7/1/11
Халхын гол, Тамсагийн тал Монголын нутаг юмсан
Монголын дорно хязгаар түймэртэй байна. Аянга цахилгаан, авто машины яндангийн оч баригчаас үүссэн түймэр Халх гол, Мэнэнгийн талын сахлаг өвсөнд өрвөлзөн асч, Сүхбаатар аймгийн уудам хээр талыг бүрхэн дүрэлзэж байна. Түймрийг унтраахаар нутгийн иргэд, онцгой байдлын албаны гал сөнөөгчид чадлынхаа хэрээр тэмцсээр байгаа ч байгалийн эрхшээлд хүчин мөхөсджээ.
Түймрийн хажуугаар Монголын дорнод тал олз ашиг хайсан харь элэгтний хөлд талхлагдан сүйрчээ. Ашигт малтмал тээвэрлэсэн автомашинуудын цуваа хаа дуртай газраараа зам гарган давхиж Мэнэнгийн талыг аалзны тор мэт сүлжиж орхижээ. Газрын гүнээс тос шимийг нь сорж гаргадаг том тopx бүхий, алсаас харахад хөгшин морь толгой хаялан зогсох мэт этгээд байгууламжууд хааяа тааралдана.
Энэ байгууламжууд л Монголын дорнод талын газрын гүн дэх "шингэн алт"-ыг шумуул мэт сорж харийн нутагт торх торхоор нь явуулж байгаа гэж бодохоор энэ хязгаар нутгийг өөрийн эрхгүй өмчлөх, өмөөрөх сэтгэл төрж, элэг эмтэрнэ.
Автотээврийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Монголын дорнод талд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн болон газрын тос олборлогч компаниудтай газар дээр нь танилцаж үнэлэлт дүгнэлт өгсөн юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Октябрь, мэргэжилтэн Н.Отгонсар, Автотээврийн хяналтын улсын байцаагч Н.Баяраа, Д.Батсайхан, Дорнод аймгийн Автотээврийн хяналтын улсын байцаагч О.Пүрэв-Очир болон хэвлэл мэдээллийнхэн багтлаа.
ХӨДӨӨ БУЙДЫН ХЯТАД ХАЯГ СЭТГЭЛ ГУНДААВ
Бидний очсон анхны компани Хятадын хөрөнгө оруулалттай "Шинь-Шинь". Дорнод аймгийн Мардайн ураны орд газрын баруунтай уран болон өнгөт металл олборлодог энэ компанийн үйл ажиллагааг Цөмийн энергийн газраас зогсоогоод байгаа ажээ. Хэдийгээр тээвэрлэлт нь зогсоод байгаа ч зөрчил дутагдал цөөнгүй. Тухайлбал, хятад жолоочийг олноор ажиллуулсан, техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн юм. Энэ компани хятадын хөрөнгө оруулалттай ч Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл хятад ханз хаягтай байгаа нь хятад улсын нутаг дэвсгэрт яваад орчих шиг эвгүй сэтгэгдэл төрүүлэв.
Бид цааш явсаар Дорнод аймгийн Хавиргын боомтын орчим ирэхэд хятад жолоочтой, хятад улсын дугаартай автомашинууд барилгын материал тээвэрлэн нутгийн гүн рүү орж ирсэн байлаа. Учрыг тодруулбал, Дорнод аймгийн иргэд БНХАУ-ын Манжуур, Алтан эмээлээс хятад машинд ачаа тээвэрлэн орж ирж байгаа нь энэ аж.
Хятад дугаартай, хятад жолоочтой машин хоёр улсын хооронд ачаа тээвэрлэхийн тулд Монгол Улсын Артотээврийн газраас зөвшөөрөл авах ёстой. Тэдэнд ийм зөвшөөрөл байсангүй. Зөвшөөрөл аваагүй тохиолдолд боомт дээр ачааг Монголын машинд шилжүүлэн ачих ёстой. Гэвч тэд Монголын хуулийг уландаа гишгэн, дураараа аашилж байна.
Хавиргын боомтын орчим "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн захиалгаар газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явагдсаар. Одоохондоо гаднын компани энэ орд газрыг эзэмшиж байгаа ч хэдхэн жилийн дараа Монгол Улсын Засгийн газрын мэдэлд тоног төхөөрөмж, барилга байгууламжтайгаа шилжин ирэхээр гэрээнд тусгасан байдаг. Тэр цагт бид өөрийнхөө нутгаас өөрийн гараар газрын тос олборлоно. Харин тэр сайхан цаг ирэхэд бид өөрсдөө газрын тосоо нэрэх, боловсруулах үйлдвэртэй болчихсон байх нь чухал юм.
50-60 машиныг газрын тос байх магадлал бүхий газруудаар зогсоон хооронд нь урт утсаар холбон бичлэг хийж, газрын тосыг эрж хайдаг юм байна. Яг л хүний зүрхний бичлэг хийдэг технологитой адилаар газрын гүний чичирхийллийг мэдрэх арга замаар газрын тосны хайгуулыг хийдэг юм билээ. Энэ арвин баялаг нөөц бүхий газрын тосны орд газарт БНХАУ-ын компани одоохондоо дангаар үйл ажиллагаа явуулж байгаа.
Монгол Улсын Газрын тосны тухай хуулиар Бүтээгдэхүүн хуваах гэрээний хайгуулын хугацааг арван жил, олборлолтын хугацааг 20 жил байхаар хуульчилжээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд дээрх хугацаа дуусмагц тухайн орд нутагт барьж байгуулcaн дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг Монголын Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөөр тусгасан байна.
ҮҮРЭН ХОЛБООГҮЙ ХАЛХЫН ГОЛ
Дорнод аймгийн Халхгол сум. Цагтаа энэ нутагт АН 24 онгоц буудаг, саалийн фермтэй, алим жимсний аж ахуйтай хөгжил ундарсан газар байжээ. Харин одоо нэг л гундуу. Халх гол сумыг татан буулгаад Сүмбэр сумын хоёрдугаар баг болгочихсон.
Нутгийн иргэд Солонгосуудад газар түрээслэх "Халхгол" төслийг нэг л таашаахгүй байгаагаа илэрхийлэв. Учир нь "Халх гол" төсөлд хамрагдах газар нутаг иргэдийн малын гол бэлчээр гэнэ. Монголын үүрэн холбооны таван операторын нэг нь ч энд сүлжээгээ оруулсангүй. Уг нь нэг сумын төвийн хэмжээний айл өрх энд бий. Чухам яагаад ийнхүү хөгжлөөс хоцорсныг мэдэх хүн алга.
Нутгийн иргэд хятадын үүрэн холбооны утсаар хоорондоо харилцаж байгаа нь хятадын нэг муж болчихсон юм шиг хачин сэтгэгдэл төрүүлнэ. Тэр утсаар баг, сумын иргэд хоорондоо л ярихаас дотоодын үүрэн холбооны болон суурин утас руу ярих боломж хомс. Хэрэв ийм шаардлага гарвал хятад оператор дээр очиж, роаминг үйлчилгээ нээлгэн өндөр үнээр холбор барих боломжтой ажээ.
ДУГ НОЙРОН ДУНД ТҮГШҮҮРИЙН ХАРАНГА ДЭЛДЭВ
Халх голын шумууланд идүүлэн, бүгчим халуунд амь тэмцэн унтсан, унтаагүй хоёрын хооронд тарчилж байтал шөнө дунд хонх цохих чимээ гарч, машин мотоцикльтой хүмүүс баруун зүгт цуврав. Учрыг асуувал хээрийн түймэр гарчээ. Түймэр гарсан тохиолдолд ийнхүү хонх цохиж иргэдийг түймэр унтраахад дайчилдаг гэнэ.
Энэ нутгийнхны бахархал болсон Буйр нуур хязгаар нь үл үзэгдэн цэлийнэ. Хойт хэсгээрээ Хятадын нyтaгтай залгах энэ нуурын усан доогуур хятадууд тор тавин загасчилж, нуурын эко системийг алдагдуулж байгаа тухай нутгийн иргэд "хов зөөх" нь хэцүү. Халх гол багаас холгүйхэн Баянхошууны боомт гэж бий. Энэ боомтоор нутгийн иргэд улиралд нэг удаа орж гарах эрхтэй. Гэхдээ боомтынхон гурил будаа гэх мэт зарим барааг нэвтрүүлдэггүй гэх. Бидэнд үр өгөөжгүй хятадын цөөхөн компанид үйлчилдэг ийм боомтыг хаасан нь дээр гэж нутгийн иргэд дургүйцэх юм билээ.
"ХАЛХ ГОЛ" ТӨСЛИЙГ НУТГИЙН ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
Сүмбэр сумын Халхгол багийн иргэн С.Баатартай уулзаж, ярилцлаа.
-1990-ээд онд таныг сумын Засаг даргын орлогч байх үед Баянхошууны боомтыг анх нээж иргэд зорчих болсон гэсэн. Гэвч түүнээс хойш сумын хөгжилд ахиц дэвшил гараагүй байх шиг?
-Манай сум БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошуунаас 30 км-ийн зайд байдаг. 1990-ээд онд хоёр улсын харилцаа сайжирч хилийн дагуух сум, аймгууд БНХАУ-ын хилийн дагуух хот сууринтай худалдаа арилжаа хийж болно гэсний үндсэн дээр хошуу сумын удирдлагууд хоёр талдаа харилцаатай байя гэсэн санамж бичигт анх гарын үсэг зурсан юм. Түүнээс хойш жилд 1-2 удаа явсаар 2005 онд энэ боомтыг жилд дөрвөн удаа 15 хоногийн хугацаатай нээдэг болсон. Хил нээгддэг болсноор айлуудын амьжиргаа дээшилсэн ч хүнсний бүтээгдэхүүн, гурил будааг хятадын тал нааш нь гаргадаггүй. Барилгын материал, төмс, хүнсний ногоо гэх мэтийн зүйлийг оруулдаг. Бодлого байдаг юм уу, хомсдол байдаг юм уу мэдэхгүй, оруулдаггүй л юм.
-Уул уурхайн компаниуд зам эвдэж энэ боомтоор ачаа тээвэрлэх нь их байдаг гэв үү?
-Ер нь уул уурхайн компаниудад л зориулсан боомт юм шиг байна. Эхлээд хоёр машин зөрөх замаар л уул уурхайн компаниудын машин явдаг байсан. Сүүлдээ зам нь өргөсч замбараагаа алдсан. Боомтоос цааш гараад л хятадын нутагт дан засмалтай залгадаг. Манайх шиг ингэж замбараагүй зам гаргаж явдаггүй.
-Ард түмний амьдрал ямар байна?
-Манай баг 250-иад өрхтэй, 1200 гаруй хүнтэй. Ажил хийдэг нь 30 гаруй хүн л байдаг байх. Бусад нь мал аж ахуй эрхэлдэг. Бидэнд дутаж байгаа зүйл үүрэн холбоо. Яахав сумын холбоо бий л дээ. Гэхдээ ганцхан холбооны газар ажлын найман цагаар үйлчлээд 1200 гаруй иргэний хэрэгцээг хангахгүй.
-Танай багийн нутагт "Халх гол" төсөл хэрэгжих гэж байгаа гэсэн. Үүнийг нутгийн иргэд хэрхэн хүлээн авч байна?
-Атрын аяны хүрээнд тийм төсөл хэрэгжүүлнэ гээд зураг төсөв гарчихсан байна лээ. Бид хуралд нь очиж суусан. Газрын зургийг үзэхэд манай багийнхны малын бэлчээрийг бүхэлд нь оруулчихсан байгаа юм. Ялалт багаас урагш 20 км, Буйр нуурын урд талаар гээд яг манайхны мал өвөлждөг, хаварждаг газруудыг оруулчихсан байна. Тэгэхээр манай багийнхан малын бэлчээргүй болно гэсэн үг. Энэ төслийг манай багийн иргэд эсэргүүцэж байгаа. Хуучин Халхголын сангийн аж ахуй гэж 39 мянган га газар бий. Өнөөдөр үсрээд л 10 мянган га-г нь ашиглаж байгаа. Үлдсэн 30-аад мянган га-г ашиглахгүй байна. Үүнийг ашиглаж байж дараа нь эрүүл газар руу орох хэрэгтэй. Одоо малын бэлчээр болоод зүгээр байж байгаа хадлан, бэлчээрийн их нөөцтэй, зуд турхан болоход хаашаа ч нүүгээд гарах гарцтай талбайгаа хэвээр үлдээх хэрэгтэй. Халх голыг заавал өнөөдөр хагалах гээд байдаг нь ямар учиртай юм. Монгол Улс 600 мянган га атар газартай гэдэг. Гэтэл заавал Халх голын эрүүл газар руу орох гээд байдаг. Нутгийн иргэд үүнийг эрс эсэргүүцэж байгаа. Бүр үүний төлөө тэмцэх болно. Эцсийн эцэст нутгийн иргэд л шийдвэр гаргах естой биз дээ.
ЗАМ ХААГААД ЗАНАЛХИЙЛЭЛД ӨРТСӨН НЬ
Дорнод, Сүхбаатар аймгийн уурхайн ажилчдын дундаж цалин 350 мянган төгрөг. Жолооч нарын цалин 800 мянгаас дээш байдаг гэнэ. Уурхайнууд 10:90-ийн харьцаагаар гадаад ажилчин ажиллуулах квот барьдаг. Гэвч өндөр цалинтай жолоочийн ажилд энэ квот алдагджээ. Жолооч нарын олонхи нь хятад. Тэд хятад үнэмлэхээр хятад дугаартай машин барьж Монгол Улсын нутгийн гүнд зорчино. Мэрэгшсэн жолоочийн үнэмлэх гэж байхгүй. Монгол Улсын нутгийн гүнд ачаа тээвэрлэхдээ авах ёстой зөвшөөрөл ч байхгүй. Байцаагч нарыг бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад хэл мэдэхгүйгээр далимдуулан мэдэн будилна. Зөрчил дутагдлыг нь хэлэхээр ойлгоогүй дүр эсгэн өөдөөс дүлий дүмбэ оргино. Олон салаа зам гарган нутгийн хөрсийг аалзны тор мэт эрэмдэглэнэ. Зарим компаниуд анх боомт хүртэл засмал зам байгуулж, түүгээрээ ачаа тээвэрлэнэ гэсэн амлалтыг олон жилийн өмнө өгсөн ч энэ нь хэрэгжсэнгүй.
Энэ мэт зөрчил дутагдалаас үүдэн Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газраас тус аймгийн Баянхошууны боомт, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүртэлх автозамаар явж буй улс хоорондын тээврийн үйлчилгээг энэ сарын 22-ноос эхлэн тухайн замаар тээвэрлэлт хийж буй компаниуд зөрчил дутагдлаа засах хүртэл түр хугацаагаар зогсоосон билээ.
Ийнхүү ажлын хэсэг хамгийн сүүлд Дорнод аймгийн Матад сумын Хөөтийн нүүрсний уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох акт тавиад хот руу буцах замдаа нэгэн хачирхалтай мэдээ сонсов. МХЕГ-ын дарга Р.Содхүү Автотээврийн газар руу утас цохиж компаниудын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох акт тавьсан байцаагч нарын улсын байцаагчийн эрхийг цуцална хэмээн сүр далайлгажээ.
Уг нь Автотээврийн газар гэдэг МХЕГ-ын харьяаяалд байдаггүй. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Ийм үг, санаа зөрчил дутагдалтай баруун солгойгүй тэмцэх ёстой хяналт шалгалтын байгууллагыг толгойлдог хүнээс гармааргүй л санагдана.
Цаана нь Монгол улсын хууль, хөрш хоёр улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр гээд зайлшгүй дагаж мөрдөх ёстой хууль, дүрэм журам, стандартууд байгааг энд сануулахад илүүдэхгүй биз.
Ийнхүү өрвөлзсөн хээрийн түймрийг харж өр өвдөн, хятад дугаартай гар утсаар Улаанбаатар уруу холбоо барьж чадахгүй бачимдаж, Дорнын уудам талыг хэрсэн аалзны тор мэт олон салаа замыг харж сэтгэл шимширч, уул уурхай газрын баялагийг өөрийн юм шиг эзэгнэн захирах харийнхныг харж дотроо өмөлзсөөр цөөн хоногийн аялал минь өндөрлөсөн юм. Уг нь Мэнэн, Халх гол, Тамсагийн тал Монголын л тал нутаг юмсан даа.
Ц.Мөнх
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment