10/25/11

Нэг тойрог нэг мандат гэсэн хувилбар дээр санал нэгдсэн байна


УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хурлаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 2012 онд УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах талаар намын бүлгүүд өөр өөр байр суурьтай байгаагаас шалтгаалан нэлээн сунжирч хэлэлцэгдэж байгаа. Үндсэн хуульд нам биш хүн сонгоно гэж заасан байдаг. Гэвч УИХ дахь цөөнхийн бүлэг нам сонгох хувилбарыг сонгож байгаа.

Өчигдрийн хурлаар АН-аас ирүүлсэн саналыг бүлгийн ахлагч гишүүддээ танилцуулан байр суурийг нь сонсож санал хураасан. Гишүүдийн дийлэнх олонх нэг тойрог нэг мандат гэсэн хувилбар дээр санал нэгдсэн хэвээр байна.

Өнгөрсөн сонгуулиар нэг тойрогт нэг намын гишүүд өрсөлдсөн. Үүнийг намын төлөвшилд сөргөөр нөлөөлж байна, засах ёстой гэж үзэж байгаа аж. Мөн нийслэлд нийт тойргийн гуравны нэгээс доошгүй нь байх ёстой гэсэн АН-ын саналыг хэлэлцээд хүн амын тооноос гадна газар нутгийн хэмжээг харгалзан үзэх ёстой.

Иймд тус бүлгийн саналыг шууд хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Ер нь нийслэл болоод орон нутгийн төлөөллийг жигд хангах нь зүйтэй гэдэг дээр манай бүлгийн гишүүд санал нэгдлээ. Иймд үргэлжлүүлэн ярилцах хэрэгтэй гэлээ.

Мөн бүлгийн хурлаар Таван толгойн ордоос иргэдэд эзэмшүүлэх хувьцаатай холбоотой асуудлыг хэлэлцээд иргэдэд эзэмшүүлэх хувьцааг ямар хэлбэрээр яаж өгөх нь тодорхой бус байгаа учраас дахин тооцоо судалгаа хийж нягталж үзэх хэрэгтэй гэж үзлээ хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээллээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment