10/30/11
Хөдөөний гишүүд илүүрхэж, хотынхон уурсав
УИХ-ын пүрэв гаригийн үдээс өмнөх нэгдсэн чуулганаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан.
Учир нь эл хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг энэ сарын 6-ны өдрийн чуулганаар хэлэлцэн байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлсэн юм. Харин тус дэд хорооны гишүүд төсвийн тодотголд урсгал зардал 50 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэнд дүгнэлт хийсэн.
Тухайлбал, бараа үйлчилгээний зардлыг инфляцтай холбож, зардал хэмнэх хэрэгтэйг хөндсөн байна. Хамгийн гол нь нэгэнт батлагдсан төсвийн хүрээнд төсвийн байгууллагууд үйл ажиллагаагаа зохицуулаад явах шаардлагатай учраас урсгал зардлыг нэмэх хэрэггүй гэж үзжээ.
Гэвч бодит байдал дээр асуудал эсрэгээрээ. Ирэх оны сонгууль дөтөлж буйг ч хэлэх үү, тойргоо тойглох гэсэн гишүүдийн гуйлт төсвийг “дампууруулж” ч мэдэхээр байна.
Тэгэхээр холбогдох байнгын хорооноос дэмжлэг аваагүй зарчмын зөрүүтэй 17 саналаар энэ удаагийн хэлэлцүүлгээр санал хураав. Тухайлбал, нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд зориулж Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 1.2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад шилжүүлэх асуудал байв. Мөн Даланзадгадын дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг сайжруулахаар тусгасан 428 сая төгрөгийг 928 сая төгрөг болгох.
Түүнчлэн Оюутолгой-Баян-Овоо сум, Тавантолгой-Манлай сумын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн ажлыг эхлүүлэх төслийн төсөвт өртгийг 3.602 сая төгрөгөөр тусгасныг 6.800 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэх санал байнгын хорооны дэмжлэг аваагүй ч нэгдсэн хуралдаанаар дэмжигдлээ.
Харин нийслэлийн авто зам, дэд бүтэц, сургууль цэцэрлэгийн барилгын ажилд зориулж төсөвт 60 тэрбум төгрөг нэмж тусгуулахаар хотоос сонгогдсон гишүүд санал гаргасныг байнгын хороо дэмжээгүй байсан юм.
Харин энэ өдрийн хуралдаан дээр уг саналыг унагахгүй байхыг цөөнх болсон С.Оюун, Д.Ганхуяг, Ц.Батбаяр нар гишүүдээс хүссэн хэдий ч мөн дэмжлэг авсангүй. Улсын нийт хөрөнгө оруулалтын 70 хувь хөдөө орон нутагт, үлдэх 30 хувь нь нийт хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэл хотод ногддог.
Зөвхөн сүүлийн гуравхан жилд 130-аад мянган хүн Улаанбаатарт шилжин ирж суурьшсан байна. Хотын захын иргэдийн хүүхдүүд сургууль, цэцэрлэггүй, зам харилцаагүй, зарим газар харанхуй сууж байгааг бодолцож үзэхийг тэд сануулж байлаа. Харин Сангийн сайд С.Баярцогт энэ удаа төсвийн тодотгол хэлэлцэж байгаа учраас гишүүдийн энэ саналыг дэмжвэл УИХ төсвийн хууль зөрчихөд хүрнэ.
Тодотголд хотын дэд бүтцэд зориулан 18 тэрбум төгрөг тусгуулсан, тэгээд ч тодотгол хийхийн өмнө хотын удирдлагуудтай ч ярьж тохирсон гэсэн тайлбар өгсөн юм. Харин энэ зуур орон нутгаас сонгогдсон 56 гишүүн олонхиороо давамгайлж, байнгын хорооны хуралдаанаар унасан өөрсдийн саналыг ямар ч төвөггүй батлуулж чадаж байв.
Үүнийг анзаарсан хотын гишүүд “Төсвийн мөнгийг ингэж баруун, солгойгүй цацахаа болиоч” хэмээн уурссан ч тусыг эс олов. Ямартай ч хотын гишүүдийн санал 55.8 хувиар бүдэрлээ. Энэ зуур УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нэлээд бухимдангуй хөдөөний фракцынханд амжилт хүссэнээр танхимаас гарч одов.
Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн энэ оны төсөв, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, гурав дахийг нь хийлгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Мөн үүнтэй холбогдуулан өргөн барьсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Тиймээс УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын тухай хуулийг эцэслэн батлах тул байнгын хороодыг хуралдуулж, хэлэлцүүлгийг бэлэн болгох чиглэлийг УИХ-ын дарга үүрэг болгов.
Мөн эл хуралдаанаар Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл, Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсон хуулийн төслүүдийг баталлаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment