таамаглал үнэн бол дэлхийн цаг уур хүйтэрч эхэлнэ. Гэхдээ урд өмнө түүхэнд тохиолдож байсантай адил дэлхий мөсөн гараг болж хувирахгүй байх. Харин цаг уурын таагүй нөхцөл байдал үүсч болзошгүй ажээ. 1310 -1370 онд болон 1615-1715 онд бага мөстлөгийн үе болж байжээ. Энэ үед нарны толбо «ердийн» жилүүдийнхээс эрс цөөрсөн байсан бөгөөд Темза болон Сена мөрнүүд хөлдөж, тэр ч бүү хэл Италийн өмнөд нутагт цас орж байсан байна. Эрдэмтэд оновчтой таамаг дэвшүүлж чадахгүй л байна. Тайван байсан Нар дэлхийд хүйтэн уур амьсгал авчирна гэдэгт тэд итгэхгүй байгаа юм. Гэвч үйл явдал хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна. Аль үйл явц нь илүү давамгайлах бол? Хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан дэлхийн дулаарал уу? эсвэл нарны идэвхжил буурснаас үүдсэн хүйтрэл үү? Хэрэв сүүлийнх нь давмгайлбал бага мөстлөгийн үе 2020 онд эхлэх магадлалтай. Эсвэл үүнээс ч өмнө эхэлж магадгүй. Учир нь одоогийн 24 дэх мөчлөгт толбо тийм ч олон байхгүй байгаа юм.
Гэхдээ идэвхжилийн харьцангуй тайван үед ч гэсэн нарнаас «титмийн туяа» гэж нэрлэдэг аварга том шингэн үүл цацагдаж байдаг байна. Дашрамд дурдахад үүнтэй адил үйл явдал зургадугаар сарын эхээр болсон бөгөөд сүүлийн 5 жил дэх хамгийн хүчтэй нь болсон байна. Уг шингэн урсгал дэлхийгээс өөр зүгт цацагдсан байсан учраас манай гараг аврагджээ.
Хэрвээ энэ туяа дэлхийн зүг цацагдсан бол юу болох байсан бэ? Америкийн эрдэмтдийн анхааруулж байгаагаар бүх трансформатор шатаж, хүн төрөлхтнийг харанхуй нөмрөх байсан. Ийм аюул бодитоор нүүрлэх магадлал бий гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн билээ. 2012 онд дэлхий сүйрнэ гэсэн АНУ-ын ШУА-ын шинжээчдийн таамаглал үнэн байж болохыг эрдэмтэд үгүйсгэхгүй байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment