Даян аварга А.Сүхбатын малыг маллан Булган аймгийн нутаг дахь Хар бухын голын гүүрний ойролцоохь Цагаан үзүүр хэмээх газар хаваржиж байгаа Ч.Эрдэнэцогтын хотонд бор хүрэн ингэ ихэрлэжээ.
Ихэр хоёр ботго эзэн хүнээсээ эхлээд нутаг усныхан, аймаг сумын удирдлага, ард олонд олзуурхам баярт мэдээг илгээлээ. Ингэ ихэрлэх нь тун ховор. Хэрэв ихэрлэвэл мал сүрэг өснө. Зон олон амар тайван аж төрнө. Тухайн нутаг усныхан төдийгүй улс орон, хүн ардад сайн сайхныг авчирна хэмээн билэгшээдэг. Ихэс дээдэс, эзэн ноёддоо айлтган мэдүүлдэг эцэг өвгөдийн хүндэтгэл уламжлагдан иржээ. Булган аймаг хэзээний тэмээ цөөнтэй. Өмч хувьчлал, өөрчлөлт хувьслын жилүүдэд нэгдэл нийгмийн мал тарж бутрахад тоох эзэнгүй шахам хаягдан бүр 300 гаруйхан хүртлээ тоотой хэдхэн болж улаан хүрэн тэмээд минь “улаан ном”-д орох нь хэмээх халаглал ч сонсогдож эхэлсэн. Аймгийн хэмжээнд энэ онд 225 ингэ төллөхөөс 68 дахь нь ийнхүү ихэрлэснээр 69 ботготой болоод байна.
Эцэг өвгөдийнхөө уламжлалыг дагаж ихэр хоёр ботго төрсөн тухай аймгийн Засаг даргын гарын үсэгтэй баярын цахилгааныг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүллээ. Одоо ойрын хугацаанд зургийг нь ерөөлийн үг, билэгдлийн хадагтайгаар төрийн гурван өндөрлөг, салбарын яамандаа өргөн барихаар бэлтгэж байна.
0 Сэтгэгдэл:
Post a Comment