5/21/11

Монгол гэр бүлд гарч буй өөрчлөлтүүд



 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Монголын гэр бүлийг дэмжих төвөөс залуучуудын дунд судалгаа хийж, түүнийхээ талаар хэлэлцүүлэг явуулсан нь өнөөгийн залуучуудын гэр бүлийн талаарх мэдлэг харьцангуй дээшилсэн гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Залуус гэрлэх гэж нэг их яардаггүй болж. Залуусын 41,2 хувь гэрлэнгүүтээ бие даан амьдрах сонирхолтой болж байна.
Дундаас дээш боловсролтой хүмүүсийн дунд хамтран амьдрахуйн төсөөлөл, ойлголт илүү болж байна. Манайд "хамтран амьдрахуйн тухайлбал үерхэн амьдрах", "цайны хань", "байдгийнх", "тохирон амьдрагчдын" гэсэн хэв маягууд байна.
Удам угсаа, өв уламжлалаа судлан, суралцах хэрэгцээ, эрмэлзэл өссөөр байна. Монгол уламжлалаас хойч үеийнхэн маань авч чадахгүй үлдэх вий гэсэн болгоомжлол ялангуяа ахмад үеийнхний талаас илүүтэй төрөх болжээ.

Хэдэн хүүхэдтэй байх нь хүмүүсийн өөрсдийн чөлөөт сонголтоос шалтгаалах болсон. Арга ч үгүй биз. Дэлхийн улс орнуудын адил монгол гэр бүлд ардчилал нэвтэрч байгаатай холбоотой. Тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд бий болж байгаа аятай нөхцлүүд үүнд нөлөөлж байгаа нь илт.
Эцэг эхчүүд залуусын дунд өв уламжлалаасаа суралцах эрмэлзлэл бий болсоор байгаа.
Гэр бүлийн нандин холбоо "хайр сэтгэл", "итгэл"-ийг эрхэмлэн хүндэтгэсээр байгаа.
Гэр бүл дэх хүүхдийн тоо нааштайгаар өөрчлөгдөх хандлагатай.

Эд хөрөнгийг бус эрдэм мэдлэг, амьдрах ухааныг хүүхдэдээ өвлүүлэхийг зорьж байгаа.
Өрхийн орлогын эх үүсвэрийн нэр төрөл, хэлбэр нэмэгдсэн төдийгүй, ойрын жилүүдэд зургаан насны хүүхдүүд сургуульд суралцаж 3-5 насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдан сурч хүмүүжих болж байгаатай холбоотой юм. Тэгэхлээр хүүхдээ хөлд, хэлд орохоор эсвэл сургуульд орох дөхөхөөр сурч хүмүүжихэд нь сүрхий анхаардаг аргаа өөрчлөх шаардлага гарч ирж байгаа бизээ.

Ёс төрөө алдвал муу бүхийг төрүүлдэг. Зан үйлээ мартвал монгол төрхөө алдана гэдэг. Айл өрх бүрийн өөрчлөгдөн хөгжиж байхын үндэс нь уламжлал, шинэчлэлийн зохисыг ухаалгаар олж өрх гэрийн үнэт өвийг үр хүүхэд хойч үеийнхэндээ уламжлуулах явдал байдаг. Орчин үед гэр бүл тогтвортой байхад үндэсний ёс заншил чухал нөлөө үзүүлэх учиртай байдгийг анзаарахгүй байж болохгүй.

Монгол Улсын төрөөс хүн амын болон гэр бүлийн хөгжлийи талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх /10-15 жил/-д монгол гэр бүлийн амьдралд тэдний гишүүд хоорондын харилцаа улам түвэгтэй асуудлыг бий болгосоор байх төлөв харагдаж байна.

Гэр бүлийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд иргэдээс хүсэн хүлээж байгаа дараахи асуудлыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай. Судалгаанаас үзвэл хот хөдөөгүй хүн амын тухайн гэр бүлийн эрхэмлэх зүйлсийн үнэлэмж өөрчлөгдөж, энэ чанарт боловсролыг оруулж, үүний дараа гэр бүлийн гишүүд бие биеэ хайрлах итгэлцэх ёс суртахууны асуудлыг авч үзжээ.

Томхон хотуудын дүүрэг хороо, хөдөө орон нутагт "Ургийн уулзалт", "Алтан ургийнхны баяр" нэртэй хийж байгаа гэр бүлийнхний хол ойрын төрөл садан, хамаатньг уулзалт, баярыг өвөг дээдсээс өвлөгдсөн уламжлалынх нь дагуу гардан зөв үр дүнтэй зохион байгуулах санаачлагыг өрнүүлэх, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг энэ ажилд татан оруулах механизмыг бүрдүүлэх нь зүйтэй.

Энэ арга хэмжээг зохион байгуулахын учир, тухайн гэр бүлд ямар ач холбогдолтойг хэвлэл, мэдээллээр сурталчлах хэрэгтэй. Ийм уулзалтыг угийн бичгээ мэдсэн баяжуулсан арга хэмжээ болгон зохион байгуулах нь зах зээлийн нөхцөлд хүмүүст өгөөжтэй болно.

Монголчууд үндэсний их баяр-Цагаан сарын баяраа тэмдэглэх нь монгол хүн бүрийн бахархал. Харин цагаан сараа уламжлал, шинэчлэлийн зохисыг олж тэмдэглэх санал зөвлөмжийг боловсруулах хэрэгтэй.

Иргэд, залуучууд ялангуяа залуу гэр бүл амьдралын нөхцлөө сайжруулах ажил олж хийх, зээл аваад орон гэртэй болох гэсэн эрмэлзлэл их болжээ. Энэ хандлагад цаг алдалгүйгээр туслах ажлыг төрийн бодлогын хэмжээнд эрчимтэй зохион байгуулах шаардлага байна.

Ойрын 10-15 жилд манай оронд гэр бүлийн, түүний дотор залуу гэр бүлийн асуудал улам нарийсч тавигдана. Иргэдээс "гэр бүлд зөвлөгөө өгөх төв" ажиллуулах хэрэгтэй. Монгол Улсад гэр бүл судлалын хүрээнд гэр бүлд зөвлөгөө /ялангуяа гэр бүлийн эрх зүй болон сэтгэлзүйн/ өгөх үйл ажиллагааг даруй эхлэн хөгжүүлэх нь гэр бүлийн дотоод зөрчил, сэтгэл зүйн хямралаас гарах, маргааныг эв эеэр шийдвэрлэхийг эрмэлзэхэд нь тусална.

Эмэгтэйчүүдийн боловсролд гарч буй ахиц тухайн гэр бүлийн хөгжил, төлөвшилд нөлөөлж буйг төр, засгийн бодлогод харгалзаж, үр дагаврыг нь анхаарч байх хэрэгтэй байна. Зөв төлөвшсөн үзэл санаан дээр үндэслэгдээгүй гэр бүл хэдийгээр эдийн засгийн таатай орчинд оршин байвч, аз жаргалтай байж эрүүл нийгмийг нөхөж чаддаггүй. Төрийн байгууллагын бүтцэд гэр бүлийн нийтлэг асуудал дагнан хариуцсан байгууллага ч бий болгож болно.

Ойрын жилүүдэд гэр бүл гэрлэлтэнд дор хаяж гурван өөрчлөлт гарч болох юм гэдгийг XX зууны туршид дэлхийн улс орнуудын гэр бүлийн амьдралд гарсан өөрчлөлт, гэр бүлийн нийгмийн түүхээр хийсэн судалгааны дүнд үндэслэн хэлж болно.

Нэгдүгээрт: Ихэнх хүмүүсийн хувьд сонголт хийж үр хүүхэдтэйгээ хамт хууль ёсны гэр бүл болохын зэрэгцээ тусдаа "гэр бүлийн" болон "гэр бүлийн бус" шинжтэй амьдралаар амьдрах боломжтой.

Хоёрдугаарт: Аж үйлдвэр хөгжсөн нийгмийн хүмүүс өөрсдийн амьдралдаа урьдынхаасаа илүү ихээр амьдралынхаа загварыг өөрчлөх болно. Цөөн тоотой хувь эзэлж буй хүмүүсийг эс оролцуулбал урт удаан хугацааны туршид харилцаатай хүмүүсийн харилцаан дахь үнэнч байх явдал хэвээр байна.

Ямар ч гэсэн өөрийн хань нь өөр хүнтэй холбогдоход тэвчээртэй хандах явдал өсөх хандлагатай. Гэрлэлтэнд харилцан бие биеэ хайрлах аз жаргалтай байх, тавигдах шаардлага өсч байгаа ч гэсэн гэр бүлийн хүмүүсийн эрх чөлөөт байдалд хүлээцтэй хандах байдал өсч байна.Энэ нь нөгөө талаас гэрлэлт гэр бүлийн цаашид оршин тогтноход аюул учруулж болох хандлага ихэсч байна гэсэн үг.

Гуравдугаарт; Чөлөөт амьдралаар амьдарч буй хосууд болон ганц бие эмэгтэйчүүдийн хүмүүжүүлдэг хүүхдийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа явдал юм. Монгол гэр бүлийн талаархи бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн орны гэр бүл болон нийгэм, улс төр, эдийн засгийн бодлогоос шалтгаалан урган гарсан асуудлууд гаднаас орж ирэх, ирж буй эерэг сөрөг нөлөөллөөс бий болох үзэгдлийг харилцан нягт уялдаа бүхий зүй зохисыг нь олж тусгаж байх. Монголын төрийн болон төрийн бус байгууллагууд өрх гэр бүл, монгол гэр бүлийн хөгжил, төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэсээр байх ёстой.

Монгол гэр бүлийн судлалыг анхаарч хөгжүүлэхийн хамт дэлхийн улс орнуудын гэр бүлийн судалгааны үр дүнд гарч байгаа санал, дүгнэлтэнд бид анхааралтай нухацтай хандах цаг болоод байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment