6/25/11

Цэргийн хурц арслан Чимидрэгзэнгийн Санжаадамба: Бөх болох миний мөрөөдөл байсан юм


ндэсний бөхийг үзэгчгүй болоод байсан тэртээ 15 орчим жилийн өмнө хэн Бөхийн өргөөнд уухай хадаадаг болголоо нөгөө л зургаан заан. Үндэсний энэ спортыг үүсгэн байгуулсан өвөг дээдсийнхээ мах цусны тасархай бидэнд байтугай Хатан Туулаас минь амсаж ч үзээгүй харь улсын иргэдэд мэдэгдэхээр уналтанд ороод байсан үндэсний бөхийг шижигнэсэн барилдаантай шилдэг зургаан заан чимж байлаа. Түүн шиг барилдах бус амьд хөшөө мэт хөдөлгөөнгүй зогсож, азанд найдаж, шоонд итгэдэг болсон бөхчүүдээс энэ спортыг аварсан хүмүүс нь өнөөдөр улсын цолгүй ч аварга, арслангуудын дайтай барилдаж буй аймаг цэргийн цолтой залуус.
Хэзээ байтлаа цагаан сарын барилдаанд улсын цолгүй бөх түрүүлж байлаа. Хэзээ байтлаа аймаг цэргийн болон улсын цолтнуудын хоёр барилдаанд өдөр дарааллан нэг хүн түрүүлж байлаа. Энэ их амжилтын эзэн эгэл даруухан нэгэнтэй ярилцлаа.
XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн сар шинийн барилдаан Үндэсний бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ. Цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба хоёр өдөр дараалан зохиогдсон аймаг цэргийн болоод улсын цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж энэ хуудсыг нээсэн. Өндөр аварга Өсөхөөг нутгийн минь ах гэж бялдуулалгүй барилдаад давсан. Үнэн хүчээ үзэн барилддагийнх нь нотолгоо энэ.
Блиц анкет:
Төрсөн он: 1985 он
Харьяалал: Архангай аймгийн Хашаат сум.
Харьяа байгууллага: “Хангарьд” спорт хорооны тамирчин.
Ивээн тэтгэгч: “Хатант интернешнл” ХХК
Барилдаж эхэлсэн он: 2006
Дархан мэх: Нааж хавирах
Анхны цол: Сумын заан. /2002 онд-Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлсэн/.
Цол авсан тухай: 2006 онд Дорноговь аймгийн наадамд шөвгөрч, аймгийн начин, 2008, 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлсэн.
Сүлд: Ярилцлагын эхний асуултыг таны зодоглож байсан анхны том барилдааны дурсамжаар эхлүүлбэл ямар вэ?
Ч.С: Анх 2001 оны Улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд зодоглож, бөхийн гараагаа эхлүүлж байлаа. Өмнө нь тийм том барилдаанд оролцож үзээгүй. Хөдөөнөөс дөнгөж орж ирсэн хүүхэд болохоор хэцүү л байсан. Дүвчин багш маань намайг дагуулж яваад хүүхдийн ордонд бүртгүүлж байхад хөгшин юм нас дарж орж ирлээ гээд л хэл ам гарч л байсан. Тэгээд нөгөө “насаа дарсан” нөхөр нь шалиагүй ээ, гурвын даваанд унасан. Бие том, овор ихтэй болохоор үеийнхнээсээ хөгшин харагддаг байсан юм байлгүй.
Сүлд: Тухайн үед тантай хамт барилдаж байсан бөхчүүдээс өдийд том цол авсан ямар бөх байна вэ?
Ч.С: Тухайн үед надтай барилдаж байсан хүүхдүүд намайг бодвол өмнө нь том барилдаанд ороод “юм үзсэн” нөхөд байсан юм билээ. Тэдэн дундаас онцлоод хэлчих сайн барилдаж байгаа хүн өнөөдөр алга.
Сүлд: Бага насны тань талаар асуухгүй өнгөрч болохгүй санагдлаа. Улсын цолтой бөхчүүдээрээ улсдаа тэргүүлдэг Архангай аймгийн харьяат байх аа?
Ч.С: Архангай аймгийн Хашаат суманд бусдын л адил бага насаа өнгөрөөсөн. Малчин айлын хүүхэд юм болохоор малтай ноцолдож өссөн.
Сүлд: Бөх хүнийг олдмол төрмөл гэж хуваадаг юм билээ. Таны хувьд бөхийн удамтай юу?
Ч.С: Манай аавын ээж буюу эмээтэй төрсөн эгч дүүсийн хүүхэд нь улсын арслан Мижиддорж, ээжийн ах нар ч барилддаг хүмүүс байсан. Ингэхээр хоёр талын бөхийн удамтай төрмөл бөхийн тоонд нь орох юм болов уу даа.
Сүлд: Бөх болсноор таны төсөөлж мөрөөдөж байсан бүхэн хэр биелсэн санагддаг вэ. Эсвэл тэс өөр замаар замнаад байна уу?
Ч.С: Би багаасаа л бөх болно гэж мөрөөддөг, үеийнхэнтэй ноцолдож, дээл хувцасаа урж, аав ээждээ загнуулж өссөн. Өнөөдөр ч мөрөөдөлдөө хүрэх гээд л явж байна даа. Мөрөөдлөөсөө гажаагүй л явна даа.
Сүлд: Цагаан сарын хоёр барилдаанд өдөр дараалж оролцоод хоёуланд нь түрүүлсэн. Энэ бол монгол бөхийн түүхэнд шинэ хуудас нээсэн явдал болсон. Барилдааны өмнөх өдрүүдэд ямар бодол төрж байв. Бөх хүний зөн гэж бас байдаг шиг байгаа юм?
Ч.С: Хамгийн гол нь тухайн үед бэлтгэл маш сайн хийсэн байсан. Цагаан сарын өмнөхөн бэлтгэл сургуулилтаа хийлгүй түр амсхийсэн. Ерөнхийдөө сайн барилдчих байх гэж бодож байсан. Хүмүүс ч янз бүрээр ярьж л байсан. Үздэг хардаг “Алганы хээ судлал”-ын Бор гуай эд нар улсын харцага юм уу, заан цолтой бөх түрүүлнэ гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсныг уншаад ер нь яагаад бага цолтой бөх түрүүлж болдоггүй юм гэсэн бодол төрсөн. Тэр үед түрүүлнэ гэдгээ мэдэрсэн юм уу, янз бүрийн л зүйл бодогдож байсан. Найз нөхөддөө ч хэлж байсан, энэ жилийн цагаан сарын барилдаан тун гоё болох байх аа, харж л байгаарай гэж хэлж л байсан.
Сүлд: Таныг гардаж дасгалжуулдаг хүн бол З.Дүвчин заан. Багшийнхаа арга барил, дасгалжуулалтын онцлогоос дурьдвал?
Ч.С: Багш маань хүнээс үргэлж барьц авч барилддаг. Хүнийг нэлээн ядрааж, зовоож барилддаг. Өөрөө уран угсраа мэхтэй. Намайг ч тэгж уран дайчин барилдахыг шаарддаг. Гэхдээ би сүүлийн үед өөрийнхөөрөө барилдаад байгаа, учир нь багш маань чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээг дасгалжуулаад надад тэр бүр олдохоо болиод байна. Би ч хувиа даагаад нутгийнхаа ах нар болох Өсөхбаяр аварга, Рагчаа заан, Мөнгөнцоож харцага гээд л хүмүүстэй хамт бэлтгэл хийж тэдний заавар зөвлөгөөг дагаж байна.
Сүлд: Өнгөрсөн жилийн хувьд танд болон таны ойр дотны хүмүүст нэлээд одтой азтай, үр өгөөжтэй байлаа. Багш тань гавъяат цол хүртэж, танай нутгаас дэлхийн аварга төрлөө?
Ч.С: Тэр бүх амжилтыг хараад сэтгэл их л сайхан байсан. Нутгийн дүү маань дэлхийн аварга, багш маань гавьяат тамирчин болсон. Ер ч энэ бүх амжилт цаашаа удаан үргэлжлэх байх. Батцэцэг маань цаашлаад олимпийн аварга болох байх гэж найдаж байгаа шүү.
Сүлд: Үндэсний бөхөөс гадуур их спортоор хичээллэдэг үү? Ойрд тэмцээн уралдаанд оролцох уу?
Ч.С: 2005 онд Залуучуудын чөлөөт бөхийн улсын аварга, Оюутны улсын аварга болж байлаа. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Хоёр жил дарааллаад УАШТ-д оролцоод больсон. Одоо эргээд чөлөөтөөр барилдаж улсын аваргад оролцох бодолтой байна. Жингээ хасаад орох санаатай.
Сүлд: Манай бөхчүүд бөхийнхөө хажуугаар янз бүрийн ажил эрхэлдэг. Ихэнх нь цэрэг цагдаагийн байгууллагад ажиллаж алба хаадаг. Таны хувьд ямар ажил эрхэлж байна?
Ч.С: Ер нь л бөхдөө хамаг анхаарлаа хандуулж байна. Хажуугаар нь ажил эрхлээгүй. Хангарьд спорт хорооны харъяанд орж тэнд бэлтгэл сургуулилт хийж байгаа.
Сүлд: Та бол үндэсний бөхчүүд дотроо арал чацтай, нуруулаг бөхчүүдийн тоонд багтах байх. Энэ бүхэн нь таны хувьд ямар давуу болоод сул талтай санагддаг вэ?
Ч.С: Барилдаандаа алдаа гаргачих гээд байдаг. Түүн дээрээ анхаарч бэлтгэлээ базааж байна.
Сүлд: Бөх хүн бүдүүн өвсөнд гэж ярьдаг. Энэ үг таньд юу бодогдуулдаг вэ?
Ч.С: Сайн барилддаг хүн өөрийнхөө барилдааныг бүрэн гаргаж чадахгүй суначих тохиолдол хааяа гардаг шүү дээ. Түүнийг л хэлж байгаа болов уу. Хүн өөрөө хичээж л барилдвал болохгүй зүйлгүй байх.
Сүлд: Томоохон барилдааны өмнө таарч барилдах боломжтой бөхчүүдээ хэр их судалдаг вэ?
Ч.С: Ихэнх бөхчүүдтэй барилддаг болохоор арга барил, ирж болох мэхийг нь ерөнхийдөө мэддэг. Тухайн барилдаандаа л сайхан, зоригтой барилдахыг хичээдэг.
Сүлд: Таны өмнөө тавьсан ойрын зорилго юу байна?
Ч.С: Улс хувьсгалын 90 жилийн ой энэ жил тохионо. Урьд жилүүдийнхээсээ илүүтэй бэлтгэл сургуулилт хийж, хөдөлмөрлөж байгаад сайн барилдахыг л хичээнэ дээ. Тэр үед хөдөлмөрийн маань үр шим харагдах байлгүй дээ.
Сүлд: Цэргийн хурц арслан цол аваад, улсын цол хүртэх бөхчүүдийн тааварт нэр тань багтаж, цагаан сарын барилдаанд түрүүлснээс хойш ард түмний хандлага хэр өөрчлөгдөж байх шиг байна?
Ч.С: Манай ард түмэн бөхчүүдээ дээдэлдэг хүндэлж хайрладаг. Дороос гарч ирж буй залуу бөхчүүдээ дэмждэг шиг намайг ч бас дэмждэг юм шиг байгаа юм. Надад ч тэр нь мэдрэгддэг л дээ. Тэр хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд бэлтгэлээ сайтар хийж, зөв сайхан барилдахыг л бодож явна.
Сүлд: Гэр бүлээ танилцуулахгүй юу?
Ч.С: Эхнэр бид хоёр нэг хүүтэй. Аав маань Архангайн Хашаат суманд амьдардаг. Дээрээ гурван ах, нэг эгчтэй. Гэргий маань одоогоор гэр зуураа хүүхдээ хараад л сууж байгаа.
Сүлд: Хамгийн харамсдаг барилдаан хэдэн оны ямар барилдаан бэ. Магадгүй арай жаахан хичээсэн бол гэж бодогдсон барилдаан бий байх?
Ч.С: Миний хувьд унасан хойноо харамсдаггүй юм. Би тухайн хүнийг дийлээгүй л учир уналаа гэж боддог. Адилхан хүчээ үзээд дийлээгүйгээс хойш харамсаад яах юм бэ, намайг давсан бөх цаашаа улам сайн барилдаад л явж байвал болоо шүү дээ. Би ингэж барилдсан бол цол авчих байсан юм гэж огт тэгж бодож байгаагүй. Улсын наадмаар Бат-Эрдэнэ аварга, Ганбат арслан, Лхагвадорж начин, аймгийн арслан Суманчулуун гээд л бөхчүүдэд унаж байсан. Тэглээ гээд би харамсаагүй, харин бэлтгэл сургуулилт дутуу байгаа юм байна л гэж бодсон. Бусдаас илүүтэй бэлтгэл хийж байж улсын цол авах юм байна гэдгийг ойлгосон.
Сүлд: Улсын цолтой бөхчүүдийн хэнийх нь барилдааныг үзэх дуртай вэ. Мэх, барилдааны ур зэргийг нь харах, эсвэл хүндлэх үүднээс ч юм уу?
Ч.С: Ер нь бүх аваргуудаа хүндэтгэж, тэдний барилдааныг үзэхийг хичээдэг. Түүнээс биш хийж буй мэхийг нь яг өөрийн болгож хэрэглэж гэж боддоггүй. Аварга цолтой бөхчүүд бол бөхийн хамгийн дээд оргил нь болсон хүмүүс гэж боддог учир бүгдийг нь бид хайрлах ёстой.
Сүлд: Таны унаган мэх юу вэ. Түүнийгээ хэрэглэхэд хэр их эсэргүүцэл ирдэг вэ?
Ч.С: Би нааж этэх мэхийг голдуу хийдэг. Гэхдээ хүн бүхэн л давах гэж барилддаг болохоор тухайн үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалж хариулах мэх нь өөр өөр байна байх.
Сүлд: Танд сүмо бөхөд “урвах” боломж, бодол байсан уу?
Ч.С: 2001 онд хөдөөнөөс ирээд бэлтгэл хийж байхад хэдэн хүн сүмогоор барилдах гээд шалгуулахаар явсан. Шийдэж ядаад багшаасаа асуутал багшид загнуулаад очоогүй.
Сүлд: Сүмо бөхийн дэвжээнээ манай олон сайхан хөвгүүд амжилт гаргаж байна. Тэднээс үндэсний бөхөөр барилдсан бол хэн нь амжилт гаргах байсан бол?
Ч.С: Тэнд барилдаж буй үмүүс ихэнх нь л үндэсний бөхийн том цолтой бөхчүүдийн үрс байна. Цөмөөрөө л улс аймгийн цолтой сайн барилдах байсан байх. Монгол бөх гэдэг үргэлж л удам угшил дагадаг болохоор яах ч аргагүй амжилт гаргана.
Сүлд: Сүмо бөх хэр үздэг вэ?
Ч.С: Асашёорюү Дагвадоржийг барилддаг байхад л их үздэг байсан. Аварга маань омогтой, дайчин барилддаг, спортын хүнд баймаар дүр төрх гаргадаг байсан. Өрсөлдөгчөө яаж хаях нь ч тааварлахын аргагүй хүн.

0 Сэтгэгдэл:

Post a Comment