5/9/11

Л.Чаминчулуун: Д.Батсүх маань өөрийгөө хайрлаж чадсангүй дээ

Монголын хошин урлагийн нэрт жүжигчин Д.Батсүх бурхны оронд залраад арваад хонож байна. Эр хүний ид хийж бүтээх 55-хан насандаа эргэж ирдэггүй холын аянд мордсон түүний амьдралын утга учир нь түмэн олондоо цагаахан инээмсэглэл бэлэглэхэд л оршиж байсан.
Хийсэн бүтээлтэй, хэлэх ч үгтэй амьдарсан түүнийг өнөөдөр хэн хүнгүй л үгүйлэн санагалзаж байгаа. Хорь гаруй жил жаргал зовлонгоо хуваалцан, эгч дүүс бололцож явсан Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуун алиалагч Д.Батсүх агсныг дэндүү сайн мэдэх хүн.
Сүүлийн жилүүдэд бие нь барагтай голдуухан эмнэлгээр явахад хамгийн их сэтгэл гарган эргэж тойрч, асарч сувилж явсан. Өнөө хэр нь нулимс унаган уран бүтээлийн халуун анд нөхрөө үгүйлэн санаашрах түүний яриаг танд хүргэж байна.

-Та  их завгүй байх юм. Шавь нар чинь хүлээгээд л. Хоёулаа түргэхэн шиг ярилцаатахъя. Ингэхэд СУИС-д хэдэн жил багшилж байгаа билээ?

-СУИС-д багшлаад 25 жил болж байна. Орост сургууль төгсч ирээд л багшилсан. Анхны маань шавь нар гэвэл дуучин, жүжигчин Нармандах, жүжигчин Төмөрхуяг, талийгаач Оюунцэцэг, Драмын театрын дарга Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэнсамбуу, за тэгээд хошин шогийн Лхагвасүрэн гээд их олон бий.
-Хошин урлагийнхантай хэзээнээс ганзага нийлүүлэв ээ?
-1990 онд юм байна. Анх Батзаяа, Сосорбарам, саяын талийгаач бид хэд нийлээд л анхны үзүүлбэрүүдээ үзэгчдээ хүргэж эхэлсэн.
-Хошин урлагийн нэрт зүтгэлтэн Д.Батсүх гавьяат бурхны харьяат болоод удаагүй байна. Нэг хэсэг  бие нь бүр овоо гайгүй байсан. Яагаад гэнэтхэн муудчихав аа?
-/Уйлав/. Тийм ээ. Эмчилгээ сайн хийлгээд овоо болж байсан юм. Сая сүүлд муудахад нь би хөдөө тоглолтоор явж таарсан. Дундговьд явж байтал циркийн алиалагч Магсаржав над руу яриад “Яанаа,  Чамиа эгчээ Батсүхийн бие муудаад их тааруухан байна” гэсэн. Би ч сандраад    шөнөжингөө давхиад маргааш нь ирэхэд  л өнгөрчихсөн байсан. Хамгийн сүүлд бид Адаацаг суманд явж байж таарсан юм. Үнэндээ ийм амархан яваад өгнө гэж бодсонгүй. Хүн ер нь дандаа л оройтож ойлгох юм даа.
-Тэр хүнтэй уран бүтээлийн ганзага нийлсэн үеэ эргэн дурсахгүй юу?
-1990 онд хошин урлагийн театр байгуулагдахад анхлан уулзаж байлаа. Гэхдээ циркэд ийм нэг алиалагч байдаг гэдгийг бол аль эрт мэднэ л дээ. Анх уулзаад их сайхан эерэг, зөөлөн энергийг нь мэдэрсэн. Хамгийн түрүүнд Сосорбарам, Туяа, талийгаач бид дөрвийн “Болзоотын бор толгой” гэж их хөөрхөн үзүүлбэр тавигдаж байлаа. Бүтэн хоёр гурван cap хот хөдөөгүй тоглоход үзэгчид дүүрэн байдаг байлаа. Дараа нь Батзаяагийн найруулсан “Бэрсүүт жүрж” кинонд бас л бүгдээрээ тоглож байсан. Энэ цаг мөчүүд хэзээ ч эргэж ирэхгүй гэгээн сайхан үе байж дээ.

-Таны сэтгэл их шаналж байна.   Аргагүй л уран бүтээлийн сайн хамтрагч, найз нөхөр чинь байж дээ?

-Ховорхон авьяастай, дэндүү цайлган дүү минь байсан юм аа. Хөдөө орон нутгаар  мөн ч олон удаа  хэдэн мянган км зам хамт туулж     жаргал,  зовлонгоо хуваалцсан даа. Тэр тоглолтод оролцоогүй ч гэсэн хөдөө гадаа явах гэж байна гэвэл хэзээний л хүрээд ирчихсэн “Тэг ингэ, дутуу зүйл юу байна” гээд гүйж явдагсан. Их сайн уран бүтээлч, зөвлөгчөөс гадна үнэхээр сайн ах, өгөөмөр цайлган сэтгэлтэй үнэнч дүү байсан юм.
Хошин урлагийн бүх продакшнтай хамтарч ажилласан.
Хөдөө хамт явахад хачин халамжтай, бүх л юмны түрүүнд гүйж явдаг болохоор залуу жүжигчид хамт байх, явах их дуртай байсан. Хоол сайхан хийнэ, үргэлж л хөөрхөн хөгжөөж явна. Ярихад их хэцүү байна. Талийгаач маань хачин өгөөмөр сэтгэлтэй, тусч, ёстой нэг хорхойд хоргүй хүн байсан юм шүүдээ. Бид дундаа хамгийн гэгээлэг, даруухан хүний хайлан нь байсан. Тийм сайхан хүмүүсийг нь л бурхан түрүүлээд түүгээд авчихдаг юм байна.
-Нээрээ л дандаа сайхан хүмүүс нь арай л түрүүлээд явчихаад байх шиг?
-Эгч нь одоо хүртэл тайвширч чадахгүй л явна. Ид сайхан насан дээрээ дэндүү эрт явчихлаа. 55-хан нас гэдэг чинь эр хүний жинхэнэ гялалздаг нас шүү дээ. Эмнэлгээр яваад бие нь овоо дээрдсэн байхдаа “Чамиа эгчээ дүүд нь хийх юм их байгаа. Яралзуулаад өгнө дөө” гээд инээж байсан. “Хоёулаа” 18 аймгаа нар зөв бүтэн тойрч, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тариад ирнэ шүү” гээд инээгээд явж байсан хүн өнөөдөр байхгүй гэж бодохоор л нулимс бөмбөрөөд байх юм.
-Амжуулаад хийнэ гэж олон л юм бодож явж дээ?
-Хүнд олон эрхэм чанар байх ёстой л доо. Хамгийн гол нь хүн эрүүл байж, өөрийгөө хайрлаж байж л тэр олон эрхэм чанараа бусдад мэдрүүлнэ шүү дээ. Талийгаач маань өөрийгөө л хайрлаж чадсангүй. Дэндүү гамгүй эдэлчихлээ дээ л гэж бодож сууна. Амьдрал дээр ч, уран бүтээл дээр ч дандаа л өөрийгөө золиослоод явчихсан хүн. Өөрөө дэндүү хээгүй, цагаан цайлган хүн байсан болохоор хүнийг их бага, дарга цэрэг гэлгүй наргиж хөгжчихдөг байсан. Ер нь, тэгээд уран бүтээлч хүмүүсийн сэтгэхүйн онцлогоос шалтгаалаад архи гэдэг идээ, ундаа гарч ирээд байх юм л даа.
-Хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад нь Галсантогтох гавьяат та хоёрыг  өдөр өнжихгүй шахам эргэж тойрдог байсан гэдэг. Та хоёрт их л баярласан байх даа хөөрхий?
-Манай гэр Сансарт байдаг болохоор  амар шүү дээ. Алхаж очоод л хоол цай аваачиж өгөөд л ажил руугаа шогшдог байлаа. Эхнэр Буяа нь эмнэлэгт хэвтэнгүүтээ л “За Чамиа эгчээ бид хоёр төддүгээр тасагт хэвтсэн шүү” гээд утсаар хэлчихдэг байсан юм. Буяагийн дуртай хоолыг мэддэг болохоор эхнэрт нь тусад нь хоол хийгээд талийгаачдаа тос өөх багатай, хурц биш хоол цай аваачиж өгдөг байлаа. Намайг яваад орохоор өнөөх маань бүр хүүхэд шиг л хөөрчихнө.
Тэгээд гурвуулаа сууж хооллонгоо баахан юм ярьж, инээж хөхөрч аваад л гардагсан. Харин сая хамгийн сүүлд л дэргэд нь байж чадсангүй дээ, хөөрхий минь. Энд нэг юм хэлэхэд Германаас саяхан ирсэн Баатархүү маань тэр үеэр нь очиж эхнэр хүүхдүүдэд нь хань бараа бололцсон гэсэн. Хүний сайхан сэтгэл багаддаггүй юм. Их баярласнаа дараа нь эхнэр нь надад хэлсэн.
-Танаас дүү юм чинь эмээдэг байсан байх. Та ер нь “биеэ гамнасангүй ууж идэхээ боль” гэж загнадаг байв уу?
-Надаас нэлээн айж эмээдэг л дээ. “Өөрийгөө жолоодож, ганц олдох амьдрал гэж үр хүүхэд, хань ижлээ бодож яв” гээд хааяа би хангинадаг л байсан. Над руу бүлтийж  ирээд л гэмшсэн байдалтай дүрлийтэл харж байгаа нь одоо ч тодхон санагдаж байна. Эхэлж бие нь муудахдаа цус алдаад сэхээнд очсон юм шүү дээ. Тэгээд эмчилгээ хийгдээд арай гайгүй болоход нь би эмчээс нь зөвшөөрөл авч ороод “Чи яасан биеэ хайрладаггүй юм. Хань ижил, үр хүүхэд, үзэгч түмнээ бодоход яадаг юм” гээд загнасан.
Тэгтэл хариугүй нулимс нь уначих гээд “Та намайг бие муу байхад загналаа” гэхээр нь өрөвдөөд дахин юм хэлээгүй. Тэгээд гадагшаа гараад эхнэрт нь “Хөөрхийг дэмий ч загначихав уу даа” гэсэн чинь “Чамиа эгч минь загнах нь зөвөө зөв. Таны үгийг жаахан авна. Цаадах чинь биеэ хайрлахгүй дэндүү дураараа загнаад байгаа юм” гэж байсан.

-Д.Батсүх агсанд төр засгаас Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг цол өгсөн. Ард түмэн “алиалагч Батсүх” гэдэг эрхэм алдар хайрласан. Урлаг энэ хүнд өөр юу өгсөн бол?

-Өөрийнхөө сэтгэлийн сайхан, авьяас билгээрээ хэнээс ч гуйлгүй амьдралаа босгосон юм   шүү. Нэгдүгээр хороололд гурван өрөө байртай, дөрвөн сайхан хүүхэдтэй, халамжтай эхнэртэй дутуу юмгүй л амьдарсан хүн. Том охин нь БНСУ-д дээд сургуульд сурч байгаа. Хамгийн гол нь, эхнэр Буянтогтох нь хачин сайхан халамжилж  нэг насаар нь гар дээрээ  бөмбөрүүлсэн  юм.
Яг үнэндээ эхнэр нь тэгж сайхан өдөр шөнөгүй халамжлан сувилсны үрээр л талийгаач маань арай илүү насалсан байх. Уг нь, Баянгол ресторанд тогооч хийдэг байсан юм. Тэгээд Батсүхийг асрах гээд л ажлаа орхисон байх.
Хөөрхий минь богино настай л хүн байсан шиг байна билээ. Алтан савыг нь нээлгэхэд “Зургаан cap илүү насалсан байна” гэж гарсан байсан. Хүний сэтгэлийн гол нь өршөөж, уучилж, энэрч чаддаг байхад л оршдог гэж боддог. Одоо ингээд бодоход хэзээ ч дахин босоод ирэхгүй гэж бодохоор л хөөрхийг өрөвдөөд байх юм даа. Дөнгөж түрүүхэн ганданд очоод талийгаачдаа “Маанийн ерөөл” уншуулчихаад ирлээ. Одоо ганц чадах юм гэвэл хойчийнх нь буянг л сайн хийх үлдлээ дээ. Оройд нь сүүгээ өргөөд өдөр нь ном уншуулаад л явж байна.
-Анх бие нь муудахад нэг охин нь зурагтаар гарч байсан. Хүүхдүүд нь том болцгоосон юм байна билээ?
-Хоёр охин, хоёр хүүтэй. Одоо бага хүү нь л хамт байгаа байх. Сая том охин нь хөдөөлүүлэхийн урд өдөр Солонгосоос ирсэн. Гурван жил аавтайгаа уулзаагүй охин нь амьд дээр нь барааг нь харж чадаагүй. Энэ л хамгийн хэцүү юм байна. Анх “Аав чинь өнгөрчихлөө” гэж дуулгаж чадаагүй юм билээ. Тэгээд нөгөө охин нь нисээд ирсэн чинь хэн очиж, яаж тосч авах учраа олдоггүй. Галсантогтох, Сосорбарам, Буяа бид дөрөв зөвлөлдөөд яахав ийхэв болсон юм. Тэгээд би ийм нэг санаа гаргасан.
Ерөесөө Сосорбарам, Галсантогтох, бид гурвын нэг нь л тосч авъя тэгвэл том болсон хүүхэд нэг юм ойлгох байх гэж. Тэгээд эр хүн гэсэндээ манай муу Co л явсан даа. Үнэхээр сэтгэл урагдмаар байсан гэсэн. Би ч тэгээд хариугүй зүрх муутай амьтан болохоор хоёр хоног уйлж унжчихсан чинь зүрх өвдөөд, даралт ихсээд тэр оройдоо гэртээ харьсан.
Галсантогтох маань хүртэл даралт нь хедлөөд бие нь тавгүйтсэн гэсэн. Одоо тэгээд ертөнцийн хатуу зовлонгийн өмнө хүн бид аргагүй л хүчин мөхөсдөж, хариугүй өрөвдмөөр байдалд орох юм даа.

-Талийгаачийг “Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэхэд морилж, хамт байсан хүмүүсийг нэг шөнө хөгжөөжээ” гээд л шар сонин дээр гарч байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хэнийг ч ялгадаггүй, хэнтэй ч инээж хөхрөөд явж байдаг хүн байсан болохоор манайхны сайн санасан хүндээ архи бариад очдог зан энэ хүнд муугаар нөлөөлсөн тал бий. Нэгдүгээр хороололд олон жил амьдарсан болохоор тэр хавийнхан, нэг байрныхан, орцныхон гээд таньдаг хүмүүс их олон байсан нь тодорхой.
Зарим нэгэнтэй нь дарвиж архи хувааж уудаг байсан юм билээ. Хэдийгээр өнгөрсөн ч гэсэн үнэн юмыг нуугаад яах вэ дээ. Муу эхнэр нь тэдгээр хүмүүсээс холдуулах гэж, биеийг нь муутгахгүй гэж их зүтгэсэн дээ.
-Энэ хүнээс таны сэтгэлд үлдсэн хамгийн гэгээн дурсамжтай учрал, тохиолоос сонирхуулахгүй юу?
-”Болзоотын бор толгой”-г хөдөөгүүр явж их тоглосон. Тэгж явахад Батсүх маань машинаа бариад давхина. Эхнэр нь касс хийгээд хамт явдаг байсан юм. Машин барьж явахдаа ам нь хуурай явна гэж байхгүй. Дандаа хөгтэй, хөгжилтэй юм ярьж биднийг замын турш инээлгэж явдаг байлаа. Нэг жаахан бүтэлгүй юм их ярина. “Тэгж уугаад, ингэж юмаа хаяж гээгээд, хүнд хулхидуулсан” энэ тэр гээд л. Тэгээд ам нь халаад явж өгөхөөр авгай нь жаахан муухай харна.
Тэгэхээр л нэг хөөрхөн дүрсгүй инээж, нүдээрээ дохиод “Аа хадуурч байна, сэдвээ өөрчилье өө” гээд л биднийг мөн ч их инээлгэж, хөгжөөдөг байж билээ. Эхнэртээ хачин хайртай, бас их айж эмээнэ, хүндэлнэ. Жаахан архи уугаад зориг орчихоороо тэрүүхэндээ амандаа юм бувтнаад байна. Түүнээс биш эрүүл үедээ номхон төлөг л гэсэн үг. Би нэг удаа хоёрдугаар эмнэлэгт эргэж очсон чинь Буяа байхгүй байсан юм. Тэгэхэд “Би ямар азаар ханьтайгаа учрав аа.
Хань минь байхгүй байсан бол би ч аль эрт чад хийчихсэн байгаа” гэж байсан.
“Өнөөдөр энэ зэрэгтэй шороо хөдөлгөж яваа минь ханийн минь буян” гэж байнга хэлдэг байсан. Нүүрэн дээр нь бол магтахгүй ээ, тэр чинь. Өнөөдөр Буяа маань ганцаардаж хэцүү л байгаа байх. Би хүү охин хоёрт нь “Ээжийгээ битгий ганцаардуулаарай. Одоо хүмүүс тараад явчихаар их хэцүү ганцаардана шүү” гэж сайн л захисан юмсан.

-Таны утас руу залгахаар “Ногоон дарь эх” сонсогдох юм. Та ер нь нэлээн сүсэгтэй байх шүү?
-Сүсэг бишрэл ихтэй шүү. Өглөө оройдоо цайны дээж, сүүгээ өргөнө. Болж л өгвөл гандан ороод ном уншуулчих санаатай. Ажил үйлс бүтээх “Ногоон дарь эх” номыг утсандаа суулгасан нь над руу залгаж байгаа хүн бүрийн ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байг гэсэн санаа юм. Хүн ер нь сэтгэлийн амьтан шүү дээ. “Сайн явах санааных, сайхан төрөх заяаных” гэж ухаант ард минь зүгээр ч нэг сургаагүй болов уу.
-Та нэгэн ярилцлагандаа “Би гэртээ тасаг цэрэг командалдаг хүн” гэсэн байсан. Одоо ч хэвээрээ юү?
-Манайх хоёр хүүтэй. Одоо хоёр хүү минь тусдаа гараад би өвгөнтэйгээ өөрөөр хэлбэл хамгийн том хүүтэйгээ хоёулхнаа амьдарч байна. Нэг хэсэг тасаг цэрэг командалж байсаан. Одоо манай арми жаахан тарамдсан юм бол бий. Миний нөхөр Л.Баярмагнай цэргийн хүн. Одоо чөлөөндөө гараад МАН-ын улс төрийн ажилтан хийдэг. Би өнөөдөр багшлаад нөхөр маань намын ажил хийгээд сайхан л амьдарч байна. Хүнд эд баялаг хөрөнгө мөнгенөөс илүү эрүүл саруул бие, хүнлэг сайхан нинжин сэтгэл л юу юунаас илүүтэй чухал юм даа.
-Цаг зав гарган ярилцсан танд их баярлалаа?
-Өөрт чинь ч гэсэн гялайлаа. Танай сонины уншигчдад инээд баясал, амьдралын жаргалыг хүсэн ерөөе. Хүн хүнээ хайрлах хайр мөнхөд бадарч байх болтугай.

0 Сэтгэгдэл:

Post a Comment