2/13/12

Ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн ажиллах идэвх буурсаар


Сүүлийн жилүүдэд ажиллах хүчний оролцоо байнга буурч байгааг статистик харуулж байна. 2010 оны байдлаар ажиллах хүчний оролцооны түвшин 2000 оноос 5.5, 2005 оноос 7.1 пунктээр буурсан байгаа. Ирэх 2015 онд энэ байдал өөрчлөгдөж 70 хувь хүрэх тооцоо байгаа ч өнөөдрийн байдлаар лав иргэдийн ажиллах идэвх сул байна.

Үүнийг бүр нас насных нь ангиллаар тооцоолон гаргаж болох юм. 15 ба түүний түүнээс дээш насны хүн ам 2000 онд нэг сая таван зуу орчим байсан бол арван жилийн хугацаанд нэг сая есөн зуу болон нэмэгджээ. Тэгвэл ажилгүй иргэдийн тоо 2000 онд 164 мянга есөн зуу байсан бол өнгөрсөн арван жилийн хугацаанд дорвитой буурсангүй. Тодорхой тоо хэлбэл 10 жилийн хугацаанд 5000 иргэнээр ажилгүйчүүд буурчээ. Хувиар үзвэл ажилгүйдлийн түвшин 2000 онд 17 хувьтай байсан бол өнгөрсөн 2010 онд 15 хувь болж буурчээ.

Тэгвэл ажиллах хүчний оролцооны түвшин 2010 онд 45-54 насны бүлгээс бусад бүх насны бүлэгт буурсан байна. Нийт хүн амын ажиллах идэвх 2000 онд 61.9 хувьтай байсан бол 2010 онд 56 хувь болжээ. Нас насаар нь ангилж үзвэл 14-19 насны хүмүүсийн ажиллах идэвх 2000 онд 41 хувьтай байсан бол 2010 онд 14 хувь болж буурсан байна. Бүх шатны боловсролын байгууллагад сурах хүмүүсийн тоо сүүлийн арван жилд нэмэгдсэн нь дээрх тоог буурахад хүргэсэн байж болох. Учир нь 20-24 насны залуусын ажиллах идэвх, оролцоо ч мөн адил буурчээ. 2000 онд тэдний ажиллах идэвх 67.7 хувьтай байсан бол 2010 онд 55.2 хувь болон буурсан байв. Тэгвэл нийгмийн амьдралд ид оролцож, ажиллах идэвх нь өндөр гарах ёстой насныхан ямар байна вэ?

25-34 насны хүмүүсийн ажиллах идэвх 76.5-75 болж мөн л буурчээ. Түүгээр ч зогсохгүй 35-44 насныхны хөдөлмөрлөх идэвх ч буурсан үзүүлэлттэй. Өнгөрсөн жилүүдэд энэ үзүүлэлт 78.9-77.3 хувь болж буурсан байна.

Бүх насны хүмүүсийн ажиллах идэвх, оролцоо ийнхүү буурч байгаа нь нэг талаас манай ажлын байрны чанарт үнэлэлт өгч байгаа хэрэг. Тэгвэл нөгөө талаас хавтгайруулан олгосон халамжийн мөнгөөр амьдраад байх сэтгэлгээтэй олон хүн бий болж байгаа нь ийм байдалд хүргэж байж мэдэх. Ажиллах хүчний оролцооны түвшин хөдөөд хотоос 13.8 пунктээр илүү байгааг энд хэлье. Тухайлбал, 2000 онд энэ оролцоо хотод 53.8 хувьтай байсан бол хөдөөд 73.6 байжээ. Харамсалтай нь дээрх үзүүлэлт 2010 онд хотод 52.3, хөдөөд 66.1 болж хаана хаанаа буурчээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment