10/28/11
Дэлхийд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн ой
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон 50 жилийн ойг тохиолдуулж НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн илгээсэн мэндчилгээндээ, Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийи халуун баярыг хүргээд “Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Монгол олон улсын 140 гэрээ конвенцид нэгдэн орсон.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй арга хэмжээ авч байна.
Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоон хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна” гэж манай улсын НҮБ-д гүйцэтгэсэн үүргийг онцолсон байна.
Тэрбээр мөн Монголын дэлхий дахинд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг дурджээ. Монголын ардчилсан нийгэмд энх тайван замаар амжилттай дэвшин орсонд бид бахархдаг гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бичсэн байна.
50 жилийн ойг тэмдэглэж Гадаад харилцааны яам “Монгол Улс НҮБ-д 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар эрдэм шинжилгээний хуралд хэлсэн итгэлдээ, МонголУлс НҮБ-д элссэн нь өнгөрсөн XX зууны түүхэндээ олсон томоохон ололтын нэг гэдгийг дурдаад “Энэ нь манай улсын хувьд тусгаар тогтнолоо бататгах улс төр, дипломатын том амжилт, чухал алхам болсон төдийгүй олон улсын хэмжээнд эзлэх байр суурийг бэхжүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг нээж өгсөн” гэж дүгнэв.
Эдүгээ манай улс 155 улстай дипломат харилцаа тогтоосон байна. Мөн НҮБ-д элссэнээсээ хойш олон улсын болон бус нутгийн засгийн газар хоорондын 60 гаруй байгууллагад гишүүнээр элсэж, олон улсын 240 орчим гэрээ, конвенцид нэгдэн оржээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment