10/31/11
Ядуурал ба халамж
Сар бүрийн дундуур банкны үүдэнд мушгирсан урт дараалал үүсдэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Жавар тачигнасан хүйтэн, аагим халуунд ч энэ цуваа байж л байдаг. Хүний хөгжил сангаас олгодог 21 мянган төгрөгөөр амин зуулгаа хийдэг, мөнгөтэй болох өдрөө тоолон хүлээдэг өрх гэрүүд манайд олон болжээ. Тэдний дийлэнх нь бага, тогтвортой бус орлоготой, зарим нь ажилгүй. Нэг үгээр хэлбэл, ядруухан амьдралтай, эдийн засаг, нийгмийн аливаа өөрчлөлтөд эмзэг бөгөөд өртөмхий хэсэг.
Яагаад ийм болсон нь янз бүрийн шалтгаантай. Хэдэн малтай, боломжийн амьдралтай хэнээс ч дутахгүй явж байгаад нэг л өвлийн зуданд хотоо харлуулж, амьжиргаанаасаа салсан гэр бүл цөөнгүй. Угаасаа мэргэжил мэдлэг эзэмшээгүй, үүнээсээ болоод олигтой ажил хийж, орлого олж үзээгүй хүн ч байна. Аз жаргалаар бялхаж явахад хэн нэг нь хүнд өвчинд нэрвэгдэж, амьдрал нь орвонгоороо эргэсэн тохиолдол ч байна. Хэний амьдрал юунаас болж ийм болсныг тоочоод дуусах биш дээ. Ядуу зүдүү байдлаасаа гарах хүсэл тэдэнд байдаг ч түүнийгээ хэрэгжүүлэхэд өөрийнх нь хүчин чадал мөхөсдөх нь гачлантай.
Монголд халамж хавтгайрлаа гэж ярьдаг. Тэгвэл инфляци өсгөөд, төсөв үрээд байсан, одоо ч үрээд байгаа тэр их мөнгө хүүхдийн, хүүхэд-хөгжил, хишиг, хувь гэх мэт нэртэйгээр нийтэд цацагдаад өнгөрч байна. "Чи баян ч бай, ядуу ч бай хамаагүй, төр өгч байгаа юм ав" гэсэн байдлаар хандсанаас яг хэрэгтэй хүмүүстээ хүрэлцээтэй хэмжээгээр хүрэхгүй байна. Манай Халамжийн хуулинд зааснаар ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхэд зэрэгт халамжийн шугамаар бага хэмжээний тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт зэргийг үзүүлдэг. Энэ нь тэдний амьдралд дэмтэй ч хангалттай биш.
Харин Монголд төрөөс огт дэмжлэг авахгүй байгаа хүмүүс бол ядуус. Тэднийг дэмжих ёстой эсэх дээр өнөөг хүртэл маргасаар л байгаа. Нэг хэсэг нь ядуус бол залхуу, ажилгүй, арчаагүй , тэднийг дэмжсэнээр ядуурлыг улам их болгоно гэж үздэг. Харин тоо баримт, нотолгоо ядуус тийм биш гэдгийг харуулж байна. ҮСХ-ноос хийсэн өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээс үзвэл ядуу дөрвөн өрх тутмын гурвынх нь тэргүүлэгч хөдөлмөр эрхэлдэг, таван өрх тутмын нэгнийх нь тэргүүлэгч хөдөлмөрийн чадваргүй байна. Ядуу өрхийн зөвхөн зургаан хувийнх нь тэргүүлэгч ажилгүй байна. Ажилгүй байгаа шалтгаан нь ч бас янз бүр. Ядуу өрхийн хүүхдийн тоо дунджаар 3-4 байна. Эндээс ядуус амьдралын төлөө хамгийн их тэмцэж байгаа хүмүүс, гагцхүү тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл хүч чадлаас нь хамаагүй давж байгаа учраас ядуу байгаа юм гэсэн хамгийн энгийн дүгнэлт гарч байгаа юм.
Дэлхийн олон орон ядуу, орлого багатай иргэдээ тусгайлан халамжилдаг хуультай. Энэ нь тэднийг ядуурлаас гарахад нь дэмжлэг үзүүлэх, үе дамжсан үгээгүй ядуусын эгнээг багасгахад чиглэгддэг бөгөөд үр дүнгээ ч өгдөг гэнэ. Баялгаас орж байгаа орлогын тодорхой хэсгийг ийм хүмүүст зориулж зарцуулах ёстойг манайд ирээд буцсан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч хатагтай Хелен Кларк онцгойлон сануулж байна лээ. Тэрээр "Монгол Улсын эдийн засгийн өсөлт 18 болон түүнээс дээш хувьд хүрэх магадлалтай. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэ асуудал дээр хүний хөгжлийг чухалчлах ёстой гэсэн байр сууриа баримтлах болно. Эдийн засаг өссөн ч ядуу ард иргэдийн амьдрал дагаад сайжрах ёстой гэсэн утгаар бодлогыг өөрчлөх, сайжруулах зүйлүүд бий гэж үзэж байгаа юм. Ядуу хүмүүсийн амьдралыг дээшлүүлэхийн тулд гол нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэтэд анхаарч боломжуудыг гаргаж өгөх хэрэгтэй" хэмээсэн байна.
Нээрээ ч Монгол Улын эдийн засгийн өсөлт хөгжингүй орнуудынхаас ч өндөр байгаа. Эдийн засаг өсөж, амьдрал сайжирч байна гэх ч хог түүж амиа зогоогсдын тоо буурсангүй харин ч нэмэгдсээр. Хоногийн хоолоо яая гэж байгаа хүмүүс хүүхдүүдээ эрүүл, боловсролтой болгож өсгөхөд хүч хүрэхгүй нь ойлгомжтой билээ.
Ядруухан амьдарч байгаа нэгнийг төрөөс дэмжихгүй бол цаашдын муу нөлөөлөл нь асар их байдаг. Учир нь ядуусын хүүхдүүд хар багаасаа л эцэг, эхээ даган гудамжинд гарч хүнд хүчир ажил хийдэг. Тэд үеийнхнээсээ боловсролоор хоцрогдох төдийгүй эрүүл мэндийн хувьд ч сул дорой, архаг хууч өвчтэй болох нь энүүхэнд байдаг. Хөгжлөөс хар багаасаа хоцрогдсон бол насанд хүрсэн хойноо түүнийг нөхөж гүйцэх нь бүтэшгүй зүйл. Иймэрхүү байдалдаа гутарч, итгэл алдарсан зарим нь архидан согтуурах, гэр бүл, ойр дотныхондоо уур уцаараа гаргах гэх мэтээр асуудлаас асуудал руу гулсан орох нь амархан. Тийм болохоор ядуусын хүрээлэлд архидалт, хулгай дээрэм, хүчирхийлэл тасардаггүй гэсэн ойлголт түгээмэл, бур хэвшмэл болж байна. Харин үүнд хэн буруутай вэ гэж боддог нь ховор. Архидалт, түүнээс үүдэлтэй гэмт хэрэг, амь нас, эрүүл мэндээр хохирсон тохиолдлуудыг ядууралтай шууд холбох дуртай ч түүний цаад учир шалтгааныг олж мэдэхийг хичээх нь бага байна.
Ядуурлыг үе дамжуулахгүйн тулд тэдэнд зориулсан тусгай халамжийг дэлхийн улс орнууд бий болгожээ. Бичиг үсэг сурч, мэргэжлийн үнэмлэхтэй болоод авбал хаа нэгэн газар ажил хийж цалин авах боломж нь бүрдэнэ. Ингээд бага багаар хуучин ядуу амьдралаасаа салж эхэлдэг. Тэд хүүхдүүдээ өөрсөд шигээ болгочихгүйн тулд мэргэжилтэй, ажилтай болгохыг хүснэ. Зарим улсад ядуу өрхийн хөдөлмөрийн чадвартай гишүүдэд ажлын санал тавьж, тодорхой мэргэжлийн сургалтад хамрагдах болзолтойгоор тэтгэмж өгдөг байна. Энэ нь тэднийг идэвхгүй, гутранги амьдралаас нь салгах, ажил хийх сонирхлыг нэмэгдүүлэх, хэт бэлэнчлэх сэтгэлгээнд сургахгүй гэснийх.
"Халамжаар ядуурлыг бууруулахгүй, ажил хийсэн нь сайхан амьдардаг нийгэм" гэж хэлэх дуртай хүмүүс олон байдаг. Тэр хүмүүс ядуусын амьдралаар хэд хоног амьдраад үзвэл арай л өөр юм хэлэх байх. Хэрвээ төр, нийгэм тэднийг үндэслэлтэй, үндэслэлгүй буруутгаж, тэднээс нүүр буруулаад байвал, нийгмийн аюулгүй байдлаа улам эмзэг хэврэг болгож байна гэсэн үг. Өлссөн, гомдсон, архидан согтуурсан, амьдралд итгэлгүй болсон хүмүүс янз бүрийн үймээн самуунд оролцох, "мэргэжлийн" гэмт хэрэгтнүүдийн холбоотон, хамтрагч болох зэрэг аюултай. Тийм учраас амьдрал нь хэт доогуур түвшинд очсон, өөрсдийнхөө боломж бололцоогоор ядуурлаас гарах аргагүй болсон хэсэг бүлгийг харж хандах нь зөвхөн тэдний төлөө биш бүхэл нийгмийн хөгжлийн төлөөх Төрийн хүлээх үүрэг нь билээ. Харин тэдэнд зүгээр мөнгө тараахдаа гол нь биш хүүхдүүдийг нь сургуульд сургах, өвчтэй бол анагаах, эцэг эхийг нь мэргэжилтэй болгож ажилд оруулах гэх мэтээр хэдэн жилийн дараа үр дүн нь харагдахаар зүйл төлөвлөж ажиллавал ирээдүй нь гэрэлтэй болох биз ээ.
Хэдий болтол нийтэд нь мөнгө тараах вэ? Дундаж, боломжийн амьдралтай хэсэгт сар бүрийн багахан мөнгөнөөс илүү баталгаатай ажлын байр, тохь тухтай цэвэр орчин, нийгмийн аюулгүй байдал хэрэгтэй биш үү.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment