5/13/11

Бусдын цөмийн хаягдлыг нутагтаа булшилсан ГАНЦ орон бол ОХУ

ДЭЭДЧҮҮЛ НЬ АРД ТҮМНЭЭСЭЭ ДАЛДУУР СЭМХЭН ХУЙВАЛДДАГ ЭНЭ ТҮҮХ МОНГОЛД УДАХГҮЙ ДАВТАГДАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ.
Арева гэгч уран олборлож, цөмийн түлш үйлдвэрлэдэг Францын компанитай Монгол улс хамтран ажиллах гэрээ байгуулсан. Арева компани нь ОХУ руу цөмийн хаягдал нууцаар зөөсөн төдийгүй Нигер зэрэг улсын ураныг олборлохдоо байгаль орчин, ард олныг нь асар олноор нь хордуулсан балагтай билээ.
Баруун Европын цөмийн хаягдлыг ОХУ хадгалдаг.
Хойт  хөрш ОХУ-ын түүхийг сөхье. Шведийн (EoN), Германы RWE, Бельгийн Electrabel, Голландын EPZ , Английн British Energy, Францын EDF, Испаний Iberdola, Швейцарын NOK/Swissnuclear компаниуд бүгд ОХУ-д цөмийн хаягдлаа хаяж байсaн. Нийтдээ 1975-2005 оны хооронд (магад бүр 1972 оноос) дор хаяж 100 мянган тонн цөмийн хаягдал ОХУ-д xаясан тухай эх сурвалжууд баталж байна. Тэдний нэгний тухай өгүүлэх нь:
1990-эд оны дундуур Франц улс 2014 он хүртэл цөмийн станцуудынхаа хог хаягдлыг Оросын нутаг дэвсгэр дээр булшлахаар нууцаар тохиролцжээ. ОХУ-ын 1989 оны Байгаль oрчны хуулийн цөмийн хаягдал болон цацраг идэвхт бодис импортлохыг хориглосон заалтыг ноцтой зөрчсөн энэ гэрээг Оросын эрх баригчид тухайн үедээ чимээ шуугиан гаргалгүй сэмхэн байгуулж дөнгөжээ. Ийнхүү Францаас усан онгоцоор үхлийн тээш зөөх ажил эхлэв. Aчааг Санкт Петербургийн боомтоос төмөр замаар Новоуральск («Свердловск-44»), Северск («Томск-7»), Ангарск болон Зеленогорск («Красноярск-45») гэдэг хаалттай хотууд руу явуулж байжээ.
Гэвч “даравч дардайна, булавч бултайна” гэгчээр арваад жилийн дараа буюу 2005 онд нууц задарч, францчууд олон жилийн туршид Оросын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлаа хаяж байсан нь илрэх нь тэр. ОХУ-ын атомын энергийн “Росатом” улсын корпораци эхлээд нэлээд булзаж, үгүйсгэж үзжээ. Гэвч олон улсын Гринпис байгууллагын Орос дахь салбарынхан баттай нотолгоо баримтaap тэднийг гарцаагүй байдалд оруулсан байна. “Росатом” удаж байж гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрсөн ч yран бол улс орны аюулгүй байдалтай холбоотой үнэт түүхий эд, энэ талаарx мэдээлэл маш нууц, импортын уранд туйлын хатуу хараа хяналт тавьдаг гэж хэлж үзэв. Бид Францаас ядуурсан ураны хаягдaл түүхий эдийг худалдаж аваад, дахин боловсруулж, ялгасан уранаа Францад эргүүлэн нийлүүлдэг гэж ч мэтгэж үзэв.

Харин байгаль хамгаалах хөдөлгөөнийхэн төрийн түшмэдүүдийн арчаагүй оролдлогуудыг алхам тутам бүрт нь оновчтой няцааж байсан. Hэгдүгээрт, ОХУ нь ядуурсан ураныг түүхий эд хэмээн худалдаж авч буй дэлхийн цорын ганц орон болохыг Гринпис олж тогтоожээ. Түүнчлэн, дэлхийн зах зээл дээр 1 кг нь 100-150 ам. долларын үнэтэй ураныг Францаас нэг килограммыг нь 60 центээр буюу бараг үнэгүй шахуу худалдаж авч буй нь Францаас “асар үнэтэй цөмийн түүхий эд авдаг” гэсэн засгийн газрын мэдэгдэлтэй огт нийцэхгүйгээр үл барам гэмт үйлдлээ далдлахын тулд ѐс төдий төлбөр төлж жүжиглэсэн гэсэн хардлага төрүүлж байгааг Гринписийнхэн заажээ. Цаашилбал, ОХУ-д бүр социализмын үеэс yламжлагдаж ирсэн 700 мянган тонн цөмийн хаягдлыг дахин боловсруулах гэж шамддаггүйг нь ч сануулав.
Түүчлэн, гэрээнд хаягдал ураны гексафторидыг дахин боловсруулж, ураныг нь ялгаад, баяжуулж ашиглана гэж заасан атал ОХУ-д ийм их хэмжээний цөмийн хаягдлыг дахин боловсруулж аюулгүй болгох санхүүгийн болоод технологийн боломж байхгүй гэдгийг цөмийн мэргэжилтнүүд батлаж байв. Бусдын хогийг битгий хэл өөрсдийнхөө 700 мянган тонн хаягдлыг өдий болтол шийдэж чадаагүй нь их хэмжээний хаягдлыг дахин боловсруулах технологи байхгүй, дээрээс нь хаягдлыг дахин боловсруулахад шаардагдах хэдэн тэрбум еврог гаргах чадваргүйгээс үүдэлтэй ажээ.

Мөн Францаас орж ирж буй “үнэт түүхий эд” гэх ураныг туйлын xатyy хараа хамгаалалтан дор тээвэрлэж, хадгалдаг гэсэн засгийн газрын мэдэгдлийг ч Гринпис няцааж дөнгөв. Тэд ураны хаягдлыг Санкт-Петербургээс төмөр замаар тээвэрлэх замд хараа хяналт сул байдгийг баримтаар нотлов. Тухайлбал, төмөр замын өртөөн дээр зогсох цуваа руу чөлөөтэй нэвтрэх боломжтой байсныг тэд дурджээ. Түүгээр үл барам ядуурсан ураны хаягдлыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэхдээ зориулaлтын сав ашиглалгүй Олон улсын атомын энергийн агентлагаас баталсан аюулгүйн горимыг зөрчдөг, аюулт цуваа зарим өртөөн дээр олон цагаар сул зогсохдоо орчин тойрноо хордуулдаг гэв. 2006 оны 6 сард Гринписийн идэвхтнүүд цувааны ойролцоох цацраг идэвхжлийг хэмжихэд хэвийн хэмжээнээс 40 дахин өндөр байсан. Мөн очих газраа хүрсэн хойно нь цөмийн хаягдлыг ил задгай газарт хадгалдаг нь асар эрсдэлтэй гэдгийг ч тогтоосон байна. Түүнчлэн хаягдлын зарим хэсгийг ядуурсан ураны гексафторид (D)UF6 эзэлж байгаа нь битүүмжлэл алдагдсан нөхцөлд агаарт буй усны дуслуудтай урвалд орж уушиг, бөөрийг ноцтой гэмтээж, амь насанд ноцтой аюул учруулдаг бодис гэжээ.
Гэрээ ѐсоор 2005 он гэхэд ОХУ-д Францаас 106 мянга тонн гаруй хаягдал орж ирснээс дөнгөж 9,742 тонн буюу 10 хүрэхгүй хувь нь ураны баяжмал болж нутаг буцсан гэсэн баримтaac үзвэл дор хаяж 96 мянган тонн хорт хаягдал Оросын нутагт үүрд үлджээ. Франц улс цөмийн хаягдлaa дахин боловсруулахын тулд хэдэн тэрбум евро зарцуулах шаардлагатай болсон, тиймээс Орос руу хаягдлаа гаргаж асуудлыг хямдхан шийдвэрлэсэн гэж байгаль орчныхон үзcэн.
Байгаль хамгаалах хөдөлгөөнийхэн ОХУ-ын эрх баригчдыг Францын засгийн газраас асар их мөнгө нууцаар авч хариуд нь газар нутаг дээрээ цөмийн хаягдлыг нь хадгалах гэрээ хийсэн хэмээн буруутгаж, гэрээг цуцлахыг хоѐр талаас шаарджээ. Хариуд нь Францын засгийн газар ОХУ-тай худалдааны гэрээ хийсэн гээд цөмийн хаягдлын хувьд Оросууд өөрсдөө зөвшөөрсөн болохоор авсан, дахин боловсруулдаг гэж асуудлыг үгүйсгэсэн байдлаар хандаж байжээ. ОХУ болон Францын эрх баригчид гэрээг 2014 он хүртэл хугацаатай байгуулсан болохоор наана нь өөрчлөх боломжгүй хэмээн татгалзcан хариу өгч байв.

Оросын цөмийн мэргэжилтнүүд 2014 он хүртэл Франц улс 100-130 мянган тонн цөмийн хаягдал оруулж ирэх төлөвтэй гэж тооцсон нь ард түмний эсэргүүцлийг улам хурцалжээ. Тэд эсэргүүцлийн жагсаал цуглаан удаа дараа байгуулж, цөмийн хаягдлын талаарх олон нийтийн санал асуулга явуулж, Санкт Петербургээс цөмийн хаягдал ачсан цувааны замыг хаах оролдлогуудыг хийж байв. Ийнхүү тэмцэх явцад хүмүүс эрүүл мэнд, амь насаараа хохирсон эмгэнэлт тохиолдол гарч байсан ч байгаль орчныхон сайн дурынхан тэмцлээсээ ухарсангүй. Оросyyд Францын Гринпис байгууллагынханд хандаж, улмаар цөмийн хаягдлыг Орос руу гаргахгүй байх талаар хамтран тэмцэх болoв. Францын байгаль орчны хөдөлгөөнийхөн цөмийн хаягдлыг ОХУ руу ачихад саад учруулж, Аreva компанитай тэмцэж, “хог хаягдлаа бид өөрсдөө хариуцах ѐстой” гэж олон нийтийг ухуулж байжээ. 2009 оны 10 сард Франц цөмийн хаягдлаа Орос руу гаргаж байгаа тухай баримтат киног Францын телевизийн Arte сувгаар цацсан нь нэлээд шуугиан тарьжээ. Удалгүй Францын төр асуудлыг шалгуулахаар тусгай шинжээчдийн баг томилон ажиллуулав .

Энэ хооронд Оросууд эсэргүүцлээ үргэлжлүүлж, Францын цөмийн түлшний хаягдлыг импортолж буй Areva (EURODIF) компанийн удирдлагад шаардах бичиг илгээж, “Бид танай цөмийн хаягдлын хогийн цэг биш” гэсэн бичигтэйгээр Москва, Санкт Петербург хотууд дахь Францын ЭСЯ-ны өмнө эсэргүүцлийн суулт зарлаж байв. Тэмцэл өрнөх явцaд ганц Францаар зогсохгүй, Голланд болон Германд үйл ажиллагаа явуулдаг Urenco гэгч компани, мөн Их Британи улс цөмийн хаягдлаа ОХУ- руу гаргаж байсан тухай баримт илэрсэн байна. Тухайлбал, 2009 онд гэхэд л Германаас онц хор хөнөөлтэй цөмийн хаягдал болох ураны түлшний 951 ширхэг савханцар ОХУ-ын хилийг давсан байв.
Удаж төдөлгүй 2010 онд Оросын олон нийтийн эсэргүүцлийн улмаас “Росатом” URENCO -той гэрээгээ сунгахаас түдгэлзэж, улмаар гэрээгээ цуцалжээ. Дараахан нь буюу 2010 оны эхээр Францын засгийн газраас томилсон ажлын хэсгийн дүгнэлт гарав. Шинжээчдийн дүгнэлтэнд 2000-2009 оны хооронд Францаас 8500 тонн байгалийн уран, 52619 тонн ядуурсан уран, 4161 тонн давтан боловсруулсан ураны хог хаягдал Орос руу ачуулсан талаар дурджээ. Ингэхдээ нийт хаягдлын 10 орчим хувь нь л Францад эргэж ирсэн ба үлдсэн хэсэг нь ОХУ-д ил задгай газар агуулагдаж байна гэсэн байв.
Tөдөлгүй Росатом ямар нэг тайлбар өгөлгүйгээр гэрээгээ хугацаанаас нь өмнө буюу 2010 оны 7 сард цуцалснаар Гринписийн тэмцэгчид зорилгодоо хүрсэн юм.

2011 оны 1 сард Францын Гринпис байгууллагаас гаргасан тайлан мэдээнд Орос руу цөмийн хаягдaл зөөсөн 38 жилийн явдал эцэс боллоо хэмээн бичжээ. Анх 1984 онд ураны гексафторид ачсан Францын ачааны усан онгоц Бельгийн эргээс холгүй живснээр Франц улс Зөвлөлт улстай цөмийн хаягдал хадгалуулах гэрээ 1972 онд байгуулсан нь дэлгэгдсэн. Он цагийн явцад Францын засгийн газрын гүйцэтгэгчээр Cogema, дараа нь Аreva компаниуд ажиллаж байжээ. Францаас ядуурсан уран, болон түүний нэгдэл ураны гексафторид, мөн La Hague хот дахь Европын цөмийн хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн хаягдлыг ОХУ руу гаргаж байжээ. Арева компанийнхан цөмийн хаягдал бус дахин боловсруулах шаардлагатай түүхий эд гаргадаг мэтээр худал мэдээлэл өгч, үнэнийг нуухыг санаархсан ч бүтсэнгүй. “Росатом” 2010 онд гэрээгээ цуцалснаар Гринпис байгууллагын идэвхтнүүдийн хүчирхийлэл үл хэрэглэн иргэний эсэргүүцэл үзүүлэх тэмцэл амжилтанд хүрлээ гэж мэдээлсэн байна.
Оросын ард түмэн Франц, Герман, Голланд болон өөрийнхөө төрийн засгийн эсрэг тэмцээд амжилтанд хүрсний гол нууц нь улс эх орныхоо аюулгүй байдал, ирээдүйн төлөө академич эрдэмтэн, жирийн иргэн гэж ялгалгүй эвлэлдэн нэгдэж, шанталгүй тэмцсэнд оршдог бололтой. 1986 оны Чернобылийн ослоос болж сүүлийн хориод жилд бараг сая шахам хүнээ алдсан энэ ард түмэн нь цөмийн цацрагийн хор хөнөөлийг мах цусандаа шингэтэл ойлгож авчээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment