1/8/12
Загвар өмсөгч Э.Энхболд: Би рок поп урлагт хүч үзнэ
Э.Энхболд Монголын загварын ертөнцөд эрэгтэй модель ямар байх ёстойг тодорхойлж чадсан нэгэн. Загвар өмсөгчдийн дунд Эндого нэртэй тэрбээр багадаа онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байсан гэдэг. Гэвч аравдугаар ангид орсон жилээ энэ хүслээсээ хазайж загвар өмсөгч болохоор шийджээ. Ийнхүү 2006 онд “Монгол модель” агентлагт элсэн суралцаж, 2008 оноос загварын ертөнцөд хөл тавьсан байна. Тэр чамгүй олон жил “Говь” компанийн дүр төрх болж ажилласан билээ.
Харин өнгөрсөн онд тэрбээр хөөрхөн охинтой болсон бөгөөд бяцхан охин нь 2011 оны нэгдүгээр сарын 5-нд төржээ. Э.Энхболд охиныхоо нэг насны төрсөн өдрийг өчигдөр тэмдэглэсэн бөгөөд энэ баяртаа биднийг урьсан. "Нууц дуран" төрсөн өдөрт зочлох зуураа Э.Энхболдтой цөөн хором ярилцлаа.
- Юуны өмнө хайрт охинд чинь төрсөн өдрийн мэнд хүргэе. Түүнчлэн танай гэр бүл шинэ оноо сайхан угтав уу?
- Баярлалаа. Шинэ оныг маш сайхан угтсан. Би жил бүрийн 31-ний өдөр өвлийн өвгөн болдог уламжлал тогтоогоод дөрвөн жил болж байна. Энэ жил ч мөн олон хүүхдийг баярлуулж яваад 23:50 цагт гэртээ орсон. Хүүхэд баярлуулах нь нэг насны буян гэж ярьдаг. Тэр ч утгаараа шинэ жилийн баяраар өвлийн өвгөн болж ойр дотныхоо найз нөхөд, хамаатан садангийндаа зочилж, бяцхан хүүхдүүдийг баярлуулсан. Тэдний баярлахыг харах сайхан шүү. Яагаад гэвэл би ч гэсэн хүүхэд ахуй насандаа өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэж, гоё бэлэг авахыг хүсдэг байлаа.
- Охиныхоо нэг насны төрсөн өдрийг хэр сэтгэл догдолж хүлээн авав?
- Одоогоос нэг жилийн өмнө яахаа мэдэхгүй сандарч, тэвдээд гүйж явсан цаг минь саяхан л юм шиг санагдаж байна. Цаг хугацаа үнэхээр харвасан сум шиг хурдан юм. Охиноо дөнгөж төрөөд байхад нь бөөн л хөөр баяр болсон хүн нэг сартай болохыг нь тэсэн ядан хүлээж байсан. Ингээд нэг л мэдэхэд нэг нас хүрчихдэг юм байна. Охиныхоо төрсөн өдрийг ойр дотныхоо найз нөхдийн хүрээнд тэмдэглэж байна.
- Охиндоо ямар нэр өгсөн бэ?
- Миний охиныг Энхболдын Тэгшзаяа гэдэг. Энэ нэрийг их учиртай өгсөн. Би охиндоо Тэгшзаяа гэдэг нэр өгнө гээд дотроо бодчихсон байсан. Тэгээд нэг орой гэртээ очтол эхнэр маань олон нэр жагсаагаад бичээд сууж байна. Гэтэл тэрэн дунд нь Тэгшзаяа гэсэн нэрийг бичээд ард нь хоёр зөвөөр тэмдэглэсэн байсан. Бид хоёр хоёулаа ингэж ижил нэр бодсоноо ихэд бэлэгшээсэн. Харин дараа нь Гандан руу явж, Сангидорж хамбатанаас энэ нэрийнхээ талаар асуусан. Тэгэхэд Тэгшзаяа, Ариунзаяа гэдэг хоёр нэр болно гэж айлдсан. Эхнэр бид хоёр гэртээ хариад дээрх хоёр нэрийг будаанд хийгээд сэгсэрч байгаад сугалтал Тэгшзаяа гэдэг нэр гарч ирсэн. Ингээд л охиноо Тэгшзаяа гэж нэрлэсэн.
- Аав болох тэр агшинд танд ямар сэтгэгдэл, мэдрэмж төрсөн бэ?
- Миний хувьд 23 настайдаа аав болсон. Аав болох үнэхээр гайхамшигтай мэдрэмж төрүүлдэг юм билээ. Яагаад ч юм хоолой чичирээд, нулимс цийлэгнэсэн хэрнээ их сонин, гоё. Миний үеийн залуучууд, миний хүрээнийхэн ихэнх нь аав, ээж болчихсон л доо. Болох насандаа л аав болсон гэж боддог.
- Гэргийтэйгээ анх хэрхэн танилцаж байсан бэ?
- Миний эхнэрийг Отгонжаргал гэдэг. Ажил хэргийн шугамаар анх танилцаж байсан. Урлах эрдэм загварын товчоонд манай эхнэр, Нямцэцэг гээд хамтрагч дизайнертайгаа монголд анх удаа эрэгтэй хувцасны коллекц гарган танилцуулж байсан. Тэр үеэр анх эхнэртээ дурласан. Одоо бид хоёр танилцаад дөрвөн жил болж байна.
- Загварын ертөнцөд анх хэрхэн хөл тавьж байв?
- 2006 онд “Монгол модель” агентлагт очиж, Д.Болормаа багштай танилцаж энэ агентлагт суралцахаар болсон. Тэгээд 2008 оноос загвар өмсөж эхэлсэн дээ.
- Таны үндсэн мэргэжил?
- Багаасаа урлагт хайртай хүүхэд байсан. Манай гэр бүлд урлагийн хүн олон байдаг. Анх СУИС-д элсэн орж, нэг жил суралцсан. Дараа нь “Монголжингоо” дээд сургууль руу шилжиж, урлаг судлаач, жүжигчин, дуучин мэргэжилээр төгссөн. Одоо Санхүү эдийн засгийн дээд сургуульд Бизнес удирдлагын ангид суралцахын хажуугаар “Моннис Моторс” компанийн борлуулалтын хэлтэст ажиллаж байна.
- Тэгвэл урлагтай ямар нэгэн байдлаар холбогдох нь ээ?
- Тэгэлгүй яахав. Дуулах дуртай. Урьд нь дөрвөн хүний бүрэлдэхүүтнй хамтлагтай байсан. Хөдөө орон нутгаар гурван ч удаа бие даасан тоглолт хийчихсэн, олны танил хүн шүү дээ. /инээв/ Хамтлагт дуулна гэдэг олон асуудал гардаг юм байна лээ. Сэтгэл санаа нэгэн зүгт байх хэрэгтэй. Мөнгө санхүүгийн асуудал гэх мэтчилэн шийдвэрлэх олон асуудал олон тулгардаг. Одоогоор дуулах талын зүйлээ нууц хэвээр үлдээе. Ямар ч байсан рок поп урлагт хүч үзнэ гэж боддог. Гэр бүлийн хүнтэйгээ хамтран студи нээх бодол байгаа.
- Энэ онд төлөвлөсөн ажлуудаасаа манай уншигчидтай хуваалцаач?
- 2011 онд би маш олон зүйлийг сурч мэдсэн төдийгүй аав болсон. Баяртай, бахдалтай үйл явдлууд олон болж өнгөрлөө. “CEO” реалити шоунд оролцож, тодорхой хэмжээнд амжилт гаргасан. Одоо энэ сарын 14-нд Солонгос улс руу явж, “Korean model association”-оос Монгол Улсыг төлөөлж 2011 оны “Шилдэг эрэгтэй модель” шагналыг хүртэх гэж байгаа. Энэ онд олон зорилго, хүсэл мөрөөдөл өвөртөлж байна. Тэр болгоныхоо төлөө тууштай хөдөлмөрлөж, бүтээлчээр хандах болно.
Ц.Зэндмэнэ-Эрдэнэ/www.INET.mn
Subscribe to:
Post Comments (Atom)












0 Сэтгэгдэл:
Post a Comment