5/21/11

Пирамидын далдын хүч



Пирамид бол далдын хүчтэй зүйл гэдэгт итгэдэг хүн улам олон болсоор байна. Энэхүү геометрийн биет нь хүмүүст амьдрах хүч чадал олгож, идэх уух юмыг муудуулахгүй байлгаж, түүгээр ч үл барам мохоо хутгыг хурцалдаг гэх юм. Энэ бүхэн үнэн үү? Худал уу?
Ионтой шөнийн нойр
Хот суурин газар айлууд төмөр утсаар хийсэн пирамидыг чамин чимэг болгон тавьсан нь олонтой харагдах боллоо. Тийм пирамидын дотор жимс хадгалбал амин дэмээ алддаггүй, пирамид дүрсийг унтлагын өрөөнийхөө таазнаас өлгөвөл сэтгэл санаа өөдрөг сайхан болдог гэлцдэг. Ер нь пирамидын хүч чадалд итгэдэг хүмүүс түүгээр бүх өөрөө тасалгаагаа чимэхээс ч будахгүй бололтой.
Эдгээр сонин цуглуулгын эзэд нь Пирамид хэлбэртэй зүйлүүд бодлыг тайвшруулж, тархинаас хорыг, ходоодноос хог шаарыг хөөн гаргаж, хүний биеийг эрчим хүчээр цэнэглэдэг гэж үздэг байна.

Хэрж гагнасан хэдэн төмөр утас хүний боломжийг тэгтлээ ихээр өөрчилдөг юм байхдаа? Энэ маань санаатайгаар сэдсэн худал зүйл биш биз? Эсвэл ид шидэд итгэх гэсэн гэнэн хүсэл үү? Аль эсвэл төмөрлөгийн соронзон хүчний ямар нэгэн онцгой чанар нь та нар байгалийн хуулиудыг бүрэн гүйцэд таньж мэдээгүи байна шүү дээ гэж сануулж байгаа юм биш биз? Пирамидыг бишрэгчдээс энэ талаар асуух юм бол тэд физикийн хууль, анатомийн хүчин зүйлүүдийг иш татаж байгаад Пирамидын дотор соронзон талбай үүсдэг юм. Түүний нөлөөгөөр хүний дотоод шүүрлийн булчирхай чичиргээнд орж эхэлдэг. Тэд ийнхүү сэргэж, идэвхэжсэнээр бидний биед байгаа асар чухал процессуудыг жолоодон хөдөлгөдөг даавруудыг эрчимтэй ялгаруулдаг хэмээн бүхэл бүтэн шинжлэх ухааны тайлбар хэлнэ. үүнээс гадна пирамидын хэлбэр үүсгэн зангидсан төмөр утас нь байнга төмөрлөгийн ионыг ялгаруулж байдаг. Эдгээр ионы тусламжтайгаар бидний бие махбодь хүчилтөрөгчийг илүү эрчимтэйгээр шингээн авдаг тул бидний биеийн байдал ч улмаар улам сайжирдаг гэнэ.

Чингэж пирамид дахин анхаарлын төвд орох боллоо. Янз бүрийн орны уран зураач, уран барималч нар эрт урьдын геометрийн дүрсийг өөрсдийнхөө хувьд шинээр нээж байна. Орос орныг хэрхэн өөд татах вэ? гэдэг асуултад Александр Голод хамгийн амархан, энгийн нэгэн хариулт өгчээ. Ердөө л орон даяараа пирамид босгох хэрэгтэй, тэгвэл тэдгээрийн эерэг цэнэгтэй чичиргээ нь гэмт хэргийг хазаарлан барьж, агаар мандлыг цэвэршүүлж, хүний эрүүл мэндийг эмнэлгийн даатгалаас ч илүү хамгаалж, үүгээр зогсохгүй баячууд ба ядуучууд, шинэчлэлийг улайран эсэргүүцэгчид ба олигархуудын хоорондын зөрчлийг эвлэрүүлэх юм гэнэ. Тэгээд Голод өөрийнхөө хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэхээр Москвагийн баруун захад пирамид босгожээ.

Голодыг дуурайх хүн ч мундсангүй. Сүүлийн 10 жилд пирамидыг тэнгэр бурханы баримал мэтээр энд тэндгүй босгох боллоо. Яо Минпэй гэгч хятад хүн Парис дахь Луврын музейн хашаан дотор 22 метр өндөр пирамид босгожээ. Франкфуртын яармагийн үзмэрийн танхимуудын дээгүүр шөнийн цагт гоёмсог пирамидаас гэрэл цацарч хотын гудамжийг гэрэлтүүлж байна. АНУ-ын Мичиган муж улсын Гран-Рапидс хот дах Steelcase Corporation-ны төв байр бас л пирамид хэлбэртэй барьсан долоон давхар барилга бий. Доод Саксоны Хайен гэдэг тосгонд Зүү төөнүүр, иллэгийн сургууль байдаг ба тэнд хичээлүүдээ шавар, мод, шифр, сүрлээр барьсан асар том пирамидын (17×17 метр) доор явуулдаг. Суралцагсад нь энэ том пирамид ядаргаа тайлдаг тул доор нь өдөржин хичээллэсэн ч тархи толгой сэргэлэн хэвээрээ л байдаг гэж ярьдаг. Багшийн зааж байгааг өдрийн турш сонссон ч анхаарал, ой тогтоолт өглөө ямар байсан тэр чигээрээ байдаг гэнэ.

Гэртээ пирамидтай хүмүүс бас л хангалуун байдаг бололтой. Америкийн кино жүжигчин Глория Свенсон орон дороо багахан шиг пирамид тавьснаас хойш биеийн минь эс бүхэн хачин сайхнаар чичир¬гээнд орж байдаг болсон шүү хэмээн магтах үгээ олж ядан байна. Германы Лангенфельд хотын Вольфганг Шверк гэгч хүн пирамидын эрчим хүч хүний биеийг цэнэглэж ясны хугаралт, жижиг сажиг шархыг хурдан эдгээдэг гэж мэдээлжээ. Гамбург хотын нэгэн түргэн хоолны газрын эзэн Алекс Донате: шинэ дарсыг бүрэн боловсортол дор хаяж хоёр жил хүлээх хэрэгтэй байдаг бол шил, гуулиар бэлдсэн пирамид дотор тавихад ердөө хагас жилийн дотор бүрэн дарагдаж, боловсордог юм гэж ярьжээ. Энэ мэтчилэн тоочоод байвал удахгүй пирамид бид хоёр байгаа цагт баяр баясгалан ундарч байх болно гэдэгт итгэх болох байх.

Мөнгөө пирамид дотор хадгалагтун гэж байгаа хэрэг үү?

Шинэ үеийн пирамидыг магтан дуулагчид энэхүү хэлбэр дүрс бүхий байгууламжийн далд нууцыг хүн төрөлхтөн бүр эрт дээр цагт мэддэг байсан гэцгээдэг. Египетийн пирамид ямар учиртай босгогдсоныг ер хэдэн янзаар тайлбарлаж байгааг бүү мэд. Зарим нь энэ аварга том бүтээлийг домогт атлантууд босгосон гэх. Нөгөө хэсэг нь тэртээ нэгэн цагт манай дэлхийд ирсэн харь гаргийнхны бүтээл мэтээр тайлбарлана. Гэхдээ ихэнх нь эдгээр пирамидуудад өнөөгийн бидний мартчихсан, өмнөх үеийнхний нууц мэдлэгийн сан хадгалагдсан байдаг гэдэгт итгэдэг юм байна. Орон орны судлаачид пирамидын нууцыг тайлах гэж оролдсоор байгаа аж. Хагас зуун жилийн өмнөхөн Чех инженер Карел Дрбал энэ тухай нэгэн санаанд буумгүй шийдэл дэвшүүлжээ.

Пирамид хэлбэртэй дүрсээр хүрээлэгдсэн орон зайд автоматаар дахин нөхөн сэргээгдэх үйл явц явагдаж, сахлын хутганы ирний маш нарийн кристаллаг бүтцэд хүртэл нөлөөлж, ирийг дахин хурцалдаг. өөрөөр хэлбэл сахал хуссаны дараа үүсдэг материалын элэгдэх явцыг зогсоож, улмаар сахлын хутганы торгон ирийг нөхөн сэргээдэг юм гэж тэрээр 1949 онд өөрийнхөө нээлтэд авсан 91304 гэсэн дугаартай зохиогчийн эрхийн тайлбар бичигт тэмдэглэжээ. Гурван хуудас эзэлсэн зохиогчийн уг тайлбар Сахлын хутга, үсний тонгоргийг ирлэх арга гэсэн нэртэй.

Дрбал Электроникийн эрдэм шинжилгээний хүрээлэнд инженерээр ажиллаж байж. Түүний зохион бүтээсэн зүйл бол ердөө хуванцар юмуу хатуу картоноор хийсэн 7-8 сантиметрийн өндөртэй Хеопсын пирамидууд байлаа. Зохион бүтээгч маань тэдгээрийнхээ дотор мохсон сахлын хутга хийдэг, тэгэхдээ ирийг нь заавал өмнө зүгт чиглүүлж, Хеопсын пирамид доторх бунхан шиг пирамидынхаа өндрийн гуравны нэгтэй тэнцэх өндөрт байрлуулдаг байжээ. Түүний хэлснээр бол найм хоногийн дараа нөгөө мохсон ир дахиад хурц болсон байдаг байж гэнэ. Дрбал тэгж ирлэсэн ганц хутгаараа 196 удаа сахлаа хуссан гэжээ.

Зохиогчийн эрх олгох комисс түүний тэр фараоны хутгыг арван жил шалгасны эцэст дөнгөж эрхийг нь албан ёсоор олгожээ. Дрбал өөрийнх нь тэрхүү ховор чухал аппарат нь хэрхэн яаж ажилладгийг тайлбарласан онол тус комиссын бүх гишүүдийн эргэлзээг алга болгож чаджээ. Чехийн зохион бүтээгчийн хэлснээр бол Нарнаас цацардаг бичил долгион пирамидын ханыг нэвтрэн, хутга байгаа хөндий зайд орно. Газрын соронзон талбайн үйлчилгээнд тэрхүү бичил долгион идэвхжиж хүчтэй болсны улмаас үүссэн эрчим хүч хутганы кристаллаг бүтцэд нөлөөлж, хурцалдаг юм байна.

Тийнхүү Прагийн инженерийн хийсэн ажил пирамидын шинж чанарыг судалдаг мэргэжилтнүүдийн сонирхлыг багагүй татсан нь мэдээж. Америкийн Билл Скул, Эд Петти нар ургамал дээр туршилт хийжээ. Ургамлыг пирамид хэлбэртэй шилэн тагархуу юмаар бүтээхэд ургалт нь түргэссэн гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүнсийг пирамид хэлбэртэй шүүгээнд хадгалах ёстой гэнэ. Тэгж хадгалсан сүү гашилдаггүй, ногоо хөгцөрдөггүй, мах мууддаггүй ажээ.

Белгийн Пол Ликенс гэдэг хүн цахилгааны зайг пирамид дотор тавьсан чинь цоо шинэ Энерджайзер шиг ажиллаж эхэлсэн байна. Шахмал модоор хийсэн 40 сантиметр өндөр пирамид түүний машины бензиний савыг хамгаалах болсноор тэрээр түлшийг бараг 12%-ийн хэмнэлттэй хэрэглэх болсон байна. Тэр ч байтугай, гайхамшигт пирамид нь Ликенсийн хэлснээр янз бүрийн эмгэг хуучийг анагаадаг гэнэ. Чихээр нь шуугихаа больж, булчин хөндүүрлэдэг нь намжиж, бие тавигдан, аливаа юмнаас айж болгоомжилдог байсан нь алга болжээ. Ер нь та нар гэр орондоо пирамидтай болоод түүнтэйгээ аж төрөгтүн! Бас мөнгөө гагцхүү пирамидад хадгалахаа мартуузай! Ингэвэл ашиг орлого чинь үлэмж хэмжээгээр нэмэгдэх болно! гэж тэрээр захижээ.

Гэтэл яггүй сайн эрдэмтэд пирамидын эмчилгээний чанар-ын тухай эсэн бусын яриаг сонсоод тэрхүү эрчим хүчээр цэнэглэсэн орон зай-д итгэснээс Лох-Несс нуурын аварга том амьтан юм уу гэрийн буг байдаг гэдэг цуу үгэнд итгэсэн нь дээр гэж үздэг ажээ. Хүмүүс пирамидын далдын чадварт итгэх энэ үзэгдлийг тэд сайндаа л хүмүүс хүссэн зүйлдээ итгэхийг хүсдэг тэр л зандаа хөтлөгдөж байна, үгүй юм бол энэ бүхэн санаатайгаар хууран мэхлэх ажиллагаа явагдаж байна хэмээн тайлбарлаж байна.

Германы физикч профессор Герхард Пифке: Төмөр утсаар сүлжсэн каркасан дотор соронзон талбай үүсэх ёс байхгүй гэжээ. Тэрээр пирамид хэлбэртэй хонгил доторх цахилгаан соронзон долгионы тархалт-ыг судалсны үндсэнд тэр тухайн судалгааныхаа үр дүнг нийтлүүлжээ. Нууцгүй хэлэхэд энгийн сонирхогч тэр олон математикийн үйлдэл, тоо томьёоны дотроос юу ч олж харж чадахгүй тул энэ бүхнийг алгасаад профессорын хийсэн дүгнэлтийг толилуулбал: Пирамид эрчим хүчийг төвлөрүүлдэг гэдэг нь уулнаас ховхорсон чулуу доошоо биш дээшээ нисдэг гэсэнтэй адил тун ч магадлал багатай зүйл юм гэжээ. өөрөөр хэлбэл пирамидын дотор зуун жил унтсан ч тэнд ямар ч сансрын долгион хуралдахгүй гэсэн үг.

Тэгвэл дээр өгүүлсэн өдий олон сонин үзэгдлүүд ямар учиртай юм бэ? Нөгөө гашилдаггүй сүү, хэмнэлттэй зарцуулагддаг бензин, ирлэгддэг сахлын хутаг зэргийг юу гэж үзэх вэ? Амараад орхисон чинь бие минь сайжирлаа, хадгалсан юм сайнаараа байна, тэр ургамач ургасаар байна гэдэг бол огт барьцгүй зүйл хэмээн Профессор Пифке тэмдэглэж байна. Эдгээр шинийг нээгч нар ар араасаа цуварсан амжилттай туршилтууд хийх хэрнээ хяналтын тэмдэглэлт хийж, үзүүлэлтүүдийг нь харьцуулан шалгах хэрэгтэй гэж бодохгүй юм. Тэгсэн хэрнээ өөрсдөд нь үнэхээр сайжирч байгаа юм шиг сэтгэгдэл төртөл нь туршилтынхаа хугацааг сунжруулдаг зантай. Физикчид, цахилгаан техникчдийн үзлээр бол тэгж учир утгагүй удаан хугацаанд туршилт хийх нь нохой гэдэг амьтан хэрээ шиг гаагалдаггүй гэж батлахын тулд долоон жилийн турш асар том туршилт явуулсан лугаа адил учир утга багатай хэрэг мән хэмээжээ.

Мөн Мюнхений их сургуулийн профессор Йозеф Айхмайер дээр дурьдсан Карел Дрбалын хутга өөрөө хурцлагддаг туршилтыг давтахаар шийдээд нэг сахлын хутгыг нямбайлан хоёр хэсэг болгож, нэгийг нь пирамидын доторх бунхны төвшинд, нөгөөг нь пирамидаасаа хөндийхөн байрлуулжээ. Тэр профессор найм хоногийн дараа хутганыхаа хоёр хэсгийг 1949 онд огт байгаагүй электрон бичил дуран авайгаар судалсан аж. Гэтэл пирамид дотор тавигдсан хутга өчүүхэн төдий ч хурц болоогүй байсан нь тов тодорхой болжээ. Гэхдээ тэр профессор сүүлд нь Би ердөө ганцхан удаа ийм тур¬шилт хийсэн. Тиим учраас шинжлэх ухааны үүднээс авч үзвэл миний энә туршилт батлагдтал юмуу няцаагдтал ямар ч үнэ цэнэгүй юм гэж өөртөө шүүмжлэлтэй хэлсэн гэнэ.

Гэвч пирамидын далд ид шидийг  шүтэн бишрэгч энэхүү дүрс хэлбэр үнэхээр сайн үйлчилгээтэй юм шүү гэж олон түмэнд итгүүлэхийг оролдсоор байна. Тэдний хэлж ярьж байгаа нь сүртэй боловч ямар ч барьц байхгүй, харин тэдний эсрэг талыг баримтлагч нарынх нь жишээ баримт энгийн бөгөөд бодитой байх юм. Мэдээж хэрэг төрөл бүрийн эм тан, өвс ургамал хэрэглэхээс татгалзаж пирамидын хэлбэрээр хэрж хэлхсэн төмөр утсан дотор орж, эрчим хүчээр нь биеэ анагаахыг оролдож болно. Гэвч пирамид нь өчүүхэн ч тус нэмэргүй гэдгээ л харуулах вий.

Тийнхүү пирамид дотор ороод сансрын хүчинд итгэж суух зуур уйтгартай санагдвал урдаа бас нэг жижиг пирамид босгон, дотор нь мах, аягтай сүү тавиад үзэж болно. Тэгвэл хэдэн хоногийн дараагаас өвчний эдгэрлийг хүлээх зуур дэргэдэх нандин савын зүгээс үнэртэх эвгүй үнэрээр амьсгалах болох вий. Угаасаа эвгүй үнэр, пирамид гэдэг нь зэрэгцэн оршдог ойлголтууд л даа.

Гэвч дээрх үр дүн далдын хүч, гайхамшигт эмчилгээг шүтэн бишрэгчдийн бодол санааг өөрчилж чадахгүй нь мэдээж. Ер нь пирамид байсан цагт түүнээс шинэ, хэний ч урьд өмнө мэдээгүй шинж чанарыг нээхэд бэлэн хүмүүс байсаар байх бололтой. Мөн тэднийг сонсож, ер бусын ярианд нь үнэмшиж ханадаггүй хүмүүс ч байсаар байх болно.
 

0 Сэтгэгдэл:

Post a Comment