6/20/11

Зам засварын компаниудаас болж 300 гаруй айл үерт автжээ


Энэ сэтэлсэн замаар үерийн ус орж Бордоо тосгоныхон усанд автжээ
Нийслэлийн аюултай бүсэд 20 гаруй мянган айл өрх амьдарч байгаа гэсэн Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан судалгаа байдаг. Аюултай бүсэд амьдарч байгаа айл өрхүүдээс арав гаруй мянга нь  үерийн ам, жалга дагуу байрлалтай гэдэг. 
Өөрөөр хэлбэл байгалийн аюулт үзэгдэлд хамгийн түрүүнд өртөх магадлалтай 20 гаруй мянган өрх нийслэлд байна гэсэн үг юм.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт орсон ширүүн борооны улмаас Зурагт, Толгойт, Их наран гэх зэрэг газруудад цөөнгүй тооны айл өрх усанд автаж, эд хөрөнгөөрөө хохирсон талаар бид мэдээлж байсан. Бүр бага насны хүүхдүүд ч амь насаа алдах шахсан гэнэ. Толгойтын Цэнхэр дэлгүүрийн хойхно байх айлын найман настай хүү үерийн усанд живж байхад нь нэг залуу таарч, азаар амийг нь аварсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 22-ын товчооны урд талын хавтгайд байх Бордооны тосгоны 300 гаруй айл өрх усанд автжээ. Энэ талаар сурвалжлахаар тус газарт очлоо. Биднийг очих үед тус хорооны иргэдийн ихэнх нь усны гутал, гялгар уут углачихсан хашаа, хорооныхоо лаг шаврыг цэвэрлэж байлаа. Үерийн ус, шавхайтай холилдсон гэрийнхээ эсгий, берзент, хувцас, тавилга хэрэглэлийг хөлийн шагайгаар татсан шавхайн дунд цэвэрлэж, угааж, хатааж байгаа харагдав. Мөн хэд хэдэн айлын хашаа, гэр нуржээ.  Хаалга, багана нь хугарч, өмнө нь гэр байсан гэхийн тэмдэггүй болсон байв. Зарим айл үдээрээр гэрийнхээ тэнийчихсэн ханыг үдэх аж. Н.Сүхбаатар гэх 60 эргэм насны хүн хэд хэдэн айлын гэрийн ханыг үдэж өгсөн талаар иргэд ярьж байв.
20 гаруй иргэн бөөгнөрчихсөн зогсож байлаа. Эдгээр иргэд Нийслэлийн авто замын газар гомдол гаргахаар ярилцаж байгаа нь энэ аж. Ямар учраас Нийслэлийн авто замын газарт гомдол гаргахаар ярилцаж байгаа талаар асуухад бүгд "Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн хэмжээнд ширүүн бороо ороод л байдаг байсан. Хаа сайгүй л айл өрх үерт урсаж байгааг харж байсан. Манай энэ хавиар  ямар ч ширүүн бороо орсон огт үер болж байгаагүй юм. Гэтэл энэ жил  22-ын товчооны замыг засаж байгаа компаниуд үерийн ус зайлуулах хоолойг гурван газар нь сэтэлчихсэн юм. Гэтэл дизель түлшний хомсдлоос болоод ажил нь зогссон үед нь ус ихтэй бороо орчихлоо. Үерийн ус зайлуулах хоолой байрлуулах гээд сэтэлчихсэн замаар хойд уулын үерийн ус тэр чигээрээ буугаад ирсэн. Ингээд л бид эд хөрөнгөөрөө хохирч үлдлээ. Хэн нэгэн амь насаа алдахыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Хэрэв зам засварынхан ажлаа хурдан хийчихсэн бол ийм юм болохгүй байсан. Гүйцэтгэгч компаниуд бидэндтэй одоо болтол уулзаагүй байгаа. Тэд иргэдээс уучлал гуйж, ядаж лаг шавраас салгаж өгөх ёстой" гэв. Зарим иргэний гэр дахин барьж, босгож болохооргүй болсон талаар ярьж байв.
22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замыг өргөтгөн, шинэчлэх ажлыг "Чи Чи Ха Ар хотын хот төлөвлөлт инженеринг" ХХК, "Бэрх зараа" ХХК-ийн түншлэл өөрийн хөрөнгөөр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэж байгаа юм байна. Эдгээр компаниуд 22-ын товчооны замд засвар хийх явцдаа хэд хэдэн газар нь сэтэлчихээд эргүүлэн нөхөж амжаагүй байсан юм байна. Сэтэлсэн замыг нь ажиглавал Тахилтаас үерийн ус ирдэг жалга дагуу замыг нь сэтэлчихжээ. Энэ нь үерийн ус шууд орж ирэх суваг шуудуу шиг харагдахгүй ч уулын их ус тэр чигээрээ орж ирж байсныг иргэд ам уралдан ярьж байсан юм.  Бордоо тосгоны айлууд мөнгө нийлүүлж хойд талдаа далан босгохоор ярьж байгаа юм билээ. Гэхдээ ихэнх айлууд нь боломж бололцоо тааруугаас мөнгө өгч чадахгүй гэдгээ хэлсэн гэсэн. 
ЗАМ ЗАСВАРЫН АЖЛААС БОЛООД Л ОРОХ ОРОНГҮЙ БОЛЧИХЛОО
Таван ханатай гэрийн дунд бүслүүрээс дээгүүр ус орж ирсэн аж. Үүнийг гэрчлэх мэт айлуудын гэрийн тэхий голоор л шавхай болсон байгаа харагдсан. Ингээд үерийн уснаас болж гэргүй болчихоод байгаа тус хорооны иргэн Т.Мягмаржаргалтай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Танай гэр дахиж барих ямар ч бололцоо байхгүй юу?
-Өнгөрсөн пүрэв гаригт гэнэт ширүүн бороод ороод 45 минутын дотор л яах ийхийн зуургүй эрчилсэн хар ус манай энэ хавиар ороод ирсэн. Яаж ч чадахгүй хамаг юмаа гэртэйгээ урсгачихлаа. Бүр хашаа хүртэл урсаад алга болчихсон. Тэр юу ч биш замын хөдөлгөөн хоёр цаг орчим саатаж, үерийн ус ЗИЛ 130 машины хамар хүрэх дөхөж байсан. Саяхан гэрээ хөнгөлсөн учраас үерийн ус гэрийг маань юу юугүй л хамаад явчихсан. Аз болж урд айлын хашаанд тулаад бүх урссан юм тогтсон байсан. Би ч тэр үед юун гэр манатай гурван хүүхдээ л амьд гаргах гээд хажуу айлын байшин дээр гараад суучихсан. Уг нь бол энэ хавьд ямар ч ус орж ирдэггүй байсан. Зам засварын ажлаас болоод л орох орон, оочих аяга байхгүй болчихлоо.
-Усанд урссан зүйлсээ бүгдийг нь олж авч чадсан уу?
-Уснаас болж зөвхөн гэргүй болоод тогтохгүй байдаг өнгөтэй өөдтэй зүйлс бүгд "будаа" болчихлоо. Би уг нь дээр үеийн бөхчүүдийн зураг цуглуулдаг байсан юм. Авдранд байсан болохоор бүгд одоо хэрэгцээгүй болчихлоо. Уг нь их ховор зургууд байсан юм л даа. Зарим нэг зүйлсээ урд айлын хашааны шавар дотроос эрсээр байгаад олсон.
-Цаашид яая гэж бодож байна даа. Гэргүй болчихлоо шүү дээ?
-Ах дүү хамаатан садангуудаас л мөнгө төгрөг гуйх байх даа. Би барилгын ажил хийдэг юм. Гэхдээ яаж гэртэй болохоо сайн хэлж мэдэхгүй л байна даа.
Хорооны Засаг дарга нь иргэдийнхээ байгаа байдалтай танилцаад явжээ. Гэхдээ иргэдэд ямар нэгэн тусламж ирээгүй байгаа юм байна. Хоол хүнс нь үерийн усанд автчихсан болохоор зарим нэг айл хоол хүнсгүй сууж байгаа юм билээ. Мөн тосгоны өндөр настан ганц бие хөгшин  Намжил гуай гэрээ ч барьж чадахгүй сууж байна лээ. Тэрбээр ойр хавийнхаа залуусаар гэрээ хураалгачихаад хамаатныхаа айл руу явсан аж. Мөн дайны хажуугаар дажин гэгчээр тосгоны бүх айлуудын цахилгаан тасраад хоёр хонож байгаа аж. Тус газрын хажууханд байрлах Барилгын материалын үйлдвэр цахилгааны гэмтэлтэй байснаас үүдэн цахилгаан тасарчээ. Дээр нь хэд хэдэн айлын цахилгаан бараа шатчихсан  гэсэн. Тосгоны айлуудыг усанд автуулсан гээд байгаа зам засварын газар очлоо. Гурван хэсэг газар замыг нь сэтэлж үерийн ус зайлуулах хоолой байрлуулж байгаа юм билээ. Гэхдээ дизель түлшний хомсдлоос болсон уу эсвэл өөр зүйлээс болсон уу ямар ч байсан ажил нь огт хийгдээгүй байна лээ. Хэрэв дахин хүчтэй бороо орох юм бол Бордоо тосгоны айлууд усанд автахгүй гэх баталгаа байхгүй юм билээ. Яагаад гэвэл гурван газар нь сэтэлсэн замын хоёр нь яг үерийн усны аман дээр юм билээ. Хүнд даацын машинуудыг засч, сэлбэдэг гэх Хятадын нэгэн компани мөн л үерийн даланг сэтлээд барилгаа барьчихсан байгаа харагдсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хятад эзэнтэй тус компанийн үйл ажиллагааг зогсоох гээд чадахгүй байгаа юм гэсэн.
Э.ХҮРЭЛБААТАР
uer
uer

0 Сэтгэгдэл:

Post a Comment