-Миний хүү гараад хэдэн аргал хормойлоод ир.
-Болд оо! Миний хань адуундаа явах чинь болоогүй юм уу?
-Жин үд болох нь. Би ч хэдэн гүүгээ шувтрах уу даа.
-Ээж ээ! Та шар охиныг маань сайн харж байгаарай.
Халуун савтай цай татаж, гал хөс рүү орчихуузай. Жаахан азнаж байгаад сүүг нь өгөөрэй. Болдын эхнэр гэрийнхэнтэйгээ ийн хүүрнэлдээд хувингаа шүүрэн авч гэрээс гарав. Гэрт үлдсэн хэдэн хүүхэд өөр хоорондоо шуугилдан, наадацгаана. Өвгөн эмгэн хоёр цай уух зуур юүхэн хээхэн оролдон хэрдээ л ажилтай сууцгаана. Өвгөн нь шир сур элдэж тосолж байхад эмгэн хэдэн ач зээгийнхээ хагархай цоорхойг хатгаж, оёж шидэх зэргээр өдрийг барна.-Болд оо! Миний хань адуундаа явах чинь болоогүй юм уу?
-Жин үд болох нь. Би ч хэдэн гүүгээ шувтрах уу даа.
-Ээж ээ! Та шар охиныг маань сайн харж байгаарай.
Орой болоход бүлээрээ цуглан хоол ундаа ууж идэн, өөр хоорондоо мал ахуйн болон хорвоогийн сонин хачин, үлгэр домог ярилцан инээд баясалд умбах. Бага балчрууд нь орилж, орь дуу тавьсан ч аав, ээж, ах эгч нь аргадаад унтуулчихна. Монгол айлын аж амьдрал жилийн дөрвөн улирлын турш ийм л янзаар үргэлжилдэг билээ. Гурав, дөрвөн үеэрээ нэг гэрт аж төрсөөр ирсэн уламжлалт ахуйг өнөө цагийн хүмүүс өөр өнцгөөс харах болжээ.
Товчоор хэлэхэд хоцрогдсон ахуй гэх болов. Зарим нь бүр уулга алдан “Аав ээж, өвөө, эмээтэй амьдрах ч яршиг л байгаа. Хоёулхнаа эрх чөлөөтэй, дураар ярьж хөөрч ч болохгүй тийм амьдрал гэж хаана байсан юм” хэмээн хэлэлцэх орчин үеийн хүмүүсийн ярианд эргэлзэхэд хүрч байна.
Өнөөгийн баян чинээлэг, хөрөнгө мөнгөтэй хүмүүс хаус гэх 3-4 давхар, дотроо 5-10 гаруй өрөөтэй, гадуураа хашаа бүхий байшинд тухалцгаадаг болжээ. Гайгүйхэнд тооцогдох айлууд 3-6 өрөө бүхий байранд амьдрах жишээтэй. Нэг талаас хөгжил дэвшил мэт. Өнгөц харахад тухтай, хангалуун, аж төрж буй мэт. Барууныхны жишиг болсон баян чинээлэг, тансаг ахуй хүн төрөлхтний өнө эртээс уламжилж ирсэн аж төрөх ёстой зөрчилдөж эхлэв.
Авгай нөхөр хоёр өрөөндөө ороод таг чиг болчихно. Хүүхдүүдийн томхон нь өрөөндөө ороод комльютерийн ард суучихна. Гэрт юу болж буйг тэд ер анзаарахгүй суусаар үдшээс үүр цайлгаж ч мэднэ. Багачуул нь бас л өрөөндөө зурагтын өмнө цаг зүг хэд болж байгааг үл анзааран шөнө дөл хүртэл тоглон нойрмоглох нь энүүхэнд. Нэг гэр бүлийнхэн атлаа хэн нь хаана юу хийж байгааг хянах, хэлэх аргагүй, ийм хүйтэн хөндий орчин, амьдралын хэв шинж,загварыг өнөө цагийнхан бүрдүүлчихжээ.
Соёлт ертөнцийнхөн хөндий, тусгаар амьдралаас залхаж эхэлжээ. Хөгжингүй орнуудад хүүхэд залуус амьдралаас залхаж, амиа хорлох, сэтгэл санаагаар унан гиюүрэх, сэтгэл мэдрэлийн эмгэг согогтой болох үзэгдэл ихэссэн нь нэгийг өгүүлнэм бус уу. Гэр орны халуун дулаан уур амьсгал, бие биеэ гэх эртээс уламжилж ирсэн эерүү зөөлөн харилцаа алдагдаж байгаагийн уршиг энэ.
Энэ сэдвийг хөндөж бичих бодол сэдэл надад эрт төрсөн билээ. Өнгөрөгч намар Гүнжийн сүм үзэхээр гэр бүлээрээ цэвэр агаар, байгалийн сайханд гарав. Уулын хүүш буухын алдад майхнаа барьж, гал хөсөө асаан, аяны тогоондоо цайгаа чанаж байхад хоёр морьтон хүрч ирлээ. Монгол хөтөчтэй англи залуу нэлээд ядарсан бас намар оройн сэрүүнд даарч норсон янзтай. Манай майханд орж ирээд норсон гутал хувцсаа тайчин дулаацах зуур бидэнтэй яриа өрнүүлэв.
Тэрбээр цагаан хоолтон аж. Монгол айлаас авсан хэдэн ааруул, цагаан тосоо бараг идээд дуусгажээ. Холын хүнд таарч тохирох хоол хүнс бэлтгэхээр би идэх уух юмаа онгичив. Байцаа, улаан луувангийн салат хийж барилаа. Ааруул бяслаг өгсөнд амтархан идэж харагдав. Гэдсийг нь цатгачих санаатай байцаа лууванг сонгиноор амтлаад барьсанд хэсэг үмхэлснээ “За одоо болно оо. Би ямар туулай биш” хэмээн хошигнов.
Бид бие биеэ хэр чинээгээрээ ойлголцож нэгэн оройг яриа хөөрөө, дуутай хууртай хөгжилдөн өнгөрөөв. Гадаадын хүнтэй нэгэн оройг өнгөрөөхөд миний зүрх сэтгэлд нэг зүйл тод үлдсэн юм. Тэр залуу морь хөлөглөн Естийн рашаан Гүнжийн сүм бас бус газраар аялан явж, Монголын байгаль, газар нутгийн сайханд сэтгэл алдарч явахдаа монгол айл гэрийн ахуй амьдралыг биширснээ хэдэнтээ давтан хэлсэн нь анхаарал татсан.
Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийн, хоёр хонгоо халцарч өвдөхийг үл тоон мөнгө зарж, хүн, морь хөлслөн нарлаг Монголын уул тал, ой мод, ус ургамлыг сонжин, сэтгэлээ сэргээн явахаас илүү жаргалыг эдлээгүй юм шиг. Хүн байгальтай хүйн холбоотойн дээд илрэл энэ буюу. Үүнийг үл өгүүлэн монгол айл гэрийн амьдралыг бишрэн өгүүлснийг нь үргэлжлүүлье.
Морин хуур, уртын дуу, хөөмий дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. Хэдэн зуун дамжин монгол газар нутаг, монгол гэрт монгол хүний оюун ухаанаар баяжин, хадгалагдан ирсэн өв соёл энэ мөн. Биет, биет бус соёлын бүтээл манайд олон. Тэдгээрийн нэг нь монгол гэр дэх гадныханд тэр бүр үл ажиглагдам аж төрөх өвөрмөц соёл юм. Англи эрийг гайхшируулсан монгол гэр дэх тэр үл үзэгдэх соөлыг соёлт ертөнцийнхөн шохоорхон судалж сурвалжлах боллоо.
Арга ч үгүй юм. Тэдний ганц нэгхэн хүүхэд вакум орчинд өсч хүмүүждэг тусгаарлагдмал, ганцаар өссөн хүүхэд нийгэмшихгүй, бусадтай зөв зохистой харилцаж чаддаггүй төдийгүй цахим тоглоомын донтон, сүүлдээ сэтгэл мэдрэлийн өвчтэй ч болдог аж. Бусадтай хэл үгээ ололцож, олны дотор биеэ зөв авч явж чаддаггүй зөвхөн гэр орныхон, танил талын хүнтэй ярьдаг, бусад хүнтэй хэл үгээ олж чадахгүй тийм хүнийг ямраар ойлговол зохих вэ.
Анагаах ухааны доктор “Алт-Болд” мэдрэлийн эмнэлгийн эмч, Д.Өлзийбаяр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дээр өгүүлсэн төрхтэй хүмүүсийн тухай “Ганцаардмал түгжигдмэл байдал үүсгээд байхыг зожгирол гэж хэлж буй юм” хэмээн тодотгожээ. Хүүхдийг зожгируулж байгаа буруутан юу вэ. Энэ асуултын хариу тодорхой. Зөвхөн гэр орны нөхцөл. Олон өрөөнд тус тусдаа, өөр хоорондоо харилцахгүй өдөр хоногийг бардаг дүлий дүмбэ амьдрал хүүхдийг эвдэж, зожгируулж байна.
Монгол гэрт, өвөө эмээ, аав ээж, ах дүү нартайгаа хамт уйлж дуулж, тоглож наадан, гэр орны ахуй орчинд өсч хүмүүжсэн хүүхдүүд зожгирдог гэж дуулаагүй юм байна. Хорвоогийн хүмүүс тэр бүр ойлгоход бэрх монгол гэрийн амьдрал, хүүхдүүдийнх нь төлөвшил, хүмүүжлийг дэлхий дахин сонирхон судлах болсны учир үүнд л оршино. Ирэх намар Монгол Улсад дэлхийн энхийн их наадам болохыг саяхан хэвлэл мэдээллээр зарлалаа.
Хэвлэлийн бага хурлын үеэр монгол гэрийн амьдрал, соёлын талаар ярихыг бас сонсов. Бид ойшоон, сонирхдоггүй ч дэлхий дахины анхаарлыг татах болсон монгол гэр дэх соёл нь нарийвчлан судлууштай, хойч үедээ өвлүүлэх нандин өв юм. Гэрийн доторхи ахуй, амьдрал, гэр бүлийн харилцаа, хамтын ажиллагаа, хүүхдүүдийн төлөвшил хүмүүжил бусад улс орныхоос онцлог, ондоо болох нь дээр өгүүлснээс тод харагдана.
Энхийг эрхэмлэгч дэлхийн хүн ард эв эвтэй, эвсэг хамтын амьдрал хүсч, их наадмаа Монгол оронд хийх болсон үед энэ асуудлыг бүр тодоор тавьж, ярих шаардлагатай байна. Энхийг эрхэмлэгчид монгол гэр дэх амьдралыг сонирхон судалж байгаа нь бидний бас нэгэн биет бус өв оршин байгаагийн илрэл. Нэгэн дагт дэлхийн оюун, соёлын өвд бүртгэгдэх уламжлалт ахуй соёл, хүмүүжил Монгол гэрт оршиж буй нь эе эвтэй, найрсаг, хамтын аж амьдрал энхийн үйлс эндээс эхтэйг эргэцүүлцгээе.
Гадныханд нууц мэт боловч монголчуудаас төдий л холдоогүй, тайлбарлаж болох монгол гэр доторхи “нууц”-аа дэлхий дахинд дэлгэх цаг иржээ.
Н.Бөхдамбий
Эх сурвалж: “Монголын үнэн”
0 Сэтгэгдэл:
Post a Comment