9/24/11

Манай улс олимпийн зургаан эрх авлаа


«Лондон-2012» зуны XXX олимпийн наадам эхлэхэд арван сар буюу 308 хоног үлдээд байгаа бөгөөд монголын тамирчдаас одоогийн байдлаар энэхүү олимпийн наадамд оролцон хүч, хурд, авхаалж самбаагаа сорих албан ёсны эрхийг зургаан тамирчин өвөртлөөд байна. Энэ жилийн хавраас эхэлж олон улс, тив, дэлхийн тэмцээнээс олимпийн талбарт өрсөлдөх тамирчдыг сонгох шалгаруулалт ид явагдаж байгаа билээ. Лондонгийн Олимпийн наадам 2012 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-нд үргэлжлэх ба спортын 26 төрөлд 302 багц медалийн эздийг тодруулна. Монголын тамирчид «Бээжин-2008» олимпийн наадмаас хосоор алт, мөнгөн медаль хүртэж, паралимпийн аваргатай болсон бахдам амжилт үзүүлсэн бол одоо энэ амжилтаа бататгах хариуцлагатай цаг үе ойртсоор байна. Монголын шилдэг марафонч, ОУХМ Б.Сэр-Од Монголын баг тамирчдын салхийг хагалж, Лондонг зорих эрхээ хамгийн түрүүнд авсан бол түүний дараа мөн эмэгтэй марафонч Л.Отгонбаяр эрхээ авч, араас нь Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, байт сурын тамирчин Ж.Гантөгс нар олимпийн эрхээ өвөртөлсөн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн чөлөөт бөхийн ДАШТ-ээс О.Насанбурмаа, Ж.Чулуунбат нар олимпийн эрхээ авсан юм. Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид ирэх даваа гарагт Баку хотноо эхлэх ДАШТ-ээс олимпийн эрхээ авахаар мордсон. Тус тэмцээнээс нийт 92 тамирчинд олимпийн эрх олгоно.

0 Сэтгэгдэл:

Post a Comment