2/10/12

Голдман Сакс Монголд дүрсэн гараа лавшрууллаа



Манайхаан Голдман Саксаас болгоомжлоорой. Тэд Монгол руу шургуулсан гараа улам лавшруулан атгаж эхэллээ.

Олон улсын банк санхүүгийн томоохон хэвлэл болох “Businessweek”-д Монгол Улсын ХХБ-ны 4.8 хувийг АНУ-ын тав дахь том банк болох Голдман Сакс худалдан авч буй тухай мэдээлэл тавигджээ.

Уг мэдээлэлд дурдагдсанаар Монгол бол уул уурхайн салбарынхаа хүчинд эдийн засаг нь асар хурдацтай, тэсрэлттэйгээр хөгжиж буй орон хэмээн тайлбарлаад Голдман Сакс тус ХХБ-нд хөрөнгө оруулалт хийх замаар эрчимтэй хөгжиж буй Монголын санхүү эдийн засгийн ертөнцөд оролцож байна хэмээжээ.

Мөн Монголын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 20.8 хувийн өсөлттэйгээр дэлхийд гуравдугаарт байр эзэлсэн тухай энд онцлон дурдсан байна.

1990 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй Худалдаа Хөгжлийн банк нь 2004 онд 11 сая ам.долларын хөрөнгө оруулалт Азийн Хөгжлийн банк болон Олон улсын санхүүгийн корпорациас авч байсан тухай дурдаад ХХБ-ыг өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй гэжээ.

Businessweek-д дурдагдсан мэдээлэл баттай бол манай улсын томоохон банкуудын нэг ХХБ-ны 4.8 хувийг Голдман Сакс эзэмших болж байгаа аж. Дэлхий дахинд муу нэрээр хэтэрхий гэмээр танил Голдман Саксын тухай монголчууд өдгөө андахгүй болсон. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үндсэн автор болсон гэгдэх Голдман Саксыг олон улсын ажиглагчид сайнаар бичдэггүй.

Моргейжийн асар их чанаргүй зээлд санаатайгаар баталгаа гаргаснаар АНУ-ын банк санхүүгийн тогтолцоог дампууруулахад хүргэсэн Голдман Саксын гол хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффетт энэ талаар хэлэхдээ “Энд Голдман Саксыг буруутгахаас илүүтэй Америкийн банк санхүүгийн тогтолцооны гажуудлыг ярих хэрэгтэй” хэмээн өөрийгөө өмөөрсөн байдаг.

Гэсэн хэдий ч Голдман Саксыг XXI зууны эдийн засгийн алуурчин хэмээн олон улсад хэдийнэ цоллочихсон.

Америкийн санхүү эдийн засгийг ганхуулснаар дэлхий нийтийг хямралд хүргээд өөрсдөө ард нь асар их ашиг олж үлдэж чадсан Голдман Саксыг эдийн засгийн өршөөлгүй хуулиар бол ашиг орлогын төлөө төрсөн эхийгээ ч золиослож чадах тоглогч хэмээн бичдэг.

Тийм л аварга том санхүүгийн мангас манай улсыг хэдийнэ онилчихоод уул уурхайн салбарт гараа хэдийнэ дүрчихсэн буй.

Манай улсын хөгжлийн ойрын ирээдүй болоод буй Тавантолгойн IPO буюу хувьцааг нь олон улсын хөрөнгийн биржүүд дээр гаргах эрхийг авсан Голдман Сакс бидний урдаа барьдаг банкуудын нэг, олон улсын хөрөнгө оруулалтыг анхлан татаж байсан Худалдаа Хөгжлийн банкинд хөрөнгө оруулалтаа хийхээр болжээ.

Нэг ёсондоо Голдман Сакс Монгол руу дүрсэн гараа лавшруулж атгаж эхэлжээ.

Одоо тэд тоглолт хийнэ. Америкийн эдийн засагт хэрхэн тоглосон шигээ шинэ тулгар өсөж буй манай нялх эдийн засгийг өөрийн аясаар хөдөлгөх нигуураа тэд бүрдүүлээд эхэлжээ. Эртнээс ч эхэлсэн бизээ.

Манай эдийн засгийг хөдөлгөх хэрэгсэл нь мэдээж Тавантолгой. Дургүйгээ хүрвэл Голдман Сакс гадаадын шүүхэд Засгийн газрыг маань шидчихээд аварга том хувингаа тосоод Монголын уул уурхайн ард зогсох л болно.

Гадаадын хөрөнгө оруулалт банк санхүүгийн салбарт нэмэгдэхэд муу нь юу байхав.

Гэхдээ л тэд бол Голдман Сакс. Тэдний түншүүд харилцагч, хамтрагчид нь үргэлж алдагдалд орж, дампуурч харин мөнөөх эдийн засгийн алуурчид өөрсдөө ашиг хонжоогоо өвөртлөөд үлддэг дэлхийд нэртэй туршлагатай. Энэ нь олон улсын банк, санхүүгийнхний дунд яригддаг яриа.

Манай улсыг Тавантолгойн IPO шиг ийм их хувьцаа олон улсын хөрөнгийн зах дээр гаргаж байсан туршлагагүй учраас Голдман Сакс шиг том зөвлөгч байгаа нь аз хэмээн олон улсад бичиж байхад зарим нь Голдман Саксын ээлжит идэш яах аргагүй Азийн цээжнээс үсрэн гарч ирж буй Монголын зах зээл гэж бичих нь ч байх аж.

Тэдний үзэж байгаагаар Азийн цээжнээс үсэрсэн биднийг Голдман Сакс асар том хувиндаа хийчих гэнэ.

Тиймээс үсрэнгүй хөгжиж буй гэх эдийн засгаа харийнхны тоглолтод өртүүлэхдээ болгоомжлох нь илүүц биш гэдэгт найднам. Ялангуяа Голдман Саксаас болгоомжил.

О.Нар

0 Сэтгэгдэл:

Post a Comment