11/3/11

Ирэх оны тєсвийг гишvvд сонгуулийн амлалтаа биелvvлэхэд л зарцуулах нь



Манайх баян болно. Ийм баярт мессэж 2012 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлснээс хойш тарсан. Энэ нь уул уурхайн баялгаас орж ирэх орлого нэмэгдсэний улмаас төсвийн орлого өссөнтэй холбоотой. Улс орны орлого өсч байгаа нь сайн хэрэг.

Харин энэ орлогыг “зөв шингээх” асуудал юу юунаас илүү чухал. Тодруулбал улс орны орлого нэмэгдэж байгаагийн хэрээр ард түмний амьдрал ч өөдөлж, тэр хэрээр хөгжил ирэх учиртай. үүний тулд төсвийн зөв хуваарилалт юу юунаас чухал. Гэтэл ирэх оны төсвийн төсөл ид яригдаж байгаа энэ үед УИХ-ын эрхэм гишүүд 2008 онд амласан амлалтаа яаж биелүүлэх вэ гэдэгт л гол анхаарлаа хандуулж байна.

Хатуухан хэлбэл УИХ-ын гишүүд ирэх оны төсвийг амлалтаа хэрэгжүүлэх хэрэгсэл болгон ашиглахаар улайрч байгаа дүр зураг харагдах боллоо. Тэд энэ байдлаа байнгын хороодын хуралдаан, УИХ-ын чуулганы танхимд ч ний нуугүй харуулах болсон.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын нэгэн гишүүн “Багш нарыг зөөврийн компьютертэй болгох асуудал мөрийн хөтөлбөрт суусан. Энэ амлалт биелэхгүй бол яах юм бэ. Бид сонгогчдодоо юу гэж хэлэх вэ” хэмээв. үнэн байдлаа ний нуугүй хэлж байгаа нь энэ.

Байнгын хорооны гишүүд ч үүнийг нь дэмжиж “Нээрээ энэ амлалтыг яаж биелүүлэх вэ. Хэрэв биелүүлэхгүй бол ирэх сонгуулиар багш нарын өмнө хэлэх үггүй хэцүүднэ” гэж толгойгоо гашилгацгаав. Уг нь энэ асуудал БНХАУ-ын зээлээр шийдэгдэхээр яригдаж байгаа юм билээ.

Гэвч энэ зээлийн хүрээнд багш нарт компьютер олгогдохыг хүлээж суух хугацаа УИХ-ын гишүүдэд бараг үлдээгүй тул тэд ийнхүү сандралдах болжээ.

Байнгын хорооны гишүүд сонгуулиас өмнө багш нарыг компьютержүүлэх ямар боломж байгааг эрэлхийлсний эцэст “Урьдчилгаа 10 тэрбумыг нь БСШУ-ы сайдын багцад суулгая” гэсэн санал ч гарав.

Үүнд нь Ё.Отгонбаяр сайд бага зэрэг дургүйлхэж, “26 мянган багшийг компьютержүүлэхэд 18 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнийг сайдын багцад суулгахаар цэцэрлэг, сургууль барих төсвөөс хасагдана” хэмээлээ.

Харин Эрүүл мэндийн сайд С.Ламбаа багш нарыг компьютержүүлэх төслийн хүрээнд цахим эрүүл мэндийн тухай төсөл хэрэгжинэ гэдгийг дурдаад, “Үүнийг хэрэгжүүлэх мөнгийг манай салбарын төсөвт суулгаж болно” хэмээн найр тавив. Гэвч УИХ-ын гишүүн Д.Одбаяр “Энэ төслийн мөнгийг урьдчилаад төсөвт суулгачихвал БНХАУ-ын зээлээр хэрэгжих төсөл зогсчих юм биш биз” гэж болгоомжилсон юм.

Юутай ч багш нарыг компьютержүүлэхэд зарцуулах санхүүжилтийг БСШУ-ы сайдын багцад суулгах асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд дэмжив.

Гишүүдийн энэ асуудлыг дэмжих гол шалтгаан нь ирэх сонгуулиар сонгогчдынхоо өмнө хэлэх үгтэй байя, амлалтаа биелүүлсэн нэр зүүе гэсэнтэй холбоотой. Ямар сайндаа л БНХАУ-ын зээлийн хүрээнд шийдэгдэх энэ ажлыг заавал сонгуулийн өмнө амжуулах гэж улсын төсөв рүү хүчээр чихэж байх вэ дээ.

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг цааш үргэлжлэхэд гишүүд өөр өөрсдийн тойрогт хийх ажлын тухай л асууж лавлав. УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн “Өмнөговь аймгийн хүн амын тоо эрс өсч байна.

Гэтэл соёлын асуудал хоцорч байна. үүнийг яаж шийдэх вэ”, УИХ-ын гишүүн Д.Одбаяр “Дорнодын МСҮТ-ийг өргөтгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль барих шаардлага байна. Энэ асуудал яагаад төсөвт суусангүй вэ” гэх зэргээр асуулт, санал хөврөв.

Эцэст нь зарчмын зөрүүтэй асуудлуудаар санал хураахад бүгд тойрог руу чиглэсэн ажил, сургууль, цэцэрлэгийн засвар, спорт заал шинээр барих тухай л байв. Эдгээрээс үзэхэд эрхэм гишүүд маань улсын төсвийн орлогыг тойрог руугаа яаж ахиухан чиглүүлэх вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулж, нойр хоолоо умартах шахаж буй бололтой.

Арга ч үгүй биз. Ахиад дөрвөн жил парламентад суучих юмсан гэсэндээ тойргийнхондоо таалагдах зүйл хийхийг хичээж байгаа шүү дээ. үнэндээ сургууль, цэцэрлэг, спортын ордон барих, багш нарыг компьютержүүлэх ажлыг буруушаах гэсэнгүй. Гагцхүү улс орны эдийн засагт өсөлт харагдаж, хөгжих нөхцөл бололцоо харагдаж байгаа энэ үед эрхэм гишүүд өнөөх л сурсан зангаараа жижиг сажиг зүйл ярьж, хүнд таалагдахын төлөө ажиллаж байгаа нь харамсалтай.

Иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх, хотоо утаанаас салгах гээд олон томоохон асуудал байхад УИХ-ын гишүүд сургууль, цэцэрлэгийн засвар тойрсон асуудал яриад сууж байгаа нь хэр зохимжтой вэ.

Төр түшилцэж яваа эрхмүүд гагцхүү амлалтаа биелүүлэхэд л анхаарлаа хандуулж, бодлогын хэмжээний томоохон асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хуруугаа ч хөдөлгөхгүй байж болно гэж үү. Улс орны орлого өсөхийн хэрээр илүү ихийг хийж бүтээх учиртай бус уу.

0 Сэтгэгдэл:

Post a Comment