4/17/11

ГАДААД ХЭЛ ТӨГС СУРАХУЙН НУУЦ



Олонх хүмүүс яагаад гадаад хэлийг амжилттай сайн сурч чаддаггүй вэ?

Сүүлийн үед манай улсад харь хэлийг сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж гадаад хэлний чиглэлийн сурах бичиг, толь бичиг олон арваараа хэвлэгдэн гарах боллоо. Гадаад хэлний мэдлэг нь зөвхөн хувь хүний хүмүүжил боловсролд төдийгүй улс нийгмийн хөгжилд ч чухал дэмтэй хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэвч манай улсын бага дунд сургуульд ч тэр, их дээд сургуульд ч тэр гадаад хэлний сургалт тэр болгон үр дүнтэй явагдахгүй байгаа гэвэл та санал нийлэх байх аа. Олон жил гадаад хэлний чиглэлээр ажиллаж, багагүй хугацаагаар оюутан залуусыг гадаад хэл сургах үйлсэд зүтгэж байх явцдаа ажиглаж мэдсэн зүйл юу гэвэл олонхи хүмүүс гадаад хэлийг амжилттай сурч чадахгүй байгаа нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс хамаараад зогсохгүй хамгийн гол нь манай гадаад хэлний сургалтын арга зүй, орчин нөхцөл хоцрогдсонд асуудлын гол байх шиг санагддаг. Гадаад хэлийг амжилттай суръя гэсэн хүн тухайн хэлийг сурахтай холбогдсон бэрхшээлүүдийн талаар үнэн зөв ойлголттой болж улмаар түүнийг гэтлэн давах аргуудаа зөв тодорхойлж чадвал богино хугацаанд сайн сурах бололцоотой юм.
Юуны өмнө манайд хэрэглэгдэж байгаа олонхи гадаад хэлний сурах бичгүүдэд ихээхэн учир дутагдал байдаг. Сурах бичгүүдийн бүтцээс харах юм бол цагаан толгойгоо зааж дуусаад үгсийн давтамж муутай том том саланги бичвэрүүдтэй холбогдсон дүрмийн мэдлэгийг ойлгож, шинэ үгийг цээжлэх амаргүй асуудлыг хэл эхлэн сурч байгаа хүний өмнө тавьдаг. Түүнчлэн олонхи сургуулиуд хэлний доод курсуудэд шинэ залуу багш нараараа заалгаж эхлэдэг тул тэд хичээлийг эрчимжүүлэх нэрийдлээр хэт хурдан зааж суралцагсдыг хөлдөө чирэх явдал түгээмэл байна. Ингэснээр гадаад хэлийг эхлэн суралцагч цөөнгүй хүмүүс гадаад хэлийг сурна гэдэг авьяастай цөөхөн хүмүүсийн санаархдаг хэрэг юм байна, миний хувьд ёстой бүтэшгүй нь гэсэн гутранги бодолтой хоцордог.

Манай гадаад хэлний сургалтыг хөндлөнгөөс ажиглаж байхад багш гаднаас орж ирээд хичээлийн эхний хэсэгт даалгавар шалгаж эхлэнэ. Гучин сурагчтай анги байна гэж бодоход улирлын дүн дөхсөн байвал асуугдаж гайгүй дүн авах гэсэн гурав дөрвөн сурагч бичвэрээ хальт мөлтхөн цээжилж асуугдаж байх зуур бусад нь өөр хичээл хийх, хоорондоо дэл сул юм ярих, онгоц буудах, хөзөрдөх зэргээр цагийг үр ашиггүй өнгөрөөж байдаг нь нууц биш. Хөөрхий ганц багш энэ бүхнийг хянах, чиглүүлэх боломж нөхцөл маруухан. Ингээд даалгавар шалгахад 10-15 минутыг зараад залгуулан шинэ хичээл зааж эхлэнэ. Сурах бичигтэй холбогдсон дээрхи хүндрэл байдаг болохоор сурагчдын ихэнхи нь шинэ үгээ цээжлээгүй, дүрмээ ойлгоогүйн улмаас хичээлд хандах хандлага сулхан байх нь ойлгомжтой. Тэгэхээр даалгавар шалгаж байх үед эхлэсэн нөгөө назгай байдал хичээлийн турш сэмээрхэн үргэлжилнэ. Багш ч гэсэн ийм байдалтай зугуухан эвлэрдэг бөгөөд өөрчлөе ч гэсэн аргаа мэдэхгүй, өөрчлөлөө ч гэсэн цалин хөлс амьдрал ахуйд нь нэмэр болохгүй тул тэгсхийгээд биед амар шиг байж байгаад хонх дуугарахыг хүлээнэ. Намайг бага дунд болон их сургуульд сурч байхад гадаад хэлний сургалт иймэрхүү байдалтай байсан бөгөөд одоо ч байдал нэг их дээрдээгүй харин ч улам дордсон байх магадлалтай юм.
Дээрх байдал хаа сайгүй ноёлж байгаа болохоор цөөн тооны биеэ дайчилж, чөлөөт цагаа гадаад хэл сурахад зөв ашиглаж чаддаг суралцагсдыг эс тооцох юм бол олонх нь гадаад хэлний хичээлд дур сонирхол буурч түүний хэрээр сурсан мэдсэн зүйлсээр хомс хоцордог. Хүмүүсийн гадаад хэл сурах хүсэл тэмүүлэл ихсэж байгаагийн эсрэг манай гадаад хэлний сургалтанд оршиж байгаа дээрх мэт назгай байдлыг зарим зальжин улс овжин ашиглаж гадаад хэлийг “Амар хялбар сурах аргуудын” талаар лекц уншин, ном хэвлүүлж өвөр түрийгээ түнтийлгэхийг санаархах боллоо. Ер нь гадаад хэлийг сурах дөт арга замын талаарх дээрх мэт хөнгөн хийсвэр “Арга зам” гэгч нь таны гадаад хэлийг сурах холын аянд төдийлөн тустай нөхөр байж чадахгүй, иймэрхүү үг яриа хэлний өндөр боловсролтой хүний амнаас гарах учиргүй гэдгийг онцлохын ялдамд манай өвөг дээдсийн буй болгож бидэнд өвлүүлсэн гадаад хэлийг сурах “Эртний монголын гэрийн сургалтын аргын” талаар цэгцтэй ойлголт өгөхийг би хичээж байна.
Шинжлэх ухаан техник хөгжсөн өнөө цагт бид ганц хэлийг сурч ядаж байхад манай өвөг дээдэс ардын хувьсгалын өмнө эсгий гэрт, өөхөн дэнгийн гэрэлд “Эртний монголын гэрийн сургалтын аргаар” монгол бичиг, манж, хятад, төвд, самгарьд зэрэг дорно дахины таван хэлэнд нэвтэрхий гүүш, мэргэдийг бэлтгэн гаргаж байсан нь хол ойр алдар суугаа дуурсгах бүтээл туурвиж байсан байна. Энэхүү арга ухааныг орчин үеийн гадаад хэлний сургалтанд бүтээлчээр хэрэглэж чадваас сурагч, оюутанд хоёр гурван гадаад хэлийг төвөггүй сургаж болох бөгөөд түүний хэрээр хувь хүний хүмүүжил боловсролын чанар дээшлэх нь ойлгомжтой. Ингээд гэрийн сургалтын аргын зарим онцлогоос та бүхэнд тайлбарлан өгүүлье. Та бүхэн мэргэн оюундаа дүгнэж цэгнээд өөрт тохирсон ашигтай аргыг боловсруулан гадаад хэлийг амжилттай сурахдаа хэрэглэнэ гэж найдаж байна.

Хоёр настай хүүхэд хорин настай залуу

Хүүхэд хоёроос гурван нас хүрэх зуур гэр бүлийн хүрээний ойр зуурын ярианы хэлийг бүрэн ойлгож өөртөө тохирсон хэмжээнд ярих чадварыг эзэмшсэн байдаг. Харин хорин настай залуусын тухайд хэл сурах гэдэг тун амаргүй хэрэг болон хувирдагийн нууц юу? Энэ асуултанд гадаад хэлийг сурахтай холбоотой хувь хүний зүгээс хамаарах бэрхшээл нуугдаж байгаа юм. Манай олонхи хүмүүс энэ асуултанд “Хүүхэд бага байхдаа хэл сурах авьяастай байдаг. Харин том болох тусмаа тэр авьяас нь алга болдог” гэсэн иш үндэсгүй явган яриагаар хариулж бие биеийнхээ сурах идэвхийг бууруулдаг шүү дээ. Бурхны сургаал энэ асуултанд хамгийн үнэн зөв төгс төгөлдөр хариултыг өгч чаддаг байна. Энэ сургаалын дагуу бол хүний билиг оюун нь төрөлхөөсөө ямар ч хэцүү мэдлэг ухааныг ойлгон сурах чадвартай байдаг ажээ. Буддын шашинд билиг оюуны бэлгэдэл Манзушир бурхныг баруун гартаа хурц илд барьснаар дүрсэлсэн байдаг нь дайнч байлдаанч гэсэн утгыг илэрхийлж байгаа биш харин хүн “Билгийн чанадад” хүрч чадваас үхлийг хүртэл ялан дийлж, зовлонгоос эгнэгт ангижран мөнхийн хутгийг олж болох юм шүү гэсэн гүн нарийн утгыг бэлгэдсэн хэрэг ажээ. Дөнгөж төрсөн хүүхдэд билиг оюуны энэхүү чанар нь онцгой хурц хэвээрээ хувиралгүй хадгалагдаж байдаг тул хэл хэмээх нарийн системийн учрыг төвөггүй ойлгож сурч чаддаг ажээ. Харин хүүхдийн нас нь нэмэгдэх тусам гэр бүлийн болоод байгаль нийгмийн янз бүрийн нөлөөлөлд билиг оюун автан түүний мөн чанар тоосонд дарагдаж байгаа мэт бүдгэрч ирдэг байна. Өөрөөр хэлбэл өсч томрохын хэрээр элдэв бодлын тоос билиг оюуныг улам бүр дарж байдаг тул хоёр настай хүүхэдтэй харьцуулахад хорин настай залуугийн хувьд гадаад хэлийг сурах явдал амаргүй хэрэг болон хувирсан байх болно. Нас ахих тусам улам бүр зузааран билиг оюуныг тоос мэт бүрхэж байдаг элдэв дээдийн бодлыг Бурхны сургаалд “Нисваанис”, “Түмэн бодол” гэхчлэн нэрлэдэг.
Дээр өгүүлсэн бүхнээс үзэхэд хоёр настай хүүхэд хэл суръя ч гэж бодохгүй зөвхөн билиг оюуны хурц чанартаа дулдуйдан байгалийн аясаар хэл сурчихдаг. Харин хорин настай залуугийн тухайд гэвэл гадаад хэлний хичээл дээр сууж байхдаа тухайн хичээлд анхаарлаа хандуулахын оронд “Гэдэс өлсөж байх чинь.”, “Энэ хичээл хурдан дуусаасай.”, “Монголд ч гадаад хэл сурахгүй юм шиг байна аа. Болж өгвөл нутагт нь оччихвол хурдан сурна байх даа.”, “Хурдан харьж FM-ээ сонсох юмсан.”, “Өнөө орой бүх телевизээр солонгос кинотой юм байна лээ шүү дээ.” ..гэх мэтчилэн есөн шидийн бодол толгойд нь эргэлдэж байдаг. Тэгвэл энэ байдлыг арилгаж хоёр настай хүүхэд шиг болчихвол, өөрөөр хэлбэл билиг оюуныг тоос мэт бүрхэж, төрөлхийн хурц чанарыг нь бууруулж байдаг “Түмэн бодлоос” чөлөөлөгдөж зөвхөн гадаад хэл рүү билиг оюунаа төвлөрүүлж чадах юм бол хорин настай залуугийн хувьд хоёр настай хүүхдээс илүү сайн гадаад хэлийг сурах боломжтой болдог байна. Манай өвөг дээдэс Бурхны сургаалын номлосон энэхүү зүй тогтлыг эрт дээр үеэс нарийн сайн мэддэг байсан тул “Гэрийн сургалт” хэмээх аргыг боловсруулж дорно дахины таван хэлтэй сод мэргэдийг бэлтгэн гаргадаг байжээ.


Д.Болдбаатар “Гадаад хэл төгс сурахуйн нууц”

ЯМАР ХYН ГАДААД ХЭЛИЙГ ТӨГС СУРАХ БОЛОМЖТОЙ ВЭ?


Монгол хэлээр ярьж чаддаг хүн болгон сурах боломжтой. Тэр дундаа тухайн гадаад хэлийг сурах чин эрмэлзэлтэй, уйгагүй тэвчээртэй хүн ямар ч гадаад хэлийг баталгаатай төгс сурч чадна. Та арван жилдээ гадаад хэлний хичээлд гавихгүй байсаар их дээд сургуульд ч гэсэн тэр байдал чинь үргэлжилсээр байж мэдэх юм. Тэгсэн ч миний одоо сурдаг хөг өнгөрсөн байлгүй дээ гэж битгий бодоорой. Жаахан хүүхэд гадаад хэлийг хэрхэн хурдан сурдагийн нууцыг дээр өгүүлсэн шүү дээ. Тийм болохоор хичнээн их хоцорсон мэт санагдаж байвч бүр эхнээс нь үзээд алдахад оройтохгүй. Шинээр үзэж эхлэхээр шийдсэн бол өдөр болгоны үзэх хичээлийн ачааллыг битгий их байлгаарай. Yзэх сэдвийн их бага гол биш хамгийн чухал нь өдөр болгон тогтмол хийгээд байх явдал л чухал юм шүү.

Анхан шатны хичээлийг бага гэж басах дунд дээд шатны хүнд сэдэв рүү санаархан ороод зориг мохох явдал бол эхлэн үзэгчдийн амжилтанд хүрдэггүйн нийтлэг шалтгаан мөн. Тэгэхээр анхан шатны хичээлийн агуулгыг сайтар эзэмшин зөв сайхан уншиж сурахад тэвчээртэй хичээх хэрэгтэй. Энгийн хялбар байна гэж битгий гологтун. Та бүхний гадаадад очиж сурвал, гадаад багштай байсан цагт сая сайн ярьдаг болох байлгүй гэж мөрөөдөөд байдаг ярианы хэлний чадвар чинь чухам л анхан шатанд бүрддэг юм шүү дээ. Тийм болохоор анхан шатны хичээлийн бичвэрийг бага гэж басалгүй дахин чанга дуугаар дуудан уншаад бай. Цэвэр сайхан хуулан бичээд бай. Харин яг хэд унших бичихийн тухайд гэвэл өөрийн цаг боломжоо харгалзан тогтоо. Тэгэхдээ өдөр бүр 2-3 цагаас багагүй хугацаатай байхаар зохицуулах нь чухал. Ингээд анхан шатны хичээлүүдийг гартаа оруулсан бол дунд шатны хичээл рүү зугуухан орж болно. Шинэ үгээ тольд, утгыг сайтар орчуулан ойлгож ав. Тэгээд л анхан шатанд үзэж байсан аргаараа олон дахин хуулж, уншаад бай. Энэ үед хуулалт, уншилтын тоогоо бага зэргээр бууруулж болно. Энд анхааруулж хэлэхэд өдөрт 2-3 цаг гадаад хэлээр хичээллэнэ гэвэл уншилт 30 минут орчим үлдсэн хугацааг хуулж бичихэд зарцуулж болох юм.

Аливаа гадаад хэлийг үзэж байхад дунд шатанд хоёр хэлний сэтгэлгээний зөрөө ихсэж ирнэ. Тухайлбал манай монгол хэлэнд “Эмнэлэгт хэвтэх”,”Бөгтөр хүн” гэж ярьдаг байхад хятад хэлээр “Эмнэлэгт амьдрах”, “Тэмээн нуруутай хүн”, япон хэлээр “Эмнэлэгт амьдрах”, “Мууран нуруут” гэх мэт. Хамгийн гол нь та энэ бүхэнд төвөгшөөн яршиг шаалгүй тэвчээртэй олон дахин уншиж бичээд байх хэрэгтэй. Тэгэх аваас тодорхой хугацааны дараа хоёр хэлний энэ мэт сэтгэлгээний зөрөөг гэтлэн давж нэг л мэдсэн эх сайхан монгол хэл шигээ ойлгож тэр түвшинд ярьж бичиж орчуулдаг болсон байх болно. Та өдөрт хоёр цаг л гадаад хэлээр хичээллэнэ гэж тогтсон бол тэр хугацаагаа ягштал барьж байвал их өгөөжтэй шүү. Зарим сэтгэл хөөрсөн үедээ 4-5 цаг толгой өөд татахгүй хичээллээд дургүйгээ хүрэхээрээ хоёр гурван өдөр ор тас хаяж давхиад байвал хүссэн үр дүнгээ өгөхгүй сэтгэл гонсгор хоцрох нь ойлгомжтой. Тийм болохоор хоёр цаг хийхээр тогтсон бол тэр л хугацаандаа давтаж хийчихээд номоо хойш тавьж бай. Харин хагас бүтэн сайн хэмээн өөртөө чөлөө өгч өдөр алгасахгүй байх нь чухал.

Зарим хүн гадаад хэлийг сурах аргачлал гэхээсээ илүү баахан гүн ухаан номлочихлоо, яг барьцтай юу хэлэх гээд байгаа юм бол доо? гэж бодож байж болох юм. Ингэж шүүмжлэхээсээ өмнө та миний дээр бичсэн зүйлсийг дахин нэг тогтож уншаад эрэгцүүлэн бодож үзээрэй. Хамгийн гол нь нөхцөл боломжиндоо тохирсон өөрийн гэсэн аргыг боловсруулж ав. Тэгээд гурван сар тууштай хичээллэсний дараа маш олон зүйлийг ухаарч хаашаа явах, юу сурах чиг чинь тодроод ирнэ. “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тодорно” гэж жанжин Сүхбаатарын хэлсэн үг чухам энэ ёсыг сургаж байгаа юм. Ингээд дээр бичсэн зүйлсээ базан өөрийн боловсруулсан гадаад хэлийг сурах аргын гол санааг танилцуулъя. “Гадаад хэл сурахын тулд өдрийн зөв дэгийг баримталж, амжилттай сурахын төлөө сэтгэл санаагаа төвлөрүүлэн тогтоо. Битгий элдэв дэмий зүйл бодож толгойгоо гашилга. Тухайн өдөр үзсэн сэдвийг олон дахин унш. Олон дахин хуулан бич. Илүү гарсан чөлөөт цагаа гэрийн ажил хийх зэрэг ашигтай үйлд зориулан муу зуршил, муу нөхдөд бүү уруу татагд”

Эртний монголын гэрийн сургалтын цөм болсон энэхүү аргыг манай “Гэгээ” гадаад хэлний дээд сургууль өнгөрсөн зургаан жилийн хугацаанд туршин хэрэгжүүлж ирсэн бөгөөд төгсөгчид маань амжилттай сайн суралцан эртний хятад хэлний мэдлэгийг хүртэл гүнзгий сайн суралцсан хүн хэд хэд бий. Сүүлийн гурван жил дараалан хятад хэлний улсын олимпиадад манай сургуулийн оюутнууд л энэ чиглэлийн хувийн их дээд сургуулиудаас ганцаараа шахуу МУИС, ХИС зэрэг олон жилийн сургалтын аргын баялаг уламжлалтай томоохон сургуулийн оюутнуудтай ана мана өрсөлдөж байгаагийн нууц нь гэвэл чухам “Эртний монголын гэрийн сургалтын аргыг” амжилттай туршин хэрэгжүүлж буйд байгаа билээ.

Гадаад хэлний мэдлэг
дээшлэх үе шатууд

Би өөрийн чинь хэлсэн аргаар гурван сар уншиж бичээд овоо дөртэй болчихлоо. Одоо цаашаа яаж хичээллэх вэ? гэсэн асуулт гарч мэдэх юм. Гэхдээ үнэхээр гурван сар энэ аргаар уйгагүй хичээллэсэн хүн байх аваас иймэрхүү зүйл асуухгүй дуугүй л цаашаа үргэлжлүүлэн сурах болов уу гэж би бодож байна. Яагаад гэвэл олонх хүмүүс хэлний авьяасгүйдээ биш хичээл номоо давтахгүй, оролдохгүй байгаагаас гадаад хэлний хичээлдээ хоцроод байгааг та бүхэн миний дээр өгүүлсэн хэсгийг уншиж байхдаа ойлгосон байх аа. Харин хийгээд, оролдоод байгаа хүнд бол олон олон асуултын учиг аяндаа аяндаа ойлгогдож тайлагдах болно. Эртний хятадын их сэтгэгч Лаоз “Их ёсны тухай сонссон дээд төрөлтөн дуугаа хураадаг. Дунд төрөлтөнд тийм ч юм шиг, үгүй ч юм шиг санагддаг. Харин доод төрөлтөн шоолж инээдэг.” хэмээх мэргэн сургаалаа айлдсан байдаг нь чухам үүнийг хэлж байгаа юм. Дээр өгүүлсэн “Гэрийн сургалтын аргыг” сонирхон хичээллээд үзсэн чин зоригтой хүн чамгүй ихийг ухаарч чигээ олсон байх нь эргэлзээгүй. Харин энэ сургаалд үл итгэж, биеийн амрыг харах дуртай нэг нь хуучин байрандаа л хэвээрээ хоцорсон байх нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл:

Post a Comment