11/5/11

Монгол улсын шинэ заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба: Миний зорилгодоо хүрэх эсэхийг цаг хугацаа л харуулах байх



-Саяхан болсон “Монгол бөх Гиннест” 6016 бөхийн барилдаанд түрүүлсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргье. Энэ барилдааны талаар хоёулаа ярилцлагаа эхлэе?

-Баярлалаа. Энэхүү 6016 бөхийн барилдаан өмнө болж байгаагүй, дахин хэзээ болох нь тодорхойгүй, газар газрын олон сайхан хүчтэнийг нэг дор цуглуулсан сайхан барилдаан боллоо. Тэр олон бөхийн түрүү магнай болсондоо их баяртай байна.



-Нээлтээсээ эхлээд л үнэхээр өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, монгол бөхөөрөө бахархах сэтгэл төрж байсан. Бөх хүний хувьд ямархуу сэтгэгдэл төрснөө хуваалцвал…?



-Үнэхээр сайхан байсан. Яг тэр үед бөх болж төрсөндөө бахархаж байсан шүү. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талыг нь дүүргээд зодог шуудагтай бөхчүүд суучихсан. 4096 тугны ард бөхчүүд зогсоод, араар нь үлдсэн 2000 бөх нь бас цуваанд орж зогсоод л, тэр үед өөрийн эрхгүй омогшил төрж, сэтгэл хөдөлж байсан. Барилдааны тухайд бол даваа болгон хариуцлагатай, учраа болгон хатуу байлаа. Ёстой л нөгөө хорьтойдоо сурсан мэхээ хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг сумын заанууд 21 аймаг, 330 сумаас шигшигдээд шалгараад ирчихсэн.

Барилдааныг нь мэдэхгүй олон бөх ирсзн болохоор нэгийн даваанаас эхлээд л хянуур, болгоомжтой барилдахгүй бол болохгүй байлаа.



-Түрүү булаалдах барилдаанд Мөнхбат аварга танд хутгах мэхээ хийсэн. Зун наадмаар та энэ мэхэнд унасан санагдана?



-Ерөнхийдөө наймын даваанаас эхлээд л барилдаан болгон чанга байлаа. Зун наадмаар аваргатай барилдахдаа би арай л барьц муутай явж байгаад бас өрсөлдөгч бөхөө юу хийх гэж байгааг нь мэдрэлгүй хутгуулж унасан. Магадгүй миний бэлтгэл муу байсан ч байж болох юм.

Сая тэр барилдаан ч нэлээд бодогдож байсан. Дахиад тийм байдлаар унахгүй юмсан гэж бодсон. Ямар ч бөх унана гэж барилдаггүй, давна л гэж гардаг шүү дээ. Энэ удаа Мөнхбат аваргыг хутгангуут нь би хөлөө өргөөд дагаад эргэчихсэн. Аварга чац арай богино учраас унасан, бас барьц жаахан дутуу байсан ч байж магадгүй.



-Монгол бөхийн түүхэнд хамгийн олон буюу 13 давж түрүүлсэн анхны бөх та боллоо. Түрүүлэх хоромд сэтгэл тань их хөдөлсөн харагдсан?



-Давчихаад л өөртөө итгэсэн. Өмнөх даваанууддаа давчихаад би нэг их баярлаагүй. Дараагийн даваагаа л бодож байсан. Харин Мөнхбат аваргыг давчихаад үнэхээр их баярласан. Даваагаар нь жиших юм бол улсын наадмаас том энэ барилдаанд түрүүлэхийн төлөө бүх л болоцоогоо дайчилж барилдсан болохоор 13 давахад өөрийн эрхгүй баярлаж, бөхөөр хичээллэснийхээ үр шимийг тодорхой хэмжээгээр хүртэж байна гэж бодогдсон.

Энэ том барилдаанд түрүүлсний минь гэрч болон үлдэх суваргаа гэртээ, хоймортоо залчихсан. Хүмүүс үзье, харъя гээд л их сонирхож байгаа.



-Та өмнө бас цөөнгүй шинэ амжилтын анхдагч болж байлаа. Олон сайхан шинэ амжилт таны нэртэй хамт бөхийн түүхэнд бичигдсэн?



-Ийм олон даваатай барилдаанд түрүүлсэн минь бас нэг шинэ амжилт болсон. Өмнө нь олон сайхан шинэ амжилтын эзэн болж байлаа. Анх аймгийн начин цолтой байхдаа улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж, дараа нь үндсэн хуулийн, улс тунхагласны гээд том барилдаануудад, мөн аймгийн цолтой бөх цагаан сарын барилдаанд анх түрүүлсэн.

МБӨ-нд анх 512 бөх барилдахад түрүүлсэн, Монгол туургатны барилдаанд 3 дараалж түрүүлсэн гээд олон сайхан амжилт байгаа л даа. Тэр дундаас 6016 бөхийн барилдаанд түрүүлсэн минь илүү содон амжилт боллоо.



-Одоо хоёулаа энэ жилийн наадмын тухай ярилцъя. Та нэлээд хэдэн жил барилдаж байж улсын том цолонд хүрлээ. Энэ жил таны хувьд онцлохоор сайхан жил болж байна, тийм үү?



-Миний хувьд их сайхан өгөөжөө өгсөн жил болж байна. Улсын наадамд цолонд хүрлээ. Ийм том барилдаанд түрүүллээ. Бөх хүн болгонд сайхан цол авъя гэсэн бодол төрдөг, тэрнийхээ төлөө хөдөлмөрлөдөг, тэмүүлдэг шүү дээ. Тэр хүмүүсийнхээ нэгэн адил би улсын сайхан цол авъя гэж бодож зүтгэсэн, хөдөлмөрлөсөн. Ингэж хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, Монгол улсын заан хэмээх эрхэм хүндтэй, том цолны эзэн болсон. Одоо энэ сайхан цолныхоо эзэн болж, улам сайн барилдана гэдгээ л уншигчдадаа юун түрүүнд амлая даа.



-Бат-Орших, Сангисүрэн, Содномдорж гээд л үе тэнгийнхээ шилдэг бөхчүүдтэй хүч үзэн хоёр ч цолыг алгасан заан цолонд хүрлээ?



-Улсын баяр наадам бол нэгийн даваанаас эхлээд л хариуцлагатай барилдаан байдаг шүү дээ. Цол авах гэж байгаа сайхан, сайхан залуучууд ч нэг, хоёрын даваанд унаж л байдаг. Улсын наадмын дэвжээ үнэхээр хатуу. Миний хувьд 2006 онд аймгийн начин цол аваад анх удаа улсын наадамд ирж барилдаад Бадам-Очир начинд, 2007 онд Бат-Эрдэнэ аваргад, 2008 онд Ганбат арсланд, 2009 онд Б.Суманчулуунд, 2010 онд Д.Лхагвадорж начинд гээд олон бүдэрсэн шүү дээ.

Тэр барилдаан болгонд монгол бөхийн дэвжээ хатуу гэдгийг, хүний хөлс хүчийг шавхдаг гэдгийг мэдэрсэн, ойлгосон. Тэр хэрээр энэ жил нутгийнхантайгаа хамт бэлтгэлээ үнэхээр чармайж хийсэн. “Бөхбилэгт” дэвжээний удирдлагууд маань бөхчүүдээ заал танхимаас эхлээд бүхий л боломж бололцоогоороо дэмжиж байсан.

Тэр бүхний хариуг бөхчүүд маань амжилтаарааариулж яваа гэж бодож байна. Хэн нь ч ямар ч цол авах хэмжээний сайхан барилддаг залуучуудаар тав, зургаа, долоо давж заан цолонд хүрлээ. Дараа дараагийн наадмуудад энэ залуучууд маань сайхан барилдацгаах байлгүй, тийм ээ.



-Өмнөх наадмуудын барилдаан бүр чинь шуугийн дагуулдаг байсан учир ард түмэн таныг цол авна гэж итгэж, хүлээдэг байсан болохоор тэр байх л даа?



-Энэ бол хувь хүний бэлтгэл, хариуцлагатай холбоотой л доо. Бэлтгэл сайн байсан бол хэн ч унахгүй шүү дээ. Тэгэхээр би өөрийгөө дутуу л бэлдэж байсан юм байна гэж дүгнэдэг. Хувь хүний бэлтгэл ямар хэмжээнд байна сэтгэл зүйн нь ч адилхан байдаг юм билээ.

Мэдээж бэлтгэл сайн бол тэрийгээ дагаад сэтгэл зүй ч өндөр байдаг. Бэлтгэл муу бол адилхан л сул байна гэсэн үг л дээ. Надаас л бүх зүйл шалтгаалж байгаа болохоор би одоо тэгж унасан, тэгж барилдах байсан гээд яриад яахав дээ.



-Долоогийн даваанд Содномдоржтой барилдсан барилдаан тань энэ жилийн наадмын гол дуулиан байлаа. Таны хувьд тэр барилдааныхаа талаар ямар бодолтой яваа вэ?

-Том даваанд цолны төлөө барилдаж байгаа бөхчүүд хэн ч байсан чи, би гээд л тэмцэлдэнэ шүү дээ. Тэрийг хардаг, хянадаг хүн байна, баяр наадмын комисс гээд төрөөс томилсон хүмүүс байна, хөлийн цэц, засуулууд байна. Тэр хүмүүсийн шийдвэрээр барилдаан шийдэгдсэн.

Тэгсэн, ингэсэн гэж одоо яриад яахав. Тэр маргаан, олон түмний жаахан буруу ойлголтыг өөрийнхөө барилдаанаар харуулъя гэж бодож байгаа. Цаашдаа бид хоёр олон таарч барилдах байлгүй дээ.



-Наймын даваанд гараад их хурдан уначихсан. Тэр маргаан, шуугиан танд нөлөөлсөн тал бий юу?



-Би үнэхээр зовж, зовж давсан. Тэрэндээ их баярласан. Уг нь би наадмын өмнө ямар ч даваанд гарсан хэтэрхий хөөрч, баярлахгүй, сэтгэлээ барина гэж бодсон. Баярлана гэдэг бол нэг ёсондоо ханана гэсэн үг гэж ойлгодог.Тав, зургаагийн даваанд давчихаад би хөөрч гүйгээгүй.

Харин долоогийн даваанд тэр их удаан хэн нь давах нь мэдэгдэхгүй барилдаж,гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харъяат, сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй бий. Бид нэг хүүтэй. Эхнэр маань одоогоор мэргэжлээрээ ажиллаагүй, гэртээ хүүгээ хараад, миний ар талыг бат хариуцаад л сууж байгаа. Бөх хүний амжилтыг ар гэрийн хүнтэй нь холбож дүгнэдэг гэлцдэг.

Ар гэр тогтворгүй байх юм бол сэтгэл санаа, бэлтгэл сургууль тогтворгүй байдаг байж таарна. Гэргий маань ар гэрээ үнэхээр сайн авч явдаг. Халамжтай, ухаантай жирийн нэг сайхан бүсгүй бий. Тийм болохоор би гэр орондоо санаа зовох зүйлгүйгээр зөвхөн бэлтгэл сургууль, барилдаандаа хамаг анхаарлаа хандуулж чаддаг.



-Гэргий тань бөхийн удамтай юу?



- Бөхийн удамтай. Манай хүний эмээ, өвөө нь Булганы Сайханы гаралтай хүмүүс. Дээхэн үед Намхай аварга, Лувсанжамбаа аварга гэж хоёр мундаг бөх байсан. Намхай аваргын хүү нь Дорж гэж хөгшин байсан юм билээ. Тэр Аваргын Дорж гэдэг хүний охин нь манай хүний эмээ юм гэнэ лээ.



-Анх танилцахдаа эхнэрээ тийм мундаг удамтай гэдгийг нь мэдэж байсан уу?



-Үгүй, үгүй. Би ямар удам судрыг нь судлаад явсан биш. Танилцах үедээ би сумын заан цолтой, манай хүн оюутан байлаа. Найз нөхөдтэйгээ хамт явж байгаад л, танилцаад тэгээд үерхэж байгаад гэр бүл болсон. Айлын өрөө хөлслөөд л, ер нь бүх юмыг тэгээс эхэлсэн хоёр доо. Гэхдээ тийм сайхан том аваргын үр удамтай гэр бүл болно гэдэг бөх хүний хувьд бас их сайхан аз завшаан гэж боддог.



-Гэргий тань бөх их үздэг бололтой юм билээ?



-Манай хүн бөх сайн мэднэ шүү. Зав л болвол бөхийн өргөөнд очоод үзээд сууж байдаг. Анх танилцсаны дараахан ирээд бөх үзэхээр нь их эвгүй байдаг байлаа. Залуу хүмүүс танилцаад удаагүй болохоор, би биеэ бариад “сайн барилдчих юмсан” гээд ‘\ хичээгээд л … /инээв/. Заримдаа “чамайг ирэхээр би уначих юм” гээд л тоглоом шоглоом хийнэ. Сүүлдээ гайгүй болсоон.
Одоо манай найз нартай бөөнөөрөө хамт суугаад л намайг “балиашиглана” шүү дээ.



-Ноднин билүү, Сайхан сумын ой болоод, тэр наадам дээр Цэрэн аваргын хүүхдүүд танд өмсгөл гардуулж байсан?



-Тийм ээ. Сайхан сумын ой болоод би очиж барилдаад түрүүлэхэд Цэрэн аваргын хүүхдүүд өөрсдийнхөө урласан зодог шуудаг, малгайг бэлэглэсэн. Халхын сайхан аваргын үр удам бэлэглэсэн болохоор гэртээ дээш нь залчихсан Хайрхан суманд нэг лам багш байдаг. Тэр багш маань надад Намхай аваргын багадаа өмсөж байсан гээд нэлээд хуучин зодог шуудаг өгсөн. Би бэлэгшээгээд гэртээ хадгалж байдаг юм.



-Нээрээ мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж танд нэг хөөрөг бэлэглэсэн гэж дуулсан юм байна?



-Тийм ээ. Их авapra маань надад “Ахын дүү түрүүлээд аварга болоорой. Ах нь хэл ам хаагаад үүнийг өгч байна. Аварга болоод шүншиглээд аваарай” гээд өгсөн. Харин би тэр болзлыг нь хангаж чадаагүй. Эр хүний тохиролцол гэж мундаг зүйл байдаг. Би одоо нэг сайн өдөр хөөргийг нь аваад хадаг бариад их аварга дээрээ очъё гэж бодож байна. Хэрэв би түрүүлсэн бол энэ хөөргийг авах байсан. Нэгэнт түрүүлж чадаагүй юм чинь….



-Заавал энэ жил түрүүлээрэй гэсэн юм уу, уг нь танд дахиад наадам олон байгаа шүү дээ?



-Яахав дээ. Би түрүүлэх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Нэгэнт энэ жил түрүүлж чадаагүй юм чинь өдрийн сайныг харж байгаад алд цагаан хадагтай буцаагаад баръя гэж бодож байгаа.

-Би таныг хэзээ нэг цагт аварга болох уу гэж тулгаж асуух хэцүү. Гэхдээ таны хамгийн том зорилго тэр байх гэж бодож байна?

-Бөх хүн болгон өмнөө зорилго тавиад л барилддаг шүү дээ. Миний хувьд бас л өмнөө том зорилго тавиад л хөдөлмөрлөж яваа. Тэр зорилгоо биелүүлэх эсэхийг цаг хугацаа л харуулах байх. Ямар ч байсан би хөлс хүчээ, амьдралаа энэ спортод л зориулж яваа жирийн л нэг бөх хүн.

Энэ амьдрал зөвхөн надаар дуусчихгүй. Миний үр хүүхэд, удам угсаа минь үлдэнэ. Тэдэндээ цэвэр сайхан нэр хүнд үлдээх юмсан гэж боддог. Бас монгол эр хүн монгол бөхөөрөө барилдаад ямар сайхан амжилт гаргаж, ямар сайхан амьдарч чаддагийг харуулна л гэж бодож явдаг даа. Намайг зарим нэг сонин хэвлэлээр янз бүрээр бичсэн л байдаг юм.



-Бөхчүүд их иддэг гээд л ярьцгаадаг. Хараад байхад тийм их идээд байгаа хүн харагдахгүй л юм. Зааны хувьд хэр их иддэг бол, бас ямар хоол илүү таалдаг вэ?



-Нэг их иддэггүй шүү дээ. Жирийн үед аяга л хоол иднэ. Харин бэлтгэл хийсний дараа бол 2 aяга хоол идчихнэ. Хүмүүс бөхчүүд гэхээр л их иддэг, хөлс ханхлуулсан энээ тэрээ гэдэг. Одоо чинь цаг үетэйгээ хөл нийлүүлээд биеэ сайхан аваад явчихдаг болсон цаг. Хоолны тухайд би монгол хоолондоо л дуртай. Ихэвчлэн бүхэл мах, гурилтай шөлөө л иднэ.

Манай хүн хааяа ногоотой хоол хийчихвэл би бөөн юм болно шүү дээ. Бараг тусдаа хоол хийж идэх нь холгүй юм болно /инээв/.

Монгол ахуй, монгол хоол гэдэг маань цаг агаар, байгаль дэлхийтэйгээ зохицоод хүнд хүч чадал, бяр тэнхээ нэмэхээр байдаг гэж ойлгодог.

-Өндөр, жин хэд байгаа вэ?

-Жин 133-134 кг орчим байна, өндөр 185 см.

-Нас хэдтэй билээ?

-Одоо 25-тай, удахгүй 26 хүрэх нь ээ.

-Та хэр ор шартай вэ?

-Тодорхой хэмжээгээр байна аа. Гэхдээ их зөв хор шар байх ёстой л доо. Бөх хүн унасан ч давсан ч бас жудагтай ёстой. Хамгийн наад зах нь тахимаа зөв авч, өгч сурах хэрэгтэй гэж боддог. Одоо зөндөө л олон бөхийн дэвжээ, клуб байгуулагдсан байна. Гэтэл бөхийн гараа, дэвээ, шаваагаа ч мэдэхгүй залуучууд олон л харагдаад байгаа. Үүн дээр би шүүмжлэлтэй ханддаг. Эхлээд гарах, дэвэх, шавах, тахим авах, өгөх гээд барилдааныхаа зан үйлийг зев сайхан сурчих хэрэгтэй юм болов уу л гэж боддог юм шүү дээ.



-Манай бөхийн холбооны удирдлага таныг тахимаа маш зев, сайхан авдаг, гараа дэвээ нь оорт нь таарсан гээд магтацгаадаг юм. Танд ямар нэг барилдаанд харамсаад ч юмуу дэвжээн дээрээ нулимс унагасан тохиол байдагуу?



-Баярлалаа. Би дэвжээн дээрээ нулимс гаргаж байгаагүй ээ. Би монгол бөхийнхөө дэвжээг хүндэлж явдаг. Энэ сайхан ариун дэвжээн дээр хэн нь илүү хөдөлмөрлөснийхөө үр шимийг үзэх гээд өрсөлдөж байгаа болохоос заавал би дэвжээгээ цохиод, нүдээд, нулимс гаргах гэж барилдаагүй шүү дээ. Хичнээн хор шар хөдөлж байлаа ч тэрийгээ үнэн хүчээрээ хөдөлмөрлөж байж хүмүүст үзүүлэх ёстой байхгүй юу.

Би улсын наадамд 4 жил унахдаа уйлаагүй. Эцсийн эцэст би өөртөө л ганцхан дүгнэлт хийсэн. Би бэлтгэл муу хийсэн учраас л унасан байгаа шүү дээ. Болох болохгүй юм гарвал би Дүвчин багш дээрээ л очдог. Багш маань яг голыг нь олоод л хэлээд өгдөг юм.



-Манай бөхчүүд өдөрт 2-3 бэлтгэл хийдэг болохоор цаг зав нэлээд хомс байдаг юм билээ. Гэр бүлдээ цаг зав хэр гаргаж байна?



-За даа, байнгын л бэлтгэл сургууль гээд гэр бүлдээ цаг зав гаргах нь ховор доо. Гэхдээ хааяа хагас бүтнээр зав гарвал салхинд гарах, кино, тоглолт, хошин шог үзэх, найз нөхөдтэйгээ уулзах үе байлгүй яахав. Боломж гарвал нутаг руугаа явна. Манай нутаг сайхан шүү.

Хангай, говийн зааг газар. 6016 бөхийн барилдааны дараа аав дээрээ очоод намрын сайхан уураг ууж хэд хонолоо. Хөдөө очихоороо хэдэн адуугаа л хөөцөлдөнө. Адуунд их дуртай.



-Бөх бол залуу насны л ажил гэлцдэг. Барилдахаа болихоороо юу хийнэ гэж боддог вэ?



-Барилдахаа болихоороо мал дээр л гарна даа. Хэдэн сайхан малаа маллаад, адуугаа бөөгнүүлээд, гүүгээ бариад, айргаа исгээд л сайхан шүү дээ. Би нэг их мундаг хүн биш. Худлаа үнэн ярьж, диплом өвөртлөөд яахав. Хүн чаддаг зүйлээ л хийх ёстой.



-Ан авд дуртай юу?



-Бага байхдаа тарвага агнадаг байлаа /инээв/. 12 настайгаасаа эхлээд тарвага буудаж сурсан. Бөх барилдаж эхэлснээсээ хойш больсон. Бөх хүн чинь хамаагүй юм хийх дэмий гэдэг шүү дээ. Өөрөөр ан гөрөөнд явж байсангүй.



-Бөхөөс өөр спорт сонирхож байна уу?



-Гар шагай, сур сонирхдог доо. Ялангуяа гap шагайнд нэлээд дурладаг. Боломж таарвал харвана. Гэхдээ байнга биш. Харваад байхад болмоор юм билээ. Нэг харваад эхэлчихээр шар гозойгоод харваад салахгүй шинжтэй /инээв/.



-Бөхийн буян далай шиг их гэж манай нэг бөх хэлж байсан. Энэ сайхан буянг дааж явна гэдэг өөрөө их хариуцлага юм болов уу гэж боддог юм?



-Тэгэлгүй яахав. Тэр олны дэмжиж байгаа сэтгэл надад бяр хүч болж шингэдэг гэж ойлгодог. Хүмүүс “балиашиг”-лаад л, хашгираад л дэмжиж байгааг мэдрэхэд өөрийн эрхгүй цээж рүү бяр ороод байгаа ч юм шиг санагддаг. Энэ сайхан бөхийн буян хишгийг бид зөв эдлэх ёстой гэж боддог юм. Тийм болохоор аль болох хүнд тус болох юмсан, ахмад настан, хүүхэд залуусдаа чадах чинээгээрээ дэм болж, тус хүргэхсэн, жаахан ч гэсэн баярлуулахсан гэж явдаг.

“Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” гэж ардын минь үг бий. Олондоо тустай явах шиг сайхан зүйл хаана байхав тийм ээ?



-Таны яриан дотор шударгаар, үнэн хүчээрээ орсолдье гэсэн санаа их гарах юм?



-Би допингийн эсрэг хатуу бодолтой явдаг. Би өөрөө яс юман дээрээ витамин ч хэрэглэдэггүй. Энэ хүмүүс зөвхөн өнөөдрийг л хараад байна л даа. Маргаашийг бас харах ёстой. Яагаад дэлхий нийтээрээ үүнийг хориод, эсэргүүцээд байна вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй шүү дээ.

Хамгийн гол нь монгол бөхийнхөө энэ сайхан генийг устгуулчихалгүй явч үлдэх нь бөх барилдаж буй бүх хүний үүрэг, хариуцлага байх ёстой. Бид дараа үедээ монгол бөхөө цэвэр ариунаар нь өвлүүлж үлээх үүрэгтэй гэж ойлгодог. Зөвхөн биднээр дуусах гэж байгаа юм шиг хандаж болохгүй л дээ.



-Таны барилдааныг харж байхад нэг тийм өвөрмөц зүйл мэдрэгдээд байдаг. Дотор чинь нэг их хүч багтаж ядаад байгаа ч юм шиг. Цаанаа нэг омголон…?



-Хүн чаддаг юман дээрээ тодорхой хэмжээний аагтай, омогтой байхад гэмгүй гэж боддог юм. Би чаддаг юмаа л хийж байгаа болохоор тэгж омголон барилддаг байх. Ард түмэн биднийг үзэж баясах гэж, кайф авах гэж ирж байгаа болохоос биднийг зууралдаад зогсохыг бас муудалцахыг харах гэж ирээгүй шүү дээ. Тийм болохоор хурдан шуурхай, шударга үнэн барилдааныг үзүүлэх юмсан л гэж хичээдэг.

Миний хувьд заалны барилдаанд барьц сонголцож барилдсан нь цөөхөн дөө, гарын таван хуруунд бараг багтах байх. Ямар ч барилдаанд эрэмгий сайхан барилдаж, давбал давсан шиг даваад, унавал унасан шиг унах сайхан. Тэр омогтой, эрэмгий барилдаанаараа би өөрийгөө ирлэж, хурцалж байдаг байж болно шүү дээ, тийм ээ? Үүнийг зарим хүмүүс буруугаар йлгодог тал ч бий байх. Барилдана гэдэг маань өөрөө хэн нь илүү хүч чадалтай гэдгээ үзэх гэж, харуулах гэж зохиогдсон эд биз дээ?



-Танай хүү одоогоор нас нь бага юм. Харин ах нарынд тань барилдахаар хүүхэд байна уу?
-Би гурван ахтай. Нэг нь хотод хоёр нь хөдөө амьдардаг. Хөдөө байдаг хоёр ах маань л адуу мал, ажил албыг минь нугалж байна даа. Хоёр том ахын минь 2 сайхан хүү бий. Магадгүй 10 жилийн дараа сайхан барилдах болов уу гэж бодож байгаа. Ялангуяа нэгийг нь их сайн барилдана гэж бодож байгаа.



-За баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсч дараа шинэ цолтойгоор уншигчидтай минь дахин уулзахын ерөөл дэвшүүлье.



-Ерөөл бат оршиг. “Бөх” сониныхоо хамт олон болон уншигчдад ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



С.Бадамгарав
Эх сурвалж: “Бөх” сонин

0 Сэтгэгдэл:

Post a Comment