Л.Сэлэнгэмөрөн
Сэтгүүлч, зохиолч Сэлэнгэмөрөн шүлэг өгүүллэгийн хэд хэдэн ном бичжээ. Говь- Алтай аймгийн уугуул түүний “Миний нууц” хэмээх өгүүллэгийн номноос “Нутгийн шороо” өгүүллэгийг өнөөдрийн дугаарт орууллаа. Эх нутгийн шороо эрдэнэ ч юм, бас эм ч юм гэсэн санаа энэ бяцхан өгүүллэгт тод гарсан нь сургамжтай агаад ач холбогдолтой ажгуу.
Нутгийн шороо
Хэдэн тэмээ аргал буулгаад бүтээчихсан юм шиг өмбий цөмбий харагдах хээрийн бор толгодоо харангуут сөгдлөө. Оройн зэрэглээ жирвэлзээд хойт зүгт улбар тоосон дунд том улаан наран хоргодон, хоргодон доошилж явна. Сөхрөн суусан чигтээ ингээд харжээ байхад төрсөн нутаг минь эл хульхан ч юм шиг, уул толгод нь дэндүү намхан, энд тэнд мал цөөхөн, ердөө л царай муутай цаанаа л нэг ядуу даржин харагдана. Хангай газрын өндөр сүрлэг уулс, өтгөн саглагар модод хөлөөр хөшилдөж хормойд орооцолдсон их өвс ногоонд би дэндүү дасчээ. Гэвч би эндээс босмооргүй байлаа. Гоёлын ганц тэрлэгнийхээ хормойг дэвсэн өвдөглөн сууж байгаадаа ч хар буусангүй, харин ч бүр үндэс, ургамал гэхээр юмгүй дагжуур хар шороогий нь алгаараа даран улам лаглайн суулаа. Нар шингэж орчин тойрныг харуй бүрий нөмрөн хад чулуу бүүдийн сүүдийж эхэлсэн ч цаанаа л нэг нөмөр дулаахан болж, хээр байгаа гэмээргүй сэтгэл тогтоод ирлээ. Тэгснээ энүүхэн хажууд юу юугүй л эжий минь "Миний бор банди таргаа уу " хэмээн дуудах юм шиг санагдаад хамар шархирч нүд бүрэлзээд уналаа. Эжийдээ хайргүй хүн гэж хаа байхав, гэхдээ миний хувьд үнэнээ л хэлэхэд эжийгээ нэг их боддоггүй байсан юм. Эжийтэйгээ байсан багын явдлаа огт мартсан мэт хааяа нэг хурга, тугал, үүдээ сөхсөн айлууд, зуны ноцоом өдөр сүүдэр бараадан аахилах нохдын урт улаан хэл гэх зэрэг тасаг бусаг зураг л сэтгэлд буудагсан. Хичээл шалгалт, ажил дарга, эхнэр хүүхэд, байр цалин гэсэн хэдхэн үгийн орон зайд л миний амьдрал багтаж байдаг билээ.
Саяхнаас ядаргаа ч юмуу, чийг ч юмуу, эсвэл нөгөө витамин зэтмийн нь дутсан юмдаг уу, өрөөсөн хөл гэнэт татчихаад сар гаран эмчлүүлж, үр дүнгүй таг доголон амьтан эмнэлгээс гарч, эмийн чөлөөндөө дээвэр ширтэн хэвтэхийн оронд агаарт гар гэснээр нагац ахаа дагаж нутагтаа ирээд байгаа нь энэ. Ай юутай сайхан байна бэ? Нутгаа санадаг гэж би өөрийгөө огт бодоогүй шүү. Харин одоо үзвэл санахаар барахгүй дотуураа бэтгэрч, нутгийн сүнс сүлдээрээ хатаж цангаж явсан болж таарав аа янз нь. Анхандаа, энэ Өлгийн бууцан дээр чи төрсөн юм даа гэж ах минь хэлэхэд:
Өө! хулширсан бууц шив дээ гэх шиг юм бодоод огт тоосонгүй билээ.
Гэвч суух тусам сэтгэл газартаа ээнэгшээд нэг их оволзон албархаж явдаг зүрх сэтгэл минь сүүнд дэвтсэн шиг зөөлрөөд ирэх нь мэдэгдэнэ. Энд энэ бууцны альхан талд нь өөвгөр гэрээ барьсан эжий минь үдэш шөнөөр яаж л дуншин өвдөж байсан бол доо гэж нүд чийгтүүлэн бодлоо. Энд энэхэн алгын чинээн газар эжийн минь шүүс, сүү дусаж, миний хүйг дарсан бүлээн чулуу байгаа даа гэж хий л нүдээрээ хайгуулдана. Сэтгэл хөөрүүлэн суухдаа ахаас асуухаас нэрэлхэн байв аа. Дуу хоолой чичигнээд ирнэ гэж.
Бүрэнхийд таамгаар тэмтэрч гарт тааралдсан багавтар хүйтэн чулууг авч алгандаа бүлээ оргитол эргэлдүүлэн байснаа бослоо. Тэргээ оролдож байсан нагац над руу хэсэг харснаа "Хачин юм даа " гэж амандаа үглээд хаалгаа онгойлгов.
Хагас километр хэртэй яваад нагац ах тэргээ гэнэт зогсоож суудал дороо нэг юм хайж байснаа "Өө! Саяын газраа хаячихсан шиг байна. Хуу минь гүйгээрэй, бид нэг их холдоогүй байхаа, нэг муу цагаан торцоов" Би дуртай дургүй бууж бяцхан гар чийдэнгээ асаагаад алхаж өглөө. Багажаа аваад эргэж ирэхэд бие халуу оргиж, нуруу борвиор чийг дааварлаад нэг л хөнгөн байв аа. Ах их л баяртайгаар тосон авч "Тэгнэ ээ, тэр! Зүв зүгээр болчихож, нутгйин шороо, ус агаар эм гэдэг энэ дээ. Чи захад нь ирээд төрсөн бууцныхаа хормойд жаалхан суугаад л эдгэчихлээ шүү дээ" гэж давхцуулан өгүүллээ. Нээрэн би түрүүн газар сууж, сууж босохдоо огт доголоогүй явснаа өөрөө ч мэдээгүй байжээ! Нагац ах миний хөлийг үнэхээр зүгээр болсон эсэхийг мэдэх гэж басхүү тэр дор нь дахин явуулж бие халаан улам батлах гэж л дээ. Тэгээд зориуд түлхүүрээ гээж намайг явуулсан байж билээ. Тэр намар би сэтгэлдээ нутаг минь гэсэн нэгэн зөөлөн уяралтай, харцандаа юм үзсэн хүн шиг ухааралтай болоод чухамдаа дэгсдүүлэн хэлэхэд эв эрүүл хөлөөрөө эалуу ооно шиг дэгдэн дүүлэн харьж билээ.
5/14/11
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment