БЛИЦ:
Жинхэнэ нэр: Т.Мөнх-Эрдэнэ
Хийх дуртай зүйл: “Х бокс” тоглох
Сайхан зүйл хараад: “Зөв Зөв” гэж хэлдэг
Бухимдсан үедээ: Хараалын үг хэлнэ
Тэрбумтан болвол хамгийн түрүүнд: Ээжийгээ үлдсэн насанд нь сайхан амьдруулна. Улсдаа сайхан зүйл хийнэ гэж худлаа ярихгүй.
Эмэгтэй хүний ямар зан чанар түүнийг бусдаас онцгой болгодог вэ: Тайван зан
"Өөр мэдээ"-гийн энэ удаагийн зочноор Реппер Gее-г урилаа. Түүний жинхэнэ нэр Т.Мөнх-Эрдэнэ. Найзууд нь анхны дууг нь гайхалтай хэмээн үнэлж Gее гэж хочилж дуудсаар ийм нэртэй болчихжээ. Ингээд түүний яриаг хүргэж байна.
-Gее-гээр сонин сайхан юу байна?
-Хийх ажил ихтэй байгаа. Жонон хамтлагтай хамтраад "Монголз" нэртэй цомог хийж байна. Үндэсний хөгжимтэй реп дуунуудаас бүрдсэн цомог. Уг нь энэ сард гаргана гэж бодож байсан ч ганц нэг асуудлаас болоод хойшлоод байна. Тэрнээс гадна бас нэг өөр Цомгийн ажилд орсон байгаа. Гэхдээ нууцална аа. Хоёр цомгоо зэрэг ч юм:уу эсвэл цувруулаад гаргана гэсэн бодолтой байна.
-Яагаад урлагийн хүн болсон бэ гэж асууя л даа?
-Би урлагийн хүн биш шүү дээ. Миний мэргэжил сэтгүүлч. Урлагийн хүн бол урлагийн амьдралаар амьдарч, урлагт ойрхон байдаг. Би бол урлагийн гэхээс илүү амьдралын хүн юм уу даа.
-Уран бүтээл хийж байгаа юм чинь урлагийн хүн биш гэж үү?
-Уран бүтээл гэж юуг хэлэхээс шалтгаална л даа. Би зүгээр реп дуу хийдэг. Уран бүтээл гэдэг урнаар хийж, бүтээсэн зүйлийг хэлэх болов уу. Манайд уран бүтээл гэж ярьдаг маш олон хүн байна. Уран бүтээл гэсэн мөртлөө ая нь гадаадынх. Юуг нь урнаар хийсэн юм бүү мэд. Тийм зүйлүүдтэй барьцалдах гээд ч байгаа юм шиг баймааргүй байна. Уран бүтээл гэдэг үгэнд ач холбогдол өгдөггүй.
-Мэргэжлээрээ яагаад ажиллаагүй юм бэ?
-Би мэргэжлээрээ ажиллаж байгаа шүү дээ. Чи өөрийнхөө үзэл бодлыг цаасан дээр буулгаад олон нийтэд хүргэдэг. Харин би өөрийнхөө хэлье гэсэн үгийг хөгжим дээр буулгаад түмэнд хүргэж байна. Энэ бол сэтгүүлчийн ажил. Би аялгуулж дуулдаггүй, яруу найрагчаас үг авдаггүй. Тэгэхээр энэ чинь сэтгүүлчийн ажил мөн шүү дээ.
-Хөгжимний тал дээр тусалдаг хүмүүс байгаа байх?
-Байлгүй яахав. Найз нөхөд, ах нар минь байна. Баяраа ах маш их тусална. Дунаа, Реклам, Туваанаа, Төмөр гээд олон найз байна.
-Репийг хүмүүс хип хоптой хольж ойлгодог. Чи өөрийнхөө дуунуудыг тайлбарлавал?
-Ялгаа байхгүй л дээ. Хип хоп гэдэг дотроо маш олон урсгалтай. Бүжиг, графит, хөгжим байна. Реппинг гэдэг нь үглэх урлаг нь. Хип хопынхоо дотор реп нь багтдаг байхгүй юу. Реппер гэдэг бол үглэдэг хүмүүсийг хэлдэг.
-Чамайг хэдэн жилийн өмнө репийг жинхэнээр нь мэдрүүлнэ гэж хэлж байсныг санаж байна?
-Тэр үед бүх л хүмүүсийн дуу юу л байна хайр байсан. Бүгд бүтсэн бүтээгүй хайр дурлал дуулдаг. Клип нь ижилхэн нэг охинд дурлаад амиа хорлоод л. Яасан ч хямдхан амьтай юм. Тийм л зүйл гардаг байсан. Жинхэнэ утгаар нь гэхэд хаашаа юм репийн үнэ цэнийг агуулсан зүйлийг хийе гэж бодсон доо. Тухайн үед бүгд ойлгодоггүй байсан. Энэ нэг тэнэг юм л гэж гэдэг байлаа. Одоо гайгүй ойлгож байх шиг байна.
-Дуунуудын чинь ихэнхийг ямар сэдэв эзэлж байна?
-Би амьдралын хүн . Хэрэв би урлагийн хүн байсан бол нам захиргаа ч юм уу, эсвэл мөнгөтэй хүний захиалгаар үнэн ч бай, худал ч бай ямар нэг юмыг магтан дуулна. Би тийм зүйл хийх гэхээр хүнтэй нийлж хүмүүсийг луйвардаж байгаа юм шиг санагддаг. Тиймээс би өөрийгөө амьдралын хүн гэж хэлдэг. Амьдрал надад юу харуулж байна тэрийг л хэлнэ. Хэн нэгний дарамт шахалт, мөнгө төгрөг, эсвэл гэртээ хариад хоолгүй байхаас айхгүй. Хэлмээр санагдсан зүйлээ л хэлнэ.
-Захиалгаар дуулж мөнгө олохгүй бол бас болохгүй шүү дээ?
-Мэдээж амьдарч байгаа юм чинь мөнгө олохгүй бол болохгүй шүү дээ. Би тэднийг буруутгаагүй. Миний хувьд тийм юм хийхгүй л гэж боддог. Үнэхээр миний дэмжмээр хүн гараад ирвэл үнэгүй ч хамаагүй хийж өгнө. Одоогоор тийм хүн алга даа.
-Урын сандаа хэчнээн дуутай болчихсон бэ?
-Ёстой тоолж байгаагүй.
-Барагцаалбал?
-100 хүрсэн байх аа. Урын сан ч гэж дээ. Компьютерийн хард дискэнд 100-гаад дуу байгаа байх.
-"Хужаа" гэдэг дууг дуулангуут хүмүүс чамайг үндсэрхэг үзэлтэй нөхөр гэж ойлгосон. Ер нь чинийхээр үндсэрхэг үзлийг ямар хэмжээнд байлгах ёстой вэ?
-Хужаа гэж дуулснаараа өөрийгөө үндсэрхэг үзэлтэн гэж хэлүүлэх гэсэн юм биш л дээ. Үндсэрхэг үзэл бол эх орноо хайрлахын нэр болохоос хужаа нарыг зодохын нэр биш. Хогоо газар хаяж байна уу, хогийн саванд хийж байна уу гэдгээс л үндсэрхэг үзэл эхэлнэ. Хужаа дууг яагаад дуулсан гэхээр хятадууд даварсан шүү дээ. Өнгөрсөн намар цагдаатай юутайгаа зодуулаад, хүнээ хүртэл алуулсан. Тухайн үед миний уур хүрээд бичиж байсан үг байхгүй юу. Тэр үгээрээ дуу хийсэн юм. Яагаад болдоггүй юм.
-Сэтгүулч хүн ямар нэг нийтлэл бичлээ гэхэд түүнийг нь уншсан хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлдөг. Харин чиний дуунууд хэр нөлөөлж байгаа бол?
-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ нөлөөлж байгаа гэж найдаж байгаа. Яг одоо бид хүүхдүүдийг хүмүүжүүлж байна. Хүүхдүүд бидний зөвийг авч, бурууг хаяж байгаа. Миний дуунаас зөвийг нь л авах хэрэгтэй.
0 Сэтгэгдэл:
Post a Comment