9/10/11
Өчигдөр Улаанбаатарчуудыг сандаргасан аймшигт хэрэг боллоо
“Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины хэрэг гарлаа” гэсэн мэдээлэл манай сонины редакцид өчигдөр 10:00 цагийн орчимд ирсэн юм.
Бид мэдээллийн мөрөөр хэргийн газарт очиход тагнуул, цагдаагийнхан хамгаалалтад гарсан байв.
Хэрэг Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр МУИС-ийн харьяа Эдийн засгийн их сургуулийн ойролцоо компьютер тоглоомын газарт гарчээ. Эх сурвалжийн мэдээллээр тус тоглоомын газарт нэг залуу найзыгаа буудан хөнөөж, улмаар өөрийнхөө амь насыг егүүтгэсэн байна.
Хэргийн газарт юу болсон талаар цаг тутмынх нь мэдээллийг хүргэе.
10:10 цаг: Биднийг очиход тоглоомын газрын үүдийг тусгайгийнхан нээгээд удаагүй, цагдаа нар үзлэг хийж байсан юм. Тухайн газраас өмхий үнэртэж байсан, хажуугаар өнгөрөх иргэд ам хамраа таглаж байснаас харахад хэрэг гараад хэд хоносон гэх таамгийг төрүүлж байлаа.
Энэ үед 00-44 улсын дугаартай цагаан өнгийн машин ирж хэрэг гарсан газраас ямар нэг юм ачаад явжээ. Хүн амины хэрэг гарсан интернэт тоглоомын газар нь олны хөлийн газарт байрладаг юм билээ. Хажуу талдаа цайны олон газар, бичиг хэргийн дэлгүүртэй.
Цайны газрын эх сурвалж ярихдаа “Энд хүн амины хэрэг гарсан гэсэн. Тоглоомын газрын урд нь зогсч буй машин эзнийх нь. Энд машинаа тавиад хоёр хонож байгаа юм. Нэгнийгээ буудаж өөрийгөө хөнөөсөн гэнэ лээ. Эзэн нь гээд нэг залуу байдаг. Тэр л өөрийгөө буудсан юм шиг байна” гэв.
Харин өөр нэг хүн хэлэхдээ “Энэ тоглоомын газар зөвшөөрөлгүй байсан учраас ажиллахгүй хоёр cap гаруй болж байна. Гэтэл өнөө өглөө ирсэн чинь хэрэг гарчихсан гээд бөөн юм болчихжээ. Нарийн учрыг нь мэдэхгүй байна” гэлээ.
Түүнчлэн зарим иргэдийн хэлж буйгаар хэрэг гараад удсан байх магадлалтай аж. Учир нь тоглоомын газрын эзнийх гэх цагаан өнгөтэй машин байрнаасаа хоёр хоног хөдлөөгүй гэнэ. Харин хамгаалалтад гарсан цагдаагийн албан хаагч “Хэрэг гараагүй. Биднийг зүгээр л хамгаалалтад зогс гэсэн. Хэсэг байж байгаад хамгаалалт солигдож байгаа” хэмээлээ.
11:00 цаг: Энэ үеэр хэргийн газарт үзлэг хийгдэхээсээ илүү ойр орчмын иргэдээс байцаалт авч байсан юм. Юу болсныг мэдэх гэж сонирхон зогсох иргэдийг цагдаагийнхан явахыг шаардаж байв. Мөн гар утас болон аппаратаар зураг авахуулахгүй устгуулж байлаа.
11:30 цаг: Хэргийн газарт байсан тусгайгийнхан явж, харин энгийн хувцастай мөрдөгчид ойр орчимд тандалт хийж байлаа. Хэрэг гарсан газрын өмнөх талбайд “Nissan Sunny” маркийн 11-40 УБО улсын дугаартай цагаан өнгийн машин зогсч байгаа харагдсан. Уг машин интернэт тоглоомын газрын эзнийх аж. Цагдаагийнхан машиныг ч хамгаалалтад авсан харагдав.
Хэргийн газарт байсан эх сурвалж “Өглөө баг зүүсэн, хар хувцастай тусгайгийн хүмүүс ирчихсэн байсан. Тэд тоглоомын газрын хаалгыг эвдэж орсон. Тэгээд цагаан өнгийн машин тулгаж тавиад нэг юм ачаад явчихсан. Бодвол хүн байх. Цагдаа нар ойр хавийн хүмүүсээс юу болсон талаар асууж байсан” гэв. Энгийн хувцастай эрүүгийн цагдаагийнхан болон тагнуулын алба хаагчид ойр хавийн үйлчилгээний газрын ажилчдаас байцаалт авсаар байлаа.
Байцаалт өгөхөөс залхсан тэд “Ямар хэцүү юм бэ. Энэ интернэт тоглоомын газар шөнө оройн цагаар ажиллаад л хөл хөдөлгөөн ихтэй байсан. Ихэнхдээ залуучууд цугласан харагддаг. Ахиж байцаалт өгмөөргүй байна” гэсэн. Зарим нь хошигнож мэдээлэл авмаар байгаа бол мөнгө төлнө биз гэх нь сонсогдов.
12:00 цаг: Энэ үед хэргийн газарт хэвлэл мэдээллийнхэн ирцгээсэн юм. Хамгаалалтад гарч байсан цагдаагийнхан мэдээлэл өгөхөөс татгалзаж байв. Цагдаагийнхан хэргийн газрын зургийг авч баримтжуулж байсан. Хэргийн газарт цогцос ачдаг “УАЗ-469″ маркийн автомашин ирсэн юм.
Энэ үеэр тоглоомын газарт шинжээчид ажилласаар л байлаа. Харин бидэнд олдсон мэдээллээр бол тус тоглоомын газрыг ажиллуулдаг байсан 20-25 орчим насны залуу өөрийнхөө найзын амийг хөнөөж, улмаар өөрийгөө буудсан байна.
Хэрэг гарах үед тусгай албаныхан ирж тоглоомын газрын үүдийг эвдэж оржээ. Өөрийгөө хөнөөсөн гэх залуу өчигдөр өглөөний 08:30 цагийн орчимд дотны найзынхаа гар утас руу “Би найзыгаа буудчихлаа” хэмээн захидал илгээсэн болохыг зарим эх сурвалж хэлж байна.
13:00 цаг: Өөрийнхөө нэрийг үл хэлсэн нэгэн “Энд өглөө тусгайгийнхан ирж хаалгыг нь онгойлгосон. Наад тоглоомын газар чинь ажилладаггүй байсан юм. Ер нь л хөл ихтэй газар даа. Орой болохоор залуучууд ирээд үүдийг нь нүдэж байгаад дотогш ордог. Энэ тоглоомын газар дотороо их том зайтай” хэмээв.
Энэ үед хэргийн газарт талийгаачийн ар гэрийнхэн ирлээ. Өөрийгөө талийгаачийн эгч хэмээн танилцуулсан 30-35 орчим насны эмэгтэй дотогш орохыг гуйж “Миний дүү дотор байгаа. Би ормоор байна” гэлээ. Түүнтэй хамт хоёр эмэгтэй явж байсан. Тэд хоорондоо “Мөн үү. Яанаа” хэмээн уйлалдаж харагдав. Уг тоглоомын газрыг одоогоос хоёр жилийн өмнө худалдаж авчээ. Өмнө нь тус байранд ресторан ажилладаг байж. Харин сүүлийн хоёр сард интернэт тоглоомын газар ажиллахгүй болжээ. Учир нь Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл олгоогүй аж.
14:00 цаг: Хэвлэл мэдээллийнхэн хэргийн газарт байсаар, харин цагдаагийнхан хүний хөл татрахыг хүлээж байсан юм. Учир нь тэд тухайн газраас цогцсыг авч явахаар хүлээж байлаа.
15:40 цаг: Энэ үед хэргийн газарт 56-60 УБП улсын дугаартай эмнэлгийн машин ирсэн юм. Цагдаагийнхан машиныг тоглоомын газрын үүдэнд тулгаж, улмаар бүтээлгээр хааж байгаад талийгаачдын цогцсыг ачлаа. Машинд хоёр цогцос ачив.
Өчигдөр гарсан хүн амины хэргийн талаар эх сурвалжууд янз бүрийн мэдээлэл өгч байна. Зарим нь нэгэн эмэгтэй найз залуугаа буудаж амийг нь егүүтгэсэн гэж байв. Харин оршин суугчид тоглоомын газрын эзэн нь залуу хүн, тэгэхээр найзуудтайгаа PC тоглож байгаад л нэгнийхээ аминд хүрсэн байх гэлцэв.
Гэхдээ уг гэмт хэрэг өчигдөр бус хэдэн өдрийн өмнө гарсан болохыг эх сурвалж мэдээллээ. Гэмт этгээд нь найзыгаа ангийн буугаар буудаж хөнөөгөөд, өөрийгөө буудсан бололтой. Баттай эх сурвалжийн хэлснээр талийгаачийн биед нэг бус хэд хэдэн бууны шарх байсан аж.
Бид албаны эх сурвалжаас хэргийн талаар тодруулахад “Энэ хэрэг хэзээ гарсан нь тодорхойгүй байна. Хохирогчдын нэг нь хэд хоногийн өмнө хамгийн сайн найзынхаа утас руу ярьсан. Дараа нь мессежээр “Би хүн алчихлаа” гэж хэлсэн байгаа. Тухайн үед найз нь итгэхгүй байсан юм билээ.
Ингээд хэд хоног сураггүй байхаар нь найзынхаа үгийг үнэний ортой байж мэднэ гээд цагдаад мэдэгдсэн байгаа. Хэргийн газарт цагдаагийн албан хаагчдыг ороход наад талын өрөөнд нэг, цаад талд нь буудуулж үхсэн байх магадлалтай бас нэг цогцос байсан. Хэргийг шалгаж байгаа болохоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
ТАЛИЙГААЧИД ХЭН БАЙВ
Интернэт тоглоомын төвийг ажиллуулдаг эзэн нь гэх залууг Галбадрахын Цогт-Очир гэдэг аж. Тэрээр 1988 оны тавдугаар сарын 12-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төржээ.
Г.Цогт-Очир нь эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байранд амьдардаг байж. Нас барахаасаа өмнө буюу энэ сарын 5-ны өдрийн 15:00 цагийн орчим гэрээсээ гараад эргэж ирээгүй гэнэ. Гэрээсээ гарахдаа 16:00 цаг гэхэд эргээд ирнэ. Санаа зоволтгүй хэмээгээд явжээ.
Хэргийн газарт байсан “Nissan Sunny” маркийн 11-40 УБО улсын дугаартай цагаан өнгийн машин талийгаачийн нэр дээр байсныг эх сурвалж хэлж байна. Тэрээр одоогоос хоёр сарын өмнө автомашинаа “Бичил глобус” компаниас лизингээр авчээ. Улмаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд лизингийн мөнгөө төлж чадаагүй байсан гэнэ.
Түүнчлэн тэрээр PC тоглоомын газраа ажиллуулахгүй хоёр cap гаруй болж байгаа аж. Баттай эх сурвалжийн мэдээллээр тоглоомын төв ажиллуулж байсан байрныхаа мөнгийг СӨХ-д өгөөгүй байжээ. Зөвшөөрөлгүйн улмаас ажиллаж чадахгүй байсан РС тоглоомын газар шөнийн цагаар нууцаар ажилладаг байсныг оршин суугчид ярьж байна.
Харин нөгөөх талийгаач нь 30 орчим насны эрэгтэй байсан аж. Тэд нэгнийгээ ангийн буугаар буудсан болох нь тогтоогдоод байгаа гэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment