9/24/11

Х.Цагаанбаатар Лондоны олимпод аваргална гэдгээ зоригтой амлав


Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд яармагийн дэнж дэх Спорт цогцолборт болж, 22 улсын 171 жүдоч “Лондон- 2012” олимпийн 100 онооны төлөө өрсөлдлөө. Гурав дахь жилдээ зохиогдсон тэмцээний хүрээ жилээс жилд өргөжиж, Гранпригийн түвшинд хүрэх боломжтойг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нээлтийн үеэр онцолсон юм. Францын Парис хотноо болсон ДАШТ-д тааруу оролцсон Монголын шигшээ баг нутгийнхаа дэвжээнд ааглаж, ард түмнээ тайвшруулах зорилгоо биелүүлэв. Дэлхийн цом ДАШТ-ий дараахан зохиогдсон нь хилийн чанадаас ирэх тамирчдын тоонд нөлөөлсөн байж болох талтай ч БНСУын нэгдүгээр шигшээ баг, Япон, БНХАУ-ын ур чадвар өндөртэй тамирчид ирсэн байлаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Парисын татамид Х . Ц а г а а н б а а т а р ы г буулгаж авсан Чо Жун Хо С.Мияарагчаад ялагдсан бөгөөд тэрбээр цаашид нутаг нэгт Ань Жон Хваныг ялснаар хүрэл медаль хүртсэн юм. Харин Х.Цагаанбаатар нутгийн дэвжээндээ ааглан ээлжит алтан медаль хүртсэнийхээ дараа “Монголын жүдочид 2012 оны олимпод заавал аваргална” хэмээн амласныг тэмдэглэх нь зүйтэй. Цагийн зөрүү ихтэй, уур амьсгал, газар зүйн байрлал тэс өөр Лондонд өмнөх амжилтаа бататгана гэдэгт Цагаанаа ба түүний нөхөд итгэлтэй байгаа аж.
-Та Монголын жүдочид ирэх олимпод алтан медаль хүртэнэ гэж арай эрт амалж байгаа юм биш үү?
-Монгол хүн амны бэлгээр гэдэг. Манай жүдочид 2012 оны олимпоос алтан медаль авах өндөр зорилгоор бэлтгэлээ хийж байна.
-С.Мияарагчааг ялсныхаа дараа долоогийн тоо заасан нь ямар учиртай юм бэ?
-Дэлхийн цомын чанартай “Их дуулга”-д нийтдээ долоо дахиа түрүүлээд байна. Үүнийг илтгэсэн юм. Миний жинд дэлхийд өрсөлддөг сайн тамирчин байдагт баярлаж явдгаа энэ дашрамд хэлье. Бид хоёр хоорондоо өрсөлдөж байж, дэлхийд хүчтэй өрсөлдөгч болдог.
-Японы бөхтэй хийсэн барилдаанаа ярина уу?
-Японы бөхтэй барилдахдаа ядрааж, торгуулиар ялахыг хичээсэн. Тактикийн дагуу барилдаж, хоёр торгуулж ялсан. Японы тамирчин “Их дуулга”, Германд болсон Гранприд түрүүлсэн бөх. Хүчтэй өрсөлдөгчийг ялсандаа баяртай байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment