11/3/11

Н.Энхбаяр: Нямдоржоо “шударга” маскаа хуул хамтдаа шалгуулъя



МАХН-ын дарга Н.Энхбаярын ээлжит шоу өрнөөд удлаа. Зохион байгуулсан арга хэмжээнийхээ гол баатраар өөрийгөө томилоод буй тэрбээр үе үе ийм маягаар шоу хийхдээ гаргуун нэгэн.

Гэвч түүний ээлжит шоунд бодитой эцэс, төгсгөл байдаггүй нь харамсалтай. Ийм нэгэн дуулиан ярьсаар Н.Энхбаяр өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзсан юм. Товлосон цагаасаа цаг хэртээ хоцорч ирсэн тэрбээр юу ярьсныг хүргэе.
-Та цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхөөс яагаад татгалзаад байгаа юм бэ. Ингэлээ гээд таны эрх зөрчигдөөд байгаа гэдгийг ойлгохгүй байна?
-Өмнө нь “7 сарын 1″-ний талаар хуулийнхан асууж тодруулах зүйл байгаа гэхээр нь очиж тайлбар өгсөн удаа надад бий. Яагаад гэвэл тухайн үед энэ асуудал прокурор дээр байсан. Харин одоогийнх цагдаа, дээр нь Ц.Нямдоржийн даалгавар учраас тэр жүжгэнд нь би оролцохыг хүсээгүй.

Би өмгөөлөгч авсан. Ийм хууль зөрчиж байгаа балмад үйл ажиллагаанд ганцаараа очоод, тэг, ингэ гэж ярих боломжгүй. Өмгөөлөгч маань гадаад руу явсан байсан. Өчигдөр ирсэн. Өмгөөлөгчтэйгөө очиж та нарын асуух гээд байгаа зүйлд чинь хариулъя гэдгээ хэлсэн.

Гэтэл цагдаагийнхан “Үгүй ээ одоо өг” гээд байгаа. Ингээд гадаадад байсан өмгөөлөгч рүүгээ ярьж энэ тухайгаа дуулгасан. Өмгөөлөгч маань “Өөрөө очвол оч. Та бид хоёр гэрээ байгуулсан. Тэр гэрээнд та аливаа үйл ажиллагаа хийхдээ өмгөөлөгчтэй зөвлөнө гэж заагдсан. Надгүйгээр очоод сүүлд нь ямар нэгэн байдлаар эвгүй байдалд орвол өмгөөлөгчийн хувьд хариуцлага хүлээхгүй” гэсэн.

Тэгээд өмгөөлөгчийнхөө саналыг хүндэтгэсэн юм. Угаасаа Ц.Нямдорж хүн хэлмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм чинь яачих ч юм билээ. Ер нь сүүлийн долоо хоногт Энхбаяр, Нямдорж, МАХН, МАН гэсэн хоёр хүн эсвэл хоёр нам ч юм шиг сонирхолтой сэдэв манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөндөгдөх боллоо.

Энэ асуудал цаашид ч үргэлжлэх байх. Миний бодлоор шударга үнэн гэж байгаа юу, үгүй ч юм уу. Эсвэл хэн нэгэн аливаа асуудлаар өөрийнхөө албан тушаалыг ашиглаж, шударга үнэнийг нугачин дардаг, шударга бусыг ноёлуулдаг харилцаа тогтсон юм уу. Энэ асуудал ингэж яригдаж эхэлсэнд би баяртай байгаа.

Өнөөдөр Монголд шударга, үнэн гэж байгаа эсэхийг тогтоохыг хүссэн. Үнэхээр би алдаж, эндсэн байвал хариуцлагаа хүлээе. Алдаагүй бол алдсан болгож, улстөрийн зорилгоор хууль зөрчиж, хүний болон намыг шахаж, бардаж байгаа бол зусармаг энэ үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй гэсэн зүйлийг л хэлэх байна.

Надад УИХ-ын гишүүн шиг ямар нэгэн дархан байдал бий болгосон юм байхгүй. Би нээлттэй байгаа. Буруу, зөрүү зүйл хийсэн бол шалгуулахад бэлэн. Айх ч үгүй байна. Харин буруу зүйл хийсэн хүмүүс албан тушаалынхаа шүхэр дор нуугдаад байгаа юм биш биз дээ.


-Та чухам юу хэлэх гээд байна?
- Тухайлбал, Ц. Нямдоржийг хэлье. Ц.Нямдорж түрээсийн байрт амьдардаг гэж яриад байгаа. Тэрэнд хэн ч итгэхгүй. Түүний хэлсэн энэ үг өнгөрсөн долоо хоногийн хамгийн шилдэг онигоо болсон. Дараагийн онигоо нь Ц.Нямдоржийн хүүхдүүд ямар ч барьцаагүйгээр зээл авч, хэдэн сая ам.долларын үнэтэй байшин барьж байгаа явдал.

Энэ бол хоёр дахь том онигоо. Энэ онигоонд инээлдээд өнгөрөх биш, хууль ёсоор нь шалгуулъя. Гурав дахь асуудал нь Ц.Нямдоржийн хууль зассан үйл ажиллагааг тодруулъя. Мань хүн бол албан тушаалд дуртай, сайн хуульч гэдгээ харуулах сонирхолтой л доо.

Би тухайн үед Нямдоржийг давхар санаа агуулалгүйгээр хуульд засвар хийж гэж бодсон. Гэтэл түүний дараа болсон үйл явдлуудаас харахад, бусдын эдийн засгийн тодорхой ашиг сонирхолтойгоор хуулинд засвар оруулсан нь тодорхой боллоо.


-Энэ талаар илүү тодорхой ярихгүй юу?
-Тухайлбал, татварын тухай хууль хэлэлцэж дууссаны дараа УИХ дээр хэлэлцэж, баталсан томъёоллоос огт өөр, ерөөсөө хэлэлцэгдээгүй асуудлыг татварын хуулинд оруулж татвараас чөлөөлөх тэр жагсаалтад нэмж оруулсан. Тэрийг нь Үндсэн хуулийн цэц үзээд, татварын хуулинд УИХ-аар хэлэлцээгүй асуудлыг оруулж, татвараас чөлөөлөх заалтан дотор нэмэлт оруулсныг тогтоосон байгаа.

Би тухайн үеийн нарийн томъёоллыг санахгүй байна. Утга агуулга нь бол бохирын шугамын үйл ажиллагаатай холбогдуулж зарим тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирдэг юм байна. Тэрийг татвараас чөлөөлсөн байгаа юм. Энэ талаар УИХ-д хэлэлцээгүй байсан.

Тэгэхээр Ц.Нямдорж орон дотроо ч юм уу, хаана ч юм дээшээ харж өнөө хуулиа засч байхдаа яагаад гэнэт бохирын шугамтай холбоотой асуудлыг татвараас чөлөөлөх болсон нь сонин байгаа биз дээ. Хэрвээ УИХ дээр яригдсан бол ч яах вэ. Яригдсан болохоор боломжтой талаас нь шийдэх гэж оролдсон гэж бодохсон.

Гэтэл үүний цаана ямар учир шалтгаан байгааг тогтоох хэрэгтэй. Авлигатай тэмцэх газрын тухай хуулийг хэлэлцэж, баталж байх үед АТГ хэний ч хараат бус маягаар ажиллаж, үнэхээр авлигатай тэмцэх ажлыг шударга, шулуун явуулна гэсэн зарчмын дагуу хууль гарсан.

Тийм учраас АТГ-ын тайланг УИХ зүгээр л сонсоно гэсэн байхгүй юу. Яагаад гэвэл авлигад хамгийн их өртөмтхий, сэжиглэгддэг, шалгагдах ёстой хүмүүс УИХ-д байдаг гэж үздэг. УИХ-аас хараат бус байх нь АТГ-ын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө гэж үзсэн.

Тиймээс АТГ-ын тайланг УИХ зүгээр л сонссон. Тайланг нь сонсох маягаар үйл ажиллагаанд нь нөлөөлж болохгүй гэсэн санал хураасаар байтал, Нямдорж тэр хуулийг засахдаа АТГ-ын тайланг хэлэлцье гэчихсэн байсан. Сонсох, хэлэлцэх гэдэг чинь хоёр өөр утгатай биз дээ. Сонсох нь сонсоод өнгөрөх явдал.

Гэтэл хэлэлцэнэ гэдэг чинь хүн тавина, айлгана, загнана, асууна, тодруулна гэх зэргээр тойруу замаар нөлөөлөх утгыг илэрхийлдэг. Тэгэхээр Ц.Нямдорж улстөрийн зорилгоор АТГ-ыг өөрийнхөө нөлөөнд оруулах гэж оролдсон.

Сонгуулийн хуулийг зассан тухай өмнө нь би хэлж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүд ямар сонгуулийн тогтолцоог сонгуулийн хуулиндаа суулгаж өгөх вэ гэдгийг ярилцаж байгаад 76 томсгосон тойргоос 76 гишүүнийг сонгоно гэсэн утга бүхий томъёоллоор санал хураасан.

Гэтэл Ц.Нямдорж сүүлд нь засаад томсгосон гэдэг үгийг хасаад олон мандаттай тойргоор 76 гишүүнийг сонгоё гэсэн байгаа юм. Томсгосон тойрог, олон мандаттай тойрог хоёр тэмээ, ямаа гэдэг шиг өөр өөр ойлголт. Яахаараа хүн ингэж дураараа, бүр сонгуулийн хуулийг хүртэл хөндөж өөрчилдөг байна.

Үүний цаана ямар ашиг сонирхол байна. Ямар нэгэн намд үйлчлээд байна уу, эсвэл сонгуулийг будлиулах ажил хийгээд байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Ерөөсөө хууль зассан үйлдлийн цаана ямар эдийн засаг, улстөрийн сонголт байсныг тогтоох хэрэгтэй байгаа юм.



-Та Ц.Нямдоржийг ажлаа хүлээлгэж өгснийх нь дараа хамт шалгуулна гээд байгаа байх аа?
-Би шалгуулахаас, буруу, зөрүү зүйл хийсэн бол түүнийгээ тогтоолгохоос ерөөсөө айхгүй байна. Яагаад гэвэл, би буруу зүйл хийгээгүй гэдгээ мэдэж байгаа учраас тэр. Харамсалтай нь манай Ц.Нямдорж айгаад байгаа. Би өөрт нь хэлсэн л дээ. “Би ажлаа өгчихсөн. Чи ч ажлаа өг. Тэгээд хоёулаа шалгуулъя” гэсэн.

Гэтэл Ц.Нямдорж ажлаа өгөх тухай огт ярихгүй байгаа. Ц.Нямдорж цагдаагийн дээр байгаа цагт цагдаа Нямдоржийг шалгахгүй. Шалгасан ч худлаа шалгана. Бусад хууль хяналтын байгууллагууд ч гэсэн түүнийг худлаа шалгана. Яагаад гэвэл тэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд учраас энэ хүнийг үнэн зөвөөр шалгахгүй. Шалгахаас айдаг эсвэл ямар нэг нөлөөлөлд нь автаж л таараа.

Тиймээс л ажлаа өг, тэгээд хамтдаа шалгуулъя гээд байгаа. Үнэхээр шалгалтын дараа Нямдорж буруугүй нь тогтоогдвол, би хамгийн түрүүнд уучлал гуйна. Ажилдаа ч буцаад очино биз. Тэрнээс Нямдоржийн дэглэсэн, намайг болон МАХН-ыг буруутгах гэсэн жүжигт би тоглохгүй.

Шударга цагдаагаар шалгуулмаар байна. Гэвч харамсалтай нь өнөөдөр Нямдоржийн захиалгаар цагдаа хууль зөрчдөг. Энэ нь сүүлийн үйл явдлаас харагдаж байна. Одоо болохоор мань эр байшингаа бариулж байхад хоёр хоригдол нас бараагүй гэж ярьж байна.

Би өөрөө шинэ хүн биш. Намайг ерөнхий сайдаар ажиллаж байхад, Ц.Нямдорж өөрөө над дээр ирээд хоригдол нас барсан, золгүй явдал боллоо гэсэн. Тэгэхэд Ц.Нямдоржийг буруутай гэж бодоогүй. Үнэхээр золгүй явдал болж дээ л гэж хэлээд, түүнийгээ хуулийн дагуу шалгуулж, ямар учир шалтгаанаар тэр хүн амь насаа алдсаныг тогтоолго гэж хэлсэн.

Гэтэл одоо болохоор төрөл арилжсан юм шиг л тийм юм болоогүй гээд худлаа хэлж байгаа байхгүй юу. Хэрвээ намайг байгаагүй бол бүр ч аюултай юм болох нь. Ц.Нямдорж худлаа ярьж, бүгдийг нь хуурах нь дээ. Гол нь амьд гэрч байгаа учраас, би түүнд мартсан болгоныг сануулах болно.



-Танд Нямдоржид сануулж, анхааруулах өөр зүйл байгаа гэж үү?
-Автомат тоглоомын зөвшөөрлийг мөн л Ц.Нямдорж өгсөн. Казиногийн хуулийг бид хүчингүй болгосон. Гэтэл яагаад хэнд ч хэлэлгүйгээр Нямдорж автомат тоглоомын газруудын зөвшөөрлийг тийм олноор нь өгсөнийг гайхдаг. Тухайн үед би мэдээ ч үгүй байсан. Одоо спортын покерын газрыг манай хүн нээчихжээ. Бас л мөрийтэй тоглоомын газар байгаа байхгүй юу.

Энэ бүгдийн цаана ямар ашиг сонирхол явагдаад байгаа шалгаж тогтоох ёстой. Тэгэхээр Нямдорж минь худлаа шударга царай гаргаж, мань мэтийн нөмөр нөөлөгт байж, өөрийнхөө шударга бусыг илчилсэний төлөө улстөрийн өөр өрсөлдөгч рүү дайрах хэрэггүй.

Ерөнхий сайд, намын нөмөр нөөлөгт орж хамгаалуулдаг арга чинь хоцорчихжээ. Нямдорж оо одоо наад “шударга” маскаа хуулаад, ажлаа өгөөд, айгаагүй бол хамт шалгуулъя.



-Үнэхээр Ц.Нямдорж хууль зөрчсөнийг мэдэж байсан бол та энэ тухайгаа өмнө нь цаг тухайд нь мэдээлэхгүй яасан юм бэ?
-Би хэлсэн л дээ. Хууль зассаныг нь хүртэл хэлсэн. Гэтэл надад “Та битгий санаа зов. Би хуульч хүн. Хууль засах үйл ажиллагааг хийгээгүй” гэж итгүүлсэн. Тэгтэл миний үгэнд оролгүй хууль засдаг зуршлаа үргэлжлүүлсээр байгаад сүүлдээ тэр нь тогтоогдсон. Эхнээсээ бүх хууль бус үйлдлүүд нь илэрч байна. Харамсалтай нь өөрт нь итгэж, сайн хандаж байсныг маань далимдуулсан байх л даа.

Одоо л нуун дарагдуулсан бүхэн нь илэрч байна. Тиймээс хуулийн дагуу үнэн зөвөөр нь шалгуулахыг хүсч байна даа.



Ч.Анна
Эх сурвалаж: “Нийслэл таймс”

0 Сэтгэгдэл:

Post a Comment