Та жолооны үнэмлэхтэй бол нэгэн шинэ даатгал (үнэн хэрэгтээ бараг л татвар) төлөхөд сэтгэл зүйгээ бэлдээрэй. Мэдээж тэр хэрээр хэрэглээгээ зохицуулж, санхүүгээ тооцож байхад гэмгүй. Учир нь жолооны үнэмлэхтэй хүн бүрийг жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас өргөн барьсан уг төсөлд тусгаснаар та бүхэн машины том, жижиг, өөрийн ур чадвар, осол хийж байсан эсэхээсээ хамаараад жилд 12.000-53.000 төгрөгийн даатгал төлнө. Уг нь зорилго нь сайхан л юм.
Жил ирэх бүр автын осол нэмэгдэж, амиа алдсан, гэмтсэн хүний тоо өсөж буй. Тиймээс жолооч нарыг хариуцлагатай, болгоомжтой болгох, улмаар осол хийж хүн гэмтээсэн бол түүний хохирлыг барагдуулахад уг даатгал туслах учиртай аж. Харамсалтай нь төсөл боловсруулахдаа Засгийн газар жолооны үнэмлэхтэй хүн бүрт үйлчлэхээр хавтгайруулжээ. УИХ-ын өчигдрийн хуралдаанаар энэ талаар хэлэлцээд цөөн гишүүнээс бусад нь дэмжив. Манай улсад жолооны үнэмлэх авсан 770 гаруй мянган иргэн, 300 орчим мянган машин бий гэнэ. Гэр бүл дундаа нэг машинтай, түүнийгээ ээлжилж унадаг айл Монголд ихэнх нь байгаа. Гэтэл жолооны үнэмлэх л авсан бол машинтай үгүй нь төсөл санаачлагчдад сонин биш байх нь.
Жолооны үнэмлэхтэй этгээд явган явж байгаад хэн нэгнийг “мөргөж” ноцтой гэмтээж болзошгүй л гэж үзээд буй бололтой. Ийм хэтэрсэн гэмээр зохицуулалтыг нь Л.Гүндалай гишүүн сануулж, Германы туршлага ярихдаа санаагаа буруу илэрхийлж нөхдийнхөө инээдийг хүргэв. Жолооны үнэмлэхтэй хүмүүс жилд дээрх хэмжээний хураамж төлөөд асуудал гаргавал таван сая хүртэлх төгрөгийг даатгалын компаниас гаргуулж авах юм байна. Бас нийтийн тээврийн хэрэгсэл, хүнд даацын ачааны машины жолооч нар яах талаар нарийн зохицуулалт үгүй байгааг зарим гишүүн шүүмжилсэн. “Даатгалын дээд хэмжээг таван сая төгрөг гэж тооцсон байна. Түүнээс дээш хэмжээгээр даатгуулж болохгүй юм уу” хэмээн Г.Батхүү гишүүн асуув. Иргэн хүсвэл 100 сая төгрөгийн даатгалд ч хамрагдаж болох аж. Гагцхүү жилд төлөх мөнгө нь нэмэгдэнэ. Энэ асуудлыг уян хатан байхаар нээлттэй орхижээ.
Л.Гүндалай: -Жилд 1-2 удаа л машин барьдаг хүн ч бас энэ даатгалын хураамжийг төлөх ёстой юу. Хуулийн чинь концепц буруу байна. Жолооч биеэрээ осол хийдэггүй. Машин нь осол хийдэг. Германд жолоочоо биш машиныг нь даатгалд хамруулдаг. Та нарын энэ агуулгаар бол хүндээ ч, даатгалын компанидаа ч хохиролтой.
Ц.Нямдорж: -Германд тийм зүйл байхгүй. Герман ч, АНУ ч хуулиа шинэчилсэн.
Л.Гүндалай: -Машин үйлдвэрлэдэг гол орон асуудлаа ингэж зохицуулдаггүй юм. Та нар байхгүй шинэ юм гаргаад байна.
Ц.Нямдорж: -Асуулт тавьсан юм бол хариугаа сонсож сур. Чи найман жил УИХ-д суулаа.
Л.Гүндалай: -Хөөе, найман жил биш шүү.
Ц.Нямдорж: -Хэд билээ, аа тийм 11 жил. Тэр тусмаа сонсож сур. Наад Ч.Сайханбилэг, О.Чулуунбат нар чинь АНУ-д машин барьж байсан юм. Та тэнд машин жолоодож явж үзээгүй бол наадуулаасаа асуучих. Осолд орсон хохирогч мөнгө авч чадахгүй, дайрсан хүн нь ч төлбөрийн чадваргүй байна. Тиймээс жолоочийн даатгалтай болж, иргэдийг хохиролгүй болгох, нөгөө талаар хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн юм. 12.000 төгрөг мөнгө биш, хоёр хонины арьс ч хүрэхгүй. Гар утастай хүн бүр сард багаар бодоход 30.000 төгрөг төлж байгаа биз дээ. Тиймээс энэ даатгал хэрэгтэй. Та буруу улс төр хийх хэрэггүй.
Л.Гүндалай: -АНУ-д машин түрээслэхэд хэн ч надаас жолоочийн даатгал нэхдэггүй. Энэ санаагаар хууль баталбал хүмүүс үүнийг чинь ашиглана. Хоёр хүн осол гаргасан болж тохиролцоод л даатгалын компаниас таван сая төгрөг авчихна. Тэр компани нь ч удахгүй дампуурна. Мэддэг хүн нь яриад байхад сонсож сур. Энэ мэтээр тэд маргав.
Л.Гантөмөр “Буруу илэрхийлээд байгаагаас биш Л.Гүндалай зөв юм ярьж байна” хэмээн дэмжив. Жолоочийн, тээврийн хэрэгслийн гэсэн хоёр төрлийн даатгал байдаг аж. Манайд жолооч нь машинаасаа олон учраас л бараг эхний сонголтыг нь хийсэн хэмээн Ажлын хэсгийнхэн нь тайлбарлав. Гэр бүлдээ нэг машинтай, эсвэл мотоцикльтой иргэн хөдөө, хотгүй бий. Үүний ялгааг харж, төсөлдөө тусгах хэрэгтэй хэмээн Ц.Баярсайхан хэллээ.
“Машины үзлэгийн төлбөр 40.000- 110.000 төгрөг болж нэмэгдсэн. Дээрээс нь жолооч нар агаар бохирдуулсны төлбөр төлдөг болсон. Одоо дахиад бас нэг татвар нэмэх нь. Иргэдийн нуруун дээр ачаа үүрүүллээ. Германд машин түрээслэчихээд осол гаргасан бол тухайн хүн огт төлдөггүй. Тухайн машиныг даатгуулсан байдаг учир компани хариуцлагыг нь хүлээдэг юм” хэмээн Д.Дамба-Очир ярив. Жолоочийн даатгал төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хороонд шилжүүллээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment