10/30/11
Г.Хайдав: Ю.Цэдэнбалтай билльярд тоглоод хожиж явлаа
Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” гэж хэлж болох нэгэн буянтай буурлыг уншигч тантай уулзуулж байна. Энэ хүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор Г.Хайдав гуай юм. Тэрбээр урлагийн их сүмд 70 гаруй жил хөдөлмөрлөж, өөрийн авьяас чадвараа хойч үедээ өвлүүлэн, цээл тунгалаг хоолойгоороо эгэл олноо шагнасаар яваа билээ. -Таныг дуу дуулахын ухааныг мөн ч олон хүнд зааж өгсөн гэдэг юм билээ?
-Би тоогоо алдсан олон шавьтай хүн. Тэр ч бүү хэл заримынх нь нэрийг ч мэдэхгүй гээд бод доо. Миний анхны шавь Ардын жүжигчин Д.Жаргалсайхан. Анх 16 настай ирж байсан юм. Одоо 70 гарчихаад явж байна. Харин отгон шавь гэх юм бол Гавъяат жүжигчин С.Жавхлан. С.Жавхлан маань булган сүүлтэй сайн хүү байгаа юм. Араасаа олон сайхан дуучин дагуулсан. Ер нь миний бодлоор хоолойны цар хүрээгээрээ толгой цохиж яваа хүүхэд шүү.
-Хааяа тантай таарахад цаг завгүй л гүйж яваа харагддаг. Одоо ч ажил ихтэй л явна уу?
-Энэ чинь их сонин асуулт байна. Хүн надаас ингэж асуудаггүй юм. Би төрснөөсөө хойш өнөөг хүртэл унаа машин гэхгүй хоёр хөлөөрөө л гүйж явдаг хүн. Заримдаа үүнийгээ 11 номерын машинаа унаад ирлээ гэж хошигнодог юм.
-С.Жавхангаас хойш хэр олон дуучин бэлтгэж гаргав?
-Нэлээн хэд бий. Зарим нь дуурийн театрт ажиллаж байна. Бас 21 аймгийн театруудад ч байгаа. Нөгөө хэсэг нь гадаадад ажиллаж, амьдарч явна. Итали, Америк, Герман, Хятад гээд шавь нар маань энэ тэндгүй л явж байна.
-Гавьяат У.Далантай, Х.Үнэнхүү хоёр ч Таны шавь байх аа?
-Тэгэлгүй яахав. Х.Үнэнхүү, У.Далантай хоёрыг би завханчуудад хүмүүжүүлж өгсөн гэж боддог. Хоёр сайхан гавьяатад хоёуланд нь би хайртай. У.Далантай Монголоос анх удаа тенор хоолойгоор олон улсын уралдаанаас гран при шагнал авсан.
Х.Үнэнхүү Ц.Пүрэвдорж гуайн уралдаанд амжилттай оролцож, “Учиртай гурав”-ын Балганы дүрд их сайхан тоглосон. Одоо хоёулаа л ажлаа хийгээд явж байна. У.Далантайг магистрт сурахад би их баярласан. “Улам сур” гэж захисан. Х.Үнэнхүү профессор цолтой, Хөгжим бүжгийн коллежид багшилж байна. Сайн залуус. Завханчуудын өмнөөс Монголын дууны урлагт их юм бүтээж яваа хүүхдүүд.
-Таныг анхны урлагийн сургуулийг байгуулсан гэж ярьдаг?
-Тэгж хэлж болно. Монголд дууны сургуулийг бий болохоос өмнө ганцаараа Монголоос гадаадад сурсан хүн нь би юм. Тухайн үед улсаас дааж сургадаг байсан. Намайг сурч байх үед нөхцөл байдал их хүнд байлаа. Дайны дараахь он жилүүд шүү дээ.
Ер нь жаахан л эвгүй үг гаргавал та нарын өмнөөс төр алтаа өгөөд сургаж байгаа гэх зэмлэл ирнэ. Тиймээс улсынхаа ачийг хариулах хэрэгтэй юм байна гэж дандаа боддог байсан. 1950-иад он шүү дээ. Сургуулиа төгсөж ирснийхээ дараахан “Алтаар төлбөр хийж гадаадад хүн сургаж байхаар эх орондоо сургууль байгуулж болдоггүй юм уу” гэж Ю.Цэдэнбал гуайд хэлсэн юм. Гэтэл Ю.Цэдэнбал дарга “Та нар яах гэж ингэж байдаг юм. Нэг л сургууль төгсчихөөр юм болгоныг болно гэж бодоод байдаг. Ямар нөхцөл байдалд яаж бий болгох вэ. Оюутан чинь хаана байна. Сургууль чинь хаана байна. Багш нар чинь хаана байна” гэж намайг сэнхрүүлсэн.
Би нэгэнт тийм сэтгэлтэй орсон юм чинь “Та минь дэмжиж үзээрэй. Би санаагаа орхихгүй шүү” гэж хэлсэн. Дарга бид хоёрын дунд өрнөсөн энэ яриа 1955 онд болсон юм. Үүнээс хойш овоо хэдэн жил өнгөрлөө. Тэгтэл 1963 онд Соёлын яамтай ярьж байгаад Ю.Цэдэнбал даргаар зөвшөөрүүлчихлээ.
Тухайн үед Соёлын яамны орлогч сайд Ч.Лодойдамба гуай байсан нь их нөлөөлсөн. Ч.Лодойдамба гуай чинь манай урдаа барьдаг зохиолчоос гадна соёлын талын олон ажил эхлүүлсэн хүнии нэг. Тэгээд Ч.Лодойдамба гуай бид хоёр сургуулийнхаа нэрийг анх авч байсан юм.
Тэр сургууль маань Дуурийн театрын дэргэд байгуулагдсан. Учир нь би тухайн үед Дуурийн театрт ажиллаж байсан юм. Анги танхим гээд байх юм байхгүй. Хоосон зааланд цонхны тавцан дээр хичээлээ эхэлж байлаа. Би сурч байсан сургуулийнхаа хамаг л өнгөтэй, өөдтэй сургалтын хөтөлбөрийг олж ирээд ажлаа эхэлсэн. Тэр сургууль маань хөгжсөөр одоо Монголдоо битгий хэл дэлхийд нэртэй сургууль болчихсон байна.
-Та хэдэн онд анх Улаанбаатар хотод орж ирсэн бэ?
-Би чинь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул хүн. Зарим хүмүүс намайг “Төв аймгийнх байж яагаад Дундговийнх гээд байдаг юм” гээд байдаг. Энэ нь ч аргагүй юм. Төв аймаг, Дундговь хоёр чинь нэг хошуу байсан. Би Дундговиос гараад хот орж ирэх гэж гурван жил болсон хүн байхгүй юу.
Эрдэнэдалай суманд нэг жил, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хагас жил, эцэст нь Бүрэн суманд байж байгаад хотод орж ирсэн хүн. Нэг үгээр хэлбэл, нутгаасаа гурван настай ээжээрээ үүрүүлээд гарсан хүүхэд чинь долоон настай тэмээн тэн дээр арганд суучихсан хүрээнд ирж байсан юм билээ.
1933 онд шүү дээ. Тухайн үед Улаанбаатар хот Хүрээ нэртэй байлаа. Ёстой нэг байгалийн үзэсгэлэн цогцолсон газар байв даа. Дөрвөн хайрхан нь жимс, самар, эрвээхэйгээр дүүрэн. Дэлхийд гайхуулмаар сайхан байсан даа. Тоосго, цемент гэж ямар ч үг байдгийг хүмүүс нь бараг мэддэггүй байсан үе. Тоосгоор барьсан ганц байшин байсан нь Оросын консул. Бусад нь гэр хороолол. Өндөр Жанрайсаг, Гандантэгчинлэн хийд гээд сайхан сайхан зүйл зөндөө байсан. Төмрийн завод гэж янгинасан дуутай, өглөө бүр хүн сэрээж байдаг нэг юм байсан. Сүүлд нь үйлдвэр комбинат баригдсан. Үүнээс хойш Улаанбаатартайгаа 80 гаран жил амьдрал ахуйгаа холбож дээ.
-Анх тайзан дээр гарсан түүхээ дурсвал?
-Найман настай байхад нэг дүнзэн байшин байсан юм. Ленин клуб нэртэй. Тэр клубт хөдсөн дээлтэй орос дуу дуулж байлаа. Лянхуа гэж миний хөгжимт дууны багш. Ёстой л монгол эх хүн гэж тийм сайхан хүнийг хэлдэг байх. Тэр хүн намайг оросоор нэг ч үг мэддэггүй байхад “Чи их сонсгол сайтай хүүхэд. Орос багшаар заалгаад нэг дуу дуул” гэж билээ.
Тэгээд орос багшаар дуу заалгаж гурван хоногт сурсан. Тэр дуугаа Октябрийн баяраар анх дуулж байлаа. Ленин клуб уруу орохоос айгаад шат уруу нь гарч чадахгүй зогсч байтал багш араас түлхээд оруулчихсан юм. Тэгж л анх тайзан дээр гарч, анхныхаа дууг дуулж байсан даа.
-Ганган Хайдав нэрийг хэдийд авсан бэ. Одоо ч Та ганган хэвээр л байх юм?
-Ганган гэдэг үгийг долдугаар ангид байх даа анх сонссон. Тэгээд ганган гэж юу юм бол гэж бодож явдаг байлаа. Тухайн үед ах захын ёс гэж мундаг юм байлаа шүү дээ. Тиймээс хамаагүй хүнээс асуучихаж болохгүй. Тэгж яваад хэнээс ч юм бүү мэд нэг хүнээс асуутал “Юм болгоны олигтойг хэрэглэдэг, хүнд сайхан харагддаг хүнийг л хэлдэг юм” гэлээ.
Үүнээс нэг их удалгүй шинэ дээл өмссөн хүнийг “Чи яасан ганган юм” гэж байхыг сонслоо. Тэгээд л ганган гэдэг үгийн утгыг мэдсэн. Сүүлд нь оюутан болсон хойноо эгчээрээ нэг дээл хийлгэж өмслөө. Хурууны өндөгний хэрээтэй одтой хээтэй их гоё торго байсан. Тэр үед л намайг “Чи хүүхдээрээ гангараад яах юм” гэж байсан. Түүний дараа манай улсын анхны шанзач, миний анхны гэргийн багш Базаррагчаа гуай намайг “Миний ганган дүү” гэж дууддаг байсан.
-Ерөөсөө л урлагаар ажил амьдралынхаа гарааг эхэлсэн үү?
-Үгүй үгүй. Би анх үсэг өрөгч байсан юм. Д.Сүхбаатар жанжны мэргэжлээр үсэг өрөгч болно гэж зүтгээд ажилд орж байлаа. Нормын хувцастай. Эгч маань тэр үед үсэг өрөгч байсан юм. Тэгээд л үйлдвэрт амархан оруулсан байх. Нормын ажлаа сайн хийнэ.
Хоёр гар маань тугалган үсгийн бал болчихоод арилахгүй ч их цэвэрхэн хувцаслана. Одоо ч намайг ганган гэдэг. Хир буртаггүй, цэвэрхэн, хүний нүдэнд бусдаас өөр харагдахыг л ганган гээд байгаа юм. Гэхдээ энэ бол муу үг биш. Цэвэр ариун, гоо сайхны нэг төлөөлөл болсон үгийг хэлж байгаа юм шүү.
-Авьяастай хүн тусдаа төрдөг гэлцэх юм билээ?
-Монголчууд бүгдээрээ авьяастай. Бүгд монгол ухаантай, тэвчээр хатуужилтай, сэтгэлгээтэй хүмүүс. Бусад үндэстэн ястан дотроос хамгийн дээгүүр орох үндэстэн ястан гэж би боддог юм. Ер нь ч миний аав ээж, ах дүүсийг харахад ямар ч ядуу байлаа гэсэн ухаан сэтгэлээрээ бусдаас дор орохгүй.
Хэдэн миллиард хүний дунд монгол хүн ганцаараа байсан ч ялгарна. Хэзээний унаган авьяастай, сэтгэлгээ сайтай ард түмэн. Монгол хүний заяа завагт гэж үг байдаг даа. Тэр л ухаан, ухагдахуунаар бид явдаг байх. Үүгээр бодоход төрснөөсөө хойш өдий хүртэл амьд явааг минь заяа түшсэнийх гэж боддог юм.
-Таныг өвдлөө, барилаа гэж ярьж байхыг ер сонсоогүй юм байна?
-Эрүүл мэндийн хувьд элэнц хуланц ч юмуу, Хүннүгээс эхлээд л монголчууд ярина шүү дээ. Ан хийж байгаа, араатнуудтай харьцаж нэгдэж ойртож байгаа үеэс л эхэлсэн байх. Миний хувьд наслах гэдэг бол цаг үетэй л холбоотой гэж боддог. Дээр үед монголчууд бусдаас илүү насалж байсан болов уу. Тэрнээс хойш ч хэвээрээ байх. Миний төрөл дотор 117 хүрч насалсан лам хүн байсан. Өнөөдөр цагийн юм цагтаа гэдэг шиг хүний иддэг хоол, идэш тэжээл чинь амин дэм биш хор болчихоод байна.
Бидний багаасаа хэрэглэсэн хоол хүнс чинь амин дэм шүү дээ. Хөмүүл, таана, цагаан идээ, ээжийн уураг, халуун хошуут таван хошуу малын минь амин дэм гээд энэ бүхнийг хэрэглэж байсан учраас тухайн үеийн хүмүүс барагтай бол өвддөггүй байсан.
-Та Монголд өвчин байхгүй гэж хэлэх гээд байна уу?
-Тийм. Энэ өвчнийг чинь гаднаас авчирсан шүү дээ. Монголоос гарсан өвчин нэг ч байхгүй. Хувьсгалын өмнө их өвчний үүр байсан гэж яриад байгаа. Тэрийг чинь гаднынхан л авчирсан. Тодруулбал, Манж, Хятадууд л оруулж ирсэн өвчин. Тиймээс монгол хүн заяасан тэнгэр, угаасан усныхаа амин дэм рашааныг хэрэглэх юм бол өнөөдөр дэлхий дээр хамгийн урт насалж байх заяатай улс. Японд би очиж үзсэн. Бас л ухаантай ард түмэн байна билээ. Нэлээд урт насалдаг улсын тоонд багтаж байгаа юм. Хятадууд ч ялгаагүй дээ, арга ухаанаа сайн мэддэг улс. Монголчууд бэлэн байгаа юм идээд байгаа болохоор өвчин тусаад байгаа юм. Би өвчнийг өвчин гэж боддоггүй.
-Одоо Таны лагшин тунгалаг уу?
-Би чинь нэг харвасан хүн шүү дээ. Дахин харвах л юм бол тэсэхгүй байж магадгүй. Гэхдээ тэнгэрийн оронд очих гэж нэг их дурлахгүй байгаа шүү. Би улсад 68 дахь жилдээ ажиллаж байна. Над шиг ийм олон жил ажиллаж байгаа хүн байхгүй байх. Тэгэхдээ одоо өөртөө сануулаад л байна. “Хайдаваа, нас гэдэг юм хүнийг дардаг юм байна шүү. Тэвчээр хатуужил хэрэгтэй шүү” гэж өөрөө өөртөө хэлдэг учраас өдий болтол яваад байгаа юм.
-Та нам төрийн олон байгууллагын гишүүн биз?
-Би Д.Сүхбаатар жанжныхаа мөрөөр хэвлэх үйлдвэрт орсноос хойш үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх, пионер, эвлэл, нам, МОКС буюу Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн гишүүн гээд олон байгууллагын гишүүний үүрэг гүйцэтгэж яваа хүн. Одоо ч бүх батлах нь байна. Бас ангийн даргаас захирал, ажилчнаас дарга гээд бүх л юмыг хийж явлаа. Энэ мэтчилэн олон юмны анхдагч нь би. Одоо ч өтөлсөн болохоос үхсэн биш гээд л гүйж явна.
-Таныг Бөмбөгөр ногоон театрыг хамгийн сайн мэддэг хүмүүсийн нэг гэлцэх юм билээ?
-Бөмбөгөр ногоон театрыг анх барьсан хүнтэй би уулзаж байлаа. Унгар архитектор хүн байсан. Тэр хүн олзлогдож явсаар байгаад Монголд ирсэн юм билээ. Тэгээд Бөмбөгөр ногооныг барихдаа өөрийнхөө гаргасан зургаар барьсан байдаг. Бөмбөгөр ногоон чинь Азид байхгүй театр байсан юм шүү дээ.
Олзлогдож ирсэн хүн гэхэд тийм сайхан сэтгэл гаргаж ажилласан байгаа юм. Би Бөмбөгөр ногоон сургуульд орсон үеэсээ мэднэ. Хэдийд баригдсаныг нь сайн санахгүй байна. Анх намайг Улаанбаатарт орж ирэхэд баригдаагүй байсан. Сүүлд Д.Нацагдорж, Дугаржав, Д.Намдаг гуай нарын үеийн Бөмбөгөр ногоон бол ороод гайхмаар байсан шүү.
Баганагүй гэр шиг их л сонин санагдаж байлаа. Бөмбөгөр ногоонд жүжиглэж байсан тэр гайхамшигт хүмүүс бол бидний л удам шүү дээ. Тэр бүх хүмүүсийг би мэднэ. Хэвлэх үйлдвэрт ажилд орсныхоо дараа сайн дурын уран сайханч болчихоод 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцсон юм.
С.Гончигсумлаа гуай л намайг оруулж байсан юм даг. Тэгээд нэгдүгээр байранд орж дуучны үнэмлэх гардаж авч байлаа. Тухайн үед 1800 төгрөгөөр шагнуулж байсан нь миний анхны шагнал байсан байх. Үүнээс хойш Бөмбөгөр ногооны бүх бүжигчидтэй нь бүжиглэж явлаа. Бас театрт дөрвөн удаа шалгалтад орж байлаа. Гол санаа нь Бөмбөгөр ногоонд л орчих гээд байгаа шүү дээ. Гурван жил хүлээсний дараа Чантуу, Норов гээд хоёр сайн багшийн ачаар Бөмбөгөр ногоон театрын уран бүтээлчдийн тоонд багтсан юм.
Гэхдээ би чинь дуучнаар ороогүй. Ардын зураач Л.Гаваа гуайн шалгалтаар ороод Бөмбөгөр ногоондоо гүйцэтгэх зураачаар орж байсан. Анх “Учиртай гурван толгой”-г Бөмбөгөр ногоонд үзэж байлаа. Ер нь тэнд мундаг авьяастай хүмүүс ажиллаж байсан юм. Энэ мэт миний олон сайхан дурсамжууд Бөмбөгөр ногоон театртай холбоотой. Даан ч намайг хойно оюутан байхад шатчихсан юм. Тэгээд шинэ театр барихад яах аргагүй алтан үеийхэнтэйгээ нэг дор ажиллаж байлаа.
-Таныг биллъярдын спортын мастер бил үү?
-Арав ч хүрээгүй байхдаа нуруу хүрэхгүй өлмийгөө өргөж байгаад л цохидог байлаа. Одоо өвөө нь билльярдын мастер болчихоод л явж байна. Есөн настайдаа цэргийн зуслан дээр очиж төмөр шарикаар их тоглодог байсан. Ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан даа. Гэхдээ мундаг хүмүүжилтэй. Дандаа л өөрийгөө хөгжүүлж, өөртөө дэвшил гаргаж явдаг хүүхэд байсан байгаа юм. Аугаа хөгжмийн зохиолч Л.Мөрдорж миний сайн найз байсан. Мөөеө маань их сайн тоглоно. Ер нь манай урлагийнхан дотор билльярдыг сайн тоглодог хүмүүс олон бий.
-Ю.Цэдэнбал гуайтай тоглоод хожиж байсан түүхээ сонирхуулаач?
-Энэ их сонин юм л даа. Нэг удаа том ширээн дээр Х.Чойбалсан, Г.Бумцэнд гуай хоёртой тоглолоо. Энэ тэнд гүйж явдаг юм болохоор өмнө нь намайг харсан байх. Түүнээс биш хамгаалагч нар нь хөөгөөд л гаргана шүү дээ. Гэтэл намайг харчихаад “Хөөе наад хүүгээ байлгаж бай. Юм сурч л байг” гэдэг байгаа.
Тэгээд Г.Бумцэнд, маршал хоёр тоглож байхад нь би булангаас хараад сууж байхгүй юу. Гэтэл Х.Чойбалсан гуай Г.Бумцэнд гуайг хожчихлоо. Маршал Г.Бумцэнд гуайн сахалаас нь татаж ширээн доогуур шургуулж бөөн хөхрөлдөөн болохгүй юу. Би инээгээд л хараад зогсож байтал маршал “Хөөе наад хүүгээ аваад ир” гэлээ.
Тэгээд нэг даргыг чи энэ хүүхэдтэй тогло гэсэн. Өнөө дарга нь чадахгүй гээд надтай тоглодоггүй. Би бол, хэнтэй ч хамаагүй тоглох хүсэлтэй байгаа юм чинь. Тэгээд өнөө даргатай тоглолоо. Гэтэл дарга нээрээ тоглож чаддаггүй юм байж. Би ч даргаас хамаагүй илүү тоглож байгаад хожчихлоо. Өнөө хүмүүс инээлдээл нөгөө даргыг барьж аваад ширээн доогуур орууллаа даа. Гэтэл тэр хүн хэн байсан гээч Ю.Цэдэнбал гуай минь байсан юм билээ.
-Маршал Х.Чойбалсан гуайтай хэр дотно байсан бэ?
-Би цэргийн батлах авахдаа Х.Чойбалсан гуайн гарын үсэгтэй авч байсан. Дотно юу байх вэ. Миний хүндэлдэг нам төрийн сайн удирдагчдын нэг. Ер нь их сайн хүн байсан юм. Би Цэргийн түр сургуульд байж хамаг хүнд бүхнийг хийсэн. Үерт 16 хоног явж хүний амь аварч байлаа. Ер нь л өвөө нь үхэхээс бусдыг үзсэн дээ.
-Таны хүүхдүүд бараг бүгд ихэнх нь урлагийн мэргэжилтэй. Хүүхдүүдийнхээ талаар яриач?
-Миний хүүхдүүд бүгд урлагийн хүмүүжилтэй өссөн. 20 гаруй настай ач маань концертмейстерийн багш хийж байна. Ер нь ач гуч нар бүгд л урлагийн ойлгоцтой. Зарим нь шүүмжилдэг ч хүмүүс байна. Баяр маань урлагийн аль ч салбарыг шүүмжлэх чадвартай боловсон хүчин.
Төмөрбаатар маань байна. Үнэнийг хэлэхэд эстрадын анхны суурийг тавьсан хүн чинь миний хүү шүү дээ. Гадаадын олон тэмцээнд байр эзэлж дэлхийд Монголын эстрадын урлагийг гайхуулж чадсан хүн. Сүүлд нь атаа жөтөөгөөр хойш нь татчихсан.
Өөрөөс нь ч жаахан болсон байх. Залууст хандаж хэлэхэд ахмадуудаа үүрч, хүүхэд багачуудаа урагш нь түрж амьдрах хэрэгтэй шүү. Энэ эх орны минь эзэд нь та нар. Тиймээс зөв шулуун сайхан амьдрах хэрэгтэй. Тэгж байж түүх үнэн байна. Ирээдүйд ичих юмгүй сайхан зүйл үлдээх хэрэгтэй шүү дээ. Залуу үе Монголыг юунд ч хүргэж болно. Хамгийн гол нь эвтэй байх хэрэгтэй.
-Таны урын санд хэчнээн дуу байдаг вэ?
-Дарааллаар нь бичиж тэмдэглэл хөтөлдөг юм. Одоогоор 700 гаруй дуу байна. Энэ их сайн арга. Миний зарим шавь нар бас ингэж хєтөлдөг. Хүн урын сандаа хэдэн дуутай байх нь яахав. Хамгийн гол нь тухайн уран бүтээлч уран бүтээлээ чанартай хийж ард олондоо хүргэж байх хэрэгтэй.
Монголчууд чинь байгалиас заяасан гайхамшигтай хоолойтой хүмүүс шүү дээ.
-Нууц биш бол нэг тоглолтод оролцоход хэдэн төгрөг авдаг вэ?
-Энэ цаг төр чинь юм л бол мөнгө гэдэг болчихож. Тэгээд ч би урлагийн хүн болохоос мөнгө хөөдөг сэтгэлгээтэй хүн биш. Нэг сонин юм байдаг юм. Л.Цогзолмаа бид хоёр нэг тоглолтод дуулсан чинь хүн тус бүрт нь 50 мянган төгрөг өгөхгүй юу. Хоёулаа бөөн баяр болоод, 50 мянгыг өгч байна.
Урлаг ойлгодог сайн хүмүүс байна гээд тэврэлдлээ. Тэгсэн хажуугаас “Юундаа баярлаад байгаа юм. Цаана чинь шавь нар чинь нэг саяыг авчихаад чамлаад сууж байна” гэдэг байгаа. Л.Цогзолмаа бид хоёр ямар тийм юм мэдэх биш. Өмнө нь арав, хорин мянган төгрөгл авч үзсэн байх. Гэхдээ мөнгө авах гэдэг нь дуучдын буруу биш, нийгмийн буруу шүү дээ.
-Одоо Та хаана, хэнтэйгээ амьдарч байгаа вэ?
-Надад Ю.Цэдэнбал гуай байр өгсөн юм. Тэндээ бүх л насаараа амьдраад хүүхдүүд том болж өнөр өтгөн болохыг үзлээ. Тэгээд байраа хүүхдүүддээ өгсөн. Одоо чинь орон байр худалдаж авахад хэцүү болж. Үүний хажуугаар хүн харж үнэ нь өсдөг юм байна. XI хороололд нэг өрөө байр авсан. Тэндээ л амьдарч байна. Саяхан нэг зар сонслоо л доо. Нэг өрөө байр 30 сая гэж байна. Яваад очтол “Өө Хайдав авах гэж байна. Энэ урлагийн баян хүн” гэж бодсон юм байгаа биз. 50 сая гэж байна. Өнгөтэй хувцас өмссөн хүн л мөнгөтэй гэж боддог нийгэм бололтой юм.
-Өнөөгийн нийгмийн талаар ямар бодолтой явна?
-Би их гомддог. Энэ нийгэм заримдаа буруу яваад байна. Монголын хамгийн хэцүү үеийг нуруундаа үүрч явсан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг буруутгах, муу хэлэх эрх өнөөгийн нийгэмд байхгүй шүү дээ. Гэтэл зарим нь буруутгаад л ярьж байх юм. Харин жаахан ухамсартай соёлтой нэг хэсэг нь өмөөрөх юм.
Одоо юм л бол мөнгө. Ер нь мөнгөнөөс өөр юмаар ямар нэгэн зүйлийг хэмжихээ больчихсон юм шиг санагддаг. Наймхан настай, хөдсөн дээлтэй хүү орос дуу дуулж олныг гайхашруулж байсан тэр үеэс хойш он цаг хэчнээн их улирав даа. Гэвч тэр хүү өнөөдөр 80 гаруй насыг наслачихаад урлагийнхаа алтан тайзан дээр уянгат хоолойгоо цалгиан, дуугаа дуулж эгэл олноо баярлуулсан хэвээрээ л явна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор Г.Хайдав гуай монгол газар шороо, Монголын хөх тэнгэр, ард түмнээрээ бахархаж, гайхуулж явдаг нэгэн.
Бид ч урлагийн тэнгэрт од болон гялалзсан гайхамшигт аавын хүүгээрээ бахархаж явах аз заяатай хүмүүс юм. Түүний дуулсан дуу бүхэн, дуулж яваа аялгуу бүхэн, дуулах хүсэл бүхэн нь үргэлжийн гэгээтэй байж, их урлагийн бурхан Янжинлхам мөнхөд ивээж явах болтугай.
В.Нэргүй
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment