11/1/11
Ажил хайгчдаасаа давсан ажлын байр
Монголд ажлын байр олдохгүй иргэд нь өлмөн зэлмэн амьдарч байна гэсэн яриа өнөөдөр ч яригдсаар.. Гэтэл амьдрал дээр тийм биш бололтой юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд 60 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шинээр 57 мянган ажлын байр бий болжээ. Өнгөрсөн сарын байдлаар 50 мянган иргэн ажлын байр хайж байгаа гэсэн мэдээлэл бий.
Өнөөдөр хөдөлмөрийн төв биржид 35 мянган ажлын байр байгаа ч шалгуурт нийцэх хүн ховор байдаг байна. Ажил хайж байгаа иргэд ажил олгогч байгууллагын шаардлагад нийцдэггүй гэдэг нь үнэний ортой аж. Зарим иргэд ажлын нөхцөл байдлыг голдог гээд олон шалтгаан байдаг байна.
Манайхан ихэнхдээ биеийн амрыг хайж ажлын ачаалал даадаггүй гээд юм юм л байдаг аж. Зарим үед хөдөө орон нутагт ажлын байр нь ажил хайгчдаасаа давчихсан байх тохиолдол байдаг гэнэ. Зарим нь биеийн амраар мөнгө олчих гэсэн сэтгэлгээтэй олдсон ажил голсоор сүүлдээ ажил хийх сонирхолгүй болчихдог тал байдаг гэх.
Нийслэл хотод том том үйлчилгээний газрууд ажилчид шалгуураар авах гэхэд охид бүсгүйчүүд ажлын нөхцөлөөс нь болоод хоёр гуравхан хоног ажиллачихаад эргэж ирдэггүй гэнэ. Барилгын салбарт эрчүүдэд тохирох ажил элбэг байдаг бөгөөд зарим нь эхний цалингаа авчихаад эргэж ирэхгүй байх тохиолдол элбэг.
Өнөөдөр манай ажлын чадавхтай эрчүүд ихэнхдээ биеийн амрыг харж албан байгууллагуудад гэрээт харуулын ажил хийдэг болсон байх жишээтэй. Зах зээл гэдэг аливаа хүний чадамж, ажлын бүтээмжид анхаардгийг манай залуучууд төдийлөн ойлголт муутай байгаа нь илт. Өрсөлдөн үйлдвэрлэл явуулж байгаа хувийн компаниуд яаж урагшгүй, ажил хийх чадваргүй хүнийг шалгуургүйгээр авч ажиллуулах билээ дээ.
Хүн бүр дарга болохгүйгээс хойш ногдсон ажлаа хийх л болж таарна даа. Манай улсад ажлын байр байна аа. Харин түүнд тэнцэх мэдлэг боловсролтой биеэ бэлтгэсэн боловсон хүчин нь хомс байна. Нэг хэсэг нь хуульч, эдийн засагч гэх мэт улсдаа хангагдчихсан мэргэжил эзэмшээд ажил олдохгүй болохоороо лангуу налан сууцгаачихжээ. Ажил таныг голдог цаг ирчихжээ. Ийнхүү уламжлалт ажил олдохгүй байна гэсэн сэтгэлгээнээс салах цаг болжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment