7/4/11
Япон сонины шинэ мэдээ буюу Монголчуудыг амар тайван суух хооронд цөмийн хаягдал булшлах болжээ
2011-07-01
Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1-нд гарсныг Майничи болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлжээ.
Тус мэдээнд бичихдээ “Тошибагийн” ерөнхийлөгч Норио Сасаки гэгч нь 2011 оны 5 сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ.
Киодо Ньюс сониныхон 2011 оны 2 дугаар сард Японы засгийн газрын дотоод хэрэгцээнд зориулан гаргасан албан бичгийг олж авсан ба түүнд Япон, Монгол, АНУ-ын засгийн газрууд “Цөмийн түлшний цогц хангамж” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон тухай дурьджээ. Hоён Сасаки захидалдаа “Цөмийн түлшний цогц хангамж” төслийн тухай дэлхий дахинд ил тод болчихсон тул энэ асуудлыг эсэргүүцэх нь тодорхой. Иймд цаашдын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд оролцогч талууд нарийн сайн зохицуулалттай ажиллах шаардлагатай байна гэжээ.
“Тошиба” корпорацийн гадаад харилцааны албанаас тус захидлыг Даниел Понеманд илгээснийг баталсан бол АНУ-ын төрийн албаны ажилтан захидлыг ерөнхийлөгч Обамагийн ажлын албаныхан авч үзсэн гэжээ. Харин өнгөрсөн 2 дугаар сард Монгол улсын засгийн газрын төлөөлөгчид Токиод ирж “Цөмийн түлшний цогц хангамж” төслийн талаар хэлэлцэхээр ирсэн гэж нэрээ хэлэхийг хүсээгүй Японы төрийн түшмэл мэдэгджээ
Эх сурвалж:http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20110702p2g00m0dm011000c.html
ТҮҮХИЙГ ЭРГЭН СӨХВӨЛ…
Монголын эрх баригчид олон улсын цөмийн хаягдал булшлах анхны байгууламжийг нутагтаа байгуулахаар сэм хөөцөлдөж байгаа тухай ноцтой мэдээ дэлхий нийтийг шуугиулсан нь саяхан.
Угтаа бол бүр энэ оны 3 сарын 31-нд энэ талаарх анхны мэдээг АНУ-ын нэгэн мэдээллийн сувгаар цацсан бөгөөд ингэж ярьсан Америкийн өндөр албан тушаалтаны аудио бичлэг нь ч интернэт дээр байна. Гэсэн ч дийлэнх Монголчууд энэ мэдээг цуурхал гээд үнэмшсэнгүй, тэд англи хэл мэдэхгүй тул интернэт ухдаггүй, бас дэндүү хашир болохоор орчуулгын материалд итгэсэнгүй.
Тиймдээ ч Цөмийн Энергийн Газрын үгүйсгэсэн мэдэгдэлд итгэж тайвширцгаав. Дээрээс нь УИХ-ын гишүүн хэдий ч ухаан санаа эрүүл баймааргүй нэг нөхөр “цөмийн хаягдал Улаанбаатарын утаа, ил жорлонгоос бага хортой” гэж сонингоор ярьж, бас АНУ-ын Элчин сайдын Яамнаас “Та нар манай хүний яриаг буруу ойлгожээ” маягийн юм мэдэгдсэн тул Монголчууд тэгсгээд асуудлыг мартав.
Гэвч сар гаруйхны дараа Японы Майничи сонинд гарсан нийтлэл Монголчуудыг дур нойрноос нь дахин сэрээв. Монголд цөмийн хаягдал булах гэсэн гэрээнд гарын үсэг зурах гэж байтал нь цунами саад болсон шахуу зүйл бичсэн байх нь тэр. Монголчууд ч хэд хоног оволзов. Оволзов ч гэж дээ, тэрүүхэн хавьдаа бухимдаж, интернэтээр сэтгэгдэл бичиж босно шүү гэж хоосон заналхийлэхээс хэтэрсэнгүй.
Угтаа бол АНУ, Японы Элчин Сайдын Яамны өмнө жагсаал цуглаан хийж, Конгресс, Парламентад нь эсэргүүцлийн захидал илгээж, Засгийн Газрын ордны өмнө хонон өнжин сууж эсэргүүцэж буйгаа илэрхийлэх гарцаагүй чухал шалтгаан мөн үү гэвэл яалт ч үгүй мөн.
Нөгөө хэдэн хүний эрхийн төрийн бус байгууллагууд ч таг чиг. Ер нь бол 2.7 сая хүний эрүүл амьд явах, эрүүл саруул орчинд амьдрах эрхийн асуудал баймаарсан. Гайхалтай нь гэм буруугүй хэн нэгнийг мансууруулах бодисоор хордуулж, боож баглаад олон улсын хилээр давуулж авчирсан гэмт этгээдийг бол хамгаалаад, Английн ЭСЯ руу өндөг, лооль шидэж, цагаан хоолойгоор агсарч байх юм.
Харин бүхэл бүтэн улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, оршин тогтнохтой холбоотой ноцтой асуудал үүсэхэд Ногоон намын ганц нөхөр л Японы ЭСЯ-ны өмнө очиж эсэргүүцсэн бичиг барьж зогсоод дорхноо цагдаад баривчлуулж, дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэгдсэн ба түүнд амиа хамхихыг сануулснаар тэмцэл эхлэлгүй эцэслэв.
Эрх баригчид ч “тэр бол худал, тайван амгалан байцгаа, бид асуудлыг судална” гэсэншүү мэлзээд өнгөрөв. Биднийгээ маш сайн мэддэг тул ингэсхийж байгаад мартагнуулах тактиктай үзэж байна л даа.
УИХ-ын хэдэн идэвхтэй нөхөд Ерөнхий сайдад асуулга тавьсан нэртэй ч нөгөөх нь сэргэлэнтэж, даалгаврыг доош нь дамжуулаад, доодчууд нь хэдэн бөөрөнхий үгээр хариулсан болоод аргацаав. Нөгөө хэдэн идэвхтэй нөхөд ч ухаж төнхөж асуусангүй, хариултанд үнэмшсэн дүр үзүүлээд оромдоод өнгөрлөө. Эрүүл ухаанаар сэтгэвэл Ерөнхий сайдад тавьсан асуулганд Ерөнхий сайд л хариулах ёстой.
Зүйрлэвэл, Сү. Батболдоос “Та хүүхэдтэй юу?” гэж асуухад Сү. Батболд асуултыг гэрлэж огт үзээгүй доодох албан тушаалтандаа даатгаваас хариулт нь “Үгүй, би гэрлээгүй” болох нь. Гэтэл хариуг Ерөнхий сайд надад өгч байгаа гэж бодсон надад бол Ерөнхий сайд хүүхэдтэй, тэр бүү хэл хэд хэдэн ч удаа гэрлэсэн гэдэг асуудал мэдэгдэлгүй өнгөрөх нь тодорхой.
Үүнтэй ижлээр энэ оны 1 сард Арабын орнуудаар зочлохдоо “ураны түлш бэлтгэн нийлүүлнэ, хаягдлыг нь бид буцааж аваад нутагтаа хадгална” гэж гэрээ хийж явсан Ерөнхий сайдыг цөмийн хаягдал хадгалах байгууламж барих тухай огт сонсоогүй яваа гэхэд хэн үнэмших юм бэ???
Бас Гадаад Хэргийн сайд гэж нэг марзан нөхөр байна. 2010 оны 9 сард АНУ-ын Эрчим Хүчний Яамны сайд Даниел Пониман Монголд айлчлахад цөмийн энергийн асуудлаар хамтран ажиллах гэрээнд тэр л гарын үсэг зурсан,тиймээс ч нөгөө цөмийн хаягдал булшлах тухай албан бус яриа хэлцлийг хийсэн гэж сэжиглэгддэг (үнэндээ Солонгос, Япон гээд хаа сайгүй цөмийн энергийн салбарт хамтран ажиллах гэрээ бичиг үйлдэж явдаг нөхөр л дөө).
Тэгсэн мөртлөө хэл ам гарахаар “гадны цөмийн хаягдлыг Монголд булуулахгүй гэсэн хуулийн заалт оруулна гэж би санаачлаад хөөцөлдөж байгаа” хэмээн сүр дуулиантайгаар зарлав. Үнэндээ ураны түлш үйлдвэрлэж зарчихаад бид хаягдлаа авч байна гээд элдэв бусын юм оруулаад ирэхэд манай хаягдал мөн байна гэж түүнийг ялгаж таних хүн байхгүй нь ойлгомжтой.
Нөгөөтэйгүүр, 1.4 сая тонн ураны хаягдлыг Монгол нутагт булшлах болвол хүний өөрийн хаягдал гэлтгүй хордохдоо л хордож таараа. Цөмийн хаягдал эзнээ хордуулдаггүй гэж хэн бас заачихав даа? Сайтар бодвол нэгэнт Монголд ураны түлш үйлдвэрлэх технологи, үйлдвэр, бас мэргэжилтэн ч байхгүй юм чинь Монголд уранаа олборлоод, түүнийгээ гадны аль нэг улсад мөнгө төлж байж боловсруулуулж таарна.
Ингээд бүтээгдэхүүнээ гадагш зарчихаад, цацраг идэвхжил нь хэдэн сая дахин нэмэгдсэн цөмийн түлшний хаягдлыг буцааж авах эдийн засгийн хувьд асар эрсдэлтэй мэргэн төлөвлөгөөг санаачлан хэрэгжүүлэгчдийн нэг нь тэр эрхэм өөрөө гарцаагүй мөн.
“Тошиба” корпорацийн хувьд бол 2010 оны 11 сарын19-д ерөнхийлөгч Ц. Элбэрдорж, ГX-ийн сайд Г. Занданшатар нарын хэсэг бүлэг хүмүүс Японы эрх мэдэлтнүүдтэй уулзаж, цөмийн салбарт хамтран ажиллахаар тохирсноос хойш долоохон хоногийн дараа буюу 11 сарын 26-нд Тошиба корпораци Монголын “MNFCC” компанитай ашигт малтмал, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаар хамтран ажиллахаар Xарилцан Oйлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан.
Төрийн ба хувийн түншлэлд суурилсан хэмээгдэх тэр үл мэдэгдэх “MNFCC” компанийн эзэн нь Дүгэрсүрэнгийн Дашдорж буюу Гадаад Хэргийн Яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраагийн нөхөр нь билээ. “Тэгээд юу гэж?” гэж та асууж байна уу?
Та дээрх Киодо Ньюс сонины мэдээг санаж байгаа биз дээ. Энэ хоёр хоорондоо ямар холбоотой вэ гэж үү? Тэгвэл ойлгоогүй хүмүүст зориулан тусгайлан тайлбарлая: “Тошиба” компанитай баталсан ашигт малтмал, дэд бүтцийг хөгжүүлэх санамж бичгийн “ашигт мaлтмал” гэдгийг уран гэж, “дэд бүтэц” гэдгийг олон улсын цөмийн хаягдал хадгалах байгууламж гэж ойлговол зохино.
Мөн өнгөрөгч 2-p дугаар сард А. Ундраа ба түүний нөхөр Д. Дашдорж Японд оччихоод Цагаан сарын дараахан МИАТ-ын нислэгээр Улаанбаатарт буцаж иржээ. Энэ хугацаа нь Киодо Ньюс сонинд дурьдсан хугацаатай тохирч байгааг анзаарна уу?
Харин Монгол улсын ерөнхийлөгч 6 сард АНУ-д яаравчлан айлчилж, одон медалиар шагнагдаж, бас цөмийн салбарт хамтран ажиллана гээд гэрээ байгуулчихаад ирсэн. МонАтомын Бадамдамдин дагалдаж явсаны учир юу вэ?
Ерөөсөө ч тэгэж ярьвал ашигтай хэсгийг нь ашиглачихаад хогийг нь Монгол руу хаядаг нь ямар учиртай юм? Ингэдэг олон улсын хууль, стандарт байдаг гэж битгий тархи угаагаарай, эрхэмүүд ээ !!! Тэгвэл чухам яагаад АНУ өөрийн үйлдвэрлэсэн ураны түлшээ Япон, Солонгос, Тайванаас эргүүлж авахгүй байгаа юм бэ?
Тэдгээр оронтой АНУ-ын байгуулсан “123” гэдэг гэрээнд нь АНУ-аас гаралтай тэр түлшийг ашигласны дараа хаана хаяхыг шийдэхэд АНУ оролцоно гэснээс АНУ нутагтаа авна гэж огт заагаагүй. Шийдэхэд оролцоно гэдэг нь ч хамаагүй Арабын орнууд руу явуулж байж цөмийн зэвсэг үйлдвэрлэчих вий гэсэн болгоомжлолоос л гаралтай.
Үнэндээ бол зөвхөн ОХУ л бусад орнуудтай цөмийн түлшний зах зээл дээр өрсөлдөх гэсэндээ “Цөмийн түлшний банк” гэдэг шинэ үйлчилгээг Ангарск хотод байгуулчихаад зарсан түлшээ эргүүлж авна гэж сурталчилж байгаа. “Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэгчээр бидэнд тэгэх боломж бас шаардлага байхгүй. Хэрэв тэгэхгүй бол ашиггүй болчих гээд байна гэвэл тийм талын бизнес руу Монгол улс орох хэрэггүй. Ер нь Монгол улс яагаад заавал ураны бизнес руу орох гээд яараад байгаа вэ?
Алт, нүүрс, нефть, газрын үнэт металл, бас өөр юу ч юм бүгдийг нь зөөлөө, баяжаагүй ээ, Монгол улс, жирийн ард түмэн! Өчнөөн жил ашигт малтмалаа гадагш зөөсөөр байтал, албан ёсоор ядуурлын түвшин 36 хувиас хэтэрдэггүй байтал яахаараа манай улс 2010 оны байдлаар хүнс тэжээлийн дутагдлаар (хүн ам нь өлөн зэлмүүн амьдарч байгаа байдлаараа) Хойт Солонгос шиг дарангуйлагч төртэй эсвэл Сьерра Леоне мэтийн дайн тулаанд шархалсан арав хүрэхгүй Африкийн улс орнуудын дунд цохиж явдаг юм бэ? Өчнөөн олон биш шүү дээ, бид нар–2.7-хон сая хүнийг өлсгөж чадаж байгаа нь гавьяа юу? Одоо уранаа л зөөвөл баяжиж сайжирна гэж гэж битгий худал амлаарай даа.
Тэгвэл чухам уранаа ухаж зарах нь хэнд ашигтай юм бэ?
Саяхны “Дуусдаггүй яриа–Цөмийн хаягдал” нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Н. Батбаяр Монгол улс аюултай уранаар оролдох хэрэггүй гэж хэлсэн. Харин Гадаад Хэргийн Яамны тусгай үүрэг гүйцэтгэгч сайд А. Ундраа сандарч “Тэгээд Арева, Мицубиши хоёр яах болж байнаа?” гэж асууж суух юм. Монгол улсын төрийн өндөр албан тушаалтан яахаараа Монгол улсынхаа эрх ашгийг бодохгүй, алс холын Франц, Японы төлөө ингэж их сэтгэл зовж байна вэ? Энэ асуултыг өөрөөсөө асуусан, надад бол хариулт тодорхой. Уншигч та ч бас өөрөөсөө асуугаарай.
Одоо байдал ямар байна вэ?
Ийм ноцтой асуудал үүсээд байхад Монголчууд тоомжиргүй хандаж, нөгөө “сүх далайтал үхэр амар” гэгчийн үлгэрээр тайван амгалан, үнэндээ бол үхээнц дорой, дор бүрнээ амиа хичээсэн байдлаар хандсаар байгаа тул бүх зүйл эрх баригчдын хүссэнээр болж байна. Монголд энэ талаар хийгдсэн зүйл лав ойрмогхон мэдэгдэж сонсогдсонгүй. Баяр наадамдаа бэлдээд завгүй байгаа сурагтай.
Цөмийн хаягдлын эсрэг нэртэй цөөн хэдэн Фэйсбукийн болон бусад бүлэглэлүүд байгуулагдсан ч дорвитой үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд гишүүд нь хааяадаа орж мэдээ мэдээллээс нь уншдаг сонирхогчдийн цугларалтын хэмжээнд явагдаж байна. Гэвч энэ хооронд Монголын эрх баригчид ураны түлш үйлдвэрлэх, атомын цахилгаан станц барихаар яаравчлан хөөцөлдсөөр. Та биднийг хоосон амлалтанд хууртагдаж, зуны дэлгэр цаг ирлээ хэмээн амарлингуй суух хооронд цөмийн аюул тулж ирлээ.
Цөмийн хаягдлын асуудлын ач холбогдлын талаар зарим нэг зүйлийг дахин тайлбарлая. Уншигч та энэ мэдээг гүйлгэж харалгүй анхаарч уншаарай. Таны болоод таны үр хүүхдийн хувь заяатай нягт холбоотой асуудал гэдгийг бодож үзээрэй.
1) Цөмийн хаягдал = Монголын МӨХӨЛ.
Олон улсад ураны түлшээ нийлүүлээд түүнээс гарсан ЦАЦРАГ НЬ ИДЭВХЖСЭН, АСАР ХОРТОЙ хог шаарыг нь нутагтаа эргүүлж авна гэж байна. Хаягдал түлш шинэхэн түлшнээс хэдэн зуу мянга дахин хортой. Хажууд нь 1 метрийн зайнд зогсоход даруйдаа үхэх аюултай. Маш идэмхий, нэвчимтгий, нэвтлэмтгий байдаг. Цацраг идэвхжил нь сая жилийн дараа бүрэн үгүй болно. Товчдоо бол энэ бол Монгол улсын МӨХӨЛ.
2) Цөмийн хаягдал урт хугацаагаар хадгалж үзсэн улс орон байхгүй.
Дэлхийн түүхэнд онолын хувьд газарт булшлах тухай ярьдаг ч ингэж хадгалж үзсэн туршлага байхгүй. Анхны цөмийн байгууламжийг Финлянд улс өөрийн дотоодын хэрэгцээнд зориулж Онкала хавьд барьж байна. АНУ-д барьж эхэлсэн ч олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн улмаас зогсоогоод байна.
3) Цөмийн хаягдал хадгалах байгууламж барихад асар үнэтэй.
АНУ-ын байгууламж гэхэд л 120 тэрбум ам. доллар болох төсөв гарсан. Харин Монгол улсад хаягдлаа хадгалуулсны оронд 10-20 тэрбум ам. доллар өгнө гэсэн яриа байгаа. Шинэ нарийн технологи бүхий байгууламж барих нь битгий хэл түүний урсгал зардалд ч хүрэлцэхгүй мөнгө гэдэг нь ойлгомжтой.
4) Цөмийн агуулах нь АСАР их аюул эрсдэлтэй.
Ийм байгууламжид цөмийн хаягдал булшилж хадгалах аваас олон жилийн явцын дунд газар хөдлөх, террорист халдлага гарахаас авахуулаад техникийн доголдол дутагдлаас осол гарах магадлалтай. Хүн төрөлхтөн өөрөө 6 мянган жилийн түүхтэй.
Тэгвэл чухам ямар торх 100 мянган жилийн элэгдэл хорогдлыг даах вэ? Германд хэдхэн 10 жил болсон бага хэмжээний цацраг идэвхтэй бодисыг давсны хуучин уурхайд булшилсан нь торхоо идэж зэврүүлээд хөрсөнд нэвчсэн тохиолдол гарсан. Германчууд өмнө нь ийм зүйлтэй тулгарч байгаагүй тул яахаа мэдэхгүй харзнаж байгаа. Ядахдаа практик сэтгэлгээтэй хүмүүс болохоор өндөр үнэтэй байгууламж барилгүй уурхайн гүнд орхисон нь асуудлыг улам хүндрүүлж байна.
Монголчуудыг ч бас үнэтэй технологиор цөмийн хаягдлын байгууламж барина гэдэгт хэн ч итгэхгүй. Цөмийн хаягдал шингэн, хуурай, ямар ч хэлбэртэй байж болно. Хор нэвчиж гүний ус, байгаль орчныг хордуулж, агаар мандалд ууршиж, бороо болж ороход Монголчуудад битгий хэл аюул заналхийлж, Монгол улс оршин тогтнох эсэх асуудал тавигдана.
5) Цөмийн хаягдлын тээвэрлэлт хүртэл осол (бас өртөг) ихтэй.
Монголд ийм цөмийн хаягдлын агуулах байгуулах аваас тийшээ байнга аюулт ачаа тээвэрлэж байна. Тээвэрлэх замд орчин тойрондоо нэвчээн шингээж буй хорт цацрагийн асуудлыг бүр орхие. Тээвэрлэлт нь өөрөө маш аюултай үйл явч юм байна.
Манайхаас хавьгүй өндөр хөгжилтэй АНУ гэхэд 300 удаагийн тээвэрлэлтэд дунджаар 1 удаагийн осол гарч, цөмийн хаягдал асгарч задардаг гэж Якка ууланд байгууламж барихыг эсэргүүцэгч бүлгийхэн мэдэгджээ. Харин нэг удаагийн хаягдал түлш асгарсан ослын үр дагаврыг залруулахад дор хаяж 6 тэрбум ам. доллар шаардагддаг. Бидэнд тийм мөнгө, бас ийм өндөр эрсдэл хүлээх шаардлага байна уу?
6) Монголд АЦС барих нь эдийн засгийн үр ашиггүй, бас хүн хүчний хувьд бэлтгэгдээгүй тул эртэдсэн асуудал.
Энэ үгийг “Дуусдаггүй яриа–Цөмийн хаягдал” нэвтрүүлгийн үеэр А. Ундраагийн хэлсэн тул түүнд энэ удаа гүнээ талархья. АЦС барихыг уриалж байгаа нь хулганы анд их буутай гарахыг санагдуулж байна. Монгол улс эрчим хүчнийхээ ердөө л 4 хувийг гаднаас импортолдог гэж уншиж байсан.
Ямар ч байлаа гэсэн асар их нүүрсний баялаг байхад түүгээрээ хөдөө орон нутагт дулааны цахилгаан станцуудыг барих, ажиллуулах мэргэжлийн хүн хүч, арга туршлага байхгүй, өртөг зардал асар өндөр, эрчим үхч үйлдвэрлэсэн ч эдийн засгийн үр ашиггүй төдийгүй аюул осол гарах магадлал өндөртэй, улс орны ирээдүйн аюулгүй байдлын хувьд ч илүү эрсдэлтэй.
7) Цөмийн хаягдал бол баялаг БИШ, хэн ч авахыг хүсдэггүй хамгийн адгийн хортой хог шаар.
АЦС барихаар хурдавчилж байгаагийн учир нь гэвэл түүгээр далимдуулан гадны цөмийн хаягдлыг эрээд олдошгүй алт эрдэнэс, баялаг хэмээн оруулж ирэхийг санаархаж байна. Саяхны АНУ-ын Конгрессийн дэргэдэх Судалгааны үйлчилгээнээс гаргасан тайланд цөмийн хаягдал гэлгүй өөр нэрээр нэрлэчихвэл цөмийн хаягдлыг Монгол нутагт булшлах боломжтой гэж зарим шинжээчид үзэж байгааг дурьдсан байсан.
Тэгвэл ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч А. Ундраа ТВ-ийн нэвтрүүлэгт оролцохдоо “цөмийн хаягдал гэхгүй баялаг ч гэж болно” гэж байсан. Баялаг ч байж болно, тэгвэл яагаад улс орнууд өөрийн баялгаасаа сайн дураараа татгалзаад гадагш явуулах гэж чармайж байна вэ? Яагаад тэр баялгийг нь бусад улс орнууд авахаас халгаад, эсэргүүцээд байнаа? Жогорхой ч гэсэн ялгадас ч гэсэн утга, үнэр ижил биш үү?
Цөмийн хаягдлыг дахин боловсруулах аюулгүй технологи олон улсад байхгүй.
Зарим хүмүүсийн “баялаг” гэх тэр цөмийн балгийг чадан ядан дахин боловсруулсан ч дахиад л асар их цөмийн хаягдал гардаг, бас гарсан түлш нь дэндүү үнэтэй тул эдийн засгийн хувьд алдагдалтай гэдгийг цөмийн энергээр эрчим хүчнийхээ 80 хувийг хангадаг Франц улсад хийгдсэн судалгаагаар нотлогджээ. Тиймээс ч аль ч улс орон ашигласан түлшээ боловсруулалгүй хаяж булшлахыг илүүд үздэг.
Ядахдаа дэлхий дахинд хаягдал түлш дахин боловсруулах аюулгүй технологи хараахан алга. Байдаг байсан бол улс орнууд өөрсдөө тэр баялгаа дахин боловсруулаад байна биз дээ? Эрдэмтдийн үзэж байгаагаар бол тийм технологи 50-10 жилдээ гарахгүй гэх, харин академич Б. Чадраа бол 10 жилдээ гарна гэж дахин дахин эндүүрэх юм (бодвол нөгөө капитализмыг алгасч гэдэг шиг юм бодсон бололтой).
Францчууд асар их цөмийн хаягдлаа дахин боловсруулж ашиглахын оронд түүнийгээ ОХУ мэтийн авилгалд идэгдсэн улсууд руу ухаж сэмхэн булшлуулахаар шахчихаад, Нигер мэтийн ядуу орнуудыг молигодож, байгалийн ураныг нь аваад үхлийн тоосонцор, радон хий ялгаруулсан уурхайг нь үлдээдэг нь үнэн. Монголд ч бас Францын цөмийн салбарын хаан Арева компани ирчихээд байгаа биз дээ?
9) Цөмийн хаягдлыг ХОРГҮЙ гэж тархи угааxaap хөөцөлдөж байна.
Сүүлийн үед цөмийн хаягдлын хамтаар 2.7 сая иргэнээ ирээдүй хойчтой нь булшилчихаад хармаагаа түнтийлгэх гэсэн бузар шуналтнуудын худал ухуулга сурталчилгаа, тархи угаалт хирээс хэтэрч байна.
Тэдний дунд АЦС, цөмийн хаягдлыг сар бүр сурталчилж, зөв буруу ярьдаг академич Б. Чадраа ( ярьсан зүйлээ дараачийн ярилцлагандаа үгүйсгэдгийн баримт нотолгоо бий), цөмийн хаягдал Монголчуудад хоргүй гэж байнга хошгируулдаг УИХ-ын гишүүн доктор цолтой О. Чулуунбат (харин Монгол бус хүмүүст бол үхлийн хортой нь дээр батлагдсан шүү дээ), түүнчлэн бусад АЦС барихыг шавдуулагчид нь (Б. Чадраа, УИХ-ын гишүүн Л. Гантөмөр, МонАтомын дэд захирал Г. Цогтсайхан гэх мэт) АЦС барихыг эгээтэй л социалист уралдаан мэт үзэж “нөгөө муу Бангладеш хүртэл барих гээд байна шүү, шалавлаарай”, эсвэл “нэгэнт ОХУ бас Хятад хилээ дагуулаад АЦС барьж байгаа юм чинь манайхан ч барихад гэмгүй” хэмээн ухуулж, АЦС барьвал эдийн засгийн үсрэлттэй хөгжил дэвшил, ажлын байр, нийгмийн хөгжил цэцэглэлтийг амлаж байна.
Цөмийн энэ бизнест гар бие нь улам тодорхой болж байна.
Гарцаагүй үнэнд гүйцэгдэхээрээ “Энэ бол Орос Хятадын явууллага” эсвэл “биднийг Майничи, Ройтерс, СНН, бас BBC үндэслэлгүй гүтгэж байна” гэж жүжиг тавьдаг, тэд нар. Үнэхээр гүтгэсэн бол шүүхэд өгчих гэхээр таг чимээгүй болчихдог нь ч үнэн.
Хүч тэнцвэргүй энэ тэмцэлд нэг талаас golomt.org, түүнийг уншигч, дэмжигч цөөн хэдэн хүмүүс Монголчууддаа үнэн мөнийг хүргэх, цөмийн аюулыг сонордуулах гэж зүтгэж байхад нөгөө талаас хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг гартаа авсан эрх баригчид өргөн фронтоор давшилж байна. Энэ талаар ярьсан хэлсэн бүгдийг элдэв хэл амаар доромжлох, заналхийлэн сүрдүүлэх, нэр хүндийг нь гутаах, мэдээллийг хаах арга хэмжээг эрх баригчид шуурхай авч байгаа.
Тэдэнд хандаж хэлэхэд Монгол улсынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй, шударга үнэнийг олон түмэндээ хүргэх гэсэн хүмүүсийг та нар яах юм бэ? Чин сэтгэлийн дуудлагаар, сайн дураараа хийж байгаа болохоор бидэнд алт мөнгө, албан тушаал амлаад ч зогсоохгүй. Монголд байсан бол “Гал Үндэстнийхэн” шиг, Анодын Даваа шиг шалтаглан шоронд хатаах байсан бизээ. Гадаадад суугаа Монголчуудаа та нар яах юм, нөгөө хүч хэрэглэн мансууруулж, хил давуулдаг хуучин аргаа хэрэглэх үү?
Дашрамд хэлэхэд, Амарлин миний бичсэн нийтлэлийг сонин хэвлэлд гаргаж олон нийтэд хүргэхийг хүссэн, зөвлөсөн сэтгэгдэл олон байдаг. Тэдэнд хандаагүй биш хандсан. Гэвч аль нь ч авч нийтлээгүй гэдгээс чухам хэн нь хэний гар хөл вэ гэдэг уншигчдад ойлгогдох буй заа.
Монголчуудаа, та бүхэн мэргэн ухаандаа дахин сайн болгоогтун. Таагүй мэдээ бүхнийг үгүйсгэж, үл итгэсэн, эргэлзсэн байдалтайгаар угтдаг эсвэл босье тэмцье гэсэн уриалга бичээд тайвширдаг идэвх султай энэ араншин биднийг МӨХӨЛ рүү хөтөлж байна. Өвөг дээдэс, эзэн Чингис, хил залгасан хоёр хөрш, бас далайн чанад дахь гуравдагч хөрш, төрийн тэргүүндээ ч найдаад хэрэггүй ! Зөвхөн өөрийн эрүүл саруул ухаанд, эргэцүүлэн бодох чадвар, өөрийн эрх ашгийн төлөө тэмцэх хүч чадалд итгэж амьдар.
Бидэнд БИДНЭЭС өөр туслах хүн ганц ч байхгүй.
Өнөөдөр л ТА өөрийнхөө, үр хүүхдийнхээ, бас ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө дуугарахгүй юм бол наадаж цэнгэж явах хойгуур хашаанд чинь цөмийн хаягдлаа булчихсан байх вий дээ. Энэ жилийн баяр наадам явдгаараа яваад дуусч л таараа, харин Монгол улс, Монголчууд ирээдүйд хэдэн удаа наадах вэ гэдэг асуудлыг зөвхөн ТАНААС шалтгаална.
Монголд цөмийн хаягдал булшлахын эсрэг дуу хоолойгоо өргөх чин хүсэлтэй хүмүүсийг Facebook дээр нээсэн Anti Nuclear Movement Mongolia группт нэгдэхийг урьж байна. Бид ард түмнийг хүчирхийлэлд уриалаагүй, харин бид бүхний ирээдүй хойчтой холбоотой энэ чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцох эрхээ эдлэхийг хүсч байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment