5/13/11

Таны хөл хүндрээд байна уу?

Олон сая хүний хөлөнд “судасны зангилаа” үүсч, венийн “хөөсөн” судас нь илт мэдэгдэж, зарим хүнд бүр өвдөлт мэдрэгдэж, хавагнадаг. Энэ бүхэн орой үдэш илэрдэг, өдрийн ачаалалд ядарсны өчүүхэн шинж тэмдэг байж болохоос гадна, хөлний венийн судасны эмгэгийн илрэл ч байж болох юм.
Хураагуур судасны эргэлт хэрхэн саатдаг вэ?
Удамшил, илүүдэл жин, биеийн ачаалал, гормоны бэлдмэл уух, жирэмслэлт, “суугаа” эсвэл “зогсоо” ажилтай өөрөөр хэлбэл, хөдөлгөөнгүй байдал зэрэг янз бүрийн шалтгааны улмаас хөлийн венийн судас ачааллаа дийлэхээ байдаг. Цус бүрэн эргэлтэд орж чадахгүй, хураагуур судасны ажиллагаанд саатал учирснаар дээр дурдсан шинж тэмдгүүд илэрдэг. Үүний сацуу цус хавхлагаар дутуу шахагдсанаар гүйцэт эргэлтэд орохгүй нэг дороо эргэлдэж бүлэнтсэнээс болж хураагуур судас зангиран өргөсдөг. Венийн судасны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, өөрөөр хэлбэл, эмч нарын хэлдгээр хураагуур судасны дутагдал болсноор судас зангиран өргөсөх, цус бүлэнтэх, арьсны байдал өөрчлөгдөх, хураагуур судасны шарх үүсэхэд хүргэж болзошгүй.
Илрэх үндсэн шинжүүд:
Хүнд хөлний синдром–орой үдэш болохоор хөл хавагнаж, өвдөж, хурдан ядардаг.
Судасны бөөгнөрөл–өргөссөн жижиг судаснууд бөөгнөрөхийг хэлнэ.
Гол шинж тэмдэг–венийн судас овойж, зангилаа үүсч, арьс нэвт гэрэлтэн, арьс руугаа түрсэн байдаг.
Хожуу үедээ арьс бараантаж, венийн судасны хэсгийн арьс болон судас өөрөө үрэвсэж, цус алдаж, эдгэрэхгүй шахам шарх үүсдэг.
Эхний шинж тэмдэг илэрсэн үед нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Харин хураагуур судас нэгэнт өвчилсөн бол яах вэ?
Юунаас эхлэх вэ?
Эмчид үзүүлж, онош тогтоох ердийн шинжилгээ хийлгэхээс гадна хураагуур судасны цусны эргэлтийн байдлыг шинжлүүлнэ. Үүний тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Тухайлбал, хэт ягаан туяаны болон рентгенийн гээд шинжилгээний олон арга байдаг ажээ.
Хэрхэн эмчлэх вэ?
Судас зангирах өвчин ямар шатандаа явж байгаагаас шалтгаалж эмч нар эмчилгээний аргыг сонгодог. Мэс засал хийхгүйгээр өвчин газар авахаас сэргийлж болох ч зангирсан судсыг үгүй болгох маш хэцүү ажээ.
Судас зангирах өвчнийг эмчлэх хуучны арга байдаг ч, ийм арга өвчний эрт үед л үр дүнтэй ажээ. Гэсэн ч гэрийн аргаас зайлсхийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ийм өвчнийг эмчлэх салбар нь өнөөдөр анагаах ухааны харьцангуй үнэтэй бус салбарт тооцогддог бөгөөд энэ салбарын мэргэжилтнүүд ч хангалттай бэлтгэгдсэн байдаг ажээ. Нарийн мэргэжлийн эмчид эртхэн хандахгүй бол хөлөө тайруулахдаа ч хүрч болзошгүй.
Оймс бэлтгэ
Мэргэжилтнүүд байнга өмсөх шаардлагатай, эмчилгээний тусгай даавуун материалтай хэрэглэлийг /ороох боолт, оймс, трико/ санал болгодог. Эмчилгээний тэдгээр хэрэглэлийг сонгох болон хэрэглэх нарийн заавар байдаг ажээ.
Хэзээ мэс засал хийдэг вэ?
Эхлээд венийн судсыг наалдуулна. Ингэхийн тулд судас руу тусгай бэлдмэл хийж шархалсан судсыг бөглөнө. Өөрөөр хэлбэл, судсыг салгаж тасалж авахгүй, харин тусгай бодисоор “наана”. Наалт үүсгэх бэлдмэлийг судасны өвчилсөн хэсэг рүү нарийн зүүгээр шахдаг. Ихэвчлэн эмчилгээний энэ аргыг хэрэглэдэг. Харин судас зангирах өвчний үед мэс засал хийхдээ зөвхөн судсыг тайрч авах төдийгүй, хураагуур судасны хавхлагийг засдаг байна.
Мэс заслын дараа
Мэс засал хийлгэсний дараа эмчилгээний боолт эсвэл оймсыг 4-6 сар хэрэглэх шаардлагатай.
Ингэж явах хэн нэгэнд таагүй санагдаж болох юм. Гэхдээ эрүүл мэндээ юуны түрүүнд бодох хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна.
Та өвдөөгүй байсан ч эрсдэлийн бүлэгт /удамшил, илүүдэл жин, биеийн ачаалал, гормоны бэлдмэл уух, жирэмслэлт, “суугаа” эсвэл “зогсоо” ажилтай өөрөөр хэлбэл, хөдөлгөөнгүй байдаг г.м/ багтдаг бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд илүүдэхгүй.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”

0 Сэтгэгдэл:

Post a Comment