9/10/11
Бөх, буур хоёр
Болсон явдал
Нэг мянга есөн зуун арваад оны үед Дөрвөд далай Хааны хошуунд Юмчин гэдэг бөх ид барилдаж байсан байна.
Ачит бөх мөрөний гол өвс ургамал ихтэй олон түмэнд бод бог мал ямар ч үед онд мэнд ордог өлзийтэй нутаг гэж эрт дээр үеэс алдартай. Чандманий хүрээний /Улаангом/ жасын тэмээн сүрэг ачит Бөхмөрөний голд өвөлжиж байжээ. Равдан гэдэг ганц бие өвгөн гэлэн сүргийг малладаг. Тэр сүрэгт өвлийн улиралд толгой дээрээ улаан залаатай хэцүү бор буурнаас тэр нутгийн хүмүүс, тэр ч байтугай тэмээчин ч айж, холоос дурандаж сүргээ бүртгэнэ. Тэр үед /хааны зарлигтай улаан залаатай бууранд осолдвол амины хохь болж байсан гэдэг/ нэг өглөө Равдан гуай Цахиур толгой дээр суугаад сундаг шар дурангаа сунгаж сүргээ бүртгэж суутал Хөндийн амны их замаар цагаан морьтой хүн ороод иржээ. Цагаан морьтой хүн сүргийн дээхнүүр ороод ирж хар буур ч үзээд л том том харгана дээр унаж босоод л шавж шавдаж байснаа эрүүгээ газар хүргээд л цагаан морьтой хүн рүү дайрлаа. Равдан гэлэн бүр ч тэвдэв. Морьтой хүн маань буугаад морио харганаас уяад нэг том харганы хажууд зогсож буурч эрчээрээ хүрээд очиж, хоёулаа зөрөлдөх шиг болсноо том харганын хажууд буурны дөрвөн хөл сарваганаад байв. Удсан ч үгүй хүн буур хоёр босоод яваад өгчээ. Равдан гэлэн гайхахын ихээр гайхаж, нэгэнт буур амьд мэнд гарсан болохоор сэтгэл тайван харьжээ.
Равдан гуай гурав хоноод л Цахиур толгой дээрээс дурандсан чинь сүрэг нь нэлээд наашилж ирсэн байна гэнэ. Хар буур нь сүргээсээ холхон зогсож хошуун дээр нь их цацаг мөчиртэй мод ургачихсан юм шиг сэрвийгээд, тэр нь цан хүүрэг болоод жигтэйхэн юм харагджээ. Гэлэн дэрс хулсан дундуур нуугдан гүйж дөхөж очоод харахад хошуун дээр нь цан хүүрэг болсон олон салаа мөчиртэй мод сэрвийж байна гэнэ.
Равдан гуай ч айх гайхах хоёр зэрэгцэж, тэр чигээрээ гүйж саахалтын айлуудад хэлж, сураглавал Бөх Юмчин тэр замаар явж өнгөрсөн дуулдав.
Өвгөн Гэлэнгийнд өглөө нь нэг хүн ороод ирсэн нь бөх Юмчин байв. Равдан гэлэн баярлахын ихээр баярлав. Гэлэн вандан хадаг шар чихрийн хамтаар барьж, буурын хошуун дээр байгаа модыг салгаж өгөхийг гуйв.
Юмчин жасын хар буур жасын хар буур л гэдэг юмгүй юм байх чинь билээ. Замд саад болоод байхаар нь дарж байгаад, нэг харгана сугалж аваад дээд доод хоёр уруулы нь давхар шорлоод тавьчихсан юм, яахав одоо аваад өгье л дээ гэжээ.
Юмчин цагаан мориндоо Равдан гуайг сундалж сүргийн захад ирэхэд, хар буур дайрах байтугай зугатаагаад ойртохгүй байв. Юмчин бугуйлдаж барин тонгорч унагаад дал хүзүүн дээр нь өвдөглөж байгаад харганы нь сугалж аваад, босгосон чинь буур эргэн эргэн харсаар ижил рүүгээ оджээ. Жасын хар буур сүртэй ч тэнхээтэй ч бөх Оноон хөх Юмчингийн нэг гуяны тэнхээнд хүрэхгүй юм байна гэж хэлчихээд яваад өгчээ. Төмөрийн Юмчин одоогийн Увс аймгийн Түргэн сумын хүн юм.
Ангилал
Үндэсний бөх
Subscribe to:
Post Comments (Atom)
1 Сэтгэгдэл:
unen huchtee hun bjee
Post a Comment