10/28/11

Газрын тосоо боловсруулж эхэлбэл 45 жил шатахууны талаар санаа зоволтгүй



Дэлхий дахин ашигт малтмал байгалийн нөөцийн талаар ярих болсон. Нөөц гэхээсээ илүүтэйгээр нөөцийг хэрхэн боловсруулах бэ гэдэг нь хамгийн чухал асуудал болоод байгаа.

Олон жилийн өмнө Монгол Улс нефтийн их нөөцтэй гэж сүржигнэж Ерөнхийлөгч нь хүртэл дээлээ мялааж байгаа. Сүүлийн үед эдийн засгийн хямрал дэлхийн нийтийг хамарч улс бүр хямралаас гарах арга замыг хайж байна.

Эдийн засгийн хямрал тэр дундаа өрийн хямрал гэдэг нь газрын тос нефтийн ашигт малтмалын салбарт илүү тусах магадлалтай гэсэн тооцоо гарсан. Хямралын асуудалд дэлхий нийтээрээ анхааралтай хандаж үр ашиггүй зардлаа танах нь эхний арга хэмжээ болж таарсан.

Нэг үе нефть газрын тосноос болж дэлхийн зарим нэг улсууд хоорондын харилцаанд ч асуудал үүсч байсан. Дахин ийм байдал үүсэхгүй гэх баталгаагүй.

Дэлхийд газрын тосны хэрэглээний талаар судалгаа хийдэг 94 оны төлөөлөгчөөс бүрдсэн зөвлөл байдаг. Энэ зөвлөлөөс гурван жилийн өмнө газрын тосны хэрэглээ нөөцийн судалгаа тооцоо гаргадаг. 2050 он гэхэд газрын тосны нөөц шавхагдана гэсэн тооцоог зөвлөлөөс гаргаад байна.

Дэлхий нийтийн газрын тосны нийт нөөцийн 61 хувь нь Ойрхи Дорнодод байдаг. Одоогоор байгалийн хийн нөөц 176 триллион шоо, метр нөөцтэй. Энэ нь 56 жилд хангалттай хүрэлцэхээр нөөц гэсэн үг. Монгол Улс анх 1922-1923 онуудад газрын тосны гарал үүсэлтэй холбоотой шатдаг чанарын илэрцийг говь нутгаас олж тогтоосноор газрын тосны судалгаагаа эхэлсэн гэдэг.

1940 онд газрын тос агуулагдаж байгааг Дорноговийн сав газарт Зүүнбаянгийн газрын тосны ордыг нээгдэж монгол орны өмнөд, зүүн-өмнөд, зүүн нутгуудаар газрын тосны эрэл хайгуулын ажил эхэлсэн байх юм. Зүүнбаянгийн сав газарт бага хэмжээнйй хоёр орд, газрын тос агуулж болох 80 орчим далд бүтэц илрүүлж 1947 онд “Монголнефть” трест байгуулагдаж байжээ.

Тус компани жилд 55 мянга орчим тонн (400 мянган баррель) газрын тос боловсруулах хучин чадалтай боловсруулах үйлдвэр Зүүнбаянд ашиглалтанд оруулсан бөгөөд энэ үйлдвэр нь 1950-1969 онуудад Зүүнбаянгийн ордоос олборлосон 538.7 мянган тонн (дөрвөн сая гаруи баррель) газрын тосыг ЗХУ-аас импортоор оруулж ирсэн шингэн газрын тостой хольж нийтдээ 956,7 мянган тонн (долоо сая гаруй баррель) газрын тос боловсруулж тухайн үеийн шатах, тослох материалын улсын хэрэгцээний 20 хувийг хангаж байжээ.

Гэвч төд удалгүй цооногийн даралт буурч боловсруулах үйлдвэрт гал гарч шатсан мөн баруун Сибирьт газрын тосны том ордууд нээгдсэн зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан уг боловсруулах уйлдвэр хаагдаж байсан. Үүнтэй холбоотой Монголд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа 1969 онд зогссон.

Түүнээс хойш 1991 онд Монгол Улсын “Газрын тосны тухай” хуулийг батлан гаргаснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх, газрын тос олборлох асуудал нэмэгдлээ. Монголчууд энэ салбарт гадаадын компаниудтай ч хамтран ажиллаж эхэлсэн юм.

Ингэж газрын тосны судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн. Манай гаргасан судалгаагаар Монголд газрын тос байж болох магадлалтай 614 мянган шоо.метр газар байдаг аж. Ийм нутаг дэвсгэрийг хамарсан 25 талбайд олон улсын тендер зарлаж үйл ажиллагаа явуулж байгаа.

Засгийн газраас газрын тосны бодлого нь газрын тосны нөөц баялгийг хайж, олборлох, дотоодын түүхий эдэд түшиглэсэн боловсруулах үйлдвэр барьж байгуулахад чиглэгдэж байна. Үйлдвэр байгуулна гэхээр нүсэр ажил болох нь гарцаагүй. Хамгийн чухал асуудал бол газрын тосны хууль эрхзүйн таатай орчинг бүрдүүлж өгөх явдал юм.

Манай улс Газрын тосны тухай хуулийн дагуу эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг таван жил хүртэл байхаар заасан байдаг. Дээрх хугацааг хоёр удаа тус бүр хоёр жилээр сунгадаг байсныг зарим заалтанд өөрчлөлт оруулсан.

2003 оны УИХ-ын тухай хууль, 2004 оны Засгийн газрын тогтоолын дагуу хөрөнгө оруулагч нар гэрээт талбайн хайгуулын хугацааг дахин таван жилээр сунгах боломжийг олгосон юм. Олборлолтын хугацаа 20 жил хүртэл байх бөгөөд хоёр удаа таваас дээшгүй жилээр сунгах өөрчлөлтийг хийсэн.

Хөрөнгө оруулагчдын эрсдлийг багасгах зорилгоор газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан оруулж ирэх тоног төхөөрөмж, эд материалыг гаалийн татвар, нэмэгдсэн, өртгийн албан төхөөрөмж, эд материалыг гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой татварт хөнгөлөлт авах эрхтэй. Мөн гэрээлэгчид ногдох газрын тосноос олох ашгийг орлогын албан татвараас тус тус чөлөөлж байгаа билээ.

Мөн Монгол Улсын “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулинд зааснаар Монголд хоёр сая ам.доллараас дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаагаа явуулах орчныг тогтвортой байлгах эрх зүйн баталгаа болгож Тогтвортой байдлын гэрээ байгуулж болох бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчийг аливаа татварын өөрчлөлтөөс 10-15 жилд хамгаална гэж заасан байдаг

. Харин одоогийн байдлаар манайд гэрээгээр БНХАУ-ын “ДачинТамсаг Монгол” компани Дорнод аймгийн Тамсагийн сав газарт, БНХАУ-ын “Доншен Жингун Петролеум Групп” компани Дорноговь аймагт газрын тостой холбогдсон үйл ажиллагааг “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Монголын үндэсний компани болох “ПетроМатад” компани 2006 онд анх удаа “Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байжээ. Газрын тосны хайгуулын ажилд нийт 210,3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн.

Одоогийн байдлаар манай улсад хайгуул, олборлолтын ажил гүйцэтгэж байгаа БНХАУ-ын “Дачин Тамсаг Монгол ” ХХК болон “Доншень” компаниуд Тамсаг, Дорноговийн сав газраас нийт 1.2 сая баррель газрын тос олборлож, 1,1 сая баррель газрын тосыг БНХАУ-руу автомашин болон төмөр замаар экспортлоод байна. 2030 онд эрчим хүчний энэ хэрэглээ 50-60 хувиар өснө гэж Олон улсын эрчим хүчний зөвлөл үзэж байна.

Түүнчлэн 2020 онд нефтийн хэрэглээ 20 хувиар нэмэгдэж, нефть, хийн хэрэглээ нь тухайн орны хөгжлийг ч тодорхойлох нь гарцаагүй. Энэ асуудлаар Газрын тосны үйлдвэр байгуулах тухай, Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар салбарынханд тулгамдаж байгаа нэг асуудал нь бол хууль, эрхзүйн орчныг нь сайжруулах.

Хуулийг шинэчлэн найруулж батлуулахаар 2009 оноос хойш төсөл боловсруулж өргөн барьсан ч өдийг болтол УИХ хэлэлцэхгүй байгаа нь бас нэг учиртай. Хуулийг шинэчлэн батлаагүйгээс байгалийн баялаг ашигласны төлбөрөөс үүдсэн 35 сая ам.долларын хохирол учирч хоног тутамд 10 сая төгрөгөөр хохирлын хэмжээ улам нэмэгдэж байна.

Монгол Улсын газрын тосны баталгаат нөөцийг 300 сая баррель тогтоод байхад үүнд хайнга хандаж байгаа сэтгэл дундуур байна. Манай улсын шатахууны нэг жилийн хэрэгцээ 1,5 сая тонн юм байна.

Газрын тосоо дотооддоо боловсруулбал 45 жилийн хэрэгцээгээ бүрэн хангах бололцоотой гэж байхад харамсалтай нь Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг шийдвэрлэхгүй байгааг нэг талаас олон жил болсон газрын тос боловсруулах үйлдвэр барих урт хугацааны тогтвортой бодлогогүйн гай гэж үзэж байна. Ядаж л газрын тос боловсруулах үйлдвэр барихад дэд бүтцийн салбар дутагдалтай байна.

Дорнод аймагт “Хэт” компани 120 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан ч Засгийн газар одоогоор зөвшөөрөл өгөөгүй байгаа. Үүнийг албаныхан олон хувилбараар тайлбарлаад байгаа. Тухайлбал сонгуулийн ажилтай ч холбож байгаа. Ямар нэг асуудлыг улстөржүүлдэг зангаар л дээрх үндэслэлийг дэвшүүлж байгаа.

Яг үнэндээ Засгийн газраас ТЭЗҮ-ийг тооцож зөвшөөрөл олгоогүй нь тодорхой. Наад зах нь дэд бүтэц тээвэрлэлт эрчим хүч усны хангамж гээд эх үүсвэрүүдийн нөөц багагүй нөлөөтэй.

Түүхий эдийн нөөцтэйгөө ойрхон үйлдвэрийг барих нь хамгийн зохимжтой хувилбар ч үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүний эцсийн бүтээгдэхүүн болгох зах зээлийн эргэлтэнд оруулахад чамгүй өртөг гарах учраас дэд бүтэц, төмөр замаа дагаж үйлдвэрээ барих нь зүйтэй.

Тиймээс Дархан хотод үйлдвэрийг барихаар болсон. Хэрэв бид газрын тосны боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд орлуулбал дотоодын нефтийн нөөцөөр 45 жил санаа зовохгүй нь ээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment