5/9/11

Хичнээн мундаг үндэстэн байгаад архинд нэвчвэл…

Ардчилал, зах зээл, шинэ үндсэн хуультай зэрэгцэн шинэ нийгмийн сөрөг үзэгдлүүд цэцэглэж эхэлсний нэг нь согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалт огцом өссөн явдал. Тухайн үед хичнээн архи спирт гаднаас орж ирж, өөрсдөө хэр ихийг үйлдвэрлэж буйгаа тооцох статистик бүү хэл хил гааль, цагдаа нь учраа олохгүй, хууль нь ажиллах механизмаа мэдэхгүй тэр чигтээ будилсан орон байсан юм.
Хятадын хил нээгдэхтэй зэрэгцэн хамгийн түрүүнд зөөж эхэлсэн зүйл бол ихүүн үнэрт хятад архи, пийжүү, спирт байв. Машин тэрэг, вагон, контейнераар нь хахац цацтал нь оруулж ирж байлаа. Ангасан мал мэт ууж эхлэв. Ногоон цагаан шил, архи спиртийн гялгар уутаар зам харгуй, хот оронгүй дүүрлээ. Өвгөнт хэмээх нохой тоож шиншлэхгүй зүйлийг нь монголчууд нэгэндээ бэлэглэж, бурханыхаа өмнө залж, авдартаа нандигнах болсоныг хятадууд хараад хөх инээд нь хүрч байсан нь гарцаагүй. Хилийн цаана бараг үйлдвэрлэсэн болгоныг нь монголчууд хуу хамдаг байсан болтой. Нэг үгээр бүх нийтийн архижуулах хөтөлбөр хар аяндаа хэрэгжиж эхэлсэн байна.
Ер энэ цагийн архи, спирттэй холбоотой асуудал, тохиолдсон явдал, домог, гэмт хэрэг, луйвар тойрсон эмэгнэлт, инээдэмт явдлуудын талаар бичнэ гэвэл хэдэн боть ч хүрэлцэхгүй биз. Яагаав өнөө “17 чингэлэг спирт ус болж”, “17 000 шил виски кепчуп болон хувиргадаг” эрин зуун дамжсан илбүүдийг монголчууд мартаагүй гэж итгэж байна.
Нийгмийн шилжилтэд юу болоод байгаагаа мэдэхгүй төр засаг 10 гаруй жилийн дараагаас арга хэмжээ авах ёстойг ухаарч эхлэв. Соц-нийгмийн үед архины эсрэг сурталчилгаа, кино жүжиг, уран зохиол, сонин хэвлэлээр матарлах зэрэг харьцангуй иргэншиж боловсронгуй болсон хэлбэрээр суртал ухуулга явуулж ирсэнээ ч мартсан байв. 2000 онд “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль баталж, “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийг 2003 онд гаргасан ч олигтой үр дүн авч ирсэнгүй. Харин сар бүрийн нэгэн эсвэл баяр ёслолын өдрүүдэд архи худалдаалахыг хориглох, ресторан баарнуудын цагийн хязгаарлалт хийж эхэлсэн нь архичидтай тулж ажилладаг цагдаа, эмнэлгийн байгууллагууд хийгээд ар гэрт нь хүртэл илт мэдрэгдэж байгааг ОНМХ-ээр нэг бус мэдээлэх болсон.  Өнөө “азийн чоно”-ийн хэрэг явдлаар эрүүлжүүлэх хэдэн хоног амарсан гэдэг дээ.
Архигүй өдрүүдийн тоог дахин нэмэх тухай ч ярьж байна. Гэхдээ аливаа хатуу хориг тэмцэл заавал хариу хүчтэй урвалд орж, бүр ч долоон дор үр дүнд хүрэх нь олонтаа. Чухамдаа архидалттай тэмцэх оролдлого бүр амжилтгүй дуусдаг нь уг нийгмийн сөрөг үзэгдлийн зовлон нь юм. Өнөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэдэг шиг. Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх лицензийн тоог бууруулах, борлуулах цэгийн татвар хураамжийг өсгөх зэрэг нь тухайн бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд үр нөлөөгөө өгөхөөс биш архидалтыг бууруулахад шууд нөлөө үзүүлэхгүй л болов уу? Иймээс улс орнуудад албадан хязгаарлах механизмаас гадна социал сурталчилгааны аргыг өргөнөөр ашигладаг байна.
Архидалттай тэмцэх тэмцэл үргэлжилсээр
Архидалт нь нийгмийн сөрөг үзэгдэл. Ахуй соёл, хэрэглээний онцлог, нийгмийн сэтгэхүй, өөрчлөлт, хүн амын орлогын түвшин, боловсрол зэргээс шалтгаалан их бага янз бүр байдаг. Ялангуяа нийгэм тогтворгүй, стресс ихтэй, сэтгэлгээний доройтолд орсон нөхцөлд согтуурах, мансуурах хэрэгцээ үлэмж өсдөг талтай.
Яг одоогийн байдлаар Монголд архи, шар айрагны реклам ба архидан согтуурахын эсрэг сурталчилгаанд эхнийх нь ялалт байгуулаад байна. Хүн амд оногдох согтууруулах ундааны “бренд”-ийн тоогоор дээгүүр бичигдэнэ үү гэхэээс доогуур лав орохгүй.
Уул нь хор уршгийг нь мэдээд байдаг хэр нь яагаад ч зогсоож үл дийлдэх уг асуудлыг шийдэхийн тулд хүн төрөлхтөн янз бүрийн л арга сэдэж байна.  Хамгийн бага архи хэрэглэдэг гэх лалын шашинт орнуудад ч нууцаар архи согтууруулах ундаа үйлдвэрлэх, зарах явдал байдаг аж. Хүн гэдэг утгаараа болохгүй зүйл рүү хар аяндаа татагдах сонирхол адын хүслийг нь буддийн шашинт болон лалын шашинт орнуудад итгэн үнэмшүүлэх, байнга залбирал үйлдүүлэн муу зүйлд уруу татагдах завдал өгөхгүй байх цаашлаад хатуу шийтгэл оногдуулах зэрэг арга механизмаар асуудлаа шийддэг байна.
2011 он гараад гэнэт архи согтууруулах ундаа борлуулах дэлгүүр, рестораны тэмдэгтийн хураамжийг арав хорин сая болгосноос аваад цагаан сараар Ерөнхийлөгч маань сүү уун, баяр ёслолоо сүүгээр тэмдэглэж байхыг уриалж, оюутнууд архины эсрэг жагсаж, хуримын ордон сүүтэй ёслол үйлдэх зэргээр архины эсрэг арга хэмжээ явж байна. Аль аль талдаа анхаарч эхэлсний буйн илрэл юм даа. Гэвч архи дарсаа багасгах тухай олон улсын ганц хоёр төсөл санаа тавьж, телевизээр хоёр гурван социал ролик цацахаас цааш нэг л ахиж өгөхгүй л байна.
Цаашдаа яавал зохилтой вэ?
Монголчууд “архи идээний дээж” гэж хэлэхдээ ихэд ховор ундаа бөгөөд хаяа хүрт гэсэн санаагаар хэлсэн болов уу? Харин цаг хугацаа, нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалаад нэг анзаартал ус мэт элбэг болоод өдөр бүр гудрах нөхцөл бүрэлдэж, харин эсрэгээр цэвэр ус ховрын ундаа болох байсныг өвөг дээдэс маань яахан гадарлах.
Асуудал юун даа байна. Мэдээж ядуурал, ажилгүйдэлтэй хамшинж үүсгэн нийгмийн өвчин болж буйг аль аль талдаа бүрэн ухамсарладаг. Нөгөө талаас монгол хүний сэтгэл зүй, бие физиологийн хувьд ерөөс зохихгүй идээ юм. Хаа нэгтээ архи уунгуутаа агсам тавьдаг хүнийг монгол цустай гээд хөндий таахад байгаа онох тун магадлалтай. Тавьтаргүй ааштайн зовлонг бид өөрсдөө төдийгүй монголчууд багшааралдсан улс орнууд хүртэл мэдрээд, мэдээд арга хэмжээ аваад эхэлжээ. Давардаг, даривдаг, уралдаж уудаг, согтохын тулд уудаг, онгирч уудаг, өлөн уудаг, бусдыг баярлуулахын тулд архи авч өгдөг, түүнийгээ хуваагаад хүртдэг, эргээд муудалцдаг өөр үндэстэн ер нь байдаг бил үү?
Архи уух үгүй нь орчин цагийн ойлголтоор хүний эрхийн асуудал. Хатуу хориг шийтгэл, хязгаарлалт хийх тусам эсрэг үр дагавар гарах талдаа. Хэрэглээний соёлын чиглэлээр социал ухуулга, доороосоо санаачилсан хөдөлгөөн өрнүүлбэл арай оновчтой. Үүний тулд:
Шашны ухуулга нөлөөг ашигласан ч болно. Тухайлбал, Далай ламын “Архиа бага ууж, айргаа их уу” гэсэн нь согтууруулах ундааны хэрэглээний бүтэц, сонголт өөрчлөгдөхөд нөлөөлсөн л байх. Одоо боломж байвал тэр “Айргаа их уу” гэдгийг нь “тохируулж уу” болгуулчихвал тун хэрэгтэй сэн. Муйхраар хэлбэл, айраг гэдгийг шар айраг болгоод, уух тунгаа хэтрүүлээд ар гэртээ очихдоо далай ламын сургаалийг өөртөө ашигтай хэлбэрээр мушгиад “их уу” гэдгийг нь өлгөж аваад байна. Энд архинд нэвчсэн, донтсон нөхдийг хэлээгүй байна. Тэдэнд тулж ажиллах “АА” төвийн үйл ажиллагаа болон сэтгэл зүйн эмчилгээний орчин цагийн аргуудыг нэвтрүүлэх шаардлагатай биз. Эхний ээлжинд согттол уух, согтохын тулд уух гаж сэтгэлгээг өөрчлөх нь том асуудал. Хийж чадвал том амжилт.
•    Төрийн бодлого, нийгмийн талаасаа хүмүүсийг ажилтай төрөлтэй, аль болох завгүй болгомоор байна. Хар л даа, “Оюу толгой”-н ажиллах нөхцөл, шаардлагаас шалтгаалаад архинд дуртай ямар олон залуучууд архи уухаа хязгаарлаж байгааг. Сумын төв, аймаг нийслэлийн гэр хороолол, оюутны байранд хий холхисон, хийж байхаа олж ядсан ямар олон залуучууд байна аа. Ажлаар дараад, даалгавар, шаардлагаар байнга шахаад, архи бодох завдал л өгмөөргүй байна.
•    Сургууль соёлын газар багш шавь нар нийлж уух, баяр тэмдэглэдэг болхи хандлагыг өөрчилмөөр байна. Төрийн байгууллага, албан газрууд ой тэмдэглэх, баяр ёслол хийх нөхцөлд согтууруулах ундааны хэмжээ, квотыг тогтоож өгөхөд болохгүй гэх газаргүй. Энэ талбарт багагүй архидалт болдог доо ер нь.
•    Сэтгүүл зүйн хэллэгээр томчуулаас л эхлэн архиндаа хязгаар тавимаар байна. Архи ууж, онгодоо сэргээдэггүй яруу найрагчид, зохиолчид бараг байхгүй. Угаас Монголын орчин цагийн уран зохиолын үндэслэгч Д.Нацагдоржоос аваад соц-үеийн өнгөтэй өөдтэй яруу найрагчид, зохиолчид нь бүгд шахуу хүртдэг байв даа. Анхнаасаа буруу хөл дээрээ босчихсон гэлтэй. Гол нь араас нь залгамжилсан, тэд нараар үлгэр хийдэг учраа мэдэхгүй бацаан яруу найрагчид нь өнөө муу “онгод”-оо архиар хөглөөд байна. Хамгийн үг авахгүй хүмүүс бол зохиолч, яруу найрагчид. Хэлэхээр яруу найргийн Янжинлхам бурхан, онгод, бусдаас өөр сэтгэдэг нийгмийг соён гэгээрүүлэгчид гээд буруу тийшээ хадуураад хариу загнана. Нэг л их бэлэн цэцэн үгтэй, бас архитай хүмүүс…
Урлаг, спортын одод тайз, дэвжээн дээрээ халаалттай гардаг олон од байна даа манайд. Нөгөө утгаараа од гээд өөртөө итгэчихсэн архичид. Тэрийгээ мэдэхгүй, эх орноо хайрлах учиртай, эх орон дуудвал би хамгийн түрүүнд нь халуун цусаа өгнө зэрэг сүрхий мэдэгдлүүдийг нулимс дуслуулан зарлана. Мэдээж халаалттай л байгаа л даа. Та нараар хойч залуу үе чинь замаа засаад байна. Тэр халуун, халаалттай цус чинь эх оронд хэрэггүй. Архи уудаггүй эсвэл соёлтой хэрэглэдэг гэдгээ л нийгэмд, залууст мэдрүүлмээр байна. Тэгэхэд л хангалттай.
Дээрх санаануудыг ажиглалт, хувийн үзэл бодол дээр тулгуурлаж хэлсэн болно. Угаас архидан согтуурах, мансуурах болон нийгмийн бусад гаж зуршилтай тэмцэхийн тулд одоогийн тус тусдаа бүтцүүд, эмнэлэг, судалгааны байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэсэн бие даасан  том институт ажиллуулах шаардлага гараад байна. Энэ хүрээнд судалгаа шинжилгээтэй, хөрөнгө санхүүтэй, өргөн хүрээг хамарсан цогц ажил зохиовол илүү үр дүнд хүрнэ. Тэрнээс энд нэг нь сүү уугаад, тэнд нөгөө нь нууцаар архи уугаад, архины эсрэг жагсаад, согтууруулах ундааны татвар өсгөөд, нэг хоёр удаа “архи битгий уу” гэсэн сурталчилгаа цацаад, тэгсэн нөгөө талд нь тэмдэглэлт ойнуудаар аймгын засаг дарга нар нь архины үйлдвэрээ 24 ажиллах байдлаар явбал зүгээр марзан үзэгдэл төдий юм болно.
Хичнээн толгойтой байлаа гээд архинд орвол тэр хүн зүгээр сүг
Хичнээн мундаг үндэстэн байлаа гээд архинд нэвчвэл….
Нийтлэлийн хавсралт болгож, зарим улс орнуудын архитай тэмцэж ирсэн туршлагаас доор оруулав.
АНУ
Энэ улс тусгаар тогтнохоосоо ч өмнө согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарч эхэлсэн. Бүр 1750 онд колонийн засгийн газар архины хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч байжээ. Иргэний дайны үед эрчүүд хамаг мөнгөө үрж, хэрүүл маргаан, заримдаа үхэлд хүртэл хүргэдэг байсан зодоон цохион байнга болдог шар айрагны мухлагуудын тоог цөөлөх талаар анхаарч байв. Үүнд ар гэрийн ачааг үүрэхэд хүрсэн эмэгтэйчүүд идэвхтэй оролцож, 1874 онд 23 мужийн хамарсан “Эмэгтэйчүүдийн дайн” хэмээн нэрлэгдсэн эсэргүүцлийн арга хэмжээ болжээ. Тухайн архидалтай тэмцэх гол арга нь шар айрагны газруудыг хаа, жагсаал цуглаан явуулах, гомдол эсэргүүцэл гаргах явдал байлаа. Архины эсрэг төрийн бус байгууллага, үйлдвэрлэлийн бусад салбарынхан хийгээд шашны сүм хийдийн урт хугацааны шахалт шаардлагаар 1917 онд согтууруулах ундаа үйлдвэрлэх, зарж борлуулахыг хориглосон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж чаджээ. “Хуурай хууль” гэдгээр алдаршсан уг үйл явдал эсрэг үр дүн өгч гэмт хэрэг, хууль бус наймаа, далд эдийн засаг өсч, мафи үүсэх зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгоход хүрсэн юм. Уг шийдвэрийг 1933 онд цуцалсан байна.
Лалын шашинт орнууд
Лалын шашны сургаал номлол, хууль журмаар согтууруулах ундааг бүр эртнээс хориглож ирсэн уламжлалтай. Саудын Арав, Кувейт зэрэг орнуудад түүнийг үйлдвэрлэх, зарж борлууах, хэрэглэхийг бүрэн хориглодог бол Арабын нэгдсэн Эмират улсад лалын шашинт бус гадаадын иргэдэд зарах эрхийг тусгай зөвшөөрлийн дагуу цөөн газарт олгосон байдаг. Иранд лалын шашинт бус нийгмийн бүлгүүд хувийн хэрэгцээнд зориулан согтууруулах ундаа үйлдвэрлэх эрхийг олгодог байна.
Скандинавийн болон хойд европын орнууд согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах өөрийн уламжлалт туршлагатай. Норвеги, Швед, Исланд, Финлянд зэрэг орнуудад одоог хүртэл худалдан борлуулахад төрийн оролцоо өндөр байдаг. Тодорхой хугацаанд эдгээр улсуудад ч бүрэн хориглож, картаар олгож байжээ. Тэрчлэн скандинавын орнууд өндөр үнэтэй согтууруулах ундаа борлуулдагаараа бусад европын орнуудаас ялгаатай.
Өндөр үйлчлэлтэй согтууруулах ундааны хэрэглээг бууруулах зорилгоор “шар айраг, дарсны соёл”-ыг нилээн дэлгэрүүлэхийг чухалчладаг байна. Гэхдээ гэрийн нөхцөлд хууль бус гэж тооцогдох үйлдвэрлэл эрхлэх, согтууруулах ундааны хэрэглээ өндөр, архидалттай холботой өвчлөл буурахгүй зэрэг тулгамдсан асуудал байсаар л байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment