9/11/11

С.Мөнхбат: Миний амжилтын нууц бол “Өөртөө итгэх итгэл”


Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Монголросцветмет" нэгдэл, “Уурхайчин” клубын бөх улсын харцага С.Мөнхбат түрүүлж Монгол Улсын аварга болсон. Бөхөд дуртай монгол түмний бахархал болоод буй шинэхэн аваргын гэрт зочлон түүнтэй ярилцлага хийх аз тохиосон юм. Эгэлхэн нэгэн залуу гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, монгол бөхөө шүтэн дээдэлсэн шүтээнтэй сайхан айл ажээ.
-Манай сайтын “Амжилтын нууц” булангийн анхны зочин болон уригдсанд талархал илэрхийлэхийн ялдамд “Таны амжилтын нууц юу вэ?” гэдэг асуултаар ярилцлагаа эхлүүлмээр санагдлаа.
-Баярлалаа. Наадамд зодоглож байгаа бүх л бөхчүүд Улсын цол авна, цолоо ахиулна, түрүүлнэ гэж зодоглодог. Бүгд яг л адилхан бэлтгэлээ базаацгаадаг учраас хэн ч амжилт гаргаж болно. Миний хувь амжилтын нууц  “Өөртөө итгэх итгэл” юм уу даа.
-Үндэсний бөхөөр хэдэн жил хичээллэж байна. Амжилтанд хүрсэн хүн бүхэнд бахархах, үлгэрлэн дууриах хэн нэгэн байдаг даа. Таны хувьд даган дууриах сайн бөх байсан уу? Бөх болох гараагаа хэзээ анх эхлүүлсэн бэ?
-Миний хувьд анх хөлд орсон цагаасаа л бөх барилдаж эхэлсэн гэхэд болно. Хөдөө өссөн болохоор тухайн үед мэдээлэл хомс хэн нэгнийг дуурайх, шүтэх гэдгийг мэдэхгүй өссөн болохоор харж бахархах том бөхчүүдийг харж байгаагүй. Миний аав сум орон нутагтаа барилддаг байсан ч хүүхэд байсан болохоор сайн санадаггүй. Би чинь дээрээ нэг эгчтэй, доороо гурван эрэгтэй дүүтэй өнөр айлын хүүхэд. Аав минь бөхөд дуртай болохоор хүүхдүүдээ хооронд нь барилдуулж, ноцолдуулдаг  байсан. Зүгээр л өөрийнхөө сонирхолоор үеийнхээ хүүхдүүдтэй барилдаж, ноцолдож явсаар бөхөд дуртай болсон доо.
-Хүүхдүүдтэй барилдаж байхдаа ихэвчлэн давдаг бөх байсан уу, унадаг бөх байсан уу?
-Унаж, давж л байлаа.
-Хүн бүр ямар нэгэн амьдралын замыг сонгоход тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх хүчин зүйл байдаг даа. Таны хувьд бөх болно гэсэн чин хүсэл яг хэзээнээс эхэлсэн бэ?
-Монгол бөхөөр хичээллэж, тууштай хөдөлмөрлөх хүсэл яг анх 2004 онд төрсөн гэж болно. Тухайн үед Хилийн цэргийн дээд сургууль, Техникийн их сургуулиудаас гарч Х.Баянмөнх аваргын “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсэн орсон. Энэ цаг үеэс л миний бөх болох чин хүсэл амьдралын замнал жинхэнэ утгаараа эхэлсэн гэхэд болно.
-2007 онд “Шонхор” дээд сургуулийн төгсөлтийн үдэшлэг дээр очиж байсан юм. Тухайн үед таныг нэг эмэгтэй оюутантай төгсөлтийн хонх жингэнүүлж байсныг санаж байна. Та сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэг байсан уу?
-Хамгийн шилдэг нь гэхгүй ч миний хувьд сургууль төгсөхдөө аймгийн арслан цолтой, сургуулийн нэрэмжит барилдаанд хэд хэд түрүүлсэн, Увс аймгийн шилдэг оюутан болох зэргээр амжилтаар дүүрэн байсан нь нөлөөлсөн юм болов уу.
-Монголросцветмет нэгдэлтэй хэзээнээс хамтран ажилладаг  болсон бэ? Энэ түүхээ эргэн дурсвал
-2006 оны есдүгээр сард Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Нямдорж гуай "Монголросцветмет" компанид найзын маань хамт дагуулж очиж байсан. “Энэ хоёр залуу бөхийг дэмжээд, туслаад хамтран ажиллаарай” хэмээн анх санал тавьсанаас хойш эдүгээг хүртэл зургаан жил орчим компанийхаа нэр дээр  барилдаж байна. Миний хувьд маш өгөөжтэй компани. Учир нь хамтран ажиллах болсон тэр цагаас эхлэн жил  бүр цолоо ахиулж байна.
-Энэ жилийн наадмын бэлтгэлд танай галд хэдэн бөх гарсан бэ? Хамт бэлтгэлд гарсан бөхчүүдээс “За энэ жил тэр сайн байна сайн барилдах байх”гэж бодож харж байсан бөхчүүд байгаа биз дээ.
- Байлгүй яах уу Энэ жил манай бөхийн галд 60 гаруй бөх  гарсан. Улсын цолтой бөхчүүдээс Ганбаа ах, Бат-орших, Бямбажав, аймгийн цолтой бөхчүүдээс Бүрэнтөгс, Гантулга, Баруунтүрүүний Ганзориг нарын олон сайхан бөхчүүдийн бэлтгэл маш сайн байсан сайн ч барилдана гэж бодож байсан.
- Аварга болно гэсэн итгэл өөрт чинь хэр байсан бэ?
-Бэлтгэлийн бүх л хугацаанд өөрийгөө аварга болно хэмээн итгүүлж, тэр чинээгээрээ бэлтгэлээ сайн базаасан даа. Ер нь бол  бөхчүүд бүгдээрээ л цолоо ахиулна, аварга болно гэсэн итгэлээр бэлтгэлээ базааж наадамдаа бэлддэг .
-Аварга цолыг авсан анхны сэтгэгдэл,  аварга болсоноос хойш хүмүүсийн хандах хандлага  өөрчлөгдсөн үү ?
-Мэдээж тухайн үед маш их баяртай сайхан байлгүй яахав. Олон аавын хүүхдүүд эр бяраа үзэж, уран мэхийг уралдуулан барилдаж байхад түрүүлнэ гэдэг азтай хэрэг. Нөгөө талаар манай нутгаас тэгш ойн жилүүдийн наадмын түрүү бөх тодордог. Түрүү түрүүчийн тэгш ойн жилүүдэд Увсын бөхчүүд сайн барилдаж байсан түүхтэй. Аварга болсоноос хойш хүн бүр л “Аваргаа”  гээд  дуудахаар өөр хүн  дуудаад байгаа ч юм шиг санагдаад өөртөө итгэж өгөхгүй л байна. Хамгийн  гол нь нэгэнт аварга болсон болохоор олны  итгэлийг дааж явах маш том үүрэг хариуцлага ирсэн. Мөн монгол бөхийн ёс заншил, бөхчүүдийнхээ нэр хүндийг өндөрт өргөж явахыг хичээнэ.
-Аварга болоод хамгийн түрүүнд хэнд баярласан бэ?
-Мэдээж гэр бүлийнхэндээ. Аав ээждээ, ханьдаа,  бэлтгэл хийх нөхцөл бололцоог хангаж өгсөн бөхийн Увс нуур галын дарга Дорлигжав, нутгийн зөвлөлийн дарга Чойжилсүрэн, Монголросцветмэт нэгдэл, Хилийн цэргийн удирдах газар, багш  дасгалжуулагч болон найз нөхөддөө л маш их баярлаж байсан даа.
- Дорлигжав гуайг нутгийн бөхчүүддээ маш их анхаарал тавьдаг гэж  дуулдсан.
-Миний мэдэхээр Дорлигжав гуай нутгийн бөхчүүдээ маш сайн дэмжлэг үзүүлдэг.  Түүнийг нэг хэсэг улс төрөөс хөндийрөхөөс өмнө Балжинням аварга түрүүлж байсан. Тэр үед өөр маш олон бөх сайн барилдаж байсан. Улс төрөөс хөндийрсөн цаг үеүүдэд Увс аймгаас Улсын цолтой бөх төрөөгүй. Энэ төрийн түшээдийн амжилт, бөхийн амжилт холбоотой гэж олны ярилцах нь үнэн ч юм шиг санагддаг. Дорлигжав гуай “Увс нуур”  галын дарга болсноос хойш түрүү жилийн наадмын түрүү, өнөө жилийн наадмын түрүү манай галаас тодорсон нь энэ хүний хүчин чармайлт, бөхөө гэсэн сэтгэлийн тод жишээ  гэж би бодож байна. Түүнээс гадна нутгийн зөвлөлийнхний хүчин чармайлт ч их бий.
-Баянаа аварга энэ жил анх удаагаа зүүний магнайд гарч барилдаад зодог тайлсан. Зодог тайлахдаа аваргын нутгийн бөх наадамд түрүүлж аварга болсон нь  их бэлэгшээлтэй зүйл боллоо гэж наадамчин олон дүгнэж байсан. Их аваргын халааг авах бөх төрлөө ч гэж ярьцгааж байсан. Энэ тал дээр таны бодол.
-Наадам эхлэхээс нилээн хэд хоногийн өмнө Баянмөнх аваргатай очиж уулзсан. Тухайн үед наадамд зодоглох талаар юу ч хэлээгүй. Харин наадмын барилдаанд барилдах, хурд хүчээ хэрхэн тааруулах зэргээр зөвлөгөө өгсөн. Аваргын хэлсэн үг, заасан мэх нь амжилттай барилдах урам зориг, амжилтыг дуудсан болов уу. Тиймдээ ч бүр ихээр хичээж барилдсан даа.
-Наадмаас өмнө ээж тань сүү өргөж хүүгээ “Заан” цол авахыг хүсч залбирч байсан гэсэн.
-Тиймээ. Ээж минь сүү өргөөд залбирч байхыг хараад “Та юу гэж сүү өргөж байгаа юм бэ”  гэж асуухад “Хүүгээ заан цол аваасай гэж залбирч байна”гэж хариулсан юм. Тэгэхээр нь “Аварга болоорой” гээд гүйцээгээд сайн залбирчихаа ээжээ гээд тоглоом болгоод өнгөрсөн. Харин эхийн цагаан сүүн цацал үр хүүхэд бидэндээ сайн сайхныг даллан дууддагын тод жишээ энэ байхаа.
-Ганбат арслангийн хувьд харамсалтай барилдаан болсон. Гэхдээ үнэхээрийн булган сүүлтэй арслан болохоо харууллаа. Увс аймгийн тэр дундаа нэг сумын бөхөө араасаа дагуулж төрийн наадмын түрүүг авлаа.
-Үнэхээрийн харамсалтай байлгүй яахав. Ганбат арслан миний хувьд эрхэм хүн, түүнийг дагаж л бөх болсон доо. Анх Ганбаа ахыг дагаж хотод ирээд лифтэнд сууж үзэж байлаа. Гэрт нь зочилоод бүх л юмыг гайхаж, сонирхож явлаа. Ганбат арслантай гадуур явахаар “Заан Ганбат явж байна” гэж хүмүүс хэлээд л, би хамт яваадаа онгироод л явж байсан нь саяхан санагдана. Ганбат арслангийн анхны шавь нь гэж өөрийгөө боддог.
-Үзүүр түрүүнд үлдсэн Эрхэмбаяр начинтай хичнээн удаа барилдаж байсан бэ?
-Бид хоёр дөрвөн удаа барилдаж, гуравт нь давж байсан.
-Энэ жил ямар ч найраа энэ тэр байхгүй, шороогүй сайхан бөх аварга болж түрүүллээ гэж хүмүүс ярилцаж байсан. Ер нь монгол бөх бизнес боллоо ч гэж ярих юм. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Наадмын ногоон дэвжээ минь түшиж аварга хэмээх хүндтэй цолыг хүртсэндээ баяртай байгаа. Улсын цол авч байгаа бөхчүүдээс “энэ ч арай л бишээ” гэсэн бөх харагддаггүй биз дээ. Бүгд л олон жил хөдөлмөрлөж, үнэхээрийн бөхөд сэтгэлээ өгсөн сайхан залуучууд л улсын цол авдаг.  Хэн нэгэн мөнгөтэй, бөхийн спортоор хичээллэж байгаагүй нэгэн улсын цол мөнгөөр авч байсныг би санахгүй байна.
-Таны хувьд барилдахад халширмаар нэг л эв нь таардаггүй бөх байдаг уу?
-Миний хувьд хоёр талын барилдаантай, ямар ч бөхтэй эвийг нь тааруулаад барилдчихдаг учраас халширч байгаагүй. Ер нь бол барилдаан таардаггүй бөх цөөн шүү.
-Бөх хүний гэр бүл гэдэг амжилтанд чухал нөлөө үзүүлдэг гэдэг. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Миний эхнэрийг Сарангэрэл гэдэг.  Бид хүүхэд байхаасаа л бие биенээ мэддэг нэг нутгийн хоёр. Оюутан цагаасаа л үерхэж гэр бүл болсон доо. Одоо бид нэг хөөрхөн охинтой, сайхан амьдарч байна. Хань маань Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн прокурорт нягтлан бодогч хийдэг. Бөх хүний амжилтын нилээдгүй хувьд гэр бүлийн хүн чухал үүрэг гүйцэтгэдэг. Миний хань лам хард үзүүлэх, ном уншуулах, цай сүүнийхээ дээжийг өргөх, эр нөхрийнхөө сүлд хийморийг дээдлэх гээд бүх л тал дээр маш их анхаарал тавьдаг сайн гэрийн эзэгтэй.
-Нууц биш бол хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ? Мэдээж бөх хүн удам залгах хүүтэй болохыг хүсч мөрөөддөг биз дээ.
-Бөх гэлтгүй эр хүн бүр л удам залгах хүүтэй болохыг хүсч мөрөөддөг. Олон хүүхэдтэй болно гэж бодож байгаа ш дээ. Гаргаад л байна даа. /инээв/
-Хэдэн жилийн өмнө цол авсан бөхөд мөнгөн аяга зэргийн шагнал өгдөг байсныг санаж байна. Сүүлийн үед бөхийн бай шагнал их өндөр болсон. Таны хувьд энэ жил ямар шагнал авсан бэ?
- Бүх аймаг цол авсан бөхчүүдээ урамшуулж, өндөр бай шагнал өгдөг болсноор монгол бөх улам бүр өргөжин тэлж хөгжиж байгаа гэж би боддог. Миний хувьд энэ жил нутгийн зөвлөлөөс Lexus 570 автомашинаар шагнасан. Хилийн цэргийн удирдах газраас дөрвөн өрөө байрны батламж гардуулсан. Энэ дашрамд танай сайтаар  дамжуулан Хилийн цэргийн нийт хилчид, ногоон мөрдөстөнгүүддээ бүгдэд нь баярын мэнд хүргэе. Та нарын дундаас улсын наадмын аварга бөх тодорсон нь та бүхний минь хайр хүндэтгэлийн үр шим шүү гэж хэлмээр байна. Хүүхэд байхаасаа л Увс аймгийн Хилийн цэргийн  0311 дүгээр ангийн нэр дээр барилдаж байлаа. Энэ байгууллагатай хувь заяагаа холбосондоо баяртай байдаг.
-Нутгийн зөвлөлөөс гардуулсан машиных нь шилийг хагарсан гэж дуулдсан.
-Бөхөө хүндэлдэг монгол түмэн минь сэтгэл хөдлөлдөө автан надад баяр хүргэж мэндчилж байх явцад цонхны шил хагарсан. Гэхдээ монголчууд ямар нэгэн шил шаазан хагарахад билэгшээдэг биз дээ.
-Бөхчүүдийг нутгийн уулс нь наадамд дагаж ирдэг хэмээн хөгшчүүл хуучилдаг. Өсөж төрсөн нутгийнхаа тухай сонирхуулаач?
-Би Увс аймгийн  Баруунтуруун сумын Хужирт гэдэг газар төрсөн. Жил бүр төрсөн бууцан дээрээ очиж, эрч хүч энергиэ авдаг. Манай нутгийн байгалийн тогтоц их сайхан. Урдуураа хангай хойгуураа говьтой,  сумын төв хэсгээр тариалангийн тал газартай. Баруунтуруу суманд маань сангийн аж ахуй анх байгуулагдаж байсан түүхтэй сайхан нутаг. Манай нутгаас олон сайхан бөхчүүд, эрдэмтэд , гавъяат, алдартнууд төрсөн байдаг.
-Монголчууд сүүлийн жилүүдэд аймаг, сум орон нутгаараа их талцах болсон. Сүүлийн хоёр жил наадмын түрүү бөх танай нутгаас төрсөн нь энэ асуудлыг улам ч дэвэргэж байх  шиг.
-Бидний цөөхөн монголчууд ингэж талцахыг би сайн зүйл гэж боддоггүй. Бид бүгдээрээ л монголчууд. Гэхдээ нутаг орноо дэмжих, илүү хандаж байгааг буруутгах аргагүй л дээ.
-Энэ жилийн наадмын барилдааны долоогийн даваанд Улсын харцага Ц.Содномдорж улсын заан Ч.Санжаадамба нарын маргаантай асуудал үзэгчдийг нилээдгүй чилээсэн. Энэ үеэр үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай болж хэмээн иргэд ярьж байсан. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Би бөх хүн. Барилдааны дүрмэнд юу гэж заасан тэр дагуу л барилдана. Миний хувьд бөхийн холбоо жаахан дутуу ажиллаад байна уу даа гэж бодогддог тал бий. Долоогийн давааны хувьд бичлэг дахин үзүүлж асуудал шийдэхийг иргэд хүсч байсан ч дүрмийн дагуу бичлэг үзүүлэх боломжгүй.  Наадам бол наадам. Нэг нь унаж, нэг нь давдаг нь бөхийн ёс юм даа. Ирэх жилийн наадмаар илүү сайн бэлтгэлээ базааж, хичээж барилдан аль аль нь цолоо ахиулна биз дээ.
-Наадамд гурван даваатай, Найранд гурван дуутай гэж монголчууд ярьдаг даа. Та хэр сайн дуучин бэ?
-Тааруухан даа. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд караокед ороод дуулчихнаа. /инээв/
-Саяхан Монгол наадмыг ЮНЭСКО-д бүртгэж авсан. Өнгөрсөн онд Хятадууд монгол наадмыг өөрийн нэрээр бүртгүүлсэн талаар мэдээлэл гарч байсан даа. Энэ талаар таны бодол?
-Хятадууд монгол наадмыг бүртгүүлсэн гэж болохгүй л дээ. Өвөрмонголчууд монгол наадмыг ЮНЭСКО-д бүртгүүлсэн. Харин монголчууд жинхэнэ утгаараа буюу ирэх есдүгээр сард 4096 бөхийг барилдуулж, үндэсний өв соёлоо хадгалж байгаагаа дэлхий нийтэд харуулна. Сайхан барилдаан болно гэдэгт итгэлтэй байна.
-Та тэр барилдаанд түрүүлэх үү?
-Мэдээж барилдана. Тэр өдрийн тэнгэр л мэднэ. Олон сайхан бөхчүүд хүчээ өргөсөн барилдаанд хэн нэгэн азтай аавын хүү л  түрүүлнэ дээ.
-Сүүлийн гурван жил нутагтаа улсын шинэ цол авч очиж байгаа. Нутгийн зон олон энэ жил шинэ аваргаа тэсэн ядан хүлээж суугаа байхдаа, хэзээ нутаг явах вэ?
-Удахгүй очно. Манай нутгийнхан бөхөд хайртай, бөхийн өлгий нутаг шүү дээ. 
-Манай сайтын зочноор уригдаж, дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Дараа жилийн наадмаар дахин уулзахын ерөөл тавъя.
-Баярлалаа. Танай сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

NUUTS.mn  П.Нарандэлгэр

0 Сэтгэгдэл:

Post a Comment