2/10/12
Хэрэглээний үнийн индекс 2,8 хувиар өссөн нь статистикчидийг түгшээж байна
Хүнсний барааны сагсанд байгаа 99 барааны 68-ынх нь үнэ өсчээ
Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд шатахууны үнийн огцом өсөлт гол нөлөө үзүүлжээ. Үндэсний статистикийн хороо 2012 оны 1-р сарын Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлыг тоон үзүүлэлтээр гаргажээ. Статистик тайланд хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 2,8 хувиар өссөн нь анхаарал татсан тоо болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Өөрөөр хэлбэл хэвийн хэмжээнээс давсан үнийн өндөр өсөлт ард иргэдийн нуруун дээр иржээ гэж статистикчид сануулж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэрэглээний үнийн индекс тодорхойлдог. 2012 оны 1-р сард хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сарынхаас 2,8 хувь, өмнөх оны мөн үеэс 10,2 хувиар өссөн байна. Энэ нь өнгөрсөн саруудтай харьцуулахад үнийн өндөр өсөлт гэж статистикчид тэмдэглэж байна. 2,8 хувийн энэ өсөлтөнд хүнсний барааны үнэ 1 хувь гарантай нөлөөлсөн бол бензин шатахууны үнийн өсөлт 0,5 хувьтай нөлөөлжээ. Хэрэглээний үнийн сагсанд өргөн хэрэглэгддэг 329 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг багтаан тооцдог. Эдгээрийн дотор хүнсний 93 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн багтдаг бөгөөд үүнээс 68 ынх нь үнэ өнгөрсөн ганцхан сарын туршид өссөн байна.Үүнд бас валютын ханшны өсөлтийн нөлөө ч байгаа юм. Статистикчид ийнхүү үнийн өсөлт дэндүү огцом мөн өндөр хэмжээтэй үүссэнийг бодлого төлөвлөгчидөд сануулж байна. Удахгүй цагаан сар болон үргэлжлээд эмэгтэйчүүд, цэргийн гэх мэтээр олон баяр үргэлжилнэ. Бас хаврын хавсаргана цаг ч хаяанд ирж байгаа учир өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ойрын үед буух боломж бараг л алга. Дээр нь эдийн засагчдын сануулж байсанчлан эрх баригчдын сонгуулийн өмнө амжуулж өгөхөөр амалсан 1 сая төгрөг , хувьцаа зэрэг нь мөн л хүлээлт үүсгэж үнэнд нөлөөлсөөр байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлт ДНБ-ний хэмжээ нэмэгдэж 17,2 хувьд хүрсэн цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байгаа ч үнийн шуурга ингэж хүчээ авсан үед эдийн засгийн энэ өсөлт иргэдийн амьдралд шингэж орох зай алга болж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment