6/22/11

500 саяар үнэлэгдсэн бурханыг Тамгын газрын дарга нь хулгайлсан байжээ


Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын тамгын газрын дарга хулгайн хэргээр цагдаад шалгагдаж саатуулагдсан байна. Тэрбээр нутгийн хулгайч “хожиндоо” хочтой Пүрэвбаттай нийлэн монголд төдийгүй дэлхийд ганцхан бурхан хулгайлсан байна. Тэд энэ хэргийг эртнээс төлөвлөн бэлтгэж байж үйлдсэн бөгөөд амьд Ногоон дарь эх бурханы оронд 1.3 сая төгрөгөөр хуурамч бурхан хийлгэн авчирч тавьсан байжээ.

Гэмт хэрэгтнүүд тус бурханыг өмнөд хөрш хятад хуурамчаар хийлгэсэн бөгөөд жинхэнэ ногоон дарь эхээс түүшин нь арай урт байснаараа ялгагдаж байгаа гэдгийг ойрын эх сурвалж өгүүлсэн. Харин алдагдаад олдсон амьд бурханыг Монгол Улсын Эрдэнэсийн сангаас 500 сая төгрөгөөр үнэлсэн байна. Тус бурханыг анх 1690-ээд онд Өндөр гэгээн Занабазар урлан бүтээсэн бөгөөд одоогийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт оршдог Төвхөний хийдэд залсан гэдэг.

Хожим 1691 онд өндөр гэгээн Занабазар одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Боржигоны баруун жанжин Чойр хийдэд морилоод буцахдаа “Ногоон Дарь-Эх” бүтээж хайрлахаа амласан нь эдүгээ хулгайд алдагдаад буцаан олдсон түүхийн ховор үзмэр, амьд бурхан Ногоон дарь эх юм. Амьд Ногоон дарь эх бурхан хоёр оны заагт хулгайд алдагдсан бөгөөд одоогоор Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа гэдгийг ойрын эх сурвалж бидэнд мэдэгдсэн. Харин уг хэргийг Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Ямартаа ч эх сурвалжийн өгүүлснээр амьд Ногоон дарь эх бурханыг алдагдсан болохыг хамгийн түрүүнд Боржигоны баруун жанжин Чойр хийдийн хамба лам мэдсэн гэнэ. Бурхан алга болсон шөнө хамба ламын зүүдэнд уг бурхан орж өөрийгөө хулгайд алдагдаж байгаа тухай. Мөн өөрийн нь оронд хуурамч бурхан орхисон тухай мэдэгдсэн гэнэ.

Хамба ламын хувьд ийм тодорхой зүүд зүүдэлсэн учир өглөө сэрээд хамгийн түрүүнд хийдэд ирж Ногоон дарь эхийг залсан гүнгэрваан дэргэд очиход хадаг яндар хөглөрөөд нэг л өөр болсон байхыг анзаарсан аж. Ингээд л зүүдэндээ харсан зүйл нь үнэн байж болохыг ойлгосон хамба лам Ногоон дарь эх бурханыг нягтлан хараад нүдэндээ ч итгээгүй гэнэ.

 Учир нь Өндөр гэгээний урласан монгол бүсгүйн төгс дүр болсон Ногоон дарь эх бурхан маань өмнөд хөршийн урт түүшинтэй хятад хүүхэн байх нь тэр.  Ингээд л бүх учрыг ойлгосон хамба лам цагдаад дуудлага өгсөнөөр уг хэргийг зангилаа тайлагдаж, хулгайч нар ч баригдсан нь сумын Засаг даргын тамгын газрын дарга, нутгийнханыхаа дунд “шилийн сайн эр “Хожиндоо”” хэмээн алдаршсан Пүрэвбат гэгч хоёр байж таарчээ. Гэмт хэрэгтнүүдийг эдүгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 419 дүгээр анги буюу “Ганцхудаг”-ийн урьчилан хорих төвд хорьсон гэсэн.

Амьд ногоон Дарь-Эх бурханы түүх
  Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Боржигоны баруун жанжин Чойр хийдийн гол шүтээн болсон ногоон Дарь-Эх бурханы тухай хийдийн хамба лам ийн өгүүлсэн юм. 1691 онд Өндөр гэгээн Занабазар Долнуурын чуулга уулзалтад очоод буцах замдаа одоогийн Хэнтий аймгийн Хэрлэн голын баруун захад орших Баян-Эрхтэй уулын ард байх Цогчин хуралд морилсон гэнэ.

Тэрбээр уг хийдэд морилж бие сэтгэлийн алжаалаа тайлах зуур хийдийн лам нарын ном хурахыг харж ихэд баясан өөрийн таван настайдаа өмсч байсан бойтгоо тус хийдэд үлдээхээр болон дотор нь нэрээ бичин хийгээд “Ганданрамжаалин” хэмээн нэрийг хайрласан аж. Тус хийдийнхэний хувьд энэ нь Өндөр гэгээн Занабазараас өгсөн ганц бэлэг биш байсан бөгөөд тэрбээр мөн “Ногоон Дарь-Эх” бүтээж хайрлахаа амлаад хийдийн тахилч лам Зундуйдовдон, гэвш лам Дамбаюүрэн хэмээн хоёр ламын авч явжээ.

Өндөр гэгээн одоогийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт орших Төвхөний хийдэд оршин бүтээсэн 21 дарь эхээс хайрлахаар тус дуганд дагуул лам нарын хамтаар ороход 13 дахь Дарь Эх буюу энэхүү амьд ногоон Дарь Эх бурхан “би очиё” хэмээн хүний хэлээр дуугарсан гэдэг. Ингээд тус бурханыг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Боржигоны баруун жанжин Чойр хийдэд залж авчирсан бөгөөд Өндөр гэгээн, энэхүү Ногоон Дарь Эхийн өмнө үргэлжийн зул өргөж өглөө бүр усан, сүүн, цайн тахил өргөн Шинийн найман болгонд Дарь эхийн мандал шиваа өргөж 108 Дарь эхийг уншиж байгаарай хэмээн айлдан гүнцэглэжээ.

Ингээд тус хийдийн лам нар Ногоон Дарь Эхэд тусгайлсан дуган барьж залан өндөр гэгээний айлдварыг таслалгүй эдүгээг хүртэл тахин шүтэж ирсэн байна.  Одоогоос бараг зуугаад жилийн өмнө 1911 онд Ногоон Дарь Эх ловон хувилгаан Агваанданзанням, баруун урд лам Дамбийжанцан нартай шинж тэмдэг илрүүлэн дуугарч “би даарч байна” хэмээн өгүүлээд “гаднаас хүйтэн зэвсэгт хүмүн ирэх учир байна. Тэр цагт энэрэн нигүүлсэхүйн сэтгэлээр хандаарай” хэмээн айлдсанаар мэргэд лам нар Ногоон дарь эхэд хурганы арьсыг битүү өвчин, элдэж дээл хийн өнгөлөн өмсгөж Дарь эхэд мандал түй сэржим өргөсөн байна.

Энэ үеэр их хүрээнээс буцаж явсан гамин цэргүүд тус хийдээр дайрч ирсэн бөгөөд энэ өдөр нь шинийн найман таарч хийдийн лам нар 108 Дарь эх хурж таарсан гэдэг. Харин энэ үеэр ирсэн гамин цэргүүд юу болов гэмээр аядуу зөөлөн хандаж жас буюу лам нарын бэлтгэсэн цай хоолны газар орж хооллож ундлаад Ногоон дарь эхэд очиж ихэд хүндэтгэлтэй хандаж мөргөж залбираад явсан аж. Замдаа тааралдсаныг хядаж, хэний ч амийг үл өршөөдөг харгис хэрцгий гамингууд ийнхүү илтэд номхорч бүр мөргөж залбираад явсныг эдүгээ учир мэдэх хүмүүс их шүтээн амьд Ногоон Дарь эхийн хүчтэй холбон тайлбарладаг.

Үүнээс хойш 1928 онд тахилч лам Дондогжанцанг байх үед Ногоон дарь эх хөдөлж дуугарч бүр гүнгэрвааны шил нь хагарсан учир хувилгаан лам Агваанданзанням, их нүргээч түгээгч лам Балсан, дархан умзад лам Дамба Яринпэл нар дарь эхэд мөргөн айлдварыг нь тайлсан байна. Ногоон дарь эх “намайг далд хий. Миний очих газар маш хэцүү байна. Иймээс би өөрөө далд байя. Намайг их муухай газар оршоосон цагт миний адис жанлавдаа би өөрөө эргэн залрах болно” хэмээснээр Ногоон дарь эхийг гуутай нь дуганаас гарган Агваандовдон ламд өргөсөн байна. Энэ үеэс үе дамжин Сундуй лам, Данзан лам нарт хадгалагдан байгаад 1991 онд Баруун Чойр хийдийг сэргээгдэхэд эргүүлэн залжээ. Харин үүнээс хойш гурван жилийн дараа буюу 1994 онд тусгайлан дуган барьж Ногоон Дарь эх бурханаа залжээ. Гэтэл ийм түүхтэй бурханыг хулгайлсан этгээд нь сумын хариуцлагатай албан тушаалтан төдийгүй, ногоон Дарь эхийн хуурамч дүрийг Хятадад 1.3 сая төгрөгөөр захиалж хийлгэсэн байжээ. Хэдийгээр монголчууд мөнгө улаан нүд цагаан гэлцдэг ч энэхүү хэрэг арай ч хэрээс хэтэрсэн зүйл болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

Б.Анар

0 Сэтгэгдэл:

Post a Comment